| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0585/Э |
| Дугаар | 585 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 585
2018 7 17 585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва,
хохирогч: Б.Т,
шүүгдэгч: Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б. овогт Б.Сд холбогдох эрүүгийн 1805 0335 10638 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, Б. овогт Б.С.
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, 34 дүгээр байрны 45 тоотод Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Б.С мэдүүлэхдээ:
2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 34 дүгээр байрны 45 тоотод байх манай гэрт бид нар 1 шил архи авч очсон. Бид тойроод юм яриад сууж байхад Т өлсөөд байна гэхээр нь өндөг шарж өгөхөд “давсгүй өндөг идэхгүй” гэж хэлэхээр нь “боорцог идчих” гээд хөргөгчнөөс боорцог гаргаж өгөхөд “би ийм боов иддэггүй, “Та чи”-гийн боов иддэг” гэсэн. Бид архи ууж байтал архины даруулга дуусахаар нь ундааны саванд ус хийж өгтөл “би архийг усаар даруулдаггүй” гэхээр нь “чи больчих, яасан хэрэглээ өндөртэй юм бэ” гэж түүнд хэлсэн. Хажууд байсан хүүхдүүд ч гэсэн “чи больчих л доо Т” гэж хэлж байсан. Тэгж байтал Т намайг үсдэхээр нь би үсээ тавиулах гэж байгаад түүний нүд рүү нь тохойгоороо санамсаргүй цохисон. Би тэр үйлдэлдээ Тс уучлалт гуйна гэж бодож байсан. Гэтэл босоод явахдаа намайг хэл амаар доромжилсон. Дэ хажуунаас боль гээд болиулсан ба Т манайхаас явахдаа надаас уучлалт гуйгаад явсан. Хохирогч Тыг надаас өөр цохисон хүн байхгүй. Хохирогчид учирсан гэмтлийг би учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирлын 244 700 төгрөгийг төлөх гэсэн боловч Ттай холбогдож чадаагүй. Өнөөдөр манай цалин буух учраас маргааш хохирлыг төлнө гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Б.Т мэдүүлэхдээ:
2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр С, Дэ, Ичинхорол бид нар нэг шил архи авч, Дэийн гэрт очсон. Тэгээд бөөнөөрөө сууж байхад С бидэнд өндөг шарж өгсөн. Бүгдээрээ юм яриад сууж байтал Энхжаргал “Т чи ямар боов идэх юм бэ, О ахын боовыг иддэг биз дээ” гэж намайг доромжилсон. Би согтуу хүмүүс юм чинь гэж бодоод “би Та чи-гийн боов иддэг” гэж хэлсэн. Тэгтэл С “чи яасан хэрэглээ өндөртэй юм бэ” гэсэн. Тэгээд архи тойруулж байгаад надад хундагалж өгөхөөр нь “би усаар даруулахгүй гэхэд” С “чи яасан хэрэглээ өндөртэй юм бэ” гээд намайг алгадсан. Би хацраа дараад 00-ийн өрөө рүү ороход тэр араас ирээд “бусад нь идээд байхад чи голлоо, хүний сэтгэлээсээ хийж өгсөн юмыг аятайхан идэж чадахгүй байна уу” гээд ахиад намайг алгадахад нь би газар унасан. Тэгээд босохдоо Сын үснээс нь зулгаасан ба бид хоёр барьцалдсан. Би биеэ дийлэхгүй газар унахад С нь намайг алгадаад, хөлөөрөө миний нүүрний зүүн тал болон хүзүү рүү дэвссэн. Би “болиоч хүн аллаа, ирээд аваач ээ” гэхэд цаанаас Дэ ирж биднийг салгасан. Тэгээд би цүнхээ аваад гарч, такси бариад явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд нүдний зураг авахуул гэж хэлсэн. Би ажилд ороод удаагүй байгаа болохоор ажлаа орхиж эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Би хэрэгт баримтаар авагдсан 244 700 төгрөгөөс гадна имрай зураг авахуулах төлбөр, 10 хоногийн цалин зэргийг оруулан нийт 800 000 төгрөг нэхэмжилж байна. Тухайн өдөр бид нар юм ярьж байгаад буруу ойлголцоод маргалдсан. Одоо эмчилгээний зардлаа төлүүлнэ гэв.
Мөрдөн байцаалтад гэрч-Э.И мэдүүлэхдээ:
2018 оны 6 дугаар сарын 06-ны орой би гэртээ байж байхад Энхээ, Т, Дэ нар манайд байж байгаад хамт гараад явсан. Тэгээд би гарч явчихаад ирээд С бид хоёр Файс гэдэг бааранд орж нэг шил 0,75 литр архи аваад нэг, нэг 50 грамм уугаад сууж байхад Т, Энхээ, Дэ нар орж ирсэн. Тэгээд удалгүй уг баар хаасан. Тэгээд бид нар уг баарнаас гарахад манайд бөөнөөрөө очихоор болсон. Манайд Т, Энхээ, Дэ, С бид нар очоод Т өлсөөд байна гэхэд С өндөг шарж өгсөн. Тэгэхэд Т идэхгүй янз бүрийн юм нэхээд байсан. Тэгэхээр нь С Тыг “чи ямар хэрэглээ өндөртэй юм бэ” гэхэд Т, Сыг үсдсэн. Тэгэхэд нь би болиулж, адилхан ууж идчихээд болиоч гэсэн. Тэгэхэд Т ариун цэврийн өрөө орох гээд явахдаа Сыг янхан гэж хэлсэн. Тэгэхэд нь С Тыг алгадсан. Тэгээд Т гарах гээд сандал дээр суухад сандал нь хугарч сандалтайгаа газар унаж, сандаалаа аваад гараад гүйсэн. Т, Сыг үсдэхэд С буцаагаад үсдсэн. Тэгэхдээ тохойгоороо Тын нүүр хэсэгт нь тохойлдсон, нэг удаа алгадсан. Өөр зодож цохисон асуудал байхгүй гэжээ. (хэргийн 24 дүгээр хуудас)
Мөрдөн байцаалтад гэрч-Э.Дэ мэдүүлэхдээ:
2018 оны 6 дугаар сарын 07-нд ажлынхаа хүний төрсөн өдөрт очиход арав гаруй хүн байсан. Тэгээд бид нар 3 шил 0.75 литр архи хувааж уусан. Тэгээд би уг хүмүүсээс салаад найз С, Ичинхорлоо хоёр руу Файс бааранд очсон. Бид гурав С, Ичинхорлоо хоёрын авсан архинаас хоёр, гурван удаа 50 граммаар уусан. Тэгээд араас Т найзуудтайгаа наймуулаа Файс бааранд ирсэн. Тэгээд С, Ичинхорлоо бид гурав ууж байсан нэг шил архины тал байсныг хувааж ууж байтал баар хаагаад бид гарсан. Би түрүүлээд такси бариад гэр рүүгээ явсан. Гэртээ очоод байж байхад араас манай гэрт Т, С, Ичинхорлоо нар нэг шил архи авч ирсэн. Тэгээд өндөг шарж, цай уугаад авч ирсан архийг нь тойруулаад ууж байхад Т “би бор гурилан боорцог идэхгүй, “Та чи”-гийн боорцог иднэ, давсгүй өндөг идэхгүй гэсэн. Тэгэхэд С “байгаагаараа дайлж байхад чи ямар хэрэглээ өндөртэй юм бэ” гээд маргалдсан. Тэгэхэд Т Сыг үсдсэн. С буцаагаад Тыг үсдсэн. Тэгээд боль гээд салгасан. Т явлаа гэхэд би Тыг одоо яв гэсэн. Т явахдаа Сыг чам шиг янхан ингэдэггүй юм гээд хэл амаар доромжилоод байсан. Гэтэл С араас нь очоод Тыг алгадсан. Тэгээд би салгаад Т гараад явсан гэжээ. (хэргийн 25 дугаар хуудас)
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7368 дугаар дүгнэлтэд:
1. Б.Тын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ. (хэргийн 15 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
Б.С нь ял шийтгэлгүй гэжээ. (хэргийн 47 дугаар хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 34 дүгээр байрны 45 тоотод хохирогч Б.Тыг “чи яасан хэрэглээ өндөртэй юм бэ” гэсэн шалтгаанаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, доод уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алимны цус хуралт, зүүн хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Т, гэрч Э.И, Э.Дэ нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 7368 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Сд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Хохирогч Б.Т нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 244 700 төгрөгийн баримтыг хэрэгт гаргаж өгснийг шүүгдэгч уг хохирлыг төлнө гэж шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлж байна.
Б.Т нь имрай шинжилгээ хийлгэх шаардлагатай, 10 хоногийн цалин нэхэмжилнэ гэж байгаа боловч нотлох баримт байхгүй байна. Иймд энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б. овогт Б.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.С нь торгох ялыг 1 сар /1сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, Б.С нь хохирогч Б.Тд 244 700 төгрөгийг даруй төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч нь энэ хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхэд цаашид гарсан эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН