Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 33

 

      Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 5-р багт оршин суух, иргэн Суухин овгийн Раднаагийн Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Увс аймгийн  Сонгуулийн хороонд холбогдох,

       “Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүн нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Р.Төмөрчөдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Сонгуулийн ерөнхий хороо 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 180 дугаар тогтоол гарган саналын хуудас дутагдаж байгаа сонгуулийн зарим хэсэгт сонгогчдын тоо нэмэгдсэнийг харгалзан санал авах байрнуудад дутагдаж байгаа саналын хуудасны тоог хавсралтаар тогтоож ирүүлсний дагуу Өмнөговь сумын сонгуулийн хэсгүүдэд нийт 264 ширхэг саналын хуудас хэвлэгдэж хэсгүүдэд хүргэгдсэн байна. Үүнээс тус сумын сонгуулийн хэсгүүдэд нийт 17 саналын хуудас хэрэглэгдсэн гэх ба санал авах, тоолох төхөөрөмжөөс гарсан дүн дээр гараар тоолсон дүнг нэмж нэгтгэхэд МАН-аас аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн Д.Даваасүрэн 1106 сонгогчийн, Р.Төмөрчөдөр 877 сонгогчийн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Нямбаяр 876 сонгогчийн, Б.Колъя 845 сонгогчийн, бие дааж нэр дэвшсэн С.Бямбажаргал 638 сонгогчийн санал тус тус авсан тухай сонгуулийн дүнг нэгтгэжээ.

       Сонгуулийн ерөнхий хорооноос УИХ-ын 33, аймгийн ИТХ-ын 10 дугаар тойгийн сонгуулийн хэсгүүдэд ирүүлсэн санал авах хуудас дутсаны улмаас Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 180 дугаар тогтоол, түүнтэй холбогдуулан гаргасан 446 тоот ажлын чиглэл, 448 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн сумын сонгуулийн хороо хэвлэсэн хуудсаар санал авах ажиллагааг зохион байгуулсан байна.

         Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д “хамгийн олон санал авсан тухайн тойрогт ноогдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно гэсний дагуу хамгийн олон санал авсан Д.Даваасүрэн, Р.Төмөрчөдөр бид нар сонгогдсонд тооцогдох ёстой. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн хороодоос хэвлүүлж санал авах ажиллагааг зохион байгуулсан саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоол ирүүлсэн тул аймгийн Сонгуулийн хороо санал авах, тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг үндэслэн гээд АН-аас нэр дэвшсэн Г.Нямбаярт түр үнэмлэх олгохоор шийдвэрлэсэн байна.

        Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Сонгуулийн төв байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж санал авах хуудас дутсанаас тухайн тойрогт 17 иргэн нэмж хэвлэгдсэн хуудсаар санал өгсөн байхад тэдний саналыг хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 9-д шууд болон төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй гэсэн иргэдийн сонгох сонгогдох эрх, мөн Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно гэсэн заалтуудыг зөрчиж байна.

        Иймд “Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хамсралтын аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүнг нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж Г.Нямбаярын төлөө өсгөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн түр үнэмлэх олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгасан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

          Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хороог төлөөлөн дарга Г.Болор-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д “Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэж заасны дагуу нэгтгэн баталгаажуулж, СЕХ болон аймгийн ИТХ-д хүргүүлсэн болно. Иймд Р.Төмөрчөдөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

       Гуравдагч этгээд Г.Нямбаяр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.5-д заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөр аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн Д.Даваасүрэн 1098, Р.Төмөрчөдөр 868, Г.Нямбаяр 873, Б.Коля 837, С.Баяржаргал 634 сонгогчийн санал тус тус авсан тухай хэвлэгдэн гарсан байна. СЕХ-ны 180 тоот тогтоолоор УИХ-ын 33-р, аймгийн ИТХ-ын 10-р тойргийн сонгуулийн хэсгүүдэд дутагдсан саналыг хуудсыг олшруулах 448 тоот зөвлөмжийг үндэслэн Өмнөговь сумын сонгуулийн хороо 264 ширхэг саналын хуудас хэвлэн санал авах ажиллагааг зохион байгуулсан байна.Хэвлэсэн саналын хуудаснаас 17 ширхэг саналын хуудас хэрэглэгдсэн ба Д.Даваасүрэнд 8, Р.Төмөрчөдөрт 9, Г.Нямбаярт 3, Б.Коляд 8, С.Баяржаргалд 4 сонгогчийн санал авсан байна. Гэтэл СЕХ-оос 182 тоот тогтоол гарч сонгуулийн хороодоос хэвлүүлсэн саналын хуудас болон тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон тул санал тоолох төхөөрөмжийн дүн хүчинтэй.Иймд Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д зааснаар аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэх гардан авсан болно” гэжээ.

       Нэр бүхий гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвхөн шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “2016 оны 6 сарын 29-ний өдөр аймгийн ИТХ-д Өмнөговь сумын иргэдийг төлөөлөх төлөөлөгчийг сонгох сонгуульд санал өгч оролцсон. Гэтэл тухайн үед сонгуулийн саналын хуудас дууссан гэх үндэслэлээр 17 иргэн хуулбарласан саналын хуудсан дээр саналаа өгсөн. Тухайн үед сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн дагуу бид сонгуулийн саналын хуудсыг хуулбарлаж та бүхний саналыг авч байна гэж тайлбарласан. Гэтэл 2016 оны 6 сарын 29-ний өдрийн 182 дугаартай СЕХ-ны тогтоолоор миний болон бусад 16 иргэний өгсөн санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

      Саналын хуудас хүрэлцэхгүй байгаа нь сонгогч бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Түүнчлэн саналын хуудас хуулбар, хуулбар бишээс хамаараад сонгогчийн сонгох эрх зөрчигдөх ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний үндсэн эрхийг хуульчилж өгсөн. Уг хуулийн 16.9-д “шууд буюу төлөөлөгчийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй.Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ…” гэж заасан байх ба Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр бидний үндсэн хуулинд заасан сонгох эрх зөрчигдөж байна. Иймд 2016 оны 06 сарын 29-ний өдөр Увс аймгийн ИТХ-ын сонгуулийн 10-р тойрогт өгсөн бидний саналыг хүчинтэйд тооцож шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болормаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Р.Төмөрчөдөр нь  2016 оны аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Сонгуулийн Өмнөговь сумын 10 дугаар тойрогт Монгол Ардын намаас  нэр дэвшиж өрсөлдсөн. Р.Төмөрчөдөрийн нэр дэвшсэн 10 дугаар тойрогт 2 мандаттай. Нийт 5 нэр дэвшигч өрсөлдсөнөөс Ардчилсан намаас нэр дэвшигч Даваасүрэн 1106, нэр дэвшсэн Р.Төмөрчөдөр 877 хүн, Ардчилсан намаас нэр дэвшсэн Г.Нямбаяр 876, Коля 845, бие даагч Баяржаргал 638 хүний санал авч нэгдсэн дүнгээр Монгол Ардын намаас нэр дэвшсэн Р.Төмөрчөдөр, Даваасүрэн нар ялалт байгуулсан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Өмнөговь сумын Сонгуулийн хорооны 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 06 тоот саналын дүнгийг нэгтгэлд хүргэх тухай тогтоолын хуулбар, Өмнөговь сумын Сонгуулийн 16-20 дугаар хэсгийн хорооны болон сумын Сонгуулийн хорооны саналын нэгтгэлүүд, хурлын тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдсон.Гэтэл нэмэлт саналын хуудсаар санал өгсөн 17 хүний саналыг хүчингүй болгосноор Ардчилсан намаас нэр дэвшигч Нямбаяр ялж Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Түр үнэмлэх” авсан. Нэр дэвшигч Р.Төмөрчөдөр гэдэг хүний эрх ашиг хохирч, зөрчигдөж, хөндөгдсөн юм уу гээд аваад үзэх юм бол эрх ашиг нь зөрчигдсөн гэдэг нь харагдаж байна. Сонгуулийн хороо буюу төрийн буруутай ажиллагаа байгаа, өөрөөр хэлбэл төр нь иргэнээ хохироож байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж  байгаа. Өмнөговь сумын Сонгуулийн хорооны сонгогчийн нэрсийн жагсаалтанд нийт 2642 иргэн бүртгэгдсэн. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооноос 2378 ширхэг саналын хуудас ирүүлсэн. Өмнөговь сумын Сонгуулийн хорооны даргаар ажилласан Болормаагийн мэдүүлэгт тодорхой байна.  Өөрөөр хэлбэл 264 ширхэг саналын хуудас анхнаасаа дутуу ирүүлсэн нь тухайн нэр дэвшигч болон нэр бүхий 17 иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчих үндэслэл болсон.Анхнаасаа Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн бэлтгэл ажлыг хангалтгүй зохион байгуулж, эмх цэгцгүй, тооцоо судалгаагүй ажилласан байдал харагдаж байна. Үүнээс нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн үндсэн хуулинд заасан сонгох сонгогдох эрх ноцтой зөрчигдсөн.. Хуулбарласан хувиар 17 иргэн санал өгсөн. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж байгаа гэж тухайн үед ойлгосон. Гэтэл тэдний өгсөн саналыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүй болгож эрхийг нь зөрчсөнөөр Р.Төмөрчөдөрийн эрх давхар зөрчигдсөн. Эрх зүйн ерөнхий зарчим болох тэгш эрх, шудрага ёсны зарчимд нийцэхгүй байна. Саналын хуудас дутсан асуудал Р.Төмөрчөдөр болон гуравдагч этгээдээр оролцож байгаа иргэдэд ямар ч хамааралгүй асуудал. Гэтэл энэ асуудалд буруугүй байхад эрх нь зөрчигдсөн. Нөгөө талаар саналын хуудас дутсан үед арга хэмжээ авах талаар Сонгуулийн тухай хуульд нийцүүлэн гаргасан бусад журмуудад тусгаж өгөөгүй. Сонгуулийн ерөнхий хорооноос Өмнөговь сумын Сонгуулийн хороонд саналын хуудас дутуу ирүүлж байгаа асуудал нь Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөчсөн байна. Иймд 182 дугаар тогтоол нь хуулинд нийцээгүй, үндэслэлгүй тогтоол гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.Иймд Р.Төмөрчөдөр нь Ардчилсан намаас нэр дэвшигч Нямбаяраас 1 хүнээр илүү санал авсан учраас нэхэмжлэлийн шаардлагагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.Нэмж хэлэхэд Үндсэн хуулинд заасан иргэний эдлэх эрхийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциас баталгаажуулаад өгсөн байдаг.Шүүх Үндсэн хуультой зөрчилдсөн хуулийг хэрэглэх ёсгүй. Монгол Улс нь олон улсын гэрээ конвенциар хүлээсэн үүргээ заавал биелүүлнэ гэсэн хуулийн заалт байгаа. Тухайлбал хүний эрхийн түгээмэл тунхаглалын 21 дүгээр зүйл, мөн иргэний болон улс төрийн  эрхийн тухай олон улсын пактын 25А-д энэ заалт тусгаж өгсөн. Дээрх заалтуудыг өнөөдөр зөрчсөн үйлдлийг Сонгуулийн ерөнхий хороо гаргасан. Ийм учраас Сонгуулийн хуулиар хязгаарлахгүйгээр Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц болон Монгол Улсын язгуур, үндсэн суурь хуулийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү ” гэв.

      Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвхөний өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : “Өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Төвхөний шүүхэд гаргасан тайлбарыг дэмжиж оролцож байна.

         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулиар Өмнөговь сумын хэсгийн хороодод 17 иргэн хуулбарласан саналын хуудсан дээр саналаа өгсөн. Гэтэл 17 иргэний саналыг санал өгсөн хуудас нь хуулбар байсан гэх шалтгаанаар саналыг хүчингүйд тооцож, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан сонгох эрхийг нь зөрчсөн үйл ажиллагаа болсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбартай санал нэгдэж байна. Тухайн үед гуравдагч этгээдүүд саналаа өгөхөд саналын хуудас дууссан учир машин руу биш битүүмжилсэн хайрцаг руу саналаа хийсэн гэдгээ хэлсэн. Эрх бүхий этгээдийн гаргасан шийдвэрийн дагуу Үндсэн хуулинд заасан эрх эдлээд сонгуульд оролцож байна гэж үзэж саналаа өгсөн. Сонгуулийн ерөнхий хороо өмнө гаргасан саналын хуудсыг хуулбарлах тухай тогтоолын дагуу авсан саналын хуудсыг хүчингүй болгосон. Тухайн үед нэг он сартай 2 тогтоол байгаа боловч цаг хугацааны хувьд 19:00 цагийн байдлаар Сонгуулийн ерөнхий хорооноос хуулбар саналын хуудсаар санал авах тухай мэдэгдэл хийж байсан.  22:00 цаг болоход Сонгуулийн санал хураах үйл ажиллагаа зогсоно. Гэтэл Сонгуулийн ерөнхий хорооны 182-р тогтоолоор, өмнөх тогтоолоо хүчингүй болгосон нь тухайн цаг үед гарсан уу гэдэгт эргэлзээ төрүүлж  байна. Жишээ нь Төвхөн гэдэг хүн Улаангомоос орой 07:00 цагийн үед гараад 08:00 цаг өнгөрөөд Өмнөговь суманд хамгийн сүүлийн хүн болж санал өгсөн байдаг.Гэтэл энэ хугацаанд санал авч байна гэдэг бол Сонгуулийн ерөнхий хорооны хуулбар хуудсаар санал авахыг зөвшөөрсөн тогтоол нь хүчинтэй хэвээр үйлчилсэн гэсэн үг. Иймд хуулбар, хуулбар бишээс шалтгаалаад хүн сонгох сонгогдох эрхээ тэгш эдлэх ёстой.Сонгогчийн эрх зөрчиж байгаа асуудал нь шударга ёсонд нийцэхгүй байгаа учраас тухайн гуравдагч этгээдүүдийн өгсөн саналыг хүчинтэйд тооцох нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байна. Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Сонгуулийн 10 дугаар тойрогт хуулбар саналын хуудсаар санал өгсөн нэр бүхий иргэдийн саналыг хүчинтэйд тооцож өгнө үү “ гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

       Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшигч иргэн Р.Төмөрчөдөр тус шүүхэд хандан “Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүн нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай”  шаардлага бүхий үндсэн нэхэмжлэлийг гаргажээ.

          Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тал бүрээс нь үнэлээд  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

       Нэхэмжлэгч Р.Төмөрчөдөр “Нэр дэвшигчийн хувьд Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан “ Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно “ гэх заалт зөрчигдсөнөөр Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгогдох эрх хөндөгдсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаартай тогтоол нь иргэний эрхийг хязгаарлаж гарсан, Сонгуулийн хууль Монгол Улсын үндсэн хуультай зөрчилдөж байгаа гэж үзэн шүүхээс Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн тухай олон улсын пакт зэрэг олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэж шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй талаар тайлбар гаргав.  

         Хариуцагчийн зүгээс “Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д “ Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна” гэж заасны дагуу нэгтгэн баталгаажуулсан “ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

        Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байр суурь илэрхийлжээ.

       Увс аймгийн Сонгуулийн хорооны 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4-р хавсралтаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд  нэр дэвшигчдийн төлөө өгсөн тойрог бүрийн саналын дүнг баталжээ.

       Тус хавсралтын Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн өгсөн саналын нэгтгэлд Өмнөговь сумын 16,17,18,19,20 дүгээр хэсгүүд тус бүрээр нэр дэвшигчдийн авсан саналын дүнг гаргаж нэгтгэсэн байх ба нэр дэвшигч Д.Даваасүрэн нийт 1098 хүчинтэй санал, Р.Төмөрчөдөр 868 хүчинтэй санал, Г.Нямбаяр 873 хүчинтэй санал, Б.Коля 837 хүчинтэй санал, С.Баяржаргал 634 хүчинтэй санал авсан байна.

          Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн өдөр санал авах байруудад саналын хуудас дутагдсан нөхцөл байдал үүссэний улмаас Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 сарын 29-ний өдрийн 180 дугаартай “саналын хуудасны тоог тогтоох тухай “ тогтоолоор саналын хуудсыг хувилж хэвлэн ашиглахаар шийдвэрлэжээ.

        Уг тогтоолын хавсралтаар Увс аймгийн Өмнөговь сумын сонгуулийн тойрогт 264 ширхэг саналын хуудас нэмж хэвлэхээр тусгагдан, тус сумын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 16,18,19 дүгээр хэсгүүдэд нийт 17 саналын хуудсыг хэрэглэн сонгогчдын саналыг авчээ.

         Өмнөговь сумын сонгуулийн хороо 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 06 дугаартай “Саналын дүнгийн нэгтгэл хүргэх тухай “ тогтоолоороо нэр дэвшигчдийн саналыг батлахдаа санал тоолох төхөөрөмжийн дүнд, 17 сонгогчийн битүүмжилсэн хайрцгаар авсан саналыг нэмж нэгтгэн дүнг гаргажээ. Эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй байгаа болно.

          Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 06 сарын 29-ний өдрийн 182 дугаартай “Санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцох тухай “ тогтоолоор нэмж хэвлүүлсэн саналын хуудас болон түүнд тэмдэглэсэн саналыг хүчингүйд тооцсон байна.

        Үүнийг үндэслэн Увс аймгийн Сонгуулийн хороо 2016 оны 07 сарын 01-ний өдрийн 16 дугаартай тогтоолоороо Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.8, 161 дүгээр зүйлийн 161.4, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 6 сарын 29-ний өдрийн 182 дугаар тогтоолыг үндэслэн нэмж хэвлэсэн саналын хуудсаар санал өгсөн 17 сонгогчийн саналыг хасч тооцон дүнг баталжээ.

        Сонгуулийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.10, 84.11, 84.14 дэх хэсгүүдэд тусгай нууцлал бүхий саналын хуудсыг сонгуулийн төв байгууллага баталж, хэвлүүлсэн байх талаар зохицуулсан ба шаардлага хангаагүй саналын хуудас хүчингүй байх бөгөөд хүчингүй саналын хуудсаар санал авах, өгөхийг хоригложээ.

        Шаардлага хангаагүй саналын хуудсаар санал авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д зааснаар саналын хуудсыг хүчингүйд тооцох зохицуулалттай байна. Иймд Сонгуулийн ерөнхий хороо тус хуулийн зохицуулалтыг үндэслэн 182 дугаартай тогтоолоороо нэмж хэвлүүлсэн саналын хуудсыг хүчингүйд тооцсоныг буруутгах боломжгүйн дээр уг сонгуулийн хорооны шийдвэр нь Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхээр хянагдаж өөрчлөгдөн , хүчингүй болоогүй хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

       Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.15-д “ Аймгийн сонгуулийн хороо нь сонгууль зохион байгуулахтай холбогдуулан дээд шатны сонгуулийн байгууллагаас өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх” үүргийг хүлээж байх тул Сонгуулийн ерөнхий хорооны 182 дугаартай тогтоолыг үндэслэн Увс аймгийн Сонгуулийн хороо нэмж хэвлэн хуулбарласан саналын хуудсын дүнг тооцохгүйгээр сонгуулийн саналын дүнг нэгтгэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д заасан “ Саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна “ гэх зохицуулалттай нийцсэн байна.

          Нэхэмжлэгч нь аймгийн Сонгуулийг хороог Үндсэн хуульд заасан сонгогдох эрх болон Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-д заасан “ Хамгийн олон санал авсан тухайн тойрогт ногдох мандатын тооны нэр дэвшигчийг сонгогдсонд тооцно “ гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн ба тус хуулийн зохицуулалт дахь “ Хамгийн олон санал авсан “гэдэгт  Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.4-д заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан  дүнгийн хуудсын хамгийн олон саналыг тооцох юм.

        Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүн нэгтгэсэн хүснэгтэд нэр дэвшигч Р.Төмөрчөдөр болон Г.Нямбаярын саналын дүнг хуульд заасны дагуу нэгтгэсэн байх тул нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

        Түүнчлэн Сонгуулийн тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй тухай асуудлаар Улсын Дээд Шүүхэд санал оруулаагүй, энэ талаар Үндсэн хуулийн цэц шийдвэрлээгүй, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактад заасан сонгох, сонгогдох эрхийн талаарх заалтуудын агуулга  Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд нийцүүлэн баталсан Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтуудад тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан  “олон улсын гэрээ, конвенцийг хэрэглэж шүүхээс хэргийг шийдвэрлэх боломжтой“ гэх тайлбарыг хүлээн авах боломжгүйг дурдах нь зүйтэй.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 сарын 12-ны өдөр нэхэмжлэгч нь “Аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн сонгуулийн хэсгүүдэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нэмж хэвлэсэн саналын хуудсаар авсан нэр бүхий 17 сонгогчийг дахин санал хураалтанд оролцуулахыг даалгуулах тухай “ нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, уг татгалзал хэвээрээ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул уг татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

       Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 , 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1, 97 дугаар зүйлийн 97.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн “Увс аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт нэр дэвшигчдийн саналын дүн нэгтгэсэн хүснэгтийн Р.Төмөрчөдөрийн төлөө өгсөн саналын тоог 877 гэж Г.Нямбаярын төлөө өгсөн саналын тоог 876 гэж зөвтгөн аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн “Түр үнэмлэх” олгохыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах тухай”  шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрийн “ Аймгийн ИТХ-ын сонгуулийн 10 дугаар тойргийн сонгуулийн хэсгүүдэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар нэмж хэвлэсэн саналын хуудсаар авсан нэр бүхий 17 сонгогчийг дахин санал хураалтанд оролцуулахыг даалгуулах “ тухай нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.Төмөрчөдөрөөс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ