Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 522

 

 

 

 

 

 

 

 

    2018          6           25                                     522

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: С.Буянхишиг, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

хохирогч: Н.Б,

шүүгдэгч: О.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.овогт О.Эөд холбогдох эрүүгийн 1805 0080 80532 тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,

2011 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 72 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 450 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, С.овогт О.Э.

 

             Шүүгдэгч О.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М2” бааранд иргэн Н.Бийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-О.Э мэдүүлэхдээ:

А, Батхуяг нар тамхилахаар гараад муудалцахад нь би тэднийг салгачихаад эргэж баар руу ороход Батхуяг гадуур хувцсаа тайлаад 00 орсон. Тэгээд тэндээс гарч ирээд намайг пиво ууж байхад миний ууж байсан шилтэй пивоны араас цохисон. Би сандарсандаа түүнийг шилээр цохиж, биед нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн. Н.Б ах тархины компьютер томографийн зураг авахуулахад нь би 120 000 төгрөгийг төлсөн. Хохирогчийн надаас нэхэмжилж байгаа 1 400 000 төгрөгийг би 2 сарын хугацаанд хувааж төлөх боломжтой, төлөхөө илэрхийлж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хойшид алдаагаа давтахгүй. Гэм буруутайгаа ойлгож, хохирогчоос уучлалт гуйж байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч-Н.Б мэдүүлэхдээ:

Би бааранд Эөд зодуулсны дараа Гэмтлийн эмнэлэг рүү явах болоход Э “гэрээсээ очиж мөнгө авна” гэж намайг дагуулж яваад гудамжинд оруулаад Атэй нийлж намайг зодоод, хаячихаад явсан. Би зам руу гарч, такси барьж, Гэмтэл явсан. Би буцаад баар руу яваагүй байхад баар явсан гэж худлаа мэдүүлсэн байна. Э.т гэх найзындаа очоод гарсан гэсэн. Маргааш нь ажилдаа Э очоогүй. Би “Эөд шилээр цохиулсан” гэхэд хүмүүс “цаадах чинь угаасаа тэгдэг юм” гэж байсан. Э нь архи уухаар тавьтаргүй зантай юм билээ. Э надаас хол сууж байсан тул би түүнд гар хүрээгүй. Энэ явдлаас хойш миний баруун талын нүдний ойрын хараа муудаж,  толгой өвддөг болсон. Тухайн үед компьютер томографийн зураг авахуулахад тархи доргисон байсан ба баруун нүдний хажууд 3 см хэмжээтэй сорви үүссэн. Энэ сорвины 1 см-ийг 380 000 төгрөгөөр арилгана гэсэн. Би эхлээд цагдаагийн байгууллагад хандаагүй ба хамт ажилладаг болохоор учир нь олдох байх гээд 10-аад хоног гэртээ хэвтсэн. Э надтай сорвийг арилгаж өгнө гэж тохиролцсон боловч тэр надтай хамт ажилладаг Огийн гар утаснаас над руу “чамайг хаа байгаа газраас чинь олж ална, ажлаа хийхгүй алга боллоо” гэж мессеж бичсэн байсан. Тэгэхээр нь би энэ болсон асуудлын талаар өмгөөлөгч найздаа хэлж, цагдаад хандсан. Би зарын дагуу кузов засварын ажилд орсон ба намайг анх ажилд орсноос хойш дарамтлаад, гадуурхдаг байсан. Э, А, М гэх 3 залуу нийлдэг. Хэрэг гардаг орой би 800 000 төгрөгөөр бүтэн будгийн машины ажил авч, 500 000 төгрөгийн урьдчилгаа бэлэн авсан. Тэгтэл Э 23 цагийн үед над руу залгасан. Намайг очиход А, Э нар Өргөөгийн урд талын бааранд байсан. Тэгээд надад “М2 гэдэг бааранд оръё тэнд тайчих урлаг үзүүлдэг, үзээгүй юмыг чинь үзүүлнэ” гээд явсан. Тэнд орохдоо би баарны тааксыг нь төлсөн. Дотор ороод нарийхан ширээн дээр бид нар суусан. Тэгээд гарах гэтэл тэд “та тооцоогоо хийчих” гэхээр нь би “та нар өөрсдөө тооцоогоо хий” гэж татгалзахад тэр дургүйцсэн. Үүнээс болж Э намайг шилээр цохиж, гэмтэл учруулсан.  Би Эөөс 1 400 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

Мөрдөн байцаалтад гэрч-Б.А мэдүүлэхдээ:

2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад Батхуяг ах, Э рүү залгаад уулзая гэсэн. Тэгээд Модны 2-ын орчим байдаг “М2” бааранд уулзалдсан. Батхуяг ирэхдээ халамцуу ирсэн. Э бид хоёр ажлаа тараад очсон. Ингээд бааранд 1 шил 0.75-тай архи, 3 пиво уусан. Сууж байгаад Батхуяг бид хоёр тамхи татах гэж гарсан. Гадаа гараад Батхуяг миний хүзүүн дээрээс барьж аваад “та нар ер нь намайг оролдоод байгаа шүү” гэхээр нь би “ах яасан, согтоод байгаа юм уу” гэтэл миний нүүр рүү 4-5 удаа цохисон. Тэгэхээр нь би арагш нь түлхээд дотогшоо орсон. Тэгээд удалгүй Батхуяг орж ирсэн ба хувцасаа тайлж тавьчихаад 00-ийн өрөө орж, гарч ирсэн. Тухайн үед Э пиво уугаад, сууж байхад Батхуяг Эийн ууж байсан пивоны шил рүү цохисон. Тэгээд тойроод суудал дээр суухад Э ууж байсан пивотой шилээрээ Батхуягийн нүүрэн тус газар нь цохисон. Баарны хамгаалагч нар нь ирж салгасан. Тэгээд тэндээсээ гараад гэмтэл явцгаахаар болоод такси аваад хөдөлсөн. Би гэрээсээ орж мөнгө аваад гэмтэл явсан. Гэмтэл дээр очихын өмнө Батхуяг за ерөөсөө гэмтэл орохоо больё гээд буцаад баар руугаа орсон. Тэнд очоод хамгаалагчтай би орж уулзсан. Гараад иртэл нөгөө хоёр муудалцаад байж байхаар нь би Эийг явъя гэж хэлээд аваад явсан гэжээ. (хэргийн 16 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1928 тоот дүгнэлтэд:

1. Батхуягийн биед тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний гадна булан хэсэгт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх соривжиж эдгэрнэ. Сорив нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй гэжээ. (хэргийн 27 дугаар хуудас)

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд:

О.Э нь 2011 он 02 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 72 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж, 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүргийн шүүхийн 450 тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн гэжээ. (хэргийн 51 дүгээр хуудас)

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч О.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М2” бааранд хохирогч Н.Бийг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун дээд зовхинд цус хуралт, баруун нүдний гадна булан хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч Б.Авирмэд нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1928 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлосон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Эөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулах нь зүйтэй.

 

Хохирогч Н.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохиролд 1 400 000 төгрөг нэхэмжилж байгааг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байна. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирогчид эмчилгээний зардалд 1 400 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлж байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.овогт О.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Эийг  500  нэгжтэй тэнцэх хэмжээний  500 000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Э нь торгох ялыг 1 сар хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, О.Э хохирогчид 1 400 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус  дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол О.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН