| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2025/00331/И |
| Дугаар | 141/ШШ2025/00273 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 141/ШШ2025/00273
| 2025 оны 10 сарын 30 өдөр | Дугаар 141/ШШ2025/00273 | Завхан аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоогоор тэмдэглэл хөтлүүлэн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ****** баг хаягаар оршин суудаг Т овогт Д.П ирүүлсэн Мал тоолуулж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.П нь шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Д овогтой П миний бие 1992 оноос одоог хүртэл багтаа мал маллан эхнэрийн хамт амьдарч байгаа юм. Малчнаар тэтгэвэр тогтоолгохоор баримт материалаа бүрдүүлтэл тухайн үеийн багийн даргын анхааралгүйгээс овгийн эхний Д үсгийг Б гэж андуурч бичигдсэн байна. Тэр үеэс одоог хүртэл манай сум, багт надаас өөр П нэртэй малчин хүн байхгүй. Мөн 1999 оны малын тоо 165 байхыг 164 гэж бичигдсэн байна... гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.П нь 1999 онд адуу 20, үхэр 26, хонь 82, ямаа 37 толгой буюу нийт 165 тооны мал, 2000 онд адуу 21, үхэр 17, хонь 191, ямаа 83 тооны буюу нийт 312 тооны мал тоолуулж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Т овогт Д.П нь 1999 онд адуу 20, үхэр 26, хонь 82, ямаа 37 толгой буюу нийт 165 тооны мал, 2000 онд адуу 21, үхэр 17, хонь 191, ямаа 83 тооны буюу нийт 312 тооны мал тоолуулж байсан болох нь хэрэгт авагдсан:
-Т овогт Д.П ********** регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн хуулбар,
-Завхан аймгийн Архивын тасгийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/1020 дугаартай: ...Тэлмэн сумын Баянтэгш багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан Д.П 1995-1998, 2001, 2010, 2012-2016, 2021-2023, /Б.П 1999-2000/ оны мал тооллогын бүртгэл
| Малын төрөл | Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллого А дансанд бүртгэгдсэн малын | |||||||||
| Он | 1995 | 1996 | 1997 | 1998 | 1999 | 2000 | 2001 | 2010 | 2012 | 2013 |
| Тэмээ | - | - | - | - | - | - | - | - | - | - |
| Адуу | 10 | 13 | 20 | 21 | 20 | 21 | 12 | 14 | 19 | 23 |
| Үхэр | 10 | 16 | 28 | 18 | 26 | 17 | 13 | 18 | 24 | 26 |
| Хонь | 62 | 72 | 81 | 90 | 82 | 191 | 60 | 150 | 233 | 318 |
| Ямаа | 16 | 23 | 46 | 35 | 37 | 83 | 27 | 52 | 84 | 115 |
| Бүгд | 98 | 124 | 175 | 164 | 164 | 312 | 112 | 234 | 360 | 482 |
| Он | 2014 | 2015 | 2016 | 2021 | 2022 | 2023 |
| |||
| Тэмээ | - | - | - | - | - | - |
| |||
| Адуу | 31 | 39 | 34 | 45 | 21 | 26 |
| |||
| Үхэр | 35 | 48 | 44 | 51 | 33 | 42 |
| |||
| Хонь | 342 | 350 | 336 | 292 | 163 | 185 |
| |||
| Ямаа | 146 | 100 | 115 | 132 | 76 | 80 |
| |||
| Бүгд | 533 | 537 | 529 | 520 | 293 | 333 |
| |||
ЗАТА: Х№ 19 Хн№ малын А данс... гэсэн архивын лавлагаа, 1999, 2000 оны малын А дансны хуулбар,
-Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01/259 дугаартай: ...Тус сумын ******** багийн иргэн ********* тоот регистрийн дугаартай Д.П нь ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг. 1995 оноос одоог хүртэл мал маллан ********* багт байнга оршин суудаг нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,
-Завхан аймгийн Тэлмэн сумын *********** багийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай: ...Иргэн ************ тоот регистрийн дугаартай Д овогтой П нь ам бүл 2 эхнэрийн хамт амьдардаг. 1995 оноос одоог хүртэл мал маллан тус багт байнга оршин сууж байгаа нь үнэн болно... гэсэн тодорхойлолт,
-Гэрч Ж.Н: Д.П бид 2 багын найзууд. 1 ангид 10 жил хамт сурсан. Д.П нь Д гэж ээжээрээ овоглодог. Тухайн үед аав нь байхгүй байсан. Ээж нь сүүлд Л гэх хүнтэй гэр бүл болсон. 1 дүгээр ангиасаа Д гэсэн овогтой байсан, солиулж байсан талаар мэдэхгүй байна. Д.П нь ээжийнхээ дүүтэй хамт нэг ангид сурдаг байсан. Д.П нь надаас 1 насаар ах. Би 1990 онд цэрэгт, Д.П нь 1989 онд цэрэгт явсан. Намайг цэргээс 1992 онд ирэхэд Д.П нь Завхан аймгийн Тэлмэн сумын ***** багт хувийнхаа малыг маллаж байсан. Тэднийх бог болон бод мал маллаж байсан. Би ***** багт 2004 он хүртэл мал маллаж байсан учраас Д.П **** багт 1992 оноос 2004 он хүртэл мал маллаж байсныг сайн мэднэ. Манай багийн даргаар Б ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг,
-Гэрч Д.Л: ...Д.П 1995 оноос хойш одоог хүртэл мал маллаж байгааг мэднэ. Бид нэг багийн хүмүүс. Нэг нэгнийхээрээ их орж гардаг байсан. Д.П нь овог, нэрээ өөрчлүүлж байсан талаар мэдэхгүй байна. Манайхтай саахалт айл болон нутаглаж байсан. Түүнийг мал маллаж байсныг сайн мэднэ. Манай багийн даргаар Б ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэхэмжлэгч Т овогт Д.П нь 1999 онд адуу 20, үхэр 26, хонь 82, ямаа 37 толгой буюу нийт 165 тооны мал, 2000 онд адуу 21, үхэр 17, хонь 191, ямаа 83 тооны буюу нийт 312 тооны мал тоолуулж байсан болохыг тус тус тогтоож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Д.П ирүүлсэн Мал тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн дагуу шүүхээс иргэний эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулан үйлчилгээ үзүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Т овогт Д.П нь 1999 онд адуу 20, үхэр 26, хонь 82, ямаа 37 толгой буюу нийт 165 тооны мал, 2000 онд адуу 21, үхэр 17, хонь 191, ямаа 83 тооны буюу нийт 312 тооны мал тоолуулж байсныг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН