Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 593

 

 

 

 

 

 

 

 

   2018          7           19                                     593

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч: Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн Т.овогт Г.Од холбогдох эрүүгийн 1805 0345 50657 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, , Т.овогт Г.О.

 

  Шүүгдэгч Г.О нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байрны гадаа байрлах сагсны талбай дээр иргэн Д.Дыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

            

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-Г.О мэдүүлэхдээ:

Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны орой байрны гадаах сагсны талбай дээр Д.Дтай муудалцаж, түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохиролд 500 000 төгрөгийн төлбөр төлсөн. Прокурорын надад санал болгосон 460 000 төгрөгөөр торгох торгуулын ялыг өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Өөрийн үйлдсэн хэрэгт маш их харамсаж байна. Хойшид дахиж ийм асуудал гаргахгүй.

Мөрдөн байцаалтад хохирогч-Д.Д мэдүүлэхдээ:

Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбайд сагсан бөмбөг тоглож байхад үл таних хоёр ах ирээд шууд бөмбөг булааж тоглоно гээд намайг тоглуулахгүй байсан. Тэгээд цуг тоглохоор болсон. Тоглож дуусаад сагсны талбайн хажууд байрлах сандал руу алхаж байхад араас “хөөе” гээд хамт сагсан бөмбөг тоглосон ах дуудсан. Эргээд харсан чинь шууд толгойн хойд хэсэг рүү алгадсан. Тэгэхээр нь би эргүүлээд түлхэхэд, шууд гараа атгаж байгаад нүүрэн тус газар цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Би “яагаад намайг цохиод байгаа юм бэ” гэхэд “чи муу бацаан яах юм бэ” гээд орилж байгаад яваад өгсөн. Тэнд байсан хүмүүс нь цагдаа дуудаж өг гээд байсан. Гэтэл удалгүй цагдаа ирээд “цохисон хүн чинь хаана байна” гэсэн. Бид нар хойноос нь 60 дугаар байр руу явахад 60 дугаар байрны ард явж байсан. Тэгээд цагдаа ирээд уг согтуу хүнийг авч явах гэтэл жоохон хүүхэдтэй байсан тул би өрөвдөөд эндээ зохицоод дуудлагаа буцаая гээд ирсэн цагдааг буцаасан. Тэгээд шууд явж хамрынхаа зургийг гэмтлийн эмнэлэгт очиж авахуулъя гэхэд “чиний хамар зүгээр байна” гээд явахгүй гэр рүүгээ орчихсон. Удалгүй манай ээж гэрээс гарч ирээд намайг цохисон ахтай уулзаад гэмтлийн эмнэлэг цуг яваад хамрын зургийг нь авахуулчих, үнэгүй байдаг юм гэж ээж хэлэхэд хамт байсан найз нь “хугарсан хамар ийм байдаггүй юм, хамар чинь зүгээр байна” гэсэн. Хамт явсан найзынхаа машинаар цуг явъя гэхэд уг найз нь би явж чадахгүй, халтар хүмүүсийг машиндаа суулгахгүй гээд яваад өгсөн. Тэгэхээр нь би намайг цохисон хүнийг дагуулаад таксигаар гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэл дээр очоод хамрынхаа зургийг авахуулахад хамар хугарсан байна, гэхдээ нарийн шинжилгээ өг, энэ зураг дээр сайн мэдэгдэхгүй байна гэхэд нь намайг цохисон ахад гарч ирээд хэлэхэд надад мөнгөний боломж байхгүй. Одоо мөнгө өгч чадахгүй маргааш олоод өгье гэсэн. Тэгэхээр нь одоо би өөрийнхөө мөнгөөр зургаа авахуулъя, маргааш надад эмчилгээний мөнгө өг гэхэд ах нь маргааш өглөө ямар ч хохиролгүй болгоно гэсэн. Би эмчилгээнийхээ зардлыг авсан болохоор надад нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч-М.А мэдүүлэхдээ:

Би 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байрны урд байрлах сагсан бөмбөгийн талбайд манай нөхөр сагсан бөмбөг тоглож байхад үл таних хоёр ах ирээд манай нөхрийг тоглож байхад нь шууд бөмбөгийг нь булааж аваад “би тоглоно” гээд тоглуулахгүй байсан. Тэгээд цуг тоглохоор болсон. Тоглож дуусаад манай нөхөр сагсны талбайн хажууд байрлах сандал руу алхаж байхад араас нь хамт сагсан бөмбөг тоглосон танихгүй ах дуудсан. Эргээд харсан чинь шууд толгойных нь хойд хэсэг рүү алгадсан. Тэгээд манай нөхөр эргүүлээд түлхэхэд шууд гараа атгаж байгаад нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд би нөхөртэйгээ гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтэл дээр очоод хамрынх нь зургийг авахуулахад хамар нь хугарсан байна, нарийн шинжилгээ өг, энэ зураг дээр сайн мэдэгдэхгүй байна гэсэн гэжээ. (хавтаст хэргийн 13 дугаар хуудас)

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7832 дугаар дүгнэлтэд:

1. Д.Дын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны дунд зэргийн доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ.  (хэргийн 17 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

Г.О ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. (хэргийн 34 дүгээр хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

Шүүгдэгч Г.О нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны орой Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 59 дүгээр байрны гадаа байрлах сагсны талбай дээр хохирогч Д.Дыг зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, нүдний алимны дунд зэргийн доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Д, гэрч М.А нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7832 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Баянгол дүүргийн прокурорын газраас Г.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял болон прокуророос түүнийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний 460 000 төгрөгөөр торгох эрүүгийн хариуцлагын саналыг сайн дураар зөвшөөрсөн болно.

Хохирогч нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой 220 000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч Г.Оээс эмчилгээний зардалд  500 000 төгрөг өгч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад  төлөх төлбөргүй гэж үзэв. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдолгүй байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Т.овогт Г.Оийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Оийг  460  нэгжтэй тэнцэх хэмжээний  460 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Г.О нь торгох ялыг 2 сар /хоёр сар/ хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Г.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500 000 төгрөг төлсөн болохыг тус тус  дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН