Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/169

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч М.Ариунцэцэг

Шүүгдэгч Ц.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Н- холбогдох эрүүгийн 1838004200220 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Н-, Шүүгдэгч Ц.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим Б.А-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Ц.Н- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим Б.А-ийн нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Ц.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Би А-ээс чи яагаад манай дүү Чимэгээг хэл амаар доромжлоод байгаа юм бэ? Гэж асуухад А- надад чи юу яриад байгаа юм бэ? Би Чимэгээ гэдэг охиныг танихгүй гээд байхаар нь уур хүрээд нэг алгадаад 2- 3 удаа нүүр лүү нь цохиж мөн хавсарч унагаагаад нүүр лүү нь нэг удаа өшиглөөд дахиж дүүг маань доромжилсон байхын бол хохь чинь шүү гэж хэлээд явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 05 дугаар сарын 26-ны өглөө 10:30 минутын үед ... нарийн хавчиг гудамжаар Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв рүү буюу сургууль руугаа явж байтал манай сургуулийн барилгын засал чимэглэлийн ангид сурдагН- гэдэг залуу гудамжинд таараад намайг чи манай дүүг доромжилсон байна гээд зодсон. Би тухайн үед их гайхаад урдаас нь эсэргүүцэл үзүүлж чадаагүй, намайг хавсарч унагаагаад миний баруун талын нүд рүү гараараа 4- 5 удаа цохисон. Мөн миний хамар луу 2 удаа мөргөж нүүр лүү бас 2 удаа өшиглөсөн. ...Миний үүдэн дөрвөн шүд хугарсан. Мөн хамрын яс цуурсан одоог хүртэл өвчтэй байгаа. Мөн толгой өвдөөд байдаг болсон. Бусад хөхөрсөн няцарсан нүүрний хэсгүүд нь эдгэрсэн байгаа. Би зүгээр явж байгаад бусдад зодуулсан тул гомдолтой байна гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр дотуур байрны нэг тасгийн Б, Б-хоёртой хамт тэмцээн үзэхээр гарч яваад байрны үүдэнд 1 жилтэй заслын ангийн Н- таарахад Н- гэртээ харих гэж байна хамт өгсье гээд явцгаасан. ...эргээд хартал Н А-г гараараа элэг орчим руу нь нэг удаа, нүүр рүү нь хоёр гурван удаа цохиж, толгойгоороо хамар орчмын руу нь мөргөж А газарт унаталН- нүүр рүү нь нэг удаа өшиглөөд Н- Дулаан хаан дэлгүүрийн араар тойроод цаашаа явсан... ... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 05 сарын 26-ны өдөр 10:00 цагийн үедН- таараад дөрвүүлээ хавчиг өөдөө өгсөж явтал нийтийн бүжигтэй гудамжны үзүүрт А-тэй таарсан. Буянт, Ганцоож,Н- бид нар цуг явж байсан чиньН- утсаа оролдоод архан талд ойрхон явж байхаар нь бид гурав ч зөрж өнгөртөлН- гүйж очоод А-ийн шанаа орчим руу нь гараараа цохиод Н- А-д чи манай дүүг доромжилсон байна гээд А- хойш нь хавирч унагаагаад дээрээс нь гараараа нүд орчим руу нь цохисон. Тэгээд намайг болиоч гэхэдН- тоох шинжгүй А-ийн нүүр, толгой орчим руу нь цохиод байсан. Тэгж байтал портертой ах ирээд сигналдаад үүдээ онгойлгоод болиоч гэж хашхирталН- А-ийг тавиад А- босож ирж байхад ньН- нүүр рүү нь өшиглөхөд аймаар чанга так гээд дуугарсан... /хх-ийн 12-13 дугаар хуудас/, Насанд хүрээгүй гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Нэргүй ах А-ийг барьж аваад хүүхэд доромжиллоо гээд элэг орчим руу нь гараараа нэг удаа, нүүр рүү нь гараараа 2 удаа цохиж, хамар руу нь нэг удаа мөргөж, хавсарч унагаагаадН- ах дээр нь гараад суучихсан байсан. Тэгж байтал портертой хоёр ах ирээд болиоч гэхэдН- ах босохдоо А-ийн нүүр рүү нь өшиглөчхөөд боссон... /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн шүүхийн шинжилгээний 248 дугаартай шинжээчийн “... 1.2. Б.А-ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, баруун хацар, хамрын нуруу, дух хэсэгт зулгаралт 3.0 ширхэг шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгджээ. 4. Б.А-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, 2.4.2-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр тогтонги байдлаар алдагдуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварын 10% тогтонги байдлаар алдагдана. ... гэх дүгнэлт /хх-ийн 22 дугаар хуудас/ зэрэг болно. Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ц.Н-г 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт хохирогч Б.А-ийг дүү Ч-г хэл амаар доромжилсон гэх шалтгааны улмаас маргаан үүсгэн улмаар Б.А-ийн эрүүл мэндэд баруун нүдний зовхинд цус хуралт, няцралт, баруун хацар, хамрын нуруу, дух хэсэгт зулгаралт 3 ширхэг шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Иймд шүүгдэгч Ц.Н-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Шүүгдэгч Ц.Н- нь 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Б.А-д 1.000.000 төгрөг төлж, хохирол төлсөн, уучлалт гуйсан талаарх эвлэрлийн гэрээ байгуулагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 43 дугаар хуудас/,

 Эрүүгийн 1838004200220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5,8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Ц.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н-д гурван зуун цагийн хугацаагаар /Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн /нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838004200220 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР