| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2023/05829/И |
| Дугаар | 191/ШШ2025/09326 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч А.Цэлмэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух ******* овогт ******* *******/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-т холбогдох,
Гэм хорын хохиролд 21,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., иргэдийн төлөөлөгч Ч., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.******* нь 2022 оны 1 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд Б.*******гийн эзэмшлийн .. .. дугаартай НОРТ БЕНЗ маркийн авто машинаар 50 тонн ачаа тээвэрлэн явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын төвд авто тээврийн осол хийж иргэн Б.*******д 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн орон нутгийн цагдаад дуудлага өгч асуудлыг шийдвэрлэх гэсэн боловч С.*******, түүний эхнэр Энхтунгалаг нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар баталгаа гаргаж өгөөд явсан боловч одоо болтол мөнгөө төлөөгүй, оршин суугаа хаягтаа байхгүй, утсаа авахгүй байна. Иргэн Б.******* нь өөрийнх нь машин ашиглах боломжгүй болсон тул иргэн Д.Гансүхээс НОРТ БЕНЗ маркийн чиргүүлгүй машиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан, чиргүүлээ засахад 8.000.000 төгрөгийн засвар хийсэн, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын эзэнд 3.000.000 төгрөг төлсөн, нийт 31.000.000 төгрөгийн хохирол учирснаас унасан машины ашиглах боломжтой эд ангиудыг зарж 10.000.000 төгрөг олсон, үлдэгдэл 21.000.000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд С.*******гээс машины хохирол 21.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
1.2. Нэхэмжлэгч нь 2025.08.26-ны өдөр нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: С.******* нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд Б.*******гийн эзэмшлийн .. дугаартай НОРТ Бенз маркийн автомашинаар 50 тонн ачаа тээвэрлэн явж байгаад Архангай аймгийн Хотонт сумын төвд авто тээврийн осол хийж 31.000,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. Тухайн тухайн орон нутгийн цагдаад мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн боловч С.*******, түүний эхнэр Энхтунгалаг нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар баталгаа гаргаж өгөөд явсан боловч одоо болтол мөнгөө төлөөгүй. Иргэн ******* өөрийнх нь машин ашиглах боломжгүй болсон тул иргэн Д.Гансүхээс НОРТ БЕНЗ маркийн чиргүүлгүй машиныг 20.000.000 төгрөгөөр худалдан авсан, чиргүүлээ засахад 8.000,000 төгрөг, асгарч ашиглах аргагүй болсон гурилын эзэнд 3.000.000 төгрөг төлсөн нийт 31.000.000 төгрөгийн хохирол учирснаас унасан машины ашиглах боломжтой эд ангиудыг зарж 10,000,000 төгрөг олсон. Үлдэгдэл 21.000.000 төгрөгийн гэм хорын хохирол учраад байна. Иймд Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1-д заасны дагуу Б.*******д учирсан 21,000,000 төгрөгийн гэм хорыг арилгуулна гэжээ.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь ...Улаанбаатар хотоос Увс аймаг руу ачаа тээвэр хийх гэсэн жолооч олдохгүй байна чи жолоодоод аймаг оруулаад өг... гэж гуйсны дагуу 500,000 төгрөгөөр тохироод Б.*******гийн эзэмшлийн .. .. улсын дугаартай Норд бенз маркийн автомашиныг жолоодон Улаанбаатар хотоос Увс аймаг явах замдаа машиныг замын хажуу руу унагаж осол гаргасан. Тухайн үед хариуцагч С.******* нь эрүүл мэндийн хувьд ухаан санаа хэвийн бус, шокийн байдалтай байсан бөгөөд эхнэр нь хохирлыг барагдуулахаа илэрхийлж бичиг хийж, С.*******гээр гарын үсэг зуруулсан байдаг. Осол гарсан даруй С.******* нь өөрийн ах дүү нарын хамт тээвэрлэж явсан ачааг өөр автомашинд очиж, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын төлбөрийг гурилыг эзэнд төлж барагдуулсан. Хэдийгээр осол гаргаж, автомашиныг замын хажуу руу унагасан нь С.*******гийн буруу ч уг тээврийн хэрэгслийг засварлан, урд талын тэнхлэгийг хойш шилжүүлж, техникийн стандартыг өөрчилсөн нь бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд энэ нь машин замын хажуу руу унах, зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон тул 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр уг автомашины мотор, кроп, дугуй болон бусад эд ангийг задлан зарахад 25,000,000 төгрөг орчим болох бүрэн боломжтой байхад ямар ямар эд ангийг хэдэн төгрөгөөр зарсан талаарх баримтыг гаргахгүй, зөвхөн 20,000,000 төгрөгөөр машин авсан гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр засварласан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, ямар чиргүүлийг яаж зассан нь тодорхойгүй байх бөгөөд уг чиргүүл нь 2 сая төгрөгөөр засварлах боломжтой байсан. Түүнчлэн замын хажуу руу унасан автомашин нь ашиглах боломжгүй болоогүй, явах эд анги хэвийн ажиллагаатай байсан бөгөөд хариуцагч С.******* нь автомашиныг жолоодон осол болсон Архангай аймгаас Улаанбаатар хотод авчирсан. Энэ нь тухайн тээврийн хэрэгслийг хэвийн ашиглах боломжтой байсныг харуулж байна. Нөгөө талаар уг машин нь замын хажуу руу баруун талаараа унаж, кабин болон чиргүүл тодорхой хэмжээнд гэмтсэн нь ашиглах боломжгүй болсон гэж үзэхгүй бөгөөд түүнийг засварлах бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгч нь осол болсноос хойш машины кабин болон чиргүүлийг засуулах, хохирол төлбөрийн талаар хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй атлаа шууд шинэ авсан машины төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас кабин болон чиргүүлийг засварлахад шаардагдах төлбөр буюу 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Ч. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: ...Нэхэмжлэгч хохирлоо барагдуулах гэж байгаа бол гарсан зардлаа баримтжуулах шаардлагатай байсан. Бодит нэхэмжлэх болж чадахгүй байсан учраас шүүх ажиллагаа сунжирсан байна гэж үзэж байна. Дансны хуулгаар батлагдаж байгаа нь 5,000,000 төгрөг гэж ойлголоо. Хариуцагч тал нь бусдад цаг хугацаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна. нэхэмжлэгч тал мөн хайнга хандсан байна. Бодит гарсан зардлыг өгөх ёстой байх гэж үзэж байна... гэв.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс:Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2023.10.17-ны өдрийн 181/ШЗ2023/17413 захирамж, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Хариуцагчаас: Иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, хариу тайлбар, итгэмжлэл, гэрчилгээний мэдээлэл зэрэг баримтуудыг ирүүлжээ.
Шүүгчийн захирамжийн дагуу: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.02-ны өдрийн №445 албан тоот гэрчийн мэдүүлэг, 2024.11.20-ны өдрийн №02/29 тоот албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025.03.19-ний өдрийн №Б/25 албан бичиг, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2025.03.19-ний өдрийн №Б/26 албан бичиг, Тээврийн хэрэгслийн бүртгэл, өмнөх өмчлөгчийн мэдээлэл, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, техникийн тодорхойлолт, авто тээврийн үндэсний төвийн албан бичиг, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан өөрийн эзэмшлийн автомашинд учруулсан хохирол болон бусад гэм хорын хохиролд 21,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
а/ Хариуцагч С.******* нь 2022 оны 01 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлд нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн .. дугаартай НОРТ Бенз маркийн автомашинаар 50 тонн ачаа тээвэрлэн явж байгаад замын хажуу орж, авто тээврийн осол гаргаж, 31,000,000 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан. Тухайн орон нутгийн цагдаад мэдэгдэж асуудлыг шийдвэрлүүлэх гэсэн боловч С.*******, түүний эхнэр н.Энхтунгалаг нар нэхэмжлэгчид учирсан хохирлыг бүрэн барагдуулахаар баталгаа гаргаж өгсөн, гэтэл хохирлыг барагдуулаагүй. Машиныг ашиглах боломжгүй болсон тул иргэн Д.Гансүхээс НОРТ БЕНЗ маркийн чиргүүлгүй машиныг 20.000,000 төгрөгөөр худалдан авсан. Машины чиргүүлийг засварлахад 8.000,000 төгрөг, асгарч ашиглах аргагүй болсон гурилын эзэнд 3,000,000 төгрөг төлж, нийт 31,000,000 төгрөгийн хохирол учирсан, гэмтсэн машины ашиглах боломжтой эд ангиудаа 10,000,000 төгрөгөөр худалдсан тул нийт 21,000,000 төгрөгийн хохирол учирсан, иймд гэм хорын хохиролд тооцож гаргуулна гэжээ.
4. Хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Увс аймаг хүртэл 500,000 төгрөгийн хөлстэйгөөр жолоодон хүргэж өгөхөөр тохиролцсон, улмаар тээврийн хэрэгслийг жолоодож явах үед осол гаргасан үйл баримтын талаар маргаагүй боловч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас учирсан бодит хохирлыг барагдуулах ёстой. Харин аливаа нотлох баримтаар бүрэн нотлогдохгүй зүйлсийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Осол гарсан даруйд С.******* нь өөрийн ах, дүү нарын хамт тээвэрлэж явсан ачааг өөр автомашинд очиж, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын төлбөрийг гурилыг эзэнд төлж барагдуулсан. Гэвч нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг засварлан, урд талын тэнхлэгийг хойш шилжүүлж, техникийн стандартыг өөрчилсөн нь бүрэн бус техниктэй хөдөлгөөнд оролцуулах нөхцөлийг бүрдүүлсэн, зам тээврийн осол гарах эрсдэлийг бий болгосон. Нэхэмжлэгч нь уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй болсон, 10,000,000 төгрөгөөр худалдсан гэж байгаа боловч ямар ямар эд ангийг хэдэн төгрөгөөр худалдсан талаар баримтаар нотлоогүй, зөвхөн 20,000,000 төгрөгөөр машин авсан гэж хохирол нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, чиргүүлийг 8,000,000 төгрөгөөр засварласан гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд өгөөгүй, ямар чиргүүлийг яаж зассан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь осол болсноос хойш машины кабин болон чиргүүлийг засуулах, хохирол, төлбөрийн талаар хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй атлаа шинэ авсан машины төлбөрөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Кабин болон чиргүүлийг засварлахад шаардагдах төлбөр буюу 4,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бодит хохирлоо тодорхойлж чадаагүй гэж маргажээ.
5. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
6. Хариуцагч С.******* нь нэхэмжлэгчийн 17-96.. улсын дугаартай, Норд Бенз маркийн автомашиныг Улаанбаатар хотоос Увс аймаг хүртэл 500,000 төгрөгийн хөлстэйгөөр жолоодон хүргэж өгөхөөр тохиролцжээ.
7. Нэхэмжлэгч нь өөрийн автомашиныг гэрээ, хэлцлийн үндсэн дээр С.*******д шилжүүлж өгсөн зорилго нь Увс аймаг руу өөрийн машиныг жолоодуулан, тухайн машинтай ачааг тээвэрлүүлэн тохирсон газарт хүргүүлэх, жолооч С.*******гийн хувьд тухайн даалгасан ажлыг бүрэн гүйцэтгэснээр 500,000 төгрөгийн хөлс авахаар талууд харилцан тохирсон зэргээс дүгнэхэд зохигчдын хооронд даалгаврын гэрээний харилцаа бий болжээ.
а/ Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-т Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан, мөн хуулийн 400 дугаар зүйлийн 400.1-т Даалгавар гүйцэтгэгч даалгаврыг даалгавар өгөгчийн зааврын дагуу гүйцэтгэх үүрэгтэй гэжээ.
8. Гэвч, хариуцагч С.******* нь Б.*******гийн өгсөн даалгаврыг гүйцэтгэх явцад тээврийн хэрэгслийг замын хажуу руу унагаж, зам тээврийн осол гаргасан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй байна. Хэдийгээр зохигчдын хооронд даалгаврын гэрээний эрх зүйн харилцаа анх бий болсон боловч тухайн даалгаврыг гүйцэтгэх явцад хариуцагчийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гаргаж, нэхэмжлэгч болон бусдын эд хөрөнгөд хохирол учирсан гэх үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдсон тул даалгаврын гэрээний үүрэгтэй холбоотойгоор Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-т заасан гэрээний үүргийн зөрчил үүсээгүй буюу талуудын хооронд байгуулсан гэрээний үүргээ үүрэг гүйцэтгэгч зөрчсөний улмаас хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
9. Харин, хариуцагч С.******* нь талуудын хооронд байгуулсан даалгаврын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх явцад өөрийн болгоомжгүй үйлдлээс шалтгаалан зам тээврийн осол гаргаж бусдад буюу тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгчид тодорхой хэмжээний хохирол учруулсан байх тул тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд хөрөнгө эвдэрч гэмтсэн тохиолдолд учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүснэ.
10. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заажээ.
а/ Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь тээврийн хэрэгсэл эзэмшигч-/С.*******/-ийн болгоомжгүй үйлдэл болон учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаардах ба нэхэмжлэгч Б.*******д гэм хор учирсан үйлдэл нь түүний эд хөрөнгө болох тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүдэлтэй байна.
11. С.******* нь нэхэмжлэгч Б.*******тай харилцан тохирч, түүний эзэмшлийн 17-96.. улсын дугаартай, Норд Бенз маркийн автомашинаар Улаанбаатар хотоос бусдын ачааг тээвэрлэн Увс аймагт хүргэж өгөхөөр явах замдаа 2022.01.19-ний өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт замын хажуу руу нэхэмжлэгчийн автомашиныг унагаж, зам тээврийн осол гаргасан, осол гаргах явцад Б.*******гийн автомашинд эвдрэл, гэмтэл учруулсан, мөн бусдын тээвэрлэж явсан ачаа тээшинд хохирол учруулсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй байна.
12. Тодруулбал, осол болсон үйл баримтын талаар, Б.*******гийн эзэмшлийн автомашинд хохирол учирсан үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй тул гэм хор учруулсан хариуцлага, түүнээс үүсэх үүргийн хувьд зохигч маргаангүй гэж үзнэ.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцагч С.******* хариуцах үндэслэлтэй.
14. Хохирол шаардах эрхийн тухайд, нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.******* нь автомашиныг жолоодох явцад осол гаргасантай холбогдуулан өөрийн эзэмшлийн 1799 .. улсын дугаартай, Норд Бенз машиныг дахин ашиглах боломжгүй болсон тул иргэн Д.Гансүхээс адил маркийн автомашиныг 20 сая төгрөгөөр худалдан авч, өөрийн машины худалдаж болох эд ангиудыг 10 сая төгрөгөөр худалдсан тул зөрүү төлбөрт өөрөөс гарсан /төлөгдсөн/ 10 сая төгрөг, мөн машины чиргүүлийг засварлахад гарсан зардалд 8 сая төгрөг, асгарч ашиглах боломжгүй болсон гурилын эзэнд төлсөн 3,000,000 төгрөг буюу нийт 21,000,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлсон, уг шаардлагыг иргэн Д.Гансүхийн тодорхойлолт, Д.Гансүхийн эхнэр гэх А.Цэрэнпилийн Хаан банкны дансны хуулга, нэхэмжлэгч Б.*******гийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, гэрч Ж.Нямзундуйгийн мэдүүлэг зэрэгт үндэслэжээ.
15. Нэхэмжлэгч Б.******* нь өөрийн автомашинд учруулсан гэм хорын хохиролд нийт 21,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжилсэн боловч хэрэгт цугларсан баримтаар гэм хорын шалтгаант холбоо буюу гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээ, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээг тухайн баримтаар бүрэн нотлогдсон гэж үзэхэд учир дутагдалтай байна. Тодруулбал, хариуцагчийн нэхэмжлэгчид учруулсан гэм хорын хохирлыг нөхөн сэргээхэд бодит учирсан хохирлын хэмжээ нь хэрэгт цугларсан нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдоогүй байна.
а/ Тодруулбал, Тодорхойлолт гаргасан Д.Гансүх гэсэн баримтад ...Гансүх миний бие Б.*******д өөрийн эзэмшлийн НОРД БЕНЗ автомашиныг/чиргүүлгүй, бичиг баримтгүй харилцан тохиролцож 20 сая төгрөгт худалдсан. ...Тухайн үед машины төлбөрийг 10 сая төгрөгийг бэлнээр аваад үлдэгдлийг эхнэр Цэрэнпилийн Хаан банкны дансаар авсан гэж бичигдсэн байх боловч 10 сая төгрөгийг Д.Гансүхэд бэлнээр өгсөн гэх үйл баримтыг эргэлзээгүй баримтаар хангалттай нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлээгүй тул тухайн хохирлыг нөхөн төлүүлэхэд шууд холбоотой гэж үзэх үндэслэл болохгүй, мөн түүний эхнэр гэх А.Цэрэнпилийн 5800546601 тоот дансны хуулгаар Б.*******гийн 5021269019 данснаас 2022.03.14-ний өдөр 5,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийн орлого орсон зэрэг нь Д.Гансүхээс 20,000,000 төгрөгөөр автомашин худалдан авсан гэх үйл баримтыг бүрэн нотлоогүй байна. /хх-5, 7-8/
б/ Иймд, 9,500,000 төгрөгийн дансны хуулгаар тогтоогдсон, Б.*******гаас А.Цэрэнпилд машин гэсэн утгатайгаар шилжүүлсэн 5,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг буюу нийт 9,500,000 төгрөгийн зарлага, А.Цэрэнпилийн 5800546601 тоот дансны хуулгаар Б.*******гийн 5021269019 данснаас 2022.03.14-ний өдөр 5,000,000 төгрөг, 4,500,000 төгрөг, нийт 9,500,000 төгрөгийн орлогыг бусдад шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бодитоор тогтоогдсон хохирол гэж үзэв. /хх 24-30, 39-45/
16. Мөн, дээрх зардлаас гадна Б.*******гийн эзэмшлийн Хаан банкны 5021269019 дансны хуулгаар 2022.02.25-ны өдөр Хаан банкны 5619338996 дансанд чиргүүл засвар гэсэн утгатайгаар 1,000,000 төгрөг, 2022.03.07-ны өдөр засвар гэсэн утгатайгаар 1,000,000 төгрөг, 2022.03.22-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар 1,000,000 төгрөг, 2022.03.23-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар 500,000 төгрөг, 2022.03.27-ны өдөр чиргүүл гэсэн утгатайгаар 1,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг шилжсэнийг нэхэмжлэгч талаас автомашины чиргүүлийг засварлуулахад гарсан зардал гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч Б.*******гийн дансны хуулгаар осол болсны дараа бодит зардал гарсан байх тул нэхэмжлэгчийн дансны хуулгад үндэслэн А.Цэрэнпилд шилжүүлсэн 9,500,000 төгрөг болон чиргүүл засвар утгатайгаар 5619338996 дансанд шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 14,500,000 төгрөгийн зардал автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс бодитой гарсан гэж үзэх үндэслэлтэй байна. /хх 24-30, 39-45/
17. Нэхэмжлэгч нь, осолд орж ашиглах боломжгүй болсон өөрийн машиныг 10,000,000 төгрөгөөр худалдсан талаар тайлбар гаргасан тул нэхэмжлэгч Б.*******гийн Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон автомашины эвдрэл, гэмтэлтэй холбоотойгоор бусдад шилжүүлсэн 14,500,000 төгрөгийн зардлаас 10,000,000 төгрөгийн орлогыг хасаж, нийт бодит тогтоогдсон хохирол нь 4,500,000 төгрөг гэж үзэв.
18. Нэхэмжлэгч нь осол болоход асгарсан гурилын эзэнд нийт 3 сая төгрөгийг төлсөн тул уг хохирлыг хариуцагчаас гаргуулна гэж шаардсан боловч энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй тул хэрэгт цугларсан баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбар, мэдүүлэг зэрэгт үндэслэн 4,500,000 төгрөгийн хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 16,500,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийг хэсгийг хэрэгсэхгүй болгов.
19. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, нэхэмжлэгч мөнгөөр нөхөн төлүүлэхээр хариуцагчид холбогдуулан шаардлагаа тодорхойлсон тул нийт 4,500,000 төгрөгийг хариуцагч С.*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгов.
20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ч. нь ... Нэхэмжлэгч хохирлоо барагдуулах гэж байгаа бол гарсан зардлаа баримтжуулах шаардлагатай байсан. Бодит нэхэмжлэх болж чадахгүй байсан учраас шүүх ажиллагаа сунжирсан байна гэж үзэж байна. Дансны хуулгаар батлагдаж байгаа нь 5,000,000 төгрөг гэж ойлголоо. Хариуцагч тал нь бусдад цаг хугацаа, эд хөрөнгөд учирсан хохирлыг төлөх ёстой гэж үзэж байна.... Нэхэмжлэгч тал мөн хайнга хандсан байна. Бодит гарсан зардлыг өгөх ёстой байх гэж үзэж байна.... Нэхэмжлэгч тал хариуцлагагүй байгаа нь олон баримтыг нотолгоогүй нь харагдаж байна. Баримттай нотолгоотой нэхэмжлэл болж чадсангүй 2 жил үргэлжилсэн гэхэд бэлдээгүй олон шүүмжлэлтэй асуудлууд байлаа. Хариуцагч тал бүхэлд нь үгүйсгэх санал тавьж байгаа нь анх хохирол учруулаад гарах зардлыг төлнө гэсэн мэдүүлэгтэйгээ нийцэхгүй байгаа нь шударга бус. Тиймээс хүний цаг хугацаа, эд хөрөнгө эдийн засгаар хохироосон бодит төлбөрийг төлөх үүрэгтэй гэсэн дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж, мөн хуулийн 57.3-т Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.
Нэхэмжлэгч 21,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 262,950 төгрөг төлөх ёстой байхад 272,950 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 10,000 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 86,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 10,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
А.ЦЭЛМЭГ