| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2026/0580/З |
| Дугаар | 128/ШШ2026/0774 |
| Огноо | 2026-09-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2026/0774
| 2026 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2026/0774 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК /РД:/,
Хариуцагч: Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, З.Т нарт холбогдуулан нөхөн ногдуулалтын акттай холбогдуулан маргасан захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч, хариуцагч татварын улсын байцаагч З.Т, Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Золбоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага: 1.1.Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг үйлдэх тодорхой харилцааг зохицуулсан хуулийг хэрэгжүүлэлгүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх нь: хэсгээр орлуулж буй шийдвэр үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох,
1.2.Тухайн тохиолдлын хувьд Нөхөн ногдуулалтын акт үйлдэх харилцааг хуулиар зохицуулаагүй байхад бүрэн эрхээ хэтрүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, төлөхийг үүрэг болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 3 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох,
1.3.Нэхэмжлэлийн шаардлагын 1 ба 2 хэсгийн агуулгаар илэрхийлэгдэн тодорхойлогдох шийдвэр, үйл ажиллагааг гол үндэслэлээ болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох,
1.4.2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 1 дэх заалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт хамааруулан 29,827,140.00 төгрөгийн дүн нөхөн татвар, торгууль, алдангийг төлөхийг үүрэг болгож буй шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах.
Хоёр.Хэргийн үйл баримт талаар: 2.1.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай томилолт үүсгэж, П ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлэн, томилолтын хугацааг 3 удаа сунгаж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийсэн.
2.2.Уг хяналт шалгалтаар Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч З.Т, Б.Б нар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №НА- дугаар нөхөн ногдуулалтын актаар нийт 1,125,282,626.22 төгрөгийн нөхөн татвар, 314,295,959.58 төгрөгийн торгууль, 175,801,824.17 төгрөгийн алданги, нийт 1,615,380,409.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.
2.3.Нэхэмжлэгчээс нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 14 дугаартай тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
2.4.Үүнийг эс зөвшөөрч 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар: 3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, Ц.Ч нараас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Нэгдүгээр хэсэг: Захиргааны акт илт хууль бус болох талаар.
1.Хуулиар тогтоосон Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг гаргахгүйгээр өөр актын тэмдэглэлээр орлуулах эрх зүйн үндэслэл байгаагүй тухайд, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийхдээ бие даасан Баталгаажуулах акт үйлдэхээр тусгайлан хуульчилсан бөгөөд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 тоот тушаалаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт тусгай маягтыг баталсан. Уг батлагдсан загвар маягт нь татварын зөрчил, нөхөн татвар, суутган тооцох асуудлыг өөртөө багтаасан, тусгайлан эрх олгосон хуулийн зорилго, хүрээнд бүрэн нийцсэн агуулгатай байна. Гэтэл хариуцагч байцаагч нар хуулиар шаардсан тодорхой актыг огт үйлдээгүй бөгөөд, хууль зүйн хувьд тэс өөр зорилго, үр дагавар бүхий Нөхөн ногдуулалтын акт-ыг үйлдэж, ТЭМДЭГЛЭХ НЬ хэсэгт ... үлдэгдлийг нөхөн татварын дүнгээр бууруулж, 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулав гэж орлуулан бичиж шийдвэрлэсэн. Татварын маргаан таслах зөвлөлийн №14 тогтоолд хуулиар тогтоосон актыг үйлдээгүй тухайд огт дүгнэлт өгөөгүйгээс гадна ХШ-12 маягтаар үйлдсэн нь журамд нийцэж байна гэж хариуцагчийг үйлдлийг зөвтгөжээ. Гэвч Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 7.5 дахь хэсэгт ХШ-12 маягт нь Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-ын салшгүй хэсэг байна гэж тусгайлан журамласан. Үндсэн Акт нь гараагүй байхад түүний салшгүй хэсэг буюу тооцооллын хавсралт нь дангаараа хууль зүйн үр дагавар үүсгэх боломжгүй. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл, Татварын ерөнхий газрын А/34 тушаалаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт, мөн тушаалаар батлагдсан Журам-ын 7.5 зэрэг тухайн харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичгүүдийг үл ойшоож, Нөхөн ногдуулалтын акт-ын ТЭМДЭГЛЭХ НЬ: хэсэгт ... нөхөн татварын дүнгээр бууруулж 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулав гэж орлуулсан хариуцагчийн шийдвэр, үйл ажиллагаа нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолын 6 тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзнэ гэсэн тайлбарт хамаарна гэж үзэхээр байна.
Хоёр.Тухайн тохиолдол нь Татварын ерөнхий хуульд заасан Нөхөн ногдуулалтын акт үйлдэх харилцаанд хамаарахгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй тухайд, хариуцагч нар нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар төсөвт төлөх татварын үүрэг үүсээгүй компанид Нөхөн ногдуулалтын акт үйлдэж, уг актын 3 дугаар заалтаар 339.5 сая төгрөгийн нөхөн татварыг ногдуулсан нь илт хууль бус болохыг тогтоолгох дараах үндэслэлүүд байна. Үүнд:
Нэхэмжлэгч нь хуш модны самрыг үйлдвэрийн аргаар боловсруулж, бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлд заасны дагуу борлуулалтын орлогодоо тэг /0/ хувиар татвар ногдуулж тайлагнадаг. Хариуцагч энэ асуудал дээр маргаагүй бөгөөд акт болон Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолд 770.2 сая төгрөгийн татварын илүү төлөлттэй болохыг баталгаажуулсан. Тухайн тохиолдолд, хуш модны самрыг бэлтгэн нийлүүлэгчдээр дамжуулан улсын төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан авах эрхтэй бөгөөд экспортын борлуулалтад тэг /0/ хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар тооцогдох тул төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоолол үүсэх боломж огт үгүй болно. Экспортыг дэмжих төрийн бодлого энэхүү зохицуулалтаар дамжин хэрэгждэг гэж ойлгогддог. Нэхэмжлэгчийн хяналт шалгалтад хамрагдсан хугацааны борлуулалтын орлого болон худалдан авалтын мэдээллийг татварын байцаагчийн ХШ-12 маягтаас авч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ялгаатай зүйл, заалтуудыг хэрэгжүүлэхэд татвар ногдуулалт, буцаан авалт хийх эрх, эцсийн үлдэгдэлд хэрхэн нөлөөлж буйг дараах хүснэгтээр харьцуулан харууллаа.
|
Үзүүлэлтүүд | Борлуулалтын үнэлгээнд НӨАТ ногдуулах | НӨАТ-аас чөлөөлөх | ||
| 11.1 заалт 10 хувь | 11.2 заалт /0/ хувь | 13 дугаар зүйл | ||
| Борлуулалтын орлого | 31,270,724.80 | 31,270,724.80 | 31,270,724.80 | |
| Ногдуулах албан татвар | 3,127,072.48 | - | - | |
| Худалдан авалтын дүн | 7,792,640.10 | 7,792,640.10 | 7,792,640.10 | |
| Худалдан авалтад төлсөн НӨАТ | 770,182.20 | 770,182.20 | 770,182.20 | |
| Татварын үүрэг ба эрх | Улсын төсөвт төлөх | 2,356,890.28 |
| - |
| Төсвөөс буцаан авах |
| 770,182.20 | - | |
| Хяналт шалгалтаар зөрчил илэрсэн бол | 754,545.50 | 754,545.50 | 754,545.50 | |
| Шалгалтын үр дүн | Улсын төсөвт төлөх | 3,111,435.78 |
|
|
| Төсвөөс буцаан авах |
| 15,636.70 |
| |
Дээрх хүснэгтийн мэдээллээс дараах хууль зүйн үр дагавар, зарчим тодорхой харагдана. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгээр татвар ногдуулахад худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчил илэрвэл улсын төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэж, улмаар татвар төлөгчид Нөхөн ногдуулалтын акт (ТЕХ 42 зүйл) үйлддэг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгээр татвар ногдуулахад худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой зөрчил илэрсэн ч энэ нь төсвөөс буцаан авах татварын хэмжээг бууруулах үр дагавартай бөгөөд энэ тохиолдолд татварын өр үүсгэх биш, харин үлдэгдлийг нь баталгаажуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт (ТЕХ 45.2 заалт) үйлдэх хуулийн зохицуулалттай. Экспортыг дэмжих төрийн бодлогын хувьд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 100 хувь экспортод гаргадаг нэхэмжлэгчийн хувьд зөвхөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн зохицуулалт буюу тэг /0/ хувийн зарчим үйлчлэх нь хуулийн агуулга, зорилгод бүрэн нийцнэ. Татварын ерөнхий газрын даргын А/34 тушаал, уг тушаалын хавсралтаар баталсан журамд Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн агуулга, зорилгод бүрэн нийцсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ын тусгай маягт болон түүний салшгүй хэсэг болох ХШ-12 маягтыг хамтад нь хэрэглэх хуульд нийцсэн зохицуулалттай. Гэтэл хариуцагч нар хуульд бүрэн нийцсэн уг журмын зохицуулалтыг хэрэглэхгүйгээр татгалзаж, харин хуулиас давсан, татвар төлөгчийн эрхийг дордуулсан журмын 2.6 дахь заалтыг сонгож хэрэглэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.4-т шийдвэрийн заалт хоорондоо зөрчилдөхгүй байх; гэж заасан шаардлагыг ноцтой зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хууль болон Татварын ерөнхий хуулиар татварыг зөвхөн хуулиар бий болгох үндсэн зохицуулалттай байтал, хариуцагч нар журмын 2.6 заалтыг ашиглан, хуулиар тогтоогоогүй татварын өр үүсгэсэн нь Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаар тогтоолоор тайлбарласан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад ... түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоосон, бүрэн эрхээ хэтрүүлсэн, утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр Нөхөн ногдуулалтын акт"-ын 3 дахь заалт илт хууль гэж үзэхээр байна.
Гурав.Захиргааны актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болох нь Татварын удирдлагын нэгдсэн системийн тодорхойлолтоор нотлогдож байгаа тухайд, хариуцагч нар дээр дурдсанчлан актын тэмдэглэх хэсэгт ... илүү төлөлтийг бууруулж, 15 сая төгрөгөөр баталгаажуулсан гэх боловч бодит нөхцөл байдалд хэрэгжих боломжгүй, бодит бус дүгнэлт болох нь татварын удирдлагын нэгдсэн системээс авсан лавлагаагаар нотлогдож байна. Түүнчлэн Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн №14 тогтоолын үндэслэх хэсэгт ч мөн адил П ХХК нь 770 сая төгрөгийн илүү төлөлттэй байна, татварын удирдлагын нэгдсэн системээр баталгаажсан байна хэмээн нэхэмжлэгчийн илүү төлөлт нь албан ёсоор системд баталгаажсан бодит үйл баримт болохыг хариуцагч байгууллага өөрөө нотолж дүгнэсэн байдаг. Гэтэл татварын удирдлагын нэгдсэн системд нэхэмжлэгч компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт буураагүй буюу 769,9 сая төгрөгийн авлагатай хэвээр байгаа атлаа, маргаан бүхий хууль бус актын улмаас давхар 713,0 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын өр үүсгэсэн байгаа нь Аж ахуйн нэгж байгууллагын тодорхойлолт гэсэн нотлох баримтад тодорхой харагдаж байна. Энэ нь хариуцагч хуульд заасан Баталгаажуулах акт-ыг зохих хэм хэмжээнд нийцүүлэн үйлдээгүйн улмаас татварын системд татварын илүү төлөлтийг бууруулах боломжгүй буюу хууль зөрчиж гаргасан маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-т заасан бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй болохыг илэрхийлж байна.
Дөрөв.Захиргааны акт бүхэлдээ илт хууль бус болох тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т Захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тэр нь тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэж заасан. Татварын хяналт шалгалт хийх үндсэн зорилго нь нэхэмжлэгчийн экспортын үйл ажиллагааны үр дүнд бий болсон, татварын удирдлагын нэгдсэн системд бүртгэгдэж баталгаажсан 770,2 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн агуулга, зорилго, хүрээнд хянан шалгаж шийдвэрлэх явдал байсан. Гэтэл, хариуцагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг хууль ёсны дагуу үйлдээгүй, тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад Нөхөн ногдуулалтын акт үйлдэж 3 дугаар заалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан шийдвэр илт хууль бус болох нь дээр дурдсан үндэслэлүүдээр хангалттай нотлогдоно гэж үзэж байна. Хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзээд энэ зөрчилд суурилж актын 2 дахь заалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон. Тодруулбал, Нөхөн ногдуулалтын акт гаргах гол үндэслэл нь уг актын 3 дугаар заалт болно. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 заалтын дагуу захиргааны акт гаргах болсон гол үндэслэл илт хууль бус болох нь тогтоогдвол Нөхөн ногдуулалтын акт бүхэлдээ илт хууль бус болох үндэслэлтэй гэж үзэхээр байна.
Тав.Нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн тухай (Non bis in idem)-д, маргаан бүхий актын Тэмдэглэх нь хэсэгт 46 ширхэг падаантай холбогдуулан манай компанийн нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт буюу буцаан авах эрхтэй байсан дүнгээс 339,542,727.27 төгрөгийг хасаж (бууруулж) шийдвэрлэсэн атлаа, актын ...зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 3 дахь заалтаар мөн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулсан нь илт хууль бус гэж үзэж байна. Бэлтгэн нийлүүлэгчдээр дамжуулан шууд бусаар улсын төсөвт нэгэнт төлсөн албан татварыг дахин төлүүлэх шийдвэр, үйл ажиллагаа гаргах боломж огт үгүй. Энгийнээр илэрхийлбэл, анхнаас авлагатай байсан хүн авлагагүй болох нь байтугай өртэй болж хувирах боломж огт үгүй. Гэтэл хариуцагч нар нь манай худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг бууруулаад зогсохгүй, тухайн худалдан авалтуудад нэгэнт төлсөн татвар дээр давхардуулан нөхөн татвар ногдуулж нэмэлт үүрэг хүлээлгэсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон эрх зүйн салбарт нийтлэг үйлчилдэг Нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэхгүй байх (Non bis in idem) суурь зарчмыг ноцтой зөрчиж, татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль бусаар халдсан, арифметик тооцоолол болон логикийн хувьд огтоос байх боломжгүй шийдвэр юм.
Нэхэмжлэлийн шаардлагын 1, 2, 3 хэсгийн агуулгаар тодорхойлогдох шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл, Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 37 дугаарт тайлбарт заасанчлан утга агуулгын илэрхий алдаатай, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэгжүүлээгүй атлаа эрх хэмжээгээ хэтрүүлж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, давхар хариуцлага хүлээлгэсэн зэрэг олон алдааг нэгэн зэрэг агуулсан байх тул илт хууль бус гэж үзэхээр байна.
2.Актын зарим хэсгийг хүчингүй болгуулах талаар тайлбарын тухайд:
Зургаа.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнах эрх зүйн болон техникийн бодит боломжоор хангаагүй татварын албаны эс үйлдэхүй, бэлэн бус байдлын үр дагаврыг татвар төлөгчид халдааж, үндэслэлгүйгээр акт ногдуулсан тухайд, Татварын ерөнхий хуулийн дагуу татвар төлөгч нь татвараа үнэн зөв тайлагнах үүрэгтэй хэдий ч, энэхүү үүрэг нь татварын албанаас тайлангийн маягт, цахим системээр тайлагнах бодит боломж-оор хангасан нөхцөлд л хэрэгжих хууль зүйн боломжтой. Гэтэл, татварын алба нь 2019 онд Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хуучин маягтыг Татварын ерөнхий газрын даргын А/184 тушаалаар хүчингүй болгож, татвар төлөгчөөр тайлан гаргуулах биш, харин Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газрын мэдээлэл буюу Төрийн ой санамж-д тулгуурлан, төрийн байгууллага хоорондын мэдээлэл солилцох замаар татварын нэхэмжлэхийг автоматаар үүсгэдэг системд шилжсэн. Ингэснээр татвар төлөгчид сайн дураараа тайлан гаргах хууль зүйн болон цахимжсан автомат технологийн боломж тодорхой хугацаанд хэрэгжээгүй. Бодит байдалд, төрийн байгууллагуудын хоорондын мэдээлэл солилцоо доголдож, тухайн төрлийн татварын ногдуулалт дутуу хийгдэж байсан тул татварын алба үйл ажиллагаагаа сайжруулан 2022 онд тайлангийн шинэ маягтыг Татварын ерөнхий газрын даргын А/190 тушаалаар баталсан. Уг маягт нь татварын удирдлагын нэгдсэн системд нэвтэрч, 2025 оноос бодитоор ажиллаж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд татвар төлөгч тайлагнах цахим системгүй хүлээлтийн байдалд байсан нь бодит үнэн юм. Төрийн байгууллагуудын Татварын алба болон улсын бүртгэлийн газар хоорондын мэдээлэл солилцооны удаашрал, алдаа, цахим системийн хөгжүүлэлтийн хоцрогдол зэргээс үүссэн үр дагавар, хариуцлагыг иргэн, хуулийн этгээдэд халдаах нь хуульд нийцэхгүй. Манай компани хуулиар ногдуулсан албан татвараа төлөхөөс хэзээ ч татгалздаггүй. Гагцхүү 2019 оноос 2024 он хүртэлх хугацаанд төрийн байгууллагын өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас тайлагнах боломжгүй байсанд татвар төлөгчийг буруутгаж, Нөхөн ногдуулалтын акт-аар ногдуулсан 29.8 сая төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх, 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах тусгай зарчмуудыг зөрчсөн гэж үзэж байна гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П ХХК нь бүтээгдэхүүнээ 100 хувь экспортод гаргадаг. Тэр утгаараа худалдан авалтад төлсөн хяналт шалгалтад хамрагдсан хугацаанд 770 сая төгрөгийн илүү төлөлттэй байна, үүнийг шалгаж баталгаажуул гэсэн томилолт, удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн. Энэ хяналт шалгалтын гол асуудал нь Татварын ерөнхий хуульд хяналт шалгалтыг 2 өөр хэлбэрээр явуулна гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр заалт нь ерөнхий хяналт шалгалт гэж явна, 45 дугаар заалт нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт гэж 2 өөр төрлийн хяналт шалгалт хийхээр хуульчилсан. Тэгэхээр томилолтын дагуу хийгдэж байгаа үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтын үр дүнд хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах актыг үйлдэх ёстой. Хуульд татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар хариуцсан нэгж нь энэ хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаас саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг шалгаж баталгаажуулсан акт үлдэнэ гэж заасан. Өөр нөхөн ногдуулалтын акт үйлдэх үндэслэл байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах актыг үйлдэхгүйгээр тэмдэглэх хэсгийн параграф болсон нь илт хууль бус гэж үзэж байгаа юм. Мөн хяналт шалгалтын үйл ажиллагааны журамд нөхөн ногдуулалтын баталгаажуулах акт нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах тооцоо гээд тусдаа байгаа юм. Энэ 2 салшгүй, заавал цуг байж хууль хэрэгжих боломжтой. Тэгэхээр ямар үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох гээд байна вэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт гэдгийг Улсын дээд шүүхийн 37 дугаар тогтоолоор тайлбарласан байгаа. Тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамруулж үзнэ гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйл дээр баталгаажуулах хяналт шалгалт хийнэ гээд хуульчилчихсан. Баталгаажуулах хяналт шалгалтын үр дүнд зөвхөн баталгаажуулах актыг үйлдэх учраас актын тэмдэглэх хэсэгт тусдаа байх ёстой актыг орлуулчихсан байгаа нь илт хууль бус байна. 2 дахь заалт нь нөхөн ногдуулалтын актын 3 дугаар заалт нь хий бичилттэй падаан, хуурамч падаан ашигласан учраас нөхөн ногдуулалт, нөхөн татвар, торгууль алданги ногдуулсан нь хууль бус гэж байгаа юм. Илүү төлөлтийг л бууруулах зорилготой хяналт шалгалт хийж байгаа болохоос биш байхгүй хуулиар нөхөн татвар ногдуулах үндэслэлгүй байхад 300 сая төгрөгийн акт тавьж байгаа нь илт хууль бус гэж үзэж байна. Яагаад гэвэл хуульд тодорхой заачихсан баталгаажуулах акт үлдэнэ гээд байхад нөхөн ногдуулалтын акт үлдэж байгаа. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд тэг хувь хэрэглэгдэх нэг онцгой заалт байдаг. Энэ нь экспортыг дэмжиж байгаа төрийн бодлого явж байгаа. Өөрөөр хэлбэл борлуулалтынхаа орлогод тэг хувиар ногдуулж байгаа тохиолдолд улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэггүй. Борлуулалтын орлогод ногдуулдаг татварыг яаж төлдөг вэ гэхлээр худалдан авалтдаа төлдөг, борлуулалтын орлогод ногдуулснаасаа худалдан авалтад төлснийгөө хасаад зөрүүг нь улсын төсөвт төлөх зарчмаар явдаг. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 0 хувь хэрэглэж байгаа тохиолдолд улсын төсөвт төлөх үүрэг байхгүй. Тэгэхээр нөхөн ногдуулалтын акт үйлдэх замаар нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байгаа нь илт хууль бус байна. 3 дугаар заалт нь хяналт шалгалтын зорилго тодорхой, илүү төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт ирсэн. Гэтэл 3 дугаар заалтаараа төлөх ёсгүй татварыг бий болгосон байгаа. Өөрөөр хэлбэл нэмэгдсэн өртгийн албан татвар тогтоолд ногдуулаад, хууль бус байгаа учраас аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нөхөн татвар, торгууль, алданги ногдуулж байгаа нь өөрөө хууль бус байна. Захиргааны ерөнхий хуулийн 47.3-д заасан захиргааны актын аль нэг хэсэг илт хууль бус бөгөөд тухайн захиргааны актыг гаргах гол үндэслэл болж байгаа бол захиргааны акт бүхэлдээ илт хууль бус байна гэдэг заалтын дагуу актын 2 дахь заалт илт хууль бус байна гэж үзэж байгаа юм. 4 дэх шаардлага үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулж тайлагнаагүй, төлөөгүй байна гээд нөхөн татвар, торгууль, алданги ногдуулчихсан. Үл хөдлөх хөрөнгийн албан татварыг төлөх нь ойлгомжтой, төлөх ёстой. Гэхдээ нөхөн ногдуулалтын актаар биш шууд татвараас нэхэмжлэл үүсгээд л, төлөх үүрэгтэй байгаа юм. Улсын бүртгэлийн ерөнхий газар, татварын ерөнхий газрын даргын хамтарсан гэрээ байгаа. Улсын бүртгэлийн газраас мэдээлэл татварын албанд очлоо, шууд ногдол үүсгэх зохицуулалттай байгаа. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс татварын багц хууль үйлчилж эхэлсэнтэй холбоотойгоор 2019 онд Татварын ерөнхий газрын дарга үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын маягтыг хүчингүй болгочихсон хавтаст хэрэгт авагдсан байгаа. Татварын ерөнхий газрын дарга 2024 оны 12 дугаар сард тайлангийн маягтыг шинээр баталсан байгаа. Татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тайлагнах боломжгүй байсан юм. Татварын ерөнхий газраас П ХХК тайлагнах боломжгүй байсан талаар бичиг ирүүлсэн. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тайлангаа цаасаар аваачиж өгч болдог байсан. Татварын албаны дансаар төлж болдог байсан ч 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш татвар төлөгч татвараа төлье гэсэн ч төлөх ямар ч боломж байхгүй. Зөвхөн татварын албанаас нэхэмжлэл ирсэн тохиолдолд нэхэмжлэлийн дагуу л төлдөг. Үр дагавар нь хэрэг маргаан шийдэгдсэний дараа татварын алба өмнөх төлөгдөөгүй байгаа нэхэмжлэлээ явуулаад ямар ч маргаангүйгээр бид нар төлөөд л явах агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдөөд байна гэхээр Үндсэн хуульд хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй гэж байгаа. Эсрэгээрээ хуулиар ногдуулаагүй бол албан татвар төлөх үүрэггүй. Тэгэхээр тэг хувь хэрэглэдэг улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэггүй этгээдийг нөхөн ногдуулалтын акт үйлдэх замаар хуулиар ногдуулаагүй албан татварыг нөхөн ногдуулж байгаа нь хууль бус байна. Нэхэмжлэгч талаас Татварын албанаас тодорхойлолт аваад хавтаст хэрэгт өгчихсөн байгаа. Нэхэмжлэгч компани 770 сая төгрөгийн илүү төлөлттэй гээд систем дээр бүртгэчихсэн байгаа. Нөгөөтэйгүүр 2 удаагийн бичсэн актын өр гээд биччихсэн бодит байдал дээр устгах боломжгүй. Өөрөөр хэлбэл илүү төлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулах акт үйлдээд, актынхаа дагуу 770 сая төгрөгийн авлага 755 сая төгрөгөөрөө буураад 15 сая төгрөгөөрөө илүү баталгаажаад байж байх ёстой. Тэгтэл татварын бүртгэлийн нэгдсэн систем дээр нэг талдаа илүү төлөлттэй, нөгөө талдаа өр гээд байж байдаг. Энэ нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, буруу хэрэглэснээс болоод ийм үр дагавар үүсчхээд байгаа юм. 37 дугаар тогтоол дээр тайлбарласнаар бодит байдал дээр хэрэгжих боломжгүй байгаад байгаа юм. Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй захиргааны байгууллагын албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно. Ийм акт илт хууль бус байна. Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсвэл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт хамааруулж үзсэнийг хэлнэ гэж тайлбарласан байгаа. Өөрөөр хэлбэл Татварын ерөнхий хуульд 45 дугаар зүйлд баталгаажуулахаар үлдэнэ гэж заасан. Өөр ямар нэгэн сонгох боломжийг татварын албанд олгоогүй гэв.
3.3.Хариуцагч Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Б, З.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т нараас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээтэй, П ХХК нь хуш модны самрын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Ойн газраас олгосон 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн гэрчилгээгээр ойн дагалт баялгийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй. П ХХК нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Д. Н, Ш.Х нар П ХХК-ийн 2020-2022 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА-******* дүгээр нөхөн ногдуулалтын актаар 8,300,054,545.44 төгрөгийн зөрчил илрүүлж нийт 1,429,854,606.73 төгрөгийн төлбөр тогтоосон. Дээрх зөрчлийн эс зөвшөөрч П ХХК-ийн гаргасан гомдлыг Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дүгээр тогтоол, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн дугаар магадлалаар Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н, Ш.Х нарын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрийг хэвээр үлдээж шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Нэг. Нөхөн ногдуулалтын актын тухайд, Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч 3.Т, Б.Б бид тоот регистрийн дугаартай П ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* тоот томилолтоор эрсдэлд суурилсан - бүрэн шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 12 дугаар сарын 30 өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар
1.1.2020 онд 1,000,000,000.00 төгрөгийн, 2021 онд 1,000,000,000.00 төгрөгийн, 2022 онд 1,000,000,000.00, 2023 онд 1,000,000,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, *******ын 5Б хэсэг ******* тоот хаягт ******* дугаар бүхий хүнсний үйлдвэрийн барилгыг өмчилдөг болох нь холбогдох эрх бүхий байгууллагын бүртгэлд бүртгэгдсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын Иргэний хуулийн 84.3-т заасны дагуу тодорхойлогдсон бүх төрлийн үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна, 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна, 4.1.1-д өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар, 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6 дугаар зүйлийн 6.1.-д Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулна гэсэн заалтыг,
мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно, 8.2-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч хуулийн этгээд нь үл хөдлөх эд хөрөнгийн жилийн албан татварыг улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр тооцож төлнө гэсэн заалтыг зөрчсөн зөрчилд 18,000,000.00 төгрөгийн нөхөн татвар, 7,200,000.00 төгрөгийн торгууль, 4,627,140.00 төгрөгийн алданги, нийт 29,827,140.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.
1.2.П ХХК нь хяналт шалгалтад хамаарах хугацаанд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 2020 онд 179,971,988.77 төгрөгийн татвар ногдох орлоготой, 435,118,050.59 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 255,146,061.82 төгрөгийн алдагдалтай, 2021 онд 15,224,607,504.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 14,396,287,415.03 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 828,320,088.97 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 82,832,008.90 төгрөгийн татвар төлөхөөр, 2022 онд 9,352,742,006.88 төгрөгийн татвар ногдох орлоготой, 9,150,728,271.19 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 202,013,735.69 төгрөгийн татвар ногдуулах орлоготой, 20,201,373.57 төгрөгийн татвар төлөхөөр, 2023 онд 6,707,763,371.96 төгрөгийн татвар ногдох орлоготой, 7,073,069,439.47 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардалтай, 365,306,067.51 төгрөгийн алдагдалтайгаар тус тус тайлагнаж, төсөвт нийт 103,033,382.47 төгрөгийн татвар төлсөн, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 2020 онд 77,272,727.27 төгрөгийн татвар ногдох орлоготой, 4,569,642,784.44 төгрөгийн хасагдах худалдан авалттай, 4,237,005.72 төгрөгийн буцаан авалттай, 2021 онд 15,224,607,504.00 төгрөгийн татвар ногдох орлоготой, 139,415,641.63 төгрөгийн хасагдах худалдан авалттай, 13,941,564.16 төгрөгийн буцаан авалттай, 2022 онд 9,352,737,897.79 төгрөгийн татвар ногдох орлоготой, 3,051,465,877.55 төгрөгийн хасагдах худалдан авалттай, 303,792,042.30 буцаан авалттай, 2023 онд 6,706,924,837.08 төгрөгийн татвар ногдох орлоготой, 32,115,781.03 төгрөгийн хасагдах худалдан авалттай, 3,211,578.10 төгрөгийн буцаан авалттайгаар тус тус тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. /tais.mta.mn/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.- д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх; 13.1.2-д албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3-д зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-д доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:, 16 дугаар зүйлийн 16.1.-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй:, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэсэн заалтыг, 2021 онд 2,423,622,524.27 төгрөгийн, 2022 онд 2,096,287,251.40 төгрөгийн, 2023 онд 3,522,795,281.18, нийт 8,042,705,056.85 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тооцож татвар ногдуулах орлого бууруулсан зөрчлийг тооцохдоо цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал /ажил олгогчоос/, зээлийн хүүгийн зардал, хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэл, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, газрын төлбөр, импортоор мэдүүлсэн бараа материал буюу сэлбэг хэрэгслийн зардал, төлбөр хураамжийн зардал /үйл ажиллагаатай холбоотой/, гаалийн татвар, оффис и-баримтаар нотлогдох удирдлагын зардал, зээл олголтын шимтгэл /дансны хуулганаас шүүсэн/, өртгийг холбогдох хууль тогтоомж, журмын хүрээнд тооцон хассан болно. Хяналт шалгалтыг хэрэгжүүлэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2023 оны А/34 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын холбогдох заалтыг баримтлан ажилласныг дурдах нь зүйтэй.
1.3.2020 оны 12 сард Б ХХК-аас 4102764502, 4102764503, 4102764504, 4102764505, 4102764506, 4102764507, 4102764532, 4102764533, 4102764534, 4102764535, 4102764536, 4102764537, 4102764538, 4102764539, 4102764540, 4102764541, 4102764542, 4102764543, 4102764544, 4102764508, 4102764509, 4102764510, 4102764511, 4102764512, 4102764513, 4102764514, 4102764515, 4102764516, 4102764517, 4102764518, 4102764519, 4102764520, 4102764521, 4102764522, 4102764523, 4102764524, 4102764528, 4102764529, 4102764530, 4102764531, 4102770552, 4102770569, 4102770570 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 1,469,172,727.29 төгрөгийн, 2022 онд ХХК-аас 4148377151, 4148984846 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,125,963,636.36 төгрөгийн, ******* ХХК-иас 4148984847 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 800,290,909.09 төгрөгийн нийт 1,926,254,545,45 төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган хасалт хийж тайланд тайлагнасан нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан байна. /tais.mta.mn/ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд Албан татварт хасалт хийх..., 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй... гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн нь төлбөрийн нэхэмжлэл, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох мөнгөн хөрөнгийн тайлан болон бусад санхүүгийн баримтаар нотлогдсон тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасаж тооцохоор байна.
Иймд, дээрх зөрчлүүдэд 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн НА- дүгээр нөхөн ногдуулалтын актаар 14,438,132,329.59 төгрөгийн зөрчилд 1,125,282,626.22 төгрөгийн нөхөн татвар, 314,295,959.58 төгрөгийн торгууль, 175,801,824.17 төгрөгийн алданги, нийт 1,615,380,409.97 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчийн бүртгэлтэй хаягаар 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шуудангаар хүргүүлсэн.
Хоёр.Захиргааны акт илт хууль бус талаар, П ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалт хийх ******* дугаартай томилолт 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр татварын улсын байцаагч Б.Б, 3. Т нарт олгогдсон. Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана; 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ., 41.3-т Татвар төлөгчийн эрсдэлд үндэслэн хялбаршуулсан хяналт шалгалт хийж болно, Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 2.1-д Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, 2.1.1-д татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан; мөн журмын 11.2.8-д Хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн нь тухайн хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хийхгүй байх үндэслэл болохгүй... гэж тус тус зохицуулсан. Дээрх зохицуулалтыг үндэслэн татварын алба татварын хяналт шалгалтыг бүрэн эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр хэрэгжүүлэхээр хуульчилсан байх бөгөөд татварын улсын байцаагчид 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар хэсэгчилсэн, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар бүрэн хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн. Хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх буцаан авах 770,182,190.28 төгрөгийн татварын үлдэгдлийг 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаарх 4,150,027,272.72 төгрөгийн зөрчилд ногдох 415,002,727.27 төгрөгийн нөхөн татвар, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаарх 3,395,427,272.74 төгрөгийн зөрчилд ногдох 339,542,727.27 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулсан. Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 2.5-д Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтад хамрагдсан хугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар баталгаажуулна, мөн журмын 2.6-д Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол Нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ; гэж тус тус заасан. Үүнээс үзэхэд эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтыг хэрэгжүүлэн хяналт шалгалтад хамрагдсан хугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар үйлдсэн нь журамд нийцэж байна. Тодруулбал, татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хууль болон Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Журам, маягт батлах тухай А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-д заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл Захиргааны акт илт хууль бус болох, 47.1-д Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, 47.1.1-д утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.2.-т бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй, 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5-т хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6-т захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж заасан байна. Түүнчлэн, захиргааны үйл ажиллагаа, захиргааны акт нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байх зарчимтай бөгөөд илт хууль бус захиргааны акт нь төрийн үндсэн үйл ажиллагааны зарчимд илэрхий харш, ноцтой хор уршиг бүхий алдаатай акт болохыг, уг хууль бус захиргааны актаар бий болгосон үүргийг хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэггүй болохыг хууль тогтоогчоос хуульчилсан байна. Дээрх тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тооцож, татвар ногдуулах орлого бууруулсан, худалдан авалт, борлуулалт нь бодитой хийгдсэн бараанд тухай бүрд төлбөрийн баримт, падааныг үйлдэхээр, ийм баримтад тулгуурлан хасалт хийхээр заасан байх бөгөөд ажил, үйлчилгээ, худалдан авалт бодитой хийгээгүй байхад үйлдсэн анхан шатны баримтуудыг үндэслэн татварын хасалт хийсэн нь зөрчилд татвар ногдуулсан нь илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагч Нийслэлийн татварын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтаар тухайн татвар төлөгч ямар төрлийн татвараар татварын албанд бүртгүүлсэн байна, бүх татварын төрлөөр нь татварын хяналт шалгалтыг хийдэг. Тухайн компани нь бид нар нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулъя гэж хүсэлт өгөөгүй байтал татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварыг баталгаажуулж манай илүү төлөлтийг бууруулсан байна энэ нь илт хууль бус байна гэж үзэж байна. Хариуцагчийн зүгээс татварын хяналт шалгалтын томилолт ормогц татварын хяналт шалгалтын ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх журмыг удирдлага болгон татварын хяналт шалгалт хийсэн. Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажилтын акт гэдэг нь тухайн татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн татвар төлөгч татварын албанд нэмэгдсэн өртгийн албан татварынхаа илүү төлөлтийг баталгаажуулахын тулд тухайн харьяа татварын албандаа хүсэлт гаргадаг байх, хүсэлтийг тухайн татварын алба хянаж үзээд өнөөдрийн баталгаажилт хийх шаардлагатай гэж үзэх юм бол Татварын ерөнхий газрын том татвар төлөгчтэй харилцах газрын нийтийн хэлтэст хүсэлтийг хавсаргаад албан тоот хүргүүлдэг. Хариуцагч нарын зүгээс татварын иж бүрэн хяналт шалгалт хийж байгаа. Татварын хяналт шалгалтын журамд заасны дагуу ямар төрлийн татвараар төлсөн байна, бүх татварыг хянаж үзээд актаа гаргасан байгаа. П ХХК 2020 онд нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлсэн байгаа. Хариуцагчийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэж ойлгоод байгаа. Нэхэмжлэгч компанийн үйл ажиллагаа явуулж байгаа борлуулалт нь 0 хувьтай боловч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн төлөгч мөн. 2 дугаарт манай нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажилт хийлгэе гэж хүсэлтээ гаргаагүй байхад татварын улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажилтыг хийсэн гэж байна. Гэтэл хариуцагчийн зүгээс хяналт шалгалтынхаа журмын 2 дугаар хэсгийн 2.4-д Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт төлөлтийн байдал, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт төлөлтийн байдалд хийнэ. 2.5-т нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалт хамрагдсан хугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг нэмэгдсэн өртгийн албан татварын ноогдуулах төлөлтийн баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар баталгаажуулна гээд журмын 2.4, 2.5-д заагаад өгчихсөн. Журмын дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажилтыг хийсэн. Энэ баталгаажилт дээр тухайн компани 0 хувьтай борлуулалттай болгож худалдан авалтууд хийсэн. Тухайн худалдан авалтууд нь захиралтай ярьсан ярилцлага, хуулийн төлөөлөгчтэй хийсэн ярилцлагаар нотлогдож байгаа. Манайх самраа дотоодоосоо худалдаж аваад экспортод гаргадаг. Дотоодоосоо худалдаж авахдаа самар түүж авсан иргэн хүнээс худалдаж авсан, худалдан авалтын падаан бичигдсэн дундаж нь энэ 3 компаниас манайх аваагүй гэдэг нь ярилцлагаар нотлогдож байгаа. Түүнээс гадна тухайн компанийн худалдан авалт нь санхүүгийн үндсэн баримт дээр нотлогдоогүй худалдан авалт байсан учраас бид нар хяналт шалгалт хийж ХШ-12 маягтыг баталгаажуулах явцдаа П ХХК-иас худалдан авалт хийгээгүй, мөнгө төгрөг нь шилжээгүй, ямар нэгэн гэрээ контракт байхгүй, хий бичилттэй падаан байсан учраас тухайн илүү төлөлт энэ компанийнх биш учраас бид нар нөхөн ногдуулалтынхаа актаар нөхөн татварыг нь ногдуулж өгсөн. Тухайн татвар төлөгчийн үүрэг нь хяналт шалгалтаар ногдуулаад танай худалдан авалт биш байна, бодит илүү төлөлт биш байна гээд гарсан учраас суутган тооцоолох хүсэлтээ манай татварын албанд өгөөд суутган тооцоолол хийгээд илүү төлөлтийг бууруулах үүрэгтэй. Энэ үүрэг нь татвар төлөгчид байгаа. Шалгасан 2 байцаагч нэмэгдсэн өртгийн албан татварын бодит худалдан авалт биш учраас нөхөн ногдуулалтаараа нөхөн татварыг оруулж байж илүү төлөлтийг бууруулдаг журамтай. Журмынхаа дагуу ногдуулсан байгаа. Дараагийн нэг асуудал нь татварын алба нэхэмжлэл үүсгэнгүүт л бид нар төлөх ёстой гэж татвар төлөгч ойлгоод байх шиг байна. Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх үүрэг, татварын тайлангийн журам, татварын албанаас татварын хуулийг дагаж мөрддөг журмууд байгаа. Тухайн журмуудад тодорхой заагаад өгчихсөн байгаа. Татвар төлөгч татварын албанд үл хөдлөх хөрөнгөтэй, үл хөдлөх хөрөнгийнхөө татварыг төлье, үл хөдлөх хөрөнгийн татвар төлөгчөөр бүртгүүлье гэдгээ и-такс системээрээ цахимаар манайд илгээх ёстой. Илгээснийг үндэслээд татварын алба ногдлыг үүсгээд татвар төлөгч татвараа төлөх үүрэгтэй. Гэтэл тухайн байгууллага үүргээ биелүүлээгүй, өөрийнхөө үл хөдлөх хөрөнгийнхөө татвар төлөгчид бүртгүүлье гэдэг хүсэлт явуулахгүй учир манайх мэдээлэл солилцох журмаараа Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан мэдээллийн дараа тухайн аж ахуйн нэгжийг ийм үл хөдлөх хөрөнгөтэй юм байна, ийм үнэлгээтэй гээд эрсдэлд суурилж хийж байгаа. Эрсдэлд суурилаад энэ байгууллага үл хөдлөх хөрөнгөтэй хэр нь үл хөдлөх хөрөнгийнхөө татвар төлөгчөөр бүртгүүлье гэсэн хүсэлтээ явуулахгүй, татвараа төлөхгүй байгаа учраас эрсдэлтэй аж ахуйн нэгж байна гээд эрсдэлд тооцоод татварын хяналт шалгалт оруулж байгаа. Татварын хяналт шалгалтаар тухайн мэдээллийг үнэн бодитой эсэхийг хянаж, шалгаад үндэслэлтэй байна гэж үзээд тухайн аж ахуйн нэгж дээр үл хөдлөх хөрөнгийн албан татварыг ногдуулсан. гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий хуульд зааснаар татварын алба татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлт, тайлагналт, татвар төлөгч хуулиар тогтоосон татвараа үнэн зөв төлж барагдуулах үүргийг өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл, урьдчилж тайлагнаад орлого, зардлаа, бусад төрлийн нотлох баримтууд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлээд татвар төлөгч тайлангаа гаргана. Татварын алба нь татвар төлөгчийн тайлагнасан татварт Татварын хуулийн 15 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанд татварын ногдуулалт төлөлт, тайлагналтад П ХХК-д хяналт шалгалтыг хийжээ. Хяналт шалгалтыг хийхдээ татвар төлөгчийн татвар төлөх, тайлагнадаг бүх л төрлөөр иж бүрэн хяналт шалгалтыг хийсэн. Үндсэн хуульд татвар төлөгч зөвхөн хуулиар тогтоосон татварыг л төлнө, тэгэхээр хуульд заавал төлнө гээд заачихсан байна. Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа этгээд үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгч байна. Өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, тэдгээрийн төлөөлөгчийн газар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үл хөдлөх хөрөнгийг нь өмчилж л байвал татвар төлөгч байна. Мэдээлэл солилцох асуудлууд яригдах гэж байна. Татварын ерөнхий газар тайлангийн загвар байгаагүй. Татварын ерөнхий газар 2 удаагийн албан бичгээр шүүхэд хариу тайлбар хүргүүлсэн байна. Эхнийх нь 2020-2024 онд үл хөдлөхийн албан татвар төлөөгүй, дараагийнх нь тайлагнах боломжгүй. Хэрвээ улсын бүртгэлийн албан дээр үл хөдлөхийн өөр гэрчилгээ авсантай татвар төлөгч маргадаггүй. Тэгэхээр тухайн үл хөдлөх эд хөрөнгө хаана байгаа вэ гэхээр 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрчилгээ олгогдоод П ХХК-ийн үл хөдлөх хөрөнгийн албан татвар мөн. Үүний дагуу татвараа төлөх үүрэг нь хуулиараа татвар төлөгчид байжээ. Хэрвээ татвар төлөгч хүсэлтээ илгээгээд татвараа төлөөгүй байвал татварын алба эрсдэл тооцоод шударга байх, Татварын ерөнхий хуульд заасан хуульд нийцсэн байх үндсэн зарчмаа хэрэгжүүлээд нөхөн ногдуулдаг. 2 дугаарт татвар төлөгчийн урагшаа 4 жил дотор татварын тайланг засах Татварын ерөнхий хуулийн 30, 31 дүгээр зүйлд зааснаар үүрэг нь байгаа. Таны тайлан эргэлзээтэй, буруу байвал татвар төлөгч дараагийн жилд нь багтаагаад засах эрх нь байгаа. Тэгэхээр дараагийн жилдээ засаагүй учраас татварын алба хяналт шалгалтаараа нөхөн ногдуулж байна. Тэгэхээр үл хөдлөхийн албан татварыг улсын бүртгэлийн албаны мэдээлэл солилцож байгаа ч юм уу, эс үгүй бол хоорондоо ярьж байгаа зүйлээс илүүтэйгээр хууль нь хэрэгжсэн учраас хуулиараа татвар төлөгч татвараа төлөх үүрэгтэй байсан. Ийм учраас нөхөн ногдуулалтын актаар үл хөдлөхийн албан татвар дээр нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан. Алданги нь эдийн засгийн үнэ цэнтэй төлөх байсан хугацаандаа төлөөгүй учраас яригдаж байгаа. Торгууль хуулиа биелүүлээгүй, төлөөгүй учраас үүнийг ноогдуулахаар хуульчилжээ. П ХХК-ийн 1, 2 дахь зөрчил үл хөдлөхийн албан татвараас бусад нөгөө 2 зөрчил нь нэг л зөрчил. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн нэг зохицуулалт байна. Өөрөөр нэмэгдсэн өртгийн албан татвар нь суутгагчийн үүрэг гүйцэтгэдэг тайлан. Эцсийн хэрэглэгч тэр татварыг төлдөг, дунд нь бизнес болон бусад бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа газрууд суутгаж аваад бие биеэсээ шилжүүлээд хаагддаг төрлийн тайлан. Тэгэхлээр татвар төлөгч 770 сая төгрөгийн илүү төлөлттэй байна гэж байна. Татварын алба шалгалт хийхдээ нэмэгдсэн өртгийн албан татварт 2020-2023 онуудад ямар, ямар төрлөөр бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан, худалдан авалт нь хэд юм, төлөлт нь хэд юм гэдгийг шалгаж үзээд шалгах явцдаа худалдан авалтаасаа төлөлтөө хасах явцад хасах дүнтэй бараа бүтээгдэхүүн худалдаж авсан гээд байгаа зүйл нь өөрөөр хэлэх юм бол бизнесийн үйл ажиллагаа биш, татвараа бууруулах зориулалтаар өөр газраас бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй газраас авчихсан. Үндсэндээ нөхөн бичилт гэж хэлээд байгаа бизнесийн тодорхой үйл ажиллагаа явуулаагүй газраас авчихсан учраас энэ дүнгээ хасаж, нөхөн ногдуулах гээд байна. Тайлагнасан аж ахуйн нэгжүүд төлөх байсан татварыг төлөх татвараа бууруулчхаж байна, татварт нөлөөлчхөж байна. Илүү төлөлт 770 сая төгрөг дотор яваад байгаа учраас таны илүү төлөлт бодитой биш байна, зөрчил болоод байсан хий бичилтийг хасаад үлдсэн хэсэгт суутган тооцоолол хийж байгаа хэлбэр гэсэн үг. Нэмэгдсэн өртгийн албан татвар 2020 оны хуулиас хойш нэг зохицуулалт орсон нь падаанаа биччихлээ худалдан авагч тал нь нөгөө талдаа шууд и-баримтаар программ дээр орж ирснийг татвар төлөгч аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээрээ баримтаар нотлогдох зардал гэдгээр шууд хасчхаад байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-13.1.4-т заасан хэсгүүдэд хасагдах зардал 4 шаардлага тавьж байгаа. Тэрний нэг нь и-баримтаараа татаж байгаа учраас байцаагч нар шалгаад жишээлбэл 13 саяын баримттай байсан байгаад 13 сая төгрөгөө аж ахуйн нэгж дээрээ хасчихсан байвал буруу бичилт, хий бичилтийг бууруулж өгч байгаа учраас хасагдах ёсгүй зардлыг татвар төлөгч аж ахуйн нэгж дээрээ хассанаар ахиад төлөх татвараа бууруулж байна гээд аж ахуйн нэгж дээр нь тавьж байгаа. Ийм учраас хуульд нийцсэн ямар нэгэн хууль зөрчөөгүй. Татварын албанд татварын төлөлт хийнэ, татвар төлөгчийг урагш нь 4 жилээрээ хөөн хэлэлцэх хугацаандаа багтааж шалгана гэдгийг хуулиар нь тусгай заачихсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийн баталгаажилтын тухайд Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр бүлэгт 41 дүгээр зүйлээс 45 дугаар зүйлд татварын хяналт шалгалтын тухай заасан байгаа. Тус хуулийн 45 дугаар зүйлийг тусгайлаад нэмэгдсэн өртгийн албан татварын баталгаажилт илүү төлөлт гээд заачихсан юм бэ гэхлээр татвар төлөгч хэн ч бай бүх л компаниуд илүү төлөлт нь хууль ёсны байгаад үнэхээр суутган тооцоод хийгээд, дамжуулагчийн үүргээ гүйцэтгээд эцсийн хэрэглэгчдээ төлбөрөө төлчихсөн байгаа нь баталгаатай бол илүү төлөлтөө багтааж авах зохицуулалт нь байгаа учраас тусгайлан оруулж өгч байгаа юм. Хяналт шалгалтын үйл ажиллагаагаар зөрчлийг нь илрүүлээд тавьсан зөрчлөөс гадна татвар төлөгч илүү төлөлтөө баталгаажуулаад данс руугаа аваад суутган тооцоолол хийгээд төлчихье гэдэг байдлаар татвар төлөгч хүсэлтээ гаргаж болно гэдгийг тусгайлаад эрхийг нь олгоод зохицуулчихсан байна. Татварын алба П ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хяналт шалгалт хийсэн. Иж бүрэн хяналт шалгалт нь 2026 онд хяналт шалгалт орлоо гэхэд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааных үзэхгүй гэсэн үг. Тийм учраас илүү төлөлт, тайлагнал бүгдийг нь үлдэгдлийг нь заавал баталгаажуулна. Баталгаажуулж байгаа хэлбэр нь Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтийг ХШ-12 баталгаажууллаа гээд хуульчилсан учраас баталгаажуулсан нь татвар төлөгчийн маргаад байгаа нэг зүйл нь юм. Уг нь хуулиараа олгочихсон. Хэрвээ татвар төлөгч 770 сая төгрөгөөс бууруулаад 600 сая төгрөг болгосон үүнийгээ авъя гэвэл хүсэлтээ өгөөд Том татвар төлөгчийн газар дахиад шалгана. Зөвхөн 600 сая төгрөг чинь үнэн байна уу гэдгийг нь ахиж шалгаад баталгаажуулаад Сангийн яаманд хүргүүлээд, Сангийн яамнаас төсөвт нь буцаагаад данс руу олгож болно. Үгүй бол бусад төлөх татвар луу нь суутгаж болдог. Тэгэхээр ийм зохицуулалт байгаа учраас татварын алба татвар төлөгчийн нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй, хуульд нийцсэн байна гэж тайлбарлаж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
2.1.Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/1095 тоот албан бичгээр ...2021 оноос өмнө үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан боловч татварын албанд бүртгүүлээгүй татвар төлөгчдөд Татварын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу эрсдэлийг тооцож, хяналт шалгалтад хамруулж өгнө үү гэх хүсэлтийг Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүргүүлсний дотор П ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний ******* дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, ******* ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлалтай 1,000,000,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний үйлдвэрийн барилгын мэдээлэл багтсан байна.
2.2.Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ******* дугаартай томилолт үүсгэж, П ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс эхлүүлэн, томилолтын хугацааг 3 удаа сунгаж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хийжээ.
2.3.Уг хяналт шалгалтын дүнд Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч З.Т, Б.Б нар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай нөхөн ногдуулалтын акт үйлдэж, актын Тэмдэглэх нь хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх буцаан авах 770,182,190.28 төгрөгийн татварын үлдэгдлийг 2024 оны 05 сарын 06-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаарх 4,150,027,272.72 төгрөгийн зөрчилд ногдох 415,002,727.27 төгрөгийн нөхөн татвар, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаарх 3,395,427,272.74 төгрөгийн зөрчилд ногдох 339,542,727.27 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулж,
П ХХК-ийг (1) 2021 онд 1,000,000,000.00 төгрөгийн, 2022 онд 1,000,000,000.00 төгрөгийн, 2023 онд 1,000,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланд тусгаагүй татвар ногдох орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөлгүй,
(2) 2021 онд 2,423,622,524.27 төгрөгийн, 2022 онд 2,096,287,251.40 төгрөгийн, 2023 онд 3,522,795,281.18 төгрөгийн, нийт 8,042,705,056.85 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тооцож татвар ногдуулах орлого бууруулсан,
(3) 2020 оны 12 сард Б ХХК-иас 4102764502, 4102764503, 4102764504, 4102764505, 4102764506, 4102764507, 4102764532, 4102764533, 4102764534, 4102764535, 4102764536, 4102764537, 4102764538, 4102764539, 4102764540, 4102764541, 4102764542, 4102764543, 4102764544, 4102764508, 4102764509, 4102764510, 4102764511, 4102764512, 4102764513, 4102764514, 4102764515, 4102764516, 4102764517, 4102764518, 4102764519, 4102764520, 4102764521, 4102764522, 4102764523, 4102764524, 4102764528, 4102764529, 4102764530, 4102764531, 4102770552, 4102770569, 4102770570 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар нийт 1,469,172,727.29 төгрөгийн,
2022 онд ХХК-иас 4148377151, 4148984846 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар 1,125,963,636.36 төгрөгийн, ******* ХХК-иас 4148984847 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаанаар 800,290,909.09 төгрөгийн нийт 1,926,254,545.45 төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж дүгнэж,
нийт 14,438,132,329.59 төгрөгийн зөрчилд 1,125,282,626.22 төгрөгийн нөхөн татвар, 314,295,959.58 төгрөгийн торгууль, 175,801,824.17 төгрөгийн алданги, нийт 1,615,380,409.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байна.
3.Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг үйлдэх тодорхой харилцааг зохицуулсан хуулийг хэрэгжүүлэлгүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх нь: хэсгээр орлуулж буй шийдвэр үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
3.1.Нэхэмжлэгчээс уг шаардлагын үндэслэлээ хууль журамд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэхийг заасан байхад уг актыг үйлдэлгүй, нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх нь хэсгээр орлуулсан нь тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж тайлбарлан маргадаг.
3.2.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж илт хууль бус захиргааны актын нэг үндэслэлийг заасан, хуулийн энэхүү заалтад захиргааны байгууллага, албан тушаалтнаас захиргааны акт гаргах хуулийн ямар нэг үндэслэл байхгүй, хуульд заагаагүй үндэслэлээр захиргааны гаргаж, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан, хэн ч харсан илэрхий тодорхой алдаатай байх тохиолдлыг ойлгоно.
3.3.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана, 41.2-т Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ, 41.4-т Татварын алба эрсдэлд, эсхүл татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана гэж тус тус заасан, хуулийн энэхүү зохицуулалтад татварын байгууллага эрдэлд суурилсан болон татвар төлөгчийн хүсэлтэд үндэслэн татварын хяналт шалгалт явуулах үндэслэлийг хуульчилсан байна.
3.4.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга баталж, мөрдүүлнэ гэж заасан бүрэн эрхийн хүрээнд Татварын ерөнхий газрын даргын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн
А/34 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмыг баталжээ.
3.5.Тус журмын 2.1-д Татварын алба Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасны дагуу дараах үндэслэлээр татвар төлөгчийн хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг хянан шалгана, 2.1.1-д татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан, 2.1.2-т татвар төлөгчийн хүсэлтээр, 2.2-т Татварын албаны эрсдэлийн удирдлагын үйл ажиллагаа, хорооны ажиллах журам-д заасны дагуу эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.1-д заасан хяналт шалгалтыг хийнэ, 2.3-т Татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, алдагдал, илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотойгоор татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрсдэлийн удирдлагын нэгжийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн энэ журмын 2.1.2-т заасан хяналт шалгалтыг хийнэ, 2.4-т Татварын ерөнхий хуулийн 41.2-т заасны дагуу бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийнэ, 2.5-д Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтад хамрагдсан хугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар баталгаажуулна, 2.6-д Албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтэд үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол Нөхөн ногдуулалтын акт үйлдэнэ гэж тус тус заасан байна.
3.6.Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/127 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн 2.2.11-д Хяналт шалгалтад хамрагдсан татварын төрөл тус бүрийн ногдуулалт, төсөвт төлсөн, суутган тооцсон татварын дүнг үндсэн баримтаар нь хянан шалгаж, илүү, дутуу төлөлтийн тооцоог тулган баталгаажуулна, 2.2.20-д Эрсдэлд суурилсан бүрэн хяналт шалгалтаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийг шалгаж байгаа тохиолдолд нэмгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалган баталгаажуулж, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо маягт ХШ-12-ыг үйлдэн, нөхөн ногдуулалтын актад хавсаргана, 2.2.21-д Татвар төлөгчөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлтөө баталгаажуулах хүсэлт ирүүлсэн тохиолдолд харьяа нэгж нь Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам-ын 5.3-д заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан баталгаажуулах саналыг Том татвар төлөгч хариуцсан нэгжид хүргүүлж, Том татвар төлөгч хариуцсан нэгж нь албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж баталгаажуулсан акт үйлдэнэ гэж тус тус зохицуулжээ.
3.7.Дээрх хууль журмын зохицуулалтаас үзвэл татвар төлөх үүрэг дуусгавар болох, эрх шилжих, татварын ногдуулалт, төлөлт, алдагдал, илүү төлөлтийг баталгаажуулахтай холбоотойгоор татвар төлөгчөөс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн татварын хяналт шалгалтыг явуулах зохицуулалт нь татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтаас ялгаатай байна.
3.8.Тодруулбал, татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд үндэслэн татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг татварын алба явуулах тохиолдолд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр хяналт шалгалтыг хийх бөгөөд бүрэн хяналт шалгалтыг бүх төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд, хэсэгчилсэн хяналт шалгалтыг нэг буюу хэд хэдэн төрлийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийдэг байна.
3.9.Харин татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах буюу албан татвар суутган төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан илүү төлөлтийг буцаан авах, бусад татварын өрөнд суутган тооцуулах хүсэлтийг татварын албанд гаргасан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт хийж, хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх, хяналт шалгалтаар зөрчил илэрч хариуцлага хүлээлгэхээр бол Нөхөн ногдуулалтын акт үйлдэх бөгөөд энэхүү зохицуулалтын эрх зүйн үндэслэлийг Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг харьяа татварын алба хүлээн авч, хянаж шалган, баталгаажуулж, саналыг татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгжид шилжүүлнэ, 45.2-т Татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын том татвар төлөгч хариуцсан нэгж нь энэ хуулийн 45.1-д заасан саналыг хүлээн авч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг хянан шалгаж, баталгаажуулсан акт үйлдэнэ гэж, заасан, татварын алба энэ тохиолдолд Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.6-д зааснаар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэж, тооцооллыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо /ХШ-12 маягт/-д тусган баталгаажуулахаар байна.
3.10.Мөн Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.5-д Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо /ХШ-12 маягт/ нь Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт-ын салшгүй хэсэг байна гэж заасан, энэ нь Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгч нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг татварын албанд гаргасан, уг хүсэлтэд үндэслэн татварын байгууллага хяналт шалгалт хийгээд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх тохиолдолд тооцооллыг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо /ХШ-12 маягт/-д тусган баталгаажуулахыг тусгайлан зохицуулсан агуулгатай байх бөгөөд хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтыг явуулсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх шаардлагагүй, харин Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.5-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн үлдэгдлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар баталгаажуулж, үндэслэлийг тэмдэглэх хэсэгт тусгахаар байна.
3.11.Маргаан бүхий энэ тохиолдолд Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсээс 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/1095 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтэд үндэслэн Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч З.Т, Б.Б нар П ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд эрсдэлд суурилсан-бүрэн хяналт шалгалтыг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ******* дугаартай томилолтын дагуу хийсэн нь Татварын ерөнхий хуулийн 41.4-т заасан эрсдэлд үндэслэн явуулсан хяналт шалгалтын төрөлд хамаарч байх бөгөөд Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалт-д хамаарахгүй тул татварын улсын байцаагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх тусгайлсан шаардлага тавигдахгүй, харин Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.5-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулахдаа албан татвар суутган төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд бүрэн хяналт шалгалтад хамрагдсан хугацаагаар тасалбар болгон үлдэгдлийг Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан тооцоо ХШ-12 маягтаар баталгаажуулсан нь үндэслэлтэй байна.
3.12.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс татварын албанд хандан Татвар төлөгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хүсэлтийг гаргаагүй тул татварын байгууллага Татварын ерөнхий хуулийн 45 дугаар зүйлд заасан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хяналт шалгалтыг явуулаагүй, тиймээс татварын улсын байцаагч хяналт шалгалтад хамрагдсан хугацааны албан татварын илүү төлөлтийг баталгаажуулсан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэх үндэслэлгүй, энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
3.13.Түүнчлэн Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 7.6-д Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гээд 7.6.1-д тэмдэглэх хэсэгт: хяналт шалгалтад хамрагдаж байгаа татвар төлөгчийн мэдээлэл, хяналт шалгалт хийх үндэслэл, өмнөх хяналт шалгалтад хамрагдсан байдал шийдвэрлэлт, татвар төлөгчийн татварын ногдуулалт, төлөлтийн байдал /татварын төрөл, он тус бүрээр/, хөндлөнгийн мэдээллийн ашиглалт, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн утга, дүн, зөрчсөн хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх үндэслэл гэж зохицуулсан нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудасны тэмдэглэх хэсэгт Нөхөн ногдуулалтын акт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт, Илтгэх хуудас үйлдэх болсон үндэслэлийг тусгайлан заахыг үүрэг болгосноос бус нөхөн ногдуулалтын акт үйлдэх тохиолдолд Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан акт үйлдэхийг зайлшгүй үүрэг болгосон гэж тайлбарлах үндэсгүй байна.
3.14.Дээрх дүгнэлтүүдээс нэгтгэн үзвэл Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.13-т заасны дагуу эрх олгосон Татварын ерөнхий газрын даргаас баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 2.1.1-т заасан татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын ажлын үр дүнд гарсан маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх нь хэсэгт П ХХК-ийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх буцаан авах 770,182,190.28 төгрөгийн татварын үлдэгдлийг 2024 оны 05 сарын 06-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 4,150,027,272.72 төгрөгийн зөрчилд ногдох 415,002,727.27 төгрөгийн нөхөн татвар, 2024 оны 12 сарын 30-ны өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар 3,395,427,272.74 төгрөгийн зөрчилд ногдох 339,542,727.27 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулсан нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 41.4, 41.13 дахь хэсэгт тус тус заасан эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байх тул нэхэмжлэгчийн Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг үйлдэх тодорхой харилцааг зохицуулсан хуулийг хэрэгжүүлээгүй гэж хариуцагчийн буруутгаж, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх нь: хэсгээр орлуулсан илт хууль бус захиргааны үйл ажиллагаа гэж дүгнэх үндэслэлгүй, иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагын үндэслэлийг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
4.Тухайн тохиолдлын хувьд Нөхөн ногдуулалтын акт үйлдэх харилцааг хуулиар зохицуулаагүй байхад бүрэн эрхээ хэтрүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, төлөхийг үүрэг болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 3 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагын тухайд:
4.1.Дээр дүгнэсэнчлэн маргаан бүхий энэ тохиолдолд татвар төлөгчийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан хяналт шалгалтын ажлын үр дүнд татварын улсын байцаагчид зөрчил тогтоогдсон гэж дүгнэж, Нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь Татварын ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Татварын улсын байцаагч энэ хуулийн ... 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ гэж заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тухайн тохиолдолд Нөхөн ногдуулалтын акт үйлдэх харилцааг хуулиар зохицуулаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.
4.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас борлуулалтын орлогод 0 хувиар татвар ногдуулж байгаа тохиолдолд улсын төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх үүрэг үүсэхгүй, татварын улсын байцаагч нар хуулиар зохицуулаагүй болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоож, бүрэн эрхээ хэтрүүлсэн нь илт хууль бус гэх агуулгаар маргадаг.
4.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:, 7.1.3-т Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, 11 дүгээр зүйлийн 11.2-т Энэ хуулийн 7.1.3-т заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах албан татварын хувь тэг /0/-тэй тэнцүү байна, 12 дугаар зүйлийн 12.1-д Экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээнд энэ хуулийн 11.2-т заасан хувиар албан татвар ногдуулна, 12.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрээс экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа гэж заасан, нэхэмжлэгч П ХХК нь хуш модны самар худалдан авч боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгон экспортод гарган худалдаалах үйл ажиллагаа явуулдаг компани бөгөөд тус компанийн экспортод гаргасан, гаалийн байгууллагад мэдүүлсэн бараанд тэг /0/ хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна.
4.4.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд албан татварт хасалт хийх харилцааг нарийвчлан зохицуулсан, тодруулбал хуулийн 14.1-д Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцно: гээд 14.1.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн, 14.3-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа борлуулсан, ажил гүйцэтгэсэн, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд төлбөрийн баримт олгох бөгөөд уг баримтуудыг дангаар, эсхүл хамтатган нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдэнэ, 14.4-т Албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг үндэслэн албан татварын хасалтыг хийнэ, 14.5-д Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй гэж тус тус заасан.
4.5.Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасаж тооцох ба хасалт хийх үндэслэл нь албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан байх бөгөөд худалдан авалт, борлуулалт бодитой хийгдсэн гэдгийг уг падаанаас гадна худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн болох нь төлбөрийн нэхэмжлэл, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтаар давхар нотлогдож байх шаардлагыг хуульчилсан байна.
4.6.Хариуцагч нараас 3 дахь зөрчлийн тухайд нэхэмжлэгч П ХХК-ийг нийт 1,926,254,545.45 төгрөгийн худалдан авалт хийж нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусгаж албан татвар ногдуулах орлогыг бууруулсан гэж дүгнэсэн.
4.7.Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.12.1-д зааснаар татвар төлөгч нь татварын хяналт шалгалтын явцад эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар нотолгоо, үндэслэлээ гаргаж өгөх, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т зааснаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөх эрхтэй.
4.8.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сгээс огт баримтгүй гэж яриад байна, бүгд байгаа, мөнгө төгрөгөө төлчихсөн баримтууд, гэрээ хэлцлүүд баримтууд байгаа гэх агуулгаар тайлбар гаргасан боловч татварын хяналт шалгалтын явцад болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 12 сард Б ХХК-иас 4102764502, 4102764503, 4102764504, 4102764505, 4102764506, 4102764507, 4102764532, 4102764533, 4102764534, 4102764535, 4102764536, 4102764537, 4102764538, 4102764539, 4102764540, 4102764541, 4102764542, 4102764543, 4102764544, 4102764508, 4102764509, 4102764510, 4102764511, 4102764512, 4102764513, 4102764514, 4102764515, 4102764516, 4102764517, 4102764518, 4102764519, 4102764520, 4102764521, 4102764522, 4102764523, 4102764524, 4102764528, 4102764529, 4102764530, 4102764531, 4102770552, 4102770569, 4102770570 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар нийт 1,469,172,727.29 төгрөгийн, 2022 онд ХХК-иас 4148377151, 4148984846 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 1,125,963,636.36 төгрөгийн, ******* ХХК-иас 4148984847 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 800,290,909.09 төгрөгийн буюу нийт 1,926,254,545.45 төгрөгийн худалдан авалтыг бодитой хийсэн гэдгийг нотлох баримтыг гаргаж өгөөгүй.
4.9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудаар нэхэмжлэгч П ХХК нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс бодит худалдан авалт хийсэн болох нь тогтоогдохгүй байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар худалдан авалт бодитой хийгээгүй, хий бичилттэй падаанаар хасалт хийснийг зөрчил гэж үзэж, нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь үндэслэлтэй, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасантай нийцсэн эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байна.
4.10.Хэдийгээр нэхэмжлэгч Монгол Улсаас экспортод гаргасан бараа бүтээгдэхүүндээ нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувиар албан татвар төлөгч мөн байх боловч энэ нь албан татварын хасалт хийх харилцаанд шууд дүгнэх үндэслэл болохгүй, гагцхүү хуульд заасан албан татвар суутган төлөгчөөс бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаж, нотлогдсон байх /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг/ шаардлагыг хангаж буй тохиолдолд албан татварын хасалт хийх үндэслэл болно. Иймд нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэлгүй байна.
5.Захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэх үндэслэлийн тухайд:
5.1.Өмнө нь Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч Ш.Х, Д.Н нар П интерншнл ХХК-ийн 2020-2022 оны эрсдэлд суурилсан бүрэн хялбаршуулсан-хэсэгчилсэн албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 8,300,054.54 мянган төгрөгийн зөрчил илрүүлж, 1,429,854.6 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
5.2.Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх хэсгээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх буцаан авах 770,182,190.28 төгрөгийн татварын үлдэгдлийг дээрх ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар 4,150,027,272.72 төгрөгийн зөрчилд ногдох 415,002,727.27 төгрөгийн нөхөн татвар, маргаан бүхий дугаартай нөхөн ногдуулалтын актаар 3,395,427,272.74 төгрөгийн зөрчилд ногдох 339,542,727.27 төгрөгийн нөхөн татварын дүнгээр бууруулж 15,636,735.74 төгрөгөөр баталгаажуулсан.
5.3.Энэ маргааны тухайд 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай нөхөн ногдуулалтын актаар тодорхойлогдох 4,150,027,272.72 төгрөгийн зөрчилд ногдох 415,002,727.27 төгрөгийн нөхөн татварын дүн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул энэ талаар шүс дүгнэлт өгөх шаардлагагүй болно.
5.4.Харин 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай нөхөн ногдуулалтын актаар тавигдсан 3 төрлийн 9 зөрчилд холбогдох нийт 1,615,380,409.97 төгрөгийн төлбөр дотор 3 дахь зөрчилд холбогдох 3,395,427,272.74 төгрөгийн зөрчилд ногдох 339,542,727.27 төгрөгийн төлбөр багтсан байна.
5.5.Хариуцагч З.Таас шүүх хуралдаанд ...баталгаажилт хийхэд суутган тооцоолох хүсэлтээ манай татварын албаны нэг цэгт илүү төлөлтийг бууруулж өгнө үү гэх хүсэлтээ өгөхөд суутган тооцуулсан бичилт хийнэ, түүнээс торгууль, алданги ногдуулсан зүйл байхгүй гэх тайлбарыг гаргадаг.
5.6.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/262 дугаар тушаалын хавсралтаар баталсан Татварын орлого бүртгэх, орлогын данснаас татвар хооронд суутган тооцох журмын 5.3-т Татвар төлөгчийн илүү төлсөн татварыг татварын тайлан, татварын улсын байцаагчийн буцаан олголтын акт, шүүхийн болон эрх бүхий байгууллагын шийдвэр, татвар төлөгчийн Татвар бүртгэл, мэдээллийн нэгдсэн сан тодорхойлсон буцаан олговол зохих дүнгээр тус тус тодорхойлно, 5.4-т Татвар төлөгч нь илүү төлсөн албан татварыг суутган тооцох хүсэлтийг харьяалах татварын албанд дор дурдсан хугацаанд хүргүүлнэ:, 5.4.2-т хяналт шалгалтын үр дүнгээр тодорхойлогдох татварын илүү төлөлтийн суутган тооцох хүсэлтийг нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид гардуулсан санхүүгийн жилд, 5.4.3-т эрх бүхий байгууллагын шийдвэрээр тодорхойлогдсон татварын илүү төлөлтийг суутган тооцох хүсэлтийг холбогдох шийдвэрийг татвар төлөгч хүлээн авсан санхүүгийн жилд, 5.5-д Татварын алба энэ журмын 5.4-т заасан татвар төлөгчийн суутган тооцох хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан шийдвэрлэнэ, 5.9-д Нөхөн ногдуулалтын актаар нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчид нэмэгдсэн өртгийн албан татварын нөхөн татвар ногдуулсан бол зөвхөн тухайн татвар төлөгчийн, нэмэгдсэн өртгийн албан татварын төрлийн татварын тайлангийн илүү үлдэгдлээс суутган тооцож болно гэж тус тус заажээ.
5.7.Нэхэмжлэгчээс дээрх журмын дагуу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх буцаан авах 770,182,190.28 төгрөгийн татварын үлдэгдлээс холбогдох нөхөн ногдуулалтын актаар тодорхойлогдох нөхөн татварын дүнгээр бууруулж, баталгаажуулах хүсэлтийг татварын албанд гарган шийдвэрлүүлэх боломжтой бөгөөд маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай нөхөн ногдуулалтын актын 3 дахь зөрчилд хамаарах 339,542,727.27 төгрөгийн төлбөр нэхэмжлэгчид тусгайлан татварын өр үүсгэх эрх зүйн үр дагаваргүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан захиргааны актыг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй, нэг зөрчилд давхар хариуцлага хүлээлгэсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэлийн шаардлагын 1 ба 2 дахь хэсгийн агуулгаар илэрхийлэгдэн тодорхойлогдох шийдвэр, үйл ажиллагааг гол үндэслэлээ болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
6.1.2024 оны №HA- дугаартай нөхөн ногдуулалтын актын 2 дахь хэсэгт 2021 онд 2,423,622,524.27 төгрөгийн, 2022 онд 2,096,287,251.40 төгрөгийн, 2023 онд 3,522,795,281.18 төгрөгийн, нийт 8,042,705,056.85 төгрөгийн татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тооцож татвар ногдуулах орлого бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1-д тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх, 13.1.2-т албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3-т зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-т доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх, 16 дугаар зүйлийн 16.1-д Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй, 16.1.1-д энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ.
6.2.Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагад холбогдох хууль зүйн үндэслэлээ ...хариуцагч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн нь тогтоогдсон гэж үзээд энэ зөрчилд суурилж актын 2 дахь заалтаар аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нөхөн ногдуулж, хариуцлага тооцсон. Тодруулбал, нөхөн ногдуулалтын акт гаргах гол үндэслэл нь уг актын 3 дугаар заалт тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасны дагуу захиргааны акт гаргах болсон гол үндэслэл илт хууль бус болох нь тогтоогдвол Нөхөн ногдуулалтын акт бүхэлдээ илт хууль бус болох үндэслэлтэй гэж тайлбарласан.
6.3.Энэхүү шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3, 4, 5 дахь хэсэгт нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 1, 2 дахь шаардлагыг хангах үндэслэлгүй, 2024 оны №HA- дугаартай нөхөн ногдуулалтын актад дурдсан 3 дахь зөрчилд ногдуулсан нөхөн төлбөр үндэслэлтэй талаар дүгнэсэн тул дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл бүхэлдээ няцаагдаж байна.
6.4.Өөрөөр хэлбэл, маргаан бүхий нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн дээр дурдсан үндэслэлээр татварын улсын байцаагчийн нийт 8,042,705,056.85 төгрөгийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлогоос хасагдах зардлыг илүү тооцож татвар ногдуулах орлого бууруулсан гэж дүгнэсэн 2 дахь зөрчилд хамаарах дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
7.2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 1 дэх заалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт хамааруулан 29,827,140.00 төгрөгийн дүн нөхөн татвар, торгууль, алдангийг төлөхийг үүрэг болгож буй шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
7.1.Нэхэмжлэгчээс энэ шаардлагын үндэслэлийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хуучин маягтыг хүчингүй болгосон, 2019-2022 оны хугацаанд сайн дураараа тайлан гаргах хууль зүйн болон цахимжсан автомат технологийн боломж байгаагүй, 2022 онд тайлангийн шинэ маягтыг баталсан, уг маягт нь татварын удирдлагын нэгдсэн системд нэвтэрч 2025 оноос бодитоор ажиллаж эхэлсэн, төрийн байгууллагын өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тайлагнах боломжгүй байсан гэж тайлбарладаг.
7.2.Үндэсний татварын ерөнхий газрын даргын 2001 оны 67 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчийн бүртгэл (тб-4) маягт-ыг, 235 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар-ыг тус тус баталжээ.
7.3.Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/184 дүгээр тушаалаар Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан нөхцөлийг хангахгүй болсон үндэслэлээр Татварын ерөнхий газрын даргын Маягт батлах тухай 2001 оны 67 дугаар тушаал, Тайлангийн маягт заавар батлах тухай 2001 оны 235 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгосон байна.
7.4.Үүний дараа Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/190 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягт (ТТ-23)-ыг, 2 дугаар хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн хавсралт мэдээ ХМ-23(1)-г, 3 дугаар хавсралтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тайлангийн маягтыг нөхөх заавар-ыг тус тус баталжээ.
7.5.Татварын ерөнхий газрын 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 02/2479 тоот албан бичгээр тус шүүхэд ...татвар төлөгч П ХХК нь Татварын удирдлагын нэгдсэн системд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгэлгүй байх тул тухайн төрлөөр 2020-2024 онд тайлан илгээх боломжгүй гэх хариу ирүүлсэн.
7.6.Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Татварын хуулиар татвар төлөх, эсхүл татвар суутгах үүрэг бүхий этгээд нь татвар төлөгчөөр бүртгүүлнэ, 26 дугаар зүйлийн 26.3-т Татвар ногдох зүйлийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эсхүл татвар ногдох зүйл бүхий этгээд, татвар төлөгчид олгосон болон өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн зөвшөөрлийн мэдээллийг бүртгэх эрх бүхий байгууллагын мэдээлэл, эсхүл татвар төлөгчийн хүсэлтийг үндэслэн татварын алба тухай бүр татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ гэж,
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараахь этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна, 4.1.1-д өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар, 5 дугаар зүйлийн 5.1-д Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно гэж тус тус заажээ.
7.7.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд татвар төлөгчөөр бүртгүүлэх болон татвар ногдох зүйлээ татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх үүрэг нь татвар төлөгчид байх бөгөөд уг үүргийн дагуу П ХХК Татварын удирдлагын нэгдсэн системд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүйн улмаас 2020 оноос хойш өмчилж буй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний ******* дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо, ******* ******* хэсэг гудамж, ******* тоот хаягт байрлалтай 1,000,000,000.00 төгрөгийн үнэлгээ бүхий хүнсний үйлдвэрийн барилгын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг татварын нэгдсэн системд бүртгүүлж, татвар ногдох зүйлийг тодорхойлоогүй, улмаар татвар төлөгдөөгүй үйл баримтад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд 1 дэх зөрчилд холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
8.Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Татварын ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.3, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.4, 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн гаргасан Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлттэй холбогдуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах акт-ыг үйлдэх тодорхой харилцааг зохицуулсан хуулийг хэрэгжүүлэлгүй, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын Тэмдэглэх нь: хэсгээр орлуулж буй шийдвэр үйл ажиллагаа нь илт хууль бус болохыг тогтоолгох, тухайн тохиолдлын хувьд Нөхөн ногдуулалтын акт үйлдэх харилцааг хуулиар зохицуулаагүй байхад бүрэн эрхээ хэтрүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвар нөхөн ногдуулж, төлөхийг үүрэг болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №HA- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 3 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагын 1 ба 2 хэсгийн агуулгаар илэрхийлэгдэн тодорхойлогдох шийдвэр, үйл ажиллагааг гол үндэслэлээ болгож буй 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 2 дахь заалт илт хууль бус болохыг тогтоолгох, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №НА- дугаартай Нөхөн ногдуулалтын акт-ын ... зөрчсөн нь тогтоогдлоо. Үүнд: хэсгийн 1 дэх заалтаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварт хамааруулан 29,827,140.00 төгрөгийн дүн нөхөн татвар, торгууль, алдангийг төлөхийг үүрэг болгож буй шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ