| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0350/З |
| Дугаар | 128/ШШ2026/0705 |
| Огноо | 2026-07-30 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2026/0705
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Д******* /РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газар,
Маргааны төрөл: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах, С.Д*******ид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө*******, Д.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах, С.Д*******ид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Нэхэмжлэгч С.Д******* нь 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвд жирэмсний хуудсыг бичүүлж, тус өдөр portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлтийг цахимаар гаргажээ.
2.2.Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас нэхэмжлэгчийн уг хүсэлтийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1-д заасан эмнэлгийн хуудас бичүүлэхээс өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй үндэслэлээр цахим системд цуцалж, хүсэлтийг буцаажээ.
2.3.Нэхэмжлэгчээс үүнийг эс эс зөвшөөрч хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт өргөдөл гаргасны дагуу тус газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай ******* дугаар албан бичгээр .... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн дагуу тэтгэмж авах эрх үүсээгүй байна... гэх хариуг хүргүүлсэн байна.
2.4.Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан байх бөгөөд тус байгууллагаас 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр ... Нийгмийн даатгалын мэдээллийн нэгдсэн сангаас таны нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн мэдээллийг шалгахад дээрх хуульд ...жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн... гэж заасныг хангахгүй байгаа буюу жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлсэн сарын өмнөх 5 сард тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байх тул жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна гэх хариу мэдэгджээ.
2.5.Дээрх хариуг эс зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу тус зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Шийдвэр хүргүүлэх тухай дугаартай албан бичгээр ...Та нийтдээ 12 сар шимтгэл төлсөн байх нөхцөлийг хангасан боловч сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх нөхцөлийг хангахгүй 5 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх тул танд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсэхгүй байна... гэх хариуг нэхэмжлэгчид хүргүүлсэн байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох эмнэлгийн ******* тоот хуудас бичигдсэн. Би тухайн өдрийн 15 цаг 10 минутад тэтгэмж авах хүсэлт илгээсэн. Хүсэлтийн хариу цахимаар ирсэн. Үүнд Танд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүсээгүй байна. Сарын тэмдгийн тооцооллоор 32 долоо хоногийг онцлон тогтоож бичигдсэн. ЭХО оношилгооны 31 долоо хоногийн тооцооллыг орхигдуулсан байна гэж үзэн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр тэтгэмж олгуулах эрх үүсгүүлэхээр хүсэлтийг дахин илгээсэн. Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүсэлт амжилтгүй, жирэмсний төрөлттэй эмнэлгийн хуудастай давхцаж байна. ******* дугаартай эмнэлгийн хуудсыг магадлагч эмч хянасан тул хүчингүй болгох боломжгүй гэсэн байсан. Улмаар Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газарт хандан дээрх маргаантай асуудлыг хянан шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан. 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ******* тоотоор тэтгэмж олгох эрх үүсэхгүй гэсэн хариу ирүүлсэн. 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар уламжлан дээрх асуудлыг нягтлан шийдвэрлэж өгөхийг хүссэн. Хүсэлтийн хариуг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тоот хариугаар авсан бөгөөд Баянзүрх дүүрэг болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн хариу тайлбарууд ижил утгатай байсан. 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 07 цаг 40 минутын үед сайн дурын даатгалын мөнгө тушаагдсан. Эмнэлгийн хуудас 2025 оны 12 дугаар сарын 25-ны 12 цагт бичигдсэн ба тухайн үед Нийгмийн даатгалын газрын шимтгэл төлөлтийн цахим санд төлөгдсөн бүртгэл баталгаажин хадгалагдсан байсан. Би эмнэлгийн хуудас бичигдэхээс өмнө даатгалаа төлсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2025 оны 07 дугаар сараас 12 дугаар сард төлөлт хийгдэж баталгаажсан байгаа ба оны сүүлчийн 12 дугаар сарыг оруулан тооцохгүй гэж тайлбарласан. Үүний уршгаар миний бие жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авах боломжоо алдахад хүрээд байна. Дээрх маргаантай асуудлыг тодорхой шийдвэрлэж өгөхийг хүсэхэд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газраас 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр уг асуудлыг шийдвэрлэж, хариуг танд хүргэсэн ахиж хандах шаардлагагүй гээд 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн ******* тоот хариу өгсөн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд хариу өгөөгүй. Үүний зэрэгцээ Монгол Улсын дээд шүүхээс олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор хүргэсэн тойм байдаг бөгөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг 31-32 долоо хоногоор, жирэмсний хугацаагаар тогтоож жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг хязгаарласан заалтыг хүчингүй болгосон байдаг. Би 16 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн. Ажиллаж байхдаа авсан цалингийн хэмжээтэй дүйцүүлэн сарын 3,500,000 төгрөгөөр тооцож сард 472,500 төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн. Жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохдоо 120 хоногоор тооцож эмнэлгийн 1 хуудсанд бичдэг. Миний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 23-ний өдрөөр дуусаж байгаа. Миний бие 2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр амаржсан. Тэтгэмжийг олгохдоо жирэмсэн үеийн амаржсаны дараах хоногоор тоолж дээрх хугацаанд, албан ёсны амралт ( Бямба, Ням ) өдрийн тоо, баярын амралтын өдөр хэд хэд тохиолдсон, баярын амралт, ердийн амралтын өдөртэй давхацвал 1 өдөр буюу давхацсан өдрийг нэмж тооцдог.
Миний жирэмсэн байх хугацаанд, албан ёсны амралт, (Бямба, Ням гараг) 16 хоног, баярын амралт буюу шинэ жилийн 1 хоног, цагаан сарын 3 хоног, нийт 20 хоног хасагдан тооцогдож жирэмсний 40 хоног байна.
2026 оны 02 дугаар сарын 19-ний өдөр амаржсаны дараах хугацаанд, ердийн албан ёсны амралт (Бямба,Ням) 18 хоног, баяр давхацсан 1 хоногийг 2026 оны 03 дугаар сарын 08-ний өдөр буюу эмэгтэйчүүдийн баяр ажлын өдөрт нэмж тооцон, амаржсаны дараа 43 хоног болж жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсэн 40 хоног + амаржсаны дараа 43 хоног = 83 хоногийн тэтгэмж авах ажээ.
Эндээс сард ажиллах хоног 1 сард 21 хоног байна. /Амралтын өдөр хасагдсан/
а. Цалингийн жилийн дундаж 3,500,000*12сар=42,000,000 төгрөг,
б. Сарын дундаж 42,000,000/12сар = 3,500,000 төгрөг,
в. Өдрийн дундаж цалин 3,500,000/21 хоног = 167,000 төгрөг.
Иймд Жирэмсний 40 хоногийг ажлын 1 өдрийн цалингаар тооцоход 40 хоног*167,000 = 6,680,000 төгрөг, амаржсаны дараа 43 хоног*167,000 = 7,181,000 төгрөг, нийт 13,861,000 төгрөг болж байна гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний 32 долоо хоногтойд бичнэ гэж хуульд заасны дагуу эмч эмнэлгийн хуудсыг бичнэ гэж хэлсний дагуу нэхэмжлэгч нь эмнэлгийн хуудсыг бичүүлсэн. Эмнэлгийн хуудас 32 долоо хоногтойд бичсэнээр чөлөө олгох эрх үүснэ гээд нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэдэг нь нийгмийн даатгалын төвлөрсөн цахим бүртгэлд орсон байсан учраас эмнэлгийн хуудсыг бичсэн. Гэтэл эмнэлгийн хуудсыг бичээд явуулахад хүлээж авах боломжгүй. Та сүүлийн 6 сар эрүүл мэндийн даатгалыг төлөх ёстой байтал төлөөгүй байна гэсэн. Учир нь 2025 оны 12 дугаар сард төлсөн шимтгэлийг оруулахгүй тоолж байгаа бөгөөд ингэж тоолсон үндэслэлээ оны эцэс гэж тайлбарласан. Оны эцэс гэсэн тайлбар нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч нь сүүлийн сарын тэмдгээ 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр үзээд, 06 дугаар сарын 15-ны өдөр ирэх ёстой байсан ч сарын тэмдэг ирээгүй. Сарын тэмдэг саатах олон шалтгаан байдаг учраас хэд хоног ажиглаж байгаад ирэхгүй байсан учраас эмчид үзүүлсэн. Эмчид үзүүлэхэд эмч жирэмсэн байх магадлалтай учраас эмэгтэйчүүдийн ЭХО-д харуул гэсэн. 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр эмэгтэйчүүдийн ЭХО-д харуулаад, тус өдөр жирэмсэн гэдэг нь батлагдсан. Жирэмсэн гэдгээ мэдээд хүүхдээ төрүүлэх учраас 2025 оны 07 дугаар сараас эхлэн нийгмийн даатгалын шимтгэлийг хувиараа төлж эхэлсэн. 2025 оны 07 дугаар сараас эхлэн 12 дугаар сарыг дуустал тасралтгүй шимтгэлийг төлсөн бөгөөд 32 долоо хоногтойд эмнэлгийн хуудас бичих ёстой байсан. Жирэмсний 32 долоо хоног гэж хязгаарлах нь буруу гэж Улсын дээд шүүхийн тогтоол гарсан байсан бөгөөд хэрэгт хавсаргасан байгаа. Гэтэл энэ тогтоол зэрэг албан бичгийг харгалзаж үзэхгүйгээр манайх өөр журам гаргасан учраас боломжгүй гэх тайлбар өгсөн. 2025 оны 12 дугаар сарыг оруулахгүйгээр тооцож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Хуульд жирэмсний хуудсыг бичихээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байх ёстой гэж байгаа болохоос жирэмсний хуудсыг бичсэний дараа шимтгэлийг төл гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Жирэмсний хуудсыг бичихээр шалгахад нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн, цахим бүртгэлийн санд хавсаргагдсан, бүртгэгдсэн, хадгалагдсан байхад тухайн мэдээллийг шууд хүчингүй болгоод, 12 сар буюу сүүлийн сарыг оруулахгүй гэж тайлбарлаад байгаа. Нэхэмжлэгч нь 2025 оны 07, 08, 09, 10, 11, 12 дугаар сарын шимтгэлүүдээ үргэлжлүүлэн төлсөн. Өөрөөр хэлбэл, жирэмсний хуудсыг бичүүлэхээс өмнө нийгмийн даатгалын шимтгэлээ бүрэн төлчихсөн байдаг. Шаардлагатай 6 сарын шимтгэл бүрэн төлөгдсөн байхад жирэмсний тэтгэмж олгохгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Үнэн хэрэгтээ жирэмсний төрөхийн өмнөх болон төрсний дараах амралтын хугацааг тодорхой зааж болохгүй гэсэн Дээд шүүхийн тогтоол гарсан байхад үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа нь ойлгомжгүй байна. Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хариуцдаг хүмүүс энэ асуудлыг шийдвэрлэх ёстой байтал журамд өөрчлөлт оруулахгүй, хэрэгжилтийг хангахгүй байна. Мөн тухайн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон зүйл байхгүй, хүчин төгөлдөр хэвээр байгаа гэж ойлгож байна. Хамгийн гол нь жирэмсний тэтгэмж авах, эрүүл мэндийн хязгаарлалтын заалтыг хүчингүй болгов гэсэн байна. Энэ баримтыг олон нийтэд ил болгож тараасан байна. Гэтэл энэ тогтоолыг баримтлахгүйгээр нэхэмжлэгчид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлын улмаас эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг хүчингүй болгож, нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг нь үүсгүүлэхийг хүсэж байна. Жирэмсний хугацаагаар хязгаарлаж 32 долоо хоногтойд амралт авах ёстой гэдэг журам нь хүчингүй болсон гэж ойлгож байна. Мөн зөвлөх эмч нарын дүгнэлтээр 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эмнэлгийн хуудас бичихэд жирэмсний сарын тэмдгийн аман хэлбэрээр 05 дугаар сарын 15-ны өдөр гэсэн огноотой учраас 32 долоо хоног, харин ЭХО оношилгоогоор 31 долоо хоног гэж бичсэн байгаа. Нэхэмжлэгч нь 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ЭХО оношилгоонд орсон учраас 07 дугаар сарын 01-ний өдрөөс нийгмийн даатгалын шимтгэлийг төлж эхэлсэн нь буруу гэж ойлгох уу. 06 дугаар сард сарын тэмдэг ирэхгүй болонгуут шууд тушаах ёстой байсан юм уу. Ийм ойлгомжгүй байдал үүсгэж болохгүй. Улсын дээд шүүх тухайн заалтыг хүчингүй болгосон тухай хүчин төгөлдөр шийдвэр гаргасан байхад Нийгмийн даатгалын газар уг шийдвэрийг хэрэгжүүлэхгүй, хуучин зохицуулалтыг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Иймд уг нөхцөл байдлыг залруулж, миний хуульд заасан эрхийг хангаж өгнө үү гэв.
3.3.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Иргэн С.Д******* (*******) нь 2025 оны 07 дугаар сараас сайн дурын даатгал төлж эхэлсэн бөгөөд Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв-өөс 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 32 долоо хоногтой жирэмсний эмнэлгийн хуудас бичүүлэн, даатгуулагч өөрөө 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр portal.ndaatgal.mn-д онлайн хүсэлтээ илгээсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дүгээр зүйлийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний тэтгэмж авах эрхтэй гэж заасан. С.Д******* 32 долоо хоногтой жирэмсний эмнэлгийн хуудсыг 12 дугаар сард бичүүлсэн бөгөөд тухайн бичүүлсэн 12 сар тооцоогдохгүй ба тухайн сараас өмнө тасралтгүй 6 сар байхгүй, нийт дараалсан таван сарын төлөлт байгаа тул жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхгүй байна гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ө******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны даатгуулагч С.Д******* Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газарт 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр жирэмсний эмнэлгийн хуудсыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс бичүүлж, цахимаар илгээсэн байдаг. Тухайн өдрөөс хойш холбогдох мэргэжилтэн, байцаагч нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасныг баримтлан тухайн даатгуулагчийн ажилласан байдал, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тооцоо болон холбогдох бүх мэдээллийг хянаж үзсэн. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д иргэн сүүлийн 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хуульчилсан байдаг. Улмаар энэ хуулийн дагуу шалгаж үзэхэд даатгуулагч нь уг хуулийн шаардлагыг бүрэн хангаагүй байсан учраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй гэж үзсэн. Үүний үндсэн дээр манай байгууллага daatgal.mn цахим системд тухайн хүсэлтийг түр зогсоох, цуцлах үйлдлийг хийсэн. Үүний дараа тухайн иргэн манай байгууллагад биечлэн ирсэн байсан. Иргэн 2025 оны 12 дугаар сарын шимтгэлээ өөрөө нөхөн оруулчихвал асуудал шийдэгдэнэ гэж ойлгосон юм шиг байсан. Гэвч хуулийн зохицуулалтын дагуу жирэмсний амралт эхлэхээс өмнөх хугацаанд тасралтгүй 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Харин манай байгууллагын бүртгэлээр тухайн иргэн жирэмсний амралт эхлэхээс өмнө тасралтгүй 5 сарын шимтгэл төлсөн байсан. Манай байгууллага нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу тэтгэмж олгох асуудлыг хариуцдаг байгууллага. Эмнэлгийн хуудас олгох асуудлыг нийгмийн даатгалын байгууллага хариуцдаггүй. Өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн 2 журам дээр эмнэлгийн хуудас олгох, түүнийг цахимаар манайх руу илгээх ажиллагааг эрүүл мэндийн байгууллага хариуцдаг. Эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудсыг цахимаар илгээж, даатгуулагч хүсэлтээ цахимаар баталгаажуулсны дараа нийгмийн даатгалын байгууллага тухайн иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдал, тэтгэмж авах эрх үүссэн эсэхийг хянаж үзээд тэтгэмж олгох эсэхийг шийдвэрлэдэг. Жирэмсний 32 дахь долоо хоног гэдгийг хэзээнээсээ мөрдөж ирсэн. Жирэмсний 32, 33 дахь долоо хоног болсон эсэхийг эрүүл мэндийн байгууллага өөрөө тогтоох ёстой бөгөөд 32 долоо хоногтойд нийгмийн даатгалын байгууллагад цахимаар илгээх үүрэгтэй. Эмнэлгийн хуудсыг хэрхэн олгохтой холбоотой зохицуулалт нь өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн 2 журам дээр байгаа. Нэхэмжлэгчийн хувьд он гарсны дараа буюу 2026 оны 01 дүгээр сард дахин илгээсэн гэж тайлбарлаж байсан. Гэвч манай байгууллагын программд шалгахад тухайн эмнэлгийн хуудсыг Эрүүл мэндийн байгууллагаас зөвхөн нэг удаа илгээсэн бүртгэлтэй байгаа. Энэ нь үзлэгийн үеэр тогтоогдсон. Харин иргэн өөрөө дахин илгээхийг оролдсон байх боловч өмнө нь илгээсэн мэдээлэл бүртгэлтэй байсан тул дахин илгээх боломжгүй байдаг. Үүнтэй холбоотойгоор иргэн дахин илгээхэд Нийгмийн даатгалын байгууллага хүлээж авахгүй байна гэсэн үндэслэлээр манай байгууллагад гомдол гаргасан бөгөөд өнөөдөр манай байгууллага энэ хэрэгт хариуцагчаар оролцож байна. Гэвч бодит нөхцөл байдал дээр эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн хуудсаа илгээсэн, иргэн хүсэлтээ зөвшөөрч баталгаажуулсан, үүний дараа Нийгмийн даатгалын байгууллага зөвхөн тухайн иргэний шимтгэл төлөлтийн буюу тасралтгүй 5 сарын асуудлыг хянаж шийдвэрлэсэн. Манайх тэтгэмж олгохтой холбоотой асуудлын хүрээнд хариуцагчаар татагдаж байгаа боловч эмнэлгийн хуудсыг буруу хугацаанд, буруу журмын дагуу олгосон эсэх, дахин олгосон эсэхтэй холбоотой асуудал нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, холбогдох удирдлага болон эмчлэгч эмч нарын эрх хэмжээний асуудал учраас тэр байгууллагын төлөөлөл энэ хэрэгт оролцох ёстой байсан байх гэж бодож байна. Манай байгууллагын хувьд зөвхөн тэтгэмж олгох асуудлыг хууль, журмын хүрээнд шийдвэрлэдэг. Хэрэв тухайн иргэн жирэмсний амралт эхлэхээс өмнө тасралтгүй 6 сарын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байсан бол тэтгэмжийг олгох боломжтой байсан. Харин эмнэлгийн хуудсыг дахин дахин илгээх, эсхүл нэг удаа олгохтой холбоотой асуудлыг зохицуулсан журамд эмнэлгийн хуудсыг нэг л удаа олгоно гэж заасан байдаг. Иймд иргэн С.Д*******ийн хувьд тухайн үед тасралтгүй ажилласан, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа 5 сар байсан тул манай байгууллагын хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй байсан. Иймээс жирэмсний тэтгэмжийн программд хүсэлтийг цуцалсан төлөвтэй бүртгэсэн бөгөөд шүүхээс хэргийн газрын үзлэг хийх үед ч уг программын мэдээлэл өөрчлөгдөөгүй, хэвээр байсан. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч С.Д******* нь 2026 оны 07 дугаар сараас 12 дугаар сар хүртэл сар бүр 3,500,000 төгрөгийн цалингаас 472,500 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дураар төлсөн.
3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гээд 6.1.1-д хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх гэж заасан.
4.Дээрх хуулийн зохицуулалтаар хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх хоёр нөхцөлийг заажээ.
5.Хариуцагчаас нэхэмжлэгчийг хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн эх, тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд төлсөн байх нөхцөлүүдийг хангаагүй гэж маргаагүй.
6.Харин тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж үзэж маргасан ба маргаан бүхий Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгээр жирэмсний тэтгэмж авах эрх үүсээгүй гэх хариуг хүргүүлсэн нь үндэслэлтэй байна.
7.Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1-д Эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгоно гэж заасан.
8.Эрүүл мэндийн сайдын 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн А/292 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Жирэмсэн үед үзүүлэх тусламж үйлчилгээний, хяналтын товлол-д жирэмсэн эмэгтэйн 5 дахь удаагийн товлолт үзлэгийг жирэмсний 32 долоо хоног-т хийхээр заасан бөгөөд энэхүү үзлэгийг жирэмсний явц, ургийн өсөлт хөгжлийг хянаж, жирэмсний амралт олгох, эрүүл мэндийн боловсрол олгох бүлгийн сургалтыг зохион байгуулах, жирэмсний тэтгэмж авах эрс үүссэн иргэнд эмнэлгийн хуудас олгох зорилгоор хийдэг байна.
9.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д Эмнэлгийн хуудасны маягтын загвар, даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/177, А/433 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтаар Даатгуулагчид эмнэлгийн хуудас олгох журам-ыг баталжээ.
10.Тус журмын 1.2-д Эмнэлгийн хуудас бичих, олгох, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагааг цаасан болон цахим хэлбэрээр зохион байгуулна, 1.3-т Эмнэлгийн хуудас нь нэгдсэн дугаартай байх ба цахим эмнэлгийн хуудасны дугаарыг програмаас шууд олгоно, 1.4-т Энэ журмын 2.1-т заасан эрүүл мэндийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудас нь хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох үндсэн баримт болно, 2.3-т Жирэмсэн, амаржсан даатгуулагч эхэд жирэмсэн болон төрөлтийн үеийн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас дараах байдлаар эмнэлгийн хуудас олгоно. Үүнд:, 2.3.1-д жирэмсэн, хүүхдээ 196-аас доошгүй хоног тээж төрүүлсэн ... даатгуулагч эхэд эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний эмнэлгийн хуудсыг жирэмсний амралт эхэлсэн өдрөөс, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн тус бүр 60 хоног (ихэр бол нийт 140 хоног)-ийн хугацаагаар, 4.10-т Эмнэлгийн хуудасны мэдээллийг алдаатай, дутуу бичсэн, засварласан, үрэгдүүлсэн бол хүчингүйд тооцно. Уг эмнэлгийн хуудасны дагуу тэтгэмж олгоогүй тухай ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн эмнэлгийн хуудас анх бичсэн эрүүл мэндийн байгууллага өмнөх эмнэлгийн хуудас бичигдсэн өдрөөс хойш 28 хоногийн дотор дахин олгоно. Нийгмийн даатгалын байгууллага хүчингүйд тооцсон эмнэлгийн хуудсаар тэтгэмж олгосон эсэхийг цахим мэдээллийн сангийн бүртгэлд тулгуурлан хянана, 5.1-д Эмнэлгийн хуудасны бичилт, олголттой холбоотой маргааныг эрүүл мэндийн байгууллага, тэтгэмж олголттой холбоотой маргааныг нийгмийн даатгалын байгууллага тус тус хянан шийдвэрлэнэ гэж тус тус зохицуулжээ.
11.Дээрх зохицуулалтуудаас үзэхэд, хөдөлмөр эрхэлж буй эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 120 хоногоор тооцож заавал олгох бөгөөд үүнээс амаржхаас өмнөх 60 хоног буюу дунджаар 8 долоо хоногийн жирэмсний амралтыг биечлэн эдлэх эрхтэй, энэ хугацаанд жирэмсэн эхэд тэтгэмж олгох үндсэн баримт бичиг нь эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний амралт эхэлсэн өдрөөс олгосон эмнэлэгийн хуудас байх бөгөөд эмнэлгийн хуудсыг жирэмсний 32 долоо хоног-т эрүүл мэндийн байгууллагаас жирэмсний явц, ургийн өсөлт хөгжлийг хянаж олгохоор нарийвчлан зохицуулжээ.
12.Хөдөлмөрийн тухай хуулийн 140 дүгээр зүйлийн 140.1-д Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно гэж зааснаар жирэмсэн ажилтан жирэмсний амралтаа өөрөө тодорхойлж авах эрх нээлттэй байна.
13.Эрүүл мэндийн яамны Эх барих, эмэгтэйчүүдийн мэргэжлийн салбар зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 16/26 дугаартай албан бичгээр томилогдсон шинжээчдийн дүгнэлтээр нэхэмжлэгч С.Д*******ийн ...жирэмсний 32 долоо хоног нь 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 26-ны өдөр дуусч... байгаа талаар дүгнэсэн, энэхүү шинжээчийн дүгнэлтийг няцаах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.
14.Дээрх шинжээчийн дүгнэлтийг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс нэхэмжлэгч С.Д*******ийн жирэмсний 32 долоо хоногт /2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр/ ******* дугаартай Жирэмсэн амаржсаны эмнэлгийн хуудас-ыг цахимаар бичиж олгосон, уг эмнэлгийн хуудсыг үндэслэн нэхэмжлэгчээс portal.ndaatgal.mn цахим системээр дамжуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хүсэлт-ийг гаргасан үйл баримттай харьцуулан дүгнэвэл Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар ба түүнээс дээш хугацаанд, үүнээс жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн дараах даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй: гэсний жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сар гэдэгт нэхэмжлэгч С.Д*******ийн хувьд 2025 оны 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр сар буюу 12 дугаар сараас өмнөх 6 сар хамаарахаар байна.
15.Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сайн дурын даатгалын шимтгэлийг 2025 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл төлсөн нь дээрх хуульд заасан ...жирэмсний амралт авахын өмнөх сүүлийн 6 сард тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаартай татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.
16.Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны А/38 дугаар тушаалаар баталсан Эмнэлгийн хуудас олгох, хянах журам-ын 2.6-д заасан ...жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудасыг жирэмсний 31-32 долоо хоногтойд ... олгох зохицуулалт нь мэргэжлийн судалгаа, дүгнэлт, бодит нөхцөлд тохирсон бөгөөд хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй гэж, харин журмын 4.2.8-д Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд гэж заасан буюу жирэмсний 31-32 долоо хоногоос хойш тэтгэмж авах эрх үүссэн даатгуулагч иргэнд эмнэлгийн хуудас олгохыг хориглосон зохицуулалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн аглуулга, зорилгод нийцээгүй, хууль тогтоогчийн тогтоосон хориглолтын хязгаартай холбоотой шаардлагыг хангаагүй, бодит байдалд хуулийн шаардлага хангасан (даатгуулагч) иргэн эмнэлгийн хуудас авч чадахгүйд хүрч, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүүхэд төрүүлэх, асрах тохиолдолд эд мөнгөний тусламж авах үндсэн эрхийг зөрчсөн агуулгаар дүгнэжээ.
17.Энэ маргааны тухайд нэхэмжлэгч С.Д*******ийн хувьд өөрийн сайн дурын үндсэн дээр жирэмсний амралт авсан сар /2025 оны 12 сар/-аас өмнөх 6 сард тасралтгүй жирэмсний болон амаржсаны тэтгэмж төлсөн эсэх, тэтгэмж авах хуулийн нөхцөл хангасан эсэхтэй холбоотой байх тул дээрх тогтоолыг адил төстэй маргаан гэж дүгнэх үндэслэлгүй байна.
18.Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн хуудсыг цахимаар дахин нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч тус төвийн цахим системд Нийгмийн даатгалын ерөнхий газраас хүсэлт амжилтгүй. 2026.01.06-2026.03.06-ны хооронд бичигдсэн жирэмсний төрөлттэй мэнэлгийн хуудастай давхардаж байна гэх тэмдэглэгээтэйгээр буцаасан болох нь шүүхээс тус 2 байгууллагын цахим системд хийсэн үзлэгээр тогтоогддог, нэхэмжлэгчээс энэхүү үйл баримттай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гарган маргаагүй тул шүүх тусгайлан дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
19.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д*******ийн гаргасан Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ******* тоот албан бичгийг хүчингүй болгуулах, С.Д*******ид жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ