| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0697/З |
| Дугаар | 128/ШШ2026/0746 |
| Огноо | 2026-08-21 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 128/ШШ2026/0746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б******* овогтой Д******* /РД:*******/,
Хариуцагч: Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан ажлаас чөлөөлсөн шийдвэртэй маргасан маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүслэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Б.Д*******ийг Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон.
2.2.Нэхэмжлэгчийг Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дугаар тушаалаар 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон дээрх ажлаас чөлөөлсөн.
2.3.Уг шийдвэрийг эс зөвшөөрч Б.Д******* Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гарган, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай шийдвэрээр 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон байна.
2.4.Нэхэмжлэгчээс иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
2.5.Улмаар Б.Д*******өөс тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Шадар сайдад холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Цогттөгөлдөр овогт Б*******ын Д******* нь Монгол улсын Шадар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажилласан. Монгол улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар намайг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, үүрэг ажлаас чөлөөлсөн. Тус тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн тушаах нь гэжээ. Тушаалын тушаах хэсэгт Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б*******ын Д*******ийг 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэжээ. Миний бие Төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна:, 14.1.3 дахь хэсэгт яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах ажилладаг албан тушаал. гэж заасан бөгөөд тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан. Иймд Монгол Улсын Шадар сайдын тушаал нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, ямар үндэслэл, журмын дагуу миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тодорхойгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт хуульд үндэслэх, 4.2.5, 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмуудыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгдээгүй болно. Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан тул Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн баталгаажуулалт хийлгэж өгөхийг даалгаж өгнө үү. Монгол улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн дүгээр тушаалыг тухайн өдөр нь гардан авч, 2026 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж тэмдэглэл гарсан. Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг шүүхээс 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар нэхэмжлэл хүлээн авахаас татгалзсан. Хэргийн харьяаллын хувьд Төрийн үйлчилгээний албан тушаалтны удирдах албан тушаалтан нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбараар Захиргааны хэргийн шүүхэд харьяалуулсан байна. Дээрх захирамжийг 2026 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гардан авсан болно. Иймд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлдэг албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу зохицуулна гэж заасан. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө төрийн захиргааны албан тушаалд хамаардаг байсан. Энэ өдрөөс хойш төрийн үйлчилгээний албан тушаалд хамаардаг болсон. Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэг дэвд төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах шаардлагууд тавигдахгүй. Энэ маргаанд зөвхөн Төрийн албаны зөвлөлөөс баталсан төрийн албан хаагчийг түр орлон гүйцэтгэх журамд заасан зохицуулалтууд яригдана. Учир нь Засгийн газрын 2019 оны 9 дүгээр тогтоолын хавсралтаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэхтэй холбоотой харилцааг зохицуулсан. Тэгэхээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүй. Хариуцагч нэхэмжлэгчийг анх томилохдоо түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тогтоолын дагуу нэхэмжлэгчийг төрийн албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны дагуу тодорхойгүй хугацаагаар томилсон гэж ойлгоно. Мөн бидний зүгээс хариуцагч дараагийн албан хаагчийг томилохдоо сонгон шалгаруулалт зарлаагүй гэж ойлгосон. Үүнтэй холбоотой маргаан байхгүй байх. Тийм учраас энэхүү хэрэг маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан хугацаатай, хугацаагүй гэрээний зохицуулалт, Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалтан төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна гэх зохицуулалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 2, 3 дугаар зүйлд заасан Төрийн албан хаагчийн зохицуулагдаагүй бусад харилцаа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана гэж заасан зохицуулалтууд тус тус хамаарна гэж үзэж байна. Мөн дээр хэлсэнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасны дагуу энэхүү харилцаанд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтална. Гэтэл маргаан бүхий тушаалыг Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн аль нэгийг нь үндэслэж гаргаагүй. Зөвхөн Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.5.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2-т заасныг үндэслэсэн. Тийм учраас манай зүгээс маргаан бүхий тушаал анхнаасаа захиргааны актын хэв шинжийг агуулаагүй гарсан гэж үзэж байна. Төрийн албан хаагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйлд заасны дагуу ажил үүргээс нь чөлөөлдөг. Энэ зохицуулалтын алийг нь ч дурдаагүй. Ямар хуулийн ямар зохицуулалтаар яаж чөлөөлж байгаа үндэслэлээ тушаах хэсгийн 1 дэх хэсэгт тусгаагүй. Өөрөөр хэлбэл, тушаалын үндэслэл болон тушаалын тушаах хэсэг хоорондоо нийцсэн байх ёстой. Гэтэл маргаан бүхий тушаал хэлбэр болон агуулгын шаардлага хангасан хэлбэрээр гараагүй. Иймд бидний зүгээс нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байна.
Мэтгэлцээний туршид талуудын хэн аль нь хөдөлмөрийн харилцаа байсан эсэх асуудлаар маргасангүй. Тийм учраас бидний зүгээс хариуцагч талыг төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаал мөн гэдэгтэй маргахгүй байна гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс бид Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу дараагийн хүн томилогдох хүртэл хугацаагаар нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилсон гэж тайлбарласан. Хөдөлмөрийн тухай хуульд хугацаатай болон хугацаагүй гэрээ гэж 2 ангилдаг. Гэхдээ нэхэмжлэгчийг томилохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.6 дахь хэсэгт заасан аль үндэслэлийн хүрээнд томилсон гэдэг нь тодорхойгүй. Ерөнхийдөө дараагийн хүнийг томилох хүртэл хугацаагаар гэдэг агуулгаар тайлбарлаж байгаа боловч тушаалын тушаах хэсэгт түр орлон гүйцэтгэгчээр л томилсугай гэж бичсэн байгаа. Мөн дараагийн хүнийг сонгон шалгаруулалтаар томилоогүй. Өөрөөр хэлбэл, дараагийн хүнийг хууль ёсны дагуу томилсон гэх үйл баримт байхгүй. Тэгэхээр Төрийн албаны зөвлөлөөс албан ёсны сонгон шалгаруулалт зарлаж дараагийн хүнийг томилоогүй гэдэг нь тогтоогдож байна. Мөн хариуцагчийн зүгээс үзэмжээрээ нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй гэж хэлсэн. Төрийн үйлчилгээний албан тушаалын хувьд Төрийн албаны зөвлөл Засгийн газрын баталсан тогтоол болон Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хүрээнд аливаа шийдвэрийг гаргах үүрэгтэй. Гэтэл тавигдах шаардлага тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг шаардлага хангаагүй гэж тайлбарлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага Засгийн газрын 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтын дагуу төрийн үйлчилгээний албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг батлуулах үүрэгтэй. Гэтэл 3 жилийн хугацаанд энэ үүргээ биелүүлж албан тушаалын тодорхойлолт батлуулаагүй. Тийм учраас тавигдах шаардлага гэдэг ойлголт өнөөдөр яригдахгүй гэж үзэж байна. Мөн хариуцагчийн зүгээс ямар шаардлага тавигдсан нэхэмжлэгч аль шаардлагад нь нийцээгүй гэдгийг хангалттай нотолж, тайлбарлаж чадсангүй. Нэхэмжлэгчийн хувьд эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалд 4 жил ажилласан. Эрүүл мэндийн яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газарт дандаа удирдах албан тушаалтны үүргийг гүйцэтгэж байсан туршлагатай. Мөн гадаадад мэргэжлээрээ сургууль төгссөн өндөр боловсролтой. Бид бүгд сонгон шалгаруулалтад гадаадад сургууль төгссөн хүн оноогоороо 1 дүгээрт тавигддаг гэдгийг мэднэ. Гэтэл хариуцагчийн зүгээс сая дараагийн хүнийг томилсон асуудал энэхүү хэрэг маргаанд хамаарахгүй гэж тайлбарласан. Тэгэхээр дараагийн хүн хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтаар томилогдоогүй гэдэг нь нотлогдож байна гэж үзэж байна. Мөн яагаад сонгон шалгаруулалт зарлаагүй вэ гэхэд Төрийн албаны зөвлөлөөс салбар зөвлөл байхгүй учраас боломжгүй гэдэг хариу өгсөн гэж тайлбарласан. Хэрвээ салбар зөвлөл байхгүй бол Төрийн албаны зөвлөлийн төв зөвлөл сонгон шалгаруулалтыг зарлах үүрэгтэй. Орон нутгийн шинжтэй төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг л салбар зөвлөл сонгон шалгаруулалт зарлаж томилдог. Үүнийг хариуцагч төл өөрсдөө мэдэхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэх үндэслэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Хоёрдугаарт, хариуцагч хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтныг томилж, чөлөөлөх үүрэгтэй. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Шадар сайдад хууль тогтоомжийн хүрээнд томилох, чөлөөлөх эрх олгосон. Хэрвээ захиргааны албан тушаалтан байвал Төрийн албаны тухай хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө. Төрийн үйлчилгээний албан тушаалтан бол Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу томилж, чөлөөлнө. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Монгол Улсын Шадар сайд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрийн үзэмжээр томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ гэж тайлбарлаад байна. Ийм зүйл огт байхгүй. Бүх зүйл хууль тогтоомжийн дагуу явна гэдгийг хэлье. Тухайлбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан. Тэгэхээр Монгол Улсын Шадар сайдад өөрийн үзэмжээр төрийн үйлчилгээний албан хаагчийг томилж, чөлөөлөх эрх хуулиар олгогдоогүй гэдгийг дахин хэлье. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх зарчмыг заасан байдаг. Мөн зүйлийн 24 дүгээр зүйлд заасны дагуу бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага шийдвэр гаргахын тулд бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Хэрвээ нэхэмжлэгчийг ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байгаа бол гүйцэтгэлийн үнэлгээг шалгах ёстой. Мөн ажил албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх зөрчлийн хуудас байх ёстой. Үүний дагуу хариуцагч тал тайлбар, мэдүүлгээ өгөх ёстой болохоос биш Монгол Улсын Шадар сайд дархан эрхтэй гэдэг агуулгаар тайлбар хэлээд сууж байж болохгүй. Мөн дараагийн хүнийг өөрсдийн үзэмжээрээ томилсон. Гэхдээ энэхүү хэрэг маргаанд одоо ажиллаж байгаа хүний асуудал хамааралгүй гэж тайлбарласан. Гэтэл нэхэмжлэгчийг анх томилохдоо дараагийн хүн томилогдох хүртэл хугацаанд түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйл болон Улсын Дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид түр орлон гүйцэтгэгчийг яаж томилох тухай зааж өгсөн. Өөрөөр хэлбэл, хариуцагч сонгон шалгаруулалт зарлаж дараагийн хүнийг томилоогүй учраас нэхэмжлэгчийн сэргээгдэх эрх, хууль ёсны ашиг сонирхол байгаа гэж үзнэ. Энэ маргааны хүрээнд албан ёсны жишиг шийдвэр байхгүй боловч төрийн үйлчилгээний албан тушаалын удирдах албан тушаалтны шийдвэр гаргуулахтай холбоотой маргааныг жишээ болгож хэлсэн. Иймд дээрх үндэслэлүүдийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нэхэмжлэгч анх Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тушаалаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Гэтэл 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ямар нэгэн тайлбар, санал гаргах боломж олгох сонсох ажиллагаа хийлгүйгээр 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрөө маргаан бүхий тушаалаа танилцуулаад үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Маргаан бүхий тушаалд ямар бодит нөхцөл байдлын улмаас гаргасан талаарх үндэслэлийг тодорхой заагаагүй буюу хуульд үндэслэх зарчмыг зөрчиж, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийгээгүй. Энэ нөхцөл байдлаас болж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэв.
3.4.Хариуцагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэг. Нэхэмжлэгч Б.Д******* нь нэхэмжлэлийн шаардлагадаа ... Монгол Улсын Шадар сайдын тушаал нь Төрийн албаны тухай хуулийг үндэслээгүй, ямар үндэслэл, журмын дагуу миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тодорхойгүй гэх тухайд, Хүнсний бүтээгдэхүүний зүйл болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар журам-д заасаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн үзүүлэлтийн талаарх лабораторийн шинжилгээний мэдээллийн нэгдсэн санг удирдах, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдалд тандалт, судалгаа, шинжилгээ хийхэд оролцож буй төрийн, орон нутгийн өмчийн болон хувийн хэвшлийн итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, тэдгээрт мэргэжлийн удирдлага, дэмжлэг үзүүлэх зэрэг улсын хэмжээнд онцгой ач холбогдол бүхий чиг үүргийг хэрэгжүүлдэг үндэсний хэмжээний мэргэжлийн байгууллага юм.
Лабораторийн удирдах албан тушаал нь байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогтой нийцсэн лабораторийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүрэг бүхий мэргэжлийн мэдлэг, ур чадвар, туршлагыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч Б.Д******* нь шүдний эмч мэргэжилтэй бөгөөд Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болно.
Нэхэмжлэгч Б.Д******* нь Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Түр орлон гүйцэтгэгчээр томилох шийдвэр нь үндсэн албан тушаалтныг томилох хүртэл тухайн албан тушаалын сул орон тоо нөхөх зорилгоор түр хугацаанд байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор томилсон. Тодруулбал түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон нь тухайн албан тушаалд байнгын томилогдсонтой адил эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй юм. Б.Д*******ийг томилсон дээрх тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалт, 24.2 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам-ын 5.1 дэх хэсэг, Журам батлах тухай Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт, Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтыг тус тус үндэслэсэн.
Харин Б.Д*******ийг чөлөөлсөн Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр тушаалыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх хэсэг, Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам-ын 5.1 дэх хэсэгт тус заасан бүрэн эрхийн хүрээнд үндэслэн гаргасан нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан гэх гомдол нь үндэслэлгүй болно.
Нэхэмжлэгч нь ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт Хуульд үндэслэх, 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмуудыг зөрчсөн, сонсох ажиллагаа хийгдээгүй болно. гэж дурджээ.
Энэ талаар нэхэмжлэгч Б.Д*******тэй Шадар сайдын ажлын Албаны дарга Б.М******* 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр утсаар холбогдож, сонсох ажиллагаа явуулах талаар дуудсан боловч тогтсон өдөр ирээгүй тул тэмдэглэл үйлдэж сонсох ажиллагааг дуусгавар болгосон болно. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно гэж заасан сонсох ажиллагаа явуулаагүй нь уг захиргааны актыг хууль бусад тооцох үндэслэл болохгүй юм. Иймд Б.Д*******ий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай зүгээс нийт 4 үндэслэлтэй хариу тайлбар гаргасан. Нэгдүгээрт, хариуцагч нэхэмжлэгчийг Хүнсний, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 15 дугаар зүйл болон Үндэсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн ажиллах журамд заасны дагуу мэргэжил, арга зүйн хувьд тус албан тушаалд тохирохгүй гэж үзээд маргаан бүхий тушаалыг гаргасан. Мөн тус албан тушаалд тодорхой албан тушаалын тодорхойлолт гэж заасан зүйл байдаггүй учраас өөрсдийн үзэмжээр нэхэмжлэгчийг шаардлага хангахгүй гэж дүгнээд дараагийн албан хаагчийг тус албан тушаалд томилсон. Хоёрдугаарт, нэхэмжлэгч анх 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 9 дүгээр тушаалаар Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийн захирлын албан тушаалд томилогдохдоо түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон. Түр орлон гүйцэтгэгч гэдэг нь дараагийн албан хаагчийг томилогдох хүртэл ажил үүргийг нь гүйцэтгэж түр ажиллах боломжтой хүнийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, ажил албан тушаалын шаардлага хангасан хүн томилогдох хүртэл түр хугацаагаар нэхэмжлэгчийг томилсон. Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 20.4.2, Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Лабораторийн ажиллах журмын 5.1, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэл тогтоох журам, Засгийн газрын 2023 оны 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан журмын заалтуудыг үндэслэсэн. Сонсох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэлийн тухайд, Захиргааны ерөнхий хуульд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд сонсох ажиллагааг явуулна гэж заасан. Монгол Улсын Шадар сайдын ажлын албаны ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга н.М******* гэдэг хүн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгч Б.Д*******тэй утсаар холбогдож сонсох ажиллагааг 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 15 цагт хийнэ гэж мэдэгдсэн. Гэвч нэхэмжлэгч сонсох ажиллагаа хийх өдөр ирээгүй. Бид 30 минут хүлээгээд сонсох ажиллагааны тэмдэглэлд 15 цаг 35 минут хүртэл нэхэмжлэгчийг хүлээгээд ирээгүй учраас сонсох ажиллагааг дуусгавар болгосон гэж бичсэн байдаг. Энэ тухай баримтыг бид шүүхэд гаргаж өгсөн. Нэхэмжлэгч тал Монгол Улсын Шадар сайд ажлын байрны тодорхойлолтыг 3 жилийн хугацаанд батлаагүй гэдэг зүйлийг ярьж байна. Гэхдээ бид нэхэмжлэгчийг анх томилохдоо үзэмжээрээ тодорхойлж томилсон. Анхнаасаа бий болоогүй ажлын байрны тодорхойлолтыг өнөөдрийг хэрэг маргаанд үндэслэж ярих боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч анхнаасаа маргаан бүхий тушаал хууль бус хэлбэрээр үйлдэгдсэн буюу үндэслэл нь тодорхойгүй байна гэж тайлбарлалаа. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээг зохицуулсан. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө гэж, 24.2-т Монгол Улсын сайд эрх хэмжээнийхээ асуудлаар хууль, Улсын Их Хурлын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, тэдгээрээс батлан гаргасан бусад шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангана гэж тус тус заасан. Мөн Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журмын 5.1-д Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан тушаалыг Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж, чөлөөлнө гэж заасан. Үүний дагуу хариуцагч өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлж маргаан бүхий тушаалыг гаргасан. Нэхэмжлэгчийн зүгээс сонсох ажиллагааны тэмдэглэл болон хариуцагчийн хариу тайлбарын хугацаа зөрүүтэй байна гэж тайлбарлалаа. Гэхдээ сонсох ажиллагааны тэмдэглэлд техникийн шинжтэй алдаа гарсан байна. Бид сонсох ажиллагааны тэмдэглэлийг тухайн үедээ шууд архивдаа өгчихсөн байсан. 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдөр архиваас сонсох ажиллагааны тэмдэглэлийг гаргуулж авахдаа алдаагаа анзаарч хараагүй байна. Гэхдээ өнөөдрийн шүүх хуралдаанд энэ алдааны талаар ярих нь илүүц гэж үзэж байна. Мөн бид хариу тайлбартаа 04 дүгээр сарын 27-ны өдөр гэж андуурч бичсэн байсан. Үүнийг мөн адил техникийн шинжтэй алдаа гэж тайлбарламаар байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс ажлаас чөлөөлөх тухай тушаал хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. Гэхдээ нэхэмжлэгчийг томилсон тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, анхнаасаа нэхэмжлэгчийг томилсон тушаалд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй учраас ажлаас чөлөөлөх тушаалд мөн адил Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй гэдгийг хэлье гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
2.Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дүгээр тушаалаар Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Д*******ийг 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн томилсон, улмаар маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.2, 24 дүгээр зүйлийн 24.1.4, 24.2, Засгийн газрын 2013 оны 330 дугаар тогтоолоор батлагдсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам-ын 5.1 дэх заалтыг тус тус үндэслэл болгон 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлжээ.
3.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэлээ төрийн албан тушаалтны үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдэг нь хөдөлмөрийн эрх зүйн харилцааны дагуу тодорхойгүй хугацаагаар томилсон гэж ойлгоно, ...Монгол Улсын Шадар сайдын тушаал нь Төрийн албаны тухай хууль, хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, ямар үндэслэл, журмын дагуу миний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь тодорхойгүй, ...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6 дахь заалтад заасан зарчмуудыг зөрчсөн, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж,
хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ажил албан тушаалын шаардлага хангасан хүн томилогдох хүртэл түр хугацаагаар нэхэмжлэгчийг томилсон, ...нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдсэн боловч ирээгүй тул сонсох ажиллагааг дуусгавар болгосон гэж тус тус тайлбарлан маргажээ.
4.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараахь албан тушаал хамаарна: гээд, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасан бөгөөд Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 240 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан Төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад байгууллагын албан тушаалын зэрэглэл, түүнд хамаарах албан тушаалын жагсаалтын 2-т зааснаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн захирал-ын албан тушаал нь ТҮМ-9 ангиллын төрийн үйлчилгээний удирдах албан тушаал байна.
5.Хэргийн оролцогчид хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн, нэхэмжлэгч Б.Д*******ийг түр гүйцэтгэгчээр томилсон Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаал нь дээрх ТҮМ-9 ангиллын төрийн үйлчилгээний удирдах албан тушаал, уг албан тушаалд сонгон шалгаруулалт явуулаагүй талаар тайлбар гарган маргаагүй.
6.Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Засгийн газрын гишүүн энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар олгосон бүрэн эрхтэй. Түүний дотор: гээд 24.1.4-т хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын бүтэц, дүрмийг баталж, дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлнө;, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 330 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн ажиллах журам-ын 5.1-д Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлыг мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн томилж, чөлөөлнө гэж тус тус заасан.
7.Хууль журмын дээрх зохицуулалтаас үзвэл Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтад заасан ...өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрийн байгууллага, албан газрын ... дарга /эрхлэгч, захирал/-ыг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг Монгол Улсын Шадар сайд хэрэгжүүлэх журмыг холбогдох хууль тогтоомжоор тогтоох байдлаар нарийвчлан зохицуулжээ.
8.Тодруулбал, Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан тушаал нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болохын хувьд Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж зааснаар уг албан тушаалд томилох, чөлөөлөх байдлаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, өөрчлөх, дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг эхэлж хэрэглэх бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулахаар байна.
9.Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан Албан тушаалын тодорхойлолт боловсруулах нийтлэг журмын 5.3-т Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр томилох эрх бүхий этгээд батална гэж заасан, үүний дагуу Монгол Улсын Шадар сайд Үндэсний лавлагаа лабораторийн ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг Төрийн албаны зөвлөлийн саналыг авсны үндсэн дээр батлах эрх хэмжээтэй.
10.Мөн Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 1.1-д Төрийн ... төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулж нэр дэвшүүлэх, төрийн жинхэнэ албаны сул орон тоог нөхөх шалгалт зохион байгуулах, төрийн жинхэнэ албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөх болзол, шатлан дэвшихтэй холбогдсон харилцааг хуульд өөрөөр заагаагүй бол энэхүү журмаар зохицуулна, 1.2-т Төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөц бүрдүүлэх ... төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалд тавигдах нийтлэг, тусгай шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулж томилох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд шалгалтын зорилго оршино, 2.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албаны шалгалт доор дурдсан төрөлтэй байна:, 2.1.3-т Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт, 2.1.3.2-т төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалт, 3.3-т Төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг доор дурдсан харьяаллын дагуу зохион байгуулна, 3.3.1-т төрийн захиргааны албаны тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг Зөвлөл, 3.3.3-т яам, агентлаг, төрийн бусад байгууллагын харьяа төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтыг харьяалах Салбар зөвлөл, 8.5-д Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоог аливаа дараалал харгалзахгүй сонгон шалгаруулж нөхнө, 12.1-д Зөвлөл, Салбар зөвлөл нь сонгон шалгаруулалтын тайланг хянаж, шалгалтад тэнцэж хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлнэ, 12.6-д Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан удирдах албан тушаалд нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр нэг удаа татгалзаж болно. Энэ тохиолдолд татгалзсан үндэслэлийг Зөвлөл, харьяалах Салбар зөвлөлд ажлын 14 өдрийн дотор албан бичгээр ирүүлнэ гэж тус тус заасан.
11.Дээрх журмын зохицуулалтын дагуу Шадар сайдын Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан эрхлэх стандартчилал, хэмжил зүйн асуудал, лабораторийн үйл ажиллагааны нэгдсэн бодлого, төлөвлөлт-ийн асуудлын хүрээний агентлагийг харьяалах Салбар зөвлөл, хэрэв ийм салбар зөвлөлийн байхгүй бол Төрийн албаны зөвлөл төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг тухайн албан тушаалын сул орон тоонд томилуулахаар томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлж, томилох зохицуулалттай.
12.Энэ марааны тухайд хариуцагчаас Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлаагүй, уг албан тушаалд тавигдах мэдлэг, ур чадвар, туршлага зэрэг шаардлагыг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгч Б.Д*******ийг эдгээр шаардлагыг хангаагүй гэж үзэж, албан тушаалаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх захиргааны үйл ажиллагаанд баримтлан тусгай зарчимд нийцээгүй байна.
13.Нөгөөтээгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтыг хангаагүй гэх үндэслэлээр маргаж байгаа, шүүхээс нэхэмжлэгч албан тушаалын тодорхойлолт-д заасан ямар тавигдах шаардлагыг хэрхэн хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй боловч хариуцагчаас албан тушаалын тодорхойлолтыг батлагдаагүй тохиолдолд шүүхээс энэ талаар дүгнэлт хийх боломжгүй юм.
14.Зүй нь хариуцагч Монгол Улсын Шадар сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг батлах байдлаар уг албан тушаалд тавигдах шаардлага, нөхцөлийг тогтоож, эрх бүхий зөвлөлөөс сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу нээлттэй зохион байгуулж, уг сонгон шалгаруулалтад шаардлага хангасан гэж үзэж оролцсон оролцогчдоос хамгийн өндөр оноо авсан оролцогчийг томилох эрх бүхий этгээдэд нэр дэвшүүлэх, томилох эрх бүхий этгээд нэр дэвшигчийг албан тушаалд томилох, эсхүл хуульд заасан үндэслэлээр татгалзах эсэхийг бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байжээ.
15.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг ойлгохоор тус тус заасан, захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны нэг зорилго хүний эрх, эрх чөлөөг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн тогтооход оршдог.
16.Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан ... анхнаасаа намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон гэдгийг мэдэж байсан. Хэрвээ шинэ сайд намайг ажлаа өг гэж хэлсэн бол би хэзээд ч ажлаа өгөхөд бэлэн байсан гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ажлаа маш сайн хийгээд явж байхад гэнэт сонсох ажиллагаа ч хийлгүйгээр маргаан бүхий тушаал гаргаж ажлаас чөлөөлсөнд нь гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, шинэ сайд өөрийн хүнийг томилмоор байна гээд надад хэлчихсэн байсан бол гомдолгүйгээр өөрөө ажлаас гарах хүсэлтээ өгөх боломжтой байсан гэх тайлбараас үзвэл маргаж буй хариуцагчийн үйл ажиллагаа өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, шүүхээр эргүүлэн томилогдохоор маргаж буй Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалд ажиллах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй байна.
17.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл хариуцагч Монгол Улсын Шадар сайд хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталж, эрх бүхий төрийн албаны зөвлөл сонгон шалгаруулалтыг холбогдох журмын дагуу нээлттэй зохион байгуулж, хамгийн өндөр оноо авсан оролцогчийг нэр дэвшүүлэн томилох байдлаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй бөгөөд шүүхээс захиргааны байгууллага, албан тушаалтны хуульд зааснаар шийдвэр гаргах эрхийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
18.Нэхэмжлэгчээс сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэх үндэслэлээр маргадаг.
19.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж тус тус заасан, хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болохоор, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулахаар зохицуулсан.
20.Хариуцагчаас сонсох ажиллагааны мэдэгдлийг Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас Б.Д*******д утсаар мэдэгдсэн, нэхэмжлэгч 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр ирж, сонсох ажиллагаанд оролцоогүй гэж тайлбарлах боловч сонсох ажиллагааны тэмдэглэлд сонсох ажиллагаа явуулсан цаг хугацааг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэж зөрүүтэй тэмдэглэсэн, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Мобиком компанийн дэлгэрэнгүй лавлагаа хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх үнэлэх боломжгүй, бусад байдлаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн, сонсох ажиллагаа явуулсан гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, оролцогчид захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгосон гэж дүгнэх үндэслэлгүй байна.
21.Гэвч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл дээр дурдсанчлан Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалд нэхэмжлэгч цаашид ажиллах хүсэл зориг байгаа эсэх нь эргэлзээтэй, хариуцагч Шадар сайдын ажлын албаны даргаас нэхэмжлэгчтэй тодорхой асуудлаар уулзах шаардлага байгаа талаар мэдэгдэж байсан байх тул сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй нь маргаан бүхий 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дүгээр тушаалыг шууд хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.
22.Иймд хариуцагчаас Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн Ерөнхий захирлын албан тушаалын тодорхойлолтыг баталж, Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журамд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр дахин шийдвэр гаргах нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх гэж заасны дагуу Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 45 хоногийн хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэлээ.
23.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д ...шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн 45 хоногийн хугацааг тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч шинэ акт дахин гараагүй бол маргаан бүхий Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай дүгээр тушаал хүчингүй болох, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн баталгаажуулалт хийх асуудлыг хариуцагч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх үүрэгтэй болохыг тэмдэглэж байна.
24.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын талаар:
25.Шүүхээс нотлох баримт цуглуулах үүргийн дагуу 2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ******* тоот албан бичгээр Стандарт, хэмжил зүйн газраас тайлбар, нотлох баримт гаргуулах ажиллагааг хийсний дагуу тус газрын 2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ******* тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нотлох баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч хэргийн оролцогчдоос уг баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлага хангуулан гаргуулах авах шаардлагагүй, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасныг харгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд дээрх баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.11 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Д*******өөс гаргасан нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 45 хоногийн хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий Монгол Улсын Шадар сайдын 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай тушаал хүчингүй болохыг тайлбарласугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ