| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхам-Янжингийн Оюун |
| Хэргийн индекс | 187/2017/0558/Э |
| Дугаар | 588 |
| Огноо | 2018-07-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Эрдэнэчимэг |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 588
2018 7 17 588
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,
нарийн бичгийн дарга: С.Буянхишиг,
улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,
шүүгдэгч: М.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн О овогт М.Пд холбогдох эрүүгийн 1805 0304 30604 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10 040 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, , О овогт М.П.
Шүүгдэгч М.П нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны орцонд иргэн Т.Тыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-М.П мэдүүлэхдээ:
Тухайн өдөр таксины жолооч манай гэрийн гадаа намайг хүргэж өгөөд надаас илүү мөнгө нэхэж байсан ба гэрт ороод 9000 төгрөг нэхээд байсан. Тэр гэрээс гарахгүй, манай эхнэртэй маргалдаад байхаар нь би түүнийг түлхээд гаргасан. Үүнээс болж хохирогчид хөнгөн гэмтэл учирсныг зөвшөөрч байна. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 400 000 төгрөг өгсөн. Цаашид хүнтэй маргахгүй, биеэ барих ёстой гэдгийг ойлголоо. Энэ хэргээс хойш архи уугаагүй. Улсын яллагчийн санал болгосон 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 төгрөгөөр торгох саналыг сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрч, тохиролцсон гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч-Т.Т мэдүүлэхдээ:
2018 оны 5 дугаар сарын 27-ны шөнийн 02 цагийн орчим машинтай халтуур хийж яваад Зайсангийн эцсээс нэг согтуу хүн аваад Андуудын АТМ-ийн дэргэд зогстол мөнгө аваад өгье гэсэн. Тэгээд буунгуутаа надаас зугтаахаар нь би түүний араас бариад автал гэрээс ороод мөнгийг чинь аваад өгье гэсэн. Тэгэхээр нь түүний гэрт дагаад ортол “чамд мөнгө өгнө гэж бодоо юу, май” гээд гэртээ зодсон. Гэрээс нь гарахад орцонд зодсон. Тэгтэл тэдний хажуу айлын залуу гарч ирж бид хоёрыг салгасан. Гэтэл түүний эхнэр тэр залууг аваад гэр рүүгээ орчихоор нь би тус цагдаагийн хэлтэст ирж өргөдөл гаргаж өгсөн. Тэр залуу гэртээ хуурч оруулаад миний зүүн талын хацар руу гараараа цохихоор нь нүүрээ хамгаалаад доош тонгойтол толгойноос доош дарж байгаад шилэн хүзүү болон нүүр рүү цохисон. Тэгээд зугтаагаад гадаа орцонд гарангуутаа миний хэвлий хэсэг рүү гараараа хэд хэд цохисон. Миний эрүү хөхөрч хавдсан, зүүн талын завьжнаас цус гарч, хүзүү болон гар зулгарч өвчин орсон байсан. Би уг гэмтлээс болоод өөрөөсөө 200 000 орчим төгрөг гаргаж, КТГ-ын зураг авахуулахад 150 000 төгрөг, үлдэгдэл мөнгөөр нь тархи доргисон болохоор толгойгоо бариулсан, өвчин намдаах эм авч уусан. М.Птэй сайн дураар эвлэрсэн. Хохирлын нөхөн төлбөр болох 400 000 төгрөг авсан. Нэхэмжлэх зүйлгүй учраас уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хавтаст хэргийн 8-10, 45 дугаар хуудас)
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6800 дугаар дүгнэлтэд:
1. Т.Тын биед эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 12 дугаар хуудас)
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:
М.П нь Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 389 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10 040 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 41 дүгээр хуудас)
ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:
Шүүгдэгч М.П нь 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны орцонд хохирогч Т.Тыг зодож, эрүүл мэндэд нь эрүүнд зөөлөн эдийн няцрал, зүүн талын завьжинд цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Тын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 6800 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас М.Пд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй.
Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.
Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй боловч М.Пгээс эмчилгээний зардалд 400 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, М.П цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч О овогт М.Пг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Пг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний 480 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар М.П нь торгох ялыг 1 сар /нэг сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.П нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 400 000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол М.Пд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ОЮУН