| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04744/И |
| Дугаар | 191/ШШ2025/09129 |
| Огноо | 2025-10-27 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/09129
2025 10 27 191/ШШ2025/09129
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ..., өөрийн байр хаягт оршин байрлах, ******* ******* ******* ******* ******* /РД:/-д холбогдох
Тушаал хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч Х., гэрч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Д.******* миний бие ******* ******* ******* ******* *******т 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан тасалбар түгээгчээр анх ажилд орсон бөгөөд улмаар 2022 оны 07 дугаар 01-ний өдөр хөрөнгийн нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад 2023 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс хойш тооцооны нягтлан бодогчийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Ажиллаж байх хугацаандаа удирдлагаас ирсэн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, алдаа дутагдалгүй, хариуцлагатайгаар ажиллаж байсан. Гэтэл 2025 оны 03-р сарын 13-ны өдөр Захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д. намайг өрөөндөө дуудаж уулзсан. Ерөнхий нягтлан бодогч Анхтөрийн ажлыг хүлээж аваад түр хугацаагаар орлон гүйцэтгэгч хий гэсэн хүсэлтийг тулгасан. Би хүлээж авах боломжгүй, эрүүл мэндээ эмчлүүлэх шаардлагатай гэж хэлэхэд, хүлээж авахгүй бол ажлаасаа халагдаарай, өөр яриа байхгүй гэсэн. 2025 оны 03-р сарын 13-ны өдөр Б/140 тоот Санхүүгийн албаны дарга /ахлах нягтлан бодогч/ томилох тухай тушаалыг 3 удаа 03-р сарын 14, 18, 25-ны өдрүүдэд миний зөвшөөрөлгүй гаргаж, ажлын байрны дарамт үзүүлсэн. Үүний дараа Ерөнхий нягтлан бодогч Н.Анхтөр нь Япон улсруу суралцахаар явахдаа ажлаа хүлээлгэж өгөлгүй явсан. Дараагийн Ерөнхий нягтлан бодогчоор Л. томилохоор Сангийн яам руу албан бичиг явуулсан байсан. Тус Л.ийг ажилд томилох тушаалын албан бичгийн хариу Сангийн яамнаас 04 дүгээр сарын 10-ны өдөр 16 цаг 25 минутад буюу цалин буудаг өдөр гарсан. Үйл ажиллагаа хэрэгжилтийн газрын дарга С.Батхүрэл надруу залгаж албан бичгийн хариу авчир гэж үүрэг өгсний дагуу явж авчирсан. Маргааш нь Соёлын яам руу 2-р гарын үсгийн баталгаа, цахим төлбөрийн мэдэгдлийг Соёлын яамны мэргэжилтэн Болорт өөрийн биеэр хүргэж өгсөн боловч цахилгаан эрчим хүч тасарсан байсан. Буцаж ажил дээрээ ирээд цалингийн гүйлгээг хийсний дараа Ерөнхий нягтлан бодогч Л. гүйлгээг батлах гэж нэг удаагийн ОТР код нь болохгүй, нилээд хугацаа алдсаны дараа 16 цаг 39 минутад баталж, Соёлын яамны хоёр мэргэжилтэн 17 цаг 04 минутад баталсан. Тийм учраас тухайн гүйлгээ манай данснаас гараад Монгол банкны дансанд ороод хүмүүсийн цалин олгогдож амжилгүй хоцорсон үйл явдал болж өнгөрсөн. Эдгээр үйл явдлын дараа Дуурь ******* ******* *******ын захирлын 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Б/171 дүгээр тушаалаар надад хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тус сахилгын шийтгэлийн үндэслэлд намайг 2025 оны 04 дүгээр сарын эхний хагасын ажиллагчдын цалин хөлсийг алдаатай бодсон, шууд удирдлагын үүрэг даалгаврыг биелүүлээгүй, ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгоогүй, ажил олгогчийг ажилтны өмнө хүлээсэн үндсэн үүргээ биелүүлэхэд саад учруулсан зөрчил гаргасан тул 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан. Уг тушаалд дурдсан үндэслэлүүд нь миний буруутай үйлдэл биш тул сахилгын шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй, хууль бус тушаал гаргасан гэж үзэн хүчингүй болгуулахаар 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж 04 дүгээр сарын 25-ний өдөр хуралдаад ажил олгогчтой харилцан тохиролцоонд хүрээгүй. Тус Сүхбаатар дүүргийн 3 талт хорооноос гарсан тэмдэглэлийг 05 дугаар сарын 16-ний өдөр хүлээж авсан. Тиймээс урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тул өөрийн хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар дараагийн шатны байгууллага болох шүүхэд хандаж байна. Эдгээр үйл явдлыг харгалзан үзэж зөрчигдсөн эрхийг минь сэргээж нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч Д.******* нь тус шүүхэд 2025.10.24-ний өдөр бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч, Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******д холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэсэн хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр бичгээр шүүхэд ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тохиролцоо болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч, Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД