| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/04408/И |
| Дугаар | 191/ШШ2025/09328 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 191/ШШ2025/09328
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух хаягтай боловч .... хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... тоот тоот хаягт байрлах, ******* овгийн ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 376,575,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.******* миний бие эдийн засагч мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд миний хувьд 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ХХК-ийн захирал Х.аас 200.000 ам.доллар зээлсэн ба тухайн үед төрсөн дүү М.******* хадам ааваас зээлсэн мөнгийг өгөхгүй бол дарамтлаад байна та мөнгө зээлээч гэсний дагуу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч М.*******т 106.000 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн. Өнөөдрийн байдлаар 106.000 ам.доллар х 3571.47 /2025.05.05-ний өдрийн ам.долларын ханш/=378.575.820 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч М.******* нь хадам ааваас авсан зээлийг төлнө, хадам аав Г.Батдорж нь Швед улсад суши ресторан нээхэд зээлсэн мөнгөө авмаар байна, одоо хүүтэй нь бүгдийг нь авна гэж өдөр шөнөгүй дуудаад заримдаа архи ууж агсан тавиад байна хэцүү байгаа тул мөнгө зээлээч гээд гуйгаад байхаар нь ахын хувьд би дүүгийнхээ гэр бүл, амьдрал ахуйг нь бодолцож дүүдээ тусалсан бөгөөд миний төрсөн дүү учраас 106.000 ам.долларыг бэлнээр өгөхдөө зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харин мөнгө өгч авсан баримтыг үйлдсэн болно. Мөнгө зээлснээс хойш М.*******оос эргүүлж тӨлөх боломжит хугацаагаа хэлээд мөнгийг эргүүлж төлөөрэй гэж хэлж байсан боловч хариуцагч нь энэ байдалд тодорхой хариу өгөөгүй, гэр бүлийн маргаан байгаа гэж хэлж ярьсаар 2022 оны 10 сарын 16 өдөр 1.000.000 төгрөг 2024 оны 12 сарын 30 өдөр 1.000.000 төгрөг нийт 2.000.000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн бөгөөд одоо үлдэгдэл 376.575.820 төгрөгийг огт төлөөгүй байгаа тул хариуцагч М.*******оос 376.575.820 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* миний хувьд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хадам аав Г.Батдоржоос 150.000.000 төгрөгийг зээлсэн бөгөөд хадам аавын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан учраас төрсөн ах М.*******д учир байдлаа хэлж гуйж 106.000 ам.долларыг зээлж авч 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр валют арилжааны Грандфин төвд төгрөгөөр солиулж хадам аав Г.Батдоржийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 244.093.335 төгрөг, дүгээр Дансанд хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 25.906.664 төгрөг, бэлнээр 30.000.000 төгрөгийг нийлүүлж хадам ааваас авсан 150.000.000 төгрөгийг төлсөн, нэмээд хадам аав Г.Батдоржид 150.000.000 төгрөгийг өөрийн зүгээс зээлүүлсэн. Хариуцагчийн хувьд төрсөн ах М.*******ас авсан 106.000 ам.доллар буюу түүнтэй тэнцэх төгрөгийг бүхэлд нь хадам аав Г.Батдоржид өгөх болсон шалтгаан нь хадам аав Г.Батдорж Австрали улсын визэнд орох гэж байгаа, дансаар тогтмол орлого орж байх хэрэгтэй гэж хандсан, өмнө нь зээлсэн 150.000.000 төгрөгийг төлж нэмээд 150.000.000 төгрөг визний материалд туслах үүднээс зээлүүлсэн 150.000.000 төгрөгийн задаргааг ахдаа үнэн байдлаа хэлэх үүднээс дэлгэрэнгүй бичиж байгаа төдийгүй миний гэр бүлийн байдал маргаантай, хадам хүргэний харилцаа мөнгө төгрөгийн маргаантай асуудлаас шалтгаалж хэвийн амьдралд сөрөг нөлөөтэй болж энэ байдалд ахыгаа оролцуулж, ахаас зээлсэн мөнгийг төлж чадалгүй шүүх дээр ирсэндээ харамсаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж хариуцагчаас нэхэмжилсэн 376.575.820 төгрөгийг миний хувьд төлж барагдуулах нь зайлшгүй бөгөөд ахаасаа зээлсэн мөнгөө өнөөдрийг болтол /2.000.000 төгрөг л төлөгдсөн/ буцааж төлж чадаагүйдээ уучлал гуйж, өдий хүртэл ойлгож байгаад талархаж явдгаа илэрхийлэхийн хамт нэхэмжилсэн бүх мөнгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан 2020.06.22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт /106,000ам.доллар/ 376,575,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч М.******* нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
а/ М.******* нь 2022 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, улмаар ******* ******* ХХК-ийн захирал Х.аас өөрийн сонгуулийн зардалтай холбоотойгоор 200,000 ам.доллар /бэлнээр/ зээлснээс 94,000 ам.долларыг сонгуулийн зардалд ашигласан. Үлдэгдэл 106,000 ам.долларыг өөрийн төрсөн дүү болох М.******* нь хадам ааваасаа зээлсэн мөнгөө өгөхгүй бол дарамтлаад байна, та мөнгө зээлээч гэснийх нь дагуу 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч М.*******т 106,000 ам.долларыг бэлнээр зээлдүүлсэн. Ахын хувьд төрсөн дүүгийнхээ гэр бүл, амьдрал ахуйг нь бодолцож дүүдээ тусалсан, 106,000 ам.долларыг бэлнээр өгөхдөө зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, харин мөнгө өгч авсан баримтыг үйлдсэн боловч хариуцагч нь үүнээс хойшхи хугацаанд нийт 2,000,000 төгрөгийг бэлнээр буцаан өгсөн, харин үлдэгдэл 376.575.820 төгрөгийг огт төлөөгүй байгаа тул хариуцагч М.*******оос 376,575,820 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч М.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч дараах байдлаар тайлбар гаргажээ. Үүнд: 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хадам аав Г.Батдоржоос 150,000,000 төгрөгийг зээлсэн, хадам аавын зүгээс зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан учраас төрсөн ах М.*******д учир байдлаа хэлж, 106,000 ам.долларыг зээлсэн, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр валют арилжааны Грандфин төвд төгрөгөөр солиулж, хадам аав Г.Батдоржийн Худалдаа хөгжлийн банкны дансанд 244,093,335 төгрөг, дүгээр дансанд хадгаламж барьцаалсан зээлийн хүү болох 25,906,664 төгрөг, бэлнээр 30,000,000 төгрөгийг нийлүүлж хадам ааваас авсан 150,000,000 төгрөгийг төлсөн, нэмээд хадам аав Г.Батдоржид 150,000,000 төгрөгийг өөрийн зүгээс зээлүүлсэн. Миний гэр бүлийн байдал маргаантай, хадам, хүргэний харилцаа мөнгө төгрөгийн маргаантай асуудлаас шалтгаалж хэвийн амьдралд сөрөг нөлөөтэй болж энэ байдалд ахыгаа оролцуулж, ахаас зээлсэн мөнгийг өнөөг хүртэлх хугацаанд төлж чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлага 376,575,820 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Зээлийн гэрээний үүрэгт 376,575,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Тулгын шаардлагыг хариуцагч М.******* нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч М.*******т холбогдуулан, 2020.06.22-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 376,575,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.******* бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,040,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 2,040,830 төгрөгийг хариуцагч М.*******оос гаргуулж, нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД