| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 2314000000281 |
| Дугаар | 2025/ДШМ/003 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | М.Оюунбат, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/003
*******д
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Д.Батцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор гийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2314000000281 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ....... оршин суух, урьд өмнө 4 удаа ял шийтгэгдэж байсан. Үүнд:
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1995 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 97 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239.1 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 6 сарын хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 64 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******,
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт *******ын гэрт *******той бэлчээрийн маргааны улмаас маргалдаж, өнөөдөр дуусгана, ална гэж хэлэн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч, тус гэрийн гадна дээшээ 1 удаа, гэр рүү чиглэлтэй 1 удаа буудаж, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, хүнийг алах /яллах дүгнэлтэд бичигдсэнээр / гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж ,
Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 сарын хугацаанд төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан замаг 26223 ТОЗ-8 загварын галт зэвсгийг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 2 ширхэг сумны хошуу, сумны хошууны 2 ширхэг жижиг хэлтэрхий, зүүн гарын арчдас, хүзүүний арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:
... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэн, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичих нь зүйтэй гэж үзэв. Үүнд:
Үндэслэл 1: Шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй шийдвэрлэсэн.
Хэргийн оролцогч болох хохирогч *******, , ******* нар нь өөр хоорондоо төрөл, садан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******од 50,000,000 төгрөг орчим эд хөрөнгийг хүлээлгэн өгснөөр *******, нар нь хохирогч, гэрч нарын 2-3 удаагийн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлэг өгч эхэлсэн гэж үзэхээр байна.
*******, нар нь болсон үйл явдлын талаар орон зай, цаг хугацааны хувьд дэс дараалалтай илэрхийлж мэдүүлэг өгдөг байсан боловч хохирлыг хүлээн авч, үүнийгээ эрс үгүйсгэсэн байдаг.
Тодруулбал, Хохирогч *******, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад эхний 2-3 удаагийн мэдүүлэг хэргийн жинхэнэ байдлыг илэрхийлсэн гэж үзэхээр байна.
Гэтэл дээрх нөхцөл байдалд болон хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, хохирогч *******ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39 дугаар тал/, хохирогч ийн мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/ зэргээр хэргийн үйл баримт харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэг зэргийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан гэж үзэхээр байна.
Үндэслэл 2: Шүүгдэгч *******гийн үйлдэл нь хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтэд,
“Хүнийг алах” гэмт хэрэг гэж бусдын жам ёсны эрх буюу амьд явах туйлын эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хүний амийг хохироосон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж хуульчилсан.
Өөрөөр хэлбэл, Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Шүүгдэгч *******гийн үйлдэл нь *******той маргалдсан маргаанаас шалтгаалан “та нарыг өнөөдөр дуусгана, ална” гэж хэлээд өөрийн гэрээсээ ТОЗ-8 загварын калибрын винтов галт зэвсгийг 5 сумтай авчирч, гэрийн гадна дээшээ 1 удаа буудаж, дахин галт зэвсгийг цэнэглэж, гэрт байсан хүмүүс гарах үед, өөрийн үйлдлийг бусдын амь эрсдэх хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, гэр рүү буудаж, хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдаг.
Мөн галт зэвсгийн зориулалтын тухайд спорт, ан агнуурын зориулалттай бөгөөд үйл явдал болсон газар, хугацаанд өөрийгөө хамгаалах зорилгоор бус, бусдад халдах, алах санаа зорилготойгоор авчирч, хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас уг гэмт хэрэг төгсөөгүй байна.
Тодруулбал, *******гийн үйлдлээс үзэхэд өөрийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал буюу , нарын галт зэвсгийг булаан авсан үйлдлийн улмаас “хүнийг алах" гэмт хэрэг төгсөөгүй, буудлага үйлдсэний дараа ******* нь тухайн цаг хугацаанд хамт байсан, , нартай гарч, хүчээр түүний үргэлжилсэн буудлага үйлдэх үйлдлийг таслан зогсоосон нөхцөл байдал тогтоогддог.
Иймд хүнийг алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Гэтэл анхан шатны шүүхээс дээрх баримтуудад үнэлэлт, дүгнэлт өгөлгүйгээр ******* нь хохирогч *******той маргалдаж түүнийг айлгах зорилгоор тэнгэр рүү 1 удаа, гэр чиглэл рүү 1 удаа буудсан нь хүнийг алах санаа зорилгогүй байсан бөгөөд түүнийг алахаар шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй тул гэмт хэргийн шинжгүй, харин *******гийн үйлдэлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/235 дугаартай шүүхийн тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Прокурор ******* тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:
Энэ хэрэгт гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Уг зөрүүтэй байдал нь хохирогчид тодорхой мөнгөн дүнг шилжүүлснээс үүссэн гэж үзэж байгаа. Хавтаст хэрэгт авагдсан *******ын мэдүүлэг хх-ийн 34-35 дугаар тал, ын мэдүүлэг хх-ийн 72-73 дугаар тал, ийн мэдүүлэг зэргээр тухайн үед болсон нөхцөл байдал нотлогдож байгаа.
Мөн анхан шатны шүүхээс гарсан шийдвэр нь хуульд заасан тодорхой үндэслэл, шаардлагыг хангаагүй байна гэж үзэж байгаа.
Түүнчлэн хэргийн үйл баримтад бид бүхэн дүгнэлт хийх ёстой. Шүүхийн шийдвэр нь утга найруулгын алдаа гарсан тул засварлах боломжтой талаар өмгөөлөгч нар тайлбараа гаргаж байна. Ийм зүйл байж болохгүй. Анхан шатны шүүхээс хүнийг алах санаа зорилгогүйгээр гэж дүгнэсэн. Үүнийг юунд үндэслэж дүгнэж байгаа нь тодорхойгүй байна.
Иймд эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна гэж үзэж байгаа.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” гэж заасан. Завдалт гэдэг нь буудах гэж зогсож байх үед нь бууг булааж авсан бол завдалт болно. Тухайн үед шүүгдэгч нь дээлийн ханцуй орооцолдсоны улмаас буу алдсан гэж тайлбарладаг. Үүнийг тухайн үед хэн ч хараагүй. Гэтэл шүүгдэгч хоёр удаа буудсаны дараа гэрээс гэх хүн гарч ирээд бууг булааж авсан байдаг. Шүүхээс энэ хэргийг завдалт биш гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэв.
Шүүгдэгч өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Миний хувьд яллагдагчаар татсан байцаалтад нь хамт оролцсон бөгөөд тухайн үед хохирогч *******, , нар гурван өөр мэдүүлэг өгсөн байдаг. Мөрдөн байцаалтаар мэдүүлгийн зөрүүг арилгасан.
Хэрэгт одоо зөрүүтэй мэдүүлэг байхгүй бөгөөд тухайн үед болсон процесс бүрэн тогтоогдсон тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна. Мөн прокурорын эсэргүүцэлд шүүгдэгч *******гийн үйлдлийг *******, , нар хүчээр таслан зогсоосон нөхцөл байдал тогтоогдож байна гэж бичсэн байна. Үүнийг юунд үндэслэж прокурор дүгнэж байгаа юм бэ. Энэ талаар хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй байна. Прокурорын зүгээс хүнийг алахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаар ******* нь бууны сум алдсан гэх нөхцөл байдал л тогтоогдсон байгаа. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор гийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт *******ын гэрт , , хохирогч ******* нарын хамт байхдаа *******той бэлчээрийн маргаан үүсгэн маргалдаж , “ өнөөдөр дуусгана, ална ” гэж хэлэн гэрээс гарч ойролцоо байх өөрийн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч , *******ын гэрийн баруун тал руу чиглэлтэй 1 удаа буудаж , *******ын биед баруун бугалга ясны доод булууны цууралт, 3 толгойт булчингийн шөрмөсний тасрал бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хүнийг алахыг завдсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Дээрх үйл баримт нь:
1 дүгээр хавтаст хэргийн 127-132 дугаар талд авагдсан “... Би Эрүүгийн хуулийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна... Тэгээд гэрт буу орны дээд талд ил байхаар нь буцаад ын гэрийнх нь ард ирээд би ыг айх юм болов уу гэж бодоод дээшээ тэнгэр рүү нэг удаа хий буудсан. Тэгээд би дахиад буугаа сумлачихсан гэрийнх нь баруун тал руу машин руугаа явж байтал гэнэт буу дуугарсан”... гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 37-39 дүгээр талд авагдсан “... 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би төрсөн ах болох ийн хамт 19 цагийн үед гэртээ хоолоо идээд байж байтал гэрт манай үеэл болох ******* нь хадам дүү болох тай хамт манай гэрт халамцуу байдалтай саарал өнгийн приус 20 маркийн машинтай ирсэн, Тэгээд ******* нь шууд орж ирээд “хойноос ирээд хот манайх хотонд ирээд хонь манайх” гэсэн үг хэлээд маргааш эндээс нүү гэж захирсан байдалтай надад хэлэхээр нь би “40 жил намаржиж байгаа газраасаа чамаар хөөгдөж нүүн гэж юу байхав” гэж хэлсэн чинь ******* нь “тэгвэл та нарыг өнөөдөр дуусгана” гэж хэлээд манайхаас гараад гэрийн гадаа мотоциклийг асааж унаад гэрийнхээ зүг рүү яваад 10 гаран минутын дараа манай гэрийн хойноос мотоциклийн чимээ гэрийн ард ирээд унтарсан ба гэрийн хойд талаас буун дуу гарахаар нь , бид 3 юу болов гээд гайхаад сууж байгаад тэр доороо , 2 гэрээс гарах гээд үүдний хэсэгт очсон урдаас нь ******* нь бууны хошуу гаргасан ба , 2-ыг гарах гэтэл “гарч ирэх юм бол алан шүү” гээд гаднаас нь хаалга дараад байсан би тэр гэрийн баруун талын багана хэсгийн хойд талын хэсэгт зогсож байсан тэгээд , 2 хүчээр түлхэж гараад чи хүн аллаа ш дээ гэж орилсон чинь гэрийн баруун талаас дахин буудах чимээ гарсан чинь миний баруун гарын тохойн хэсэгт цохиж байгаа юм шиг мэдрэмж төрхөөр нь гараа бариад үзсэн чинь зүүн гарын алга цус болсон байхаар нь би намайг буудчихлаа гээд орилоод хүн алах гэж байна гэж бодоод гэрээс гараад , 2-той хамжиж барьж аваад газар унагаж байгаад би *******гийн барьсан байсан бууг салгаж авсан...” гэх хохирогч *******ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар талд авагдсан “...Би 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Бөмбөгөр сум руу ажлаар орсон байсан ба 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 15-16 цагийн үед хүргэн ах болох *******той сумын төв дээр таараад хөдөө гэр лүү хамт явахаар болсон бид 2 сумын төвийн дэлгүүрээс 0.75 граммтай хараа нэртэй 2 шил архи аваад тус архийг хүргэн ах бид 2 нутгийн 2 залуутай сумын төвийн дээр байдаг манай гэрт 2 шил архи хувааж уугаад хүргэн ахын приус 20 маркийн машинаар бид Бөмбөгөр сумын 2 дугаар багт байдаг гэр лүү явах замдаа тус багийн ын булаг гэх газарт байх нутгийн иргэн болох *******ын гэрт 19 цагийн үед ирсэн тухайн үед ******* ах болох ийн хамт гэртээ байж байсан ба ******* ахтай гэрт ороод байж байтал ******* ах *******той гэнэт өвөлжөө бууцны хэрүүл хийж хоорондоо маргалдсан тэгсэн чинь ******* гэнэт гэрээс уурлаад гараад явсан ба гадаа түлхүүртэй байсан *******ын улаан өнгийн мотоциклийн нэгийн унаад хойд талд нь байдаг гэрийнхээ зүг яваад өгсөн тэгээд удалгүй *******, бид 3 гэрт сууж байтал гэрийн ард мотоциклийн чимээ гарч байгаад унтарсан тэгтэл гэнэт буун дуу гарсан ба бид 3 юу болов оо гээд гайхаад байж байтал дахин гэрийн баруун талаас буудах чимээ гарахаар нь бид хүн алаа гээд гэрээс гарах гэтэл ******* урдаас шагайж хараад эргэж хараад зугтаасан ба араас нь ******* барьж аваад нурууны хэсэг рүү 1-2 удаа өшиглөх шиг болсон. Тэгээд бид 3 ******* ахыг барьж байгаад нийлээд хөл гар 2-ын хүлж багласан. Тэгээд ******* мотоциклоо унаад сүлжээ рүү гарч дуудлага өгнө гээд явчхаад ирсэн ба гэрт орж гараа үзүүлсэн чинь баруун гарын тохойн хэсэгт жижиг нүх гарсан байдалтай цус гарч байсан яасан гэтэл ******* нь гэрийн баруун талаас буудах үед гэрийн хана нэвтэлж буудсан бууны сум нь баруун талын тохойн хэсэгт оносон байсан тэгээд би гэрийн хана хэсгийг харсан чинь баруун талын хананы дээд хэсэгт сум нэвтэлсэн гэмээр жижиг нүх гарч хананы мод нь бага зэрэг эмтэрсэн байсан....” гэх гэрч ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 62-63 дугаар талд авагдсан “...Би Баянхонгор аймагт амьдардаг ба 10 гаран хоногийн өмнө төрсөн болох *******од туслах зорилгоор ирээд хамт байсан. Манай дүү ааваар би ээжээрээ овоглодог. Тухайн өдөр буюу 2023 оны 10-р сарын 25-ны өдрийн орой 18-19 цагийн үед дүү ******* бид 2-ыг гэртээ байж байтал саарал өнгийн приус-20 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Бөмбөгөр сумын 2-р багийн малчид болох *******, согтуу байдалтай ирсэн юм. Тэр 2 гэрт орж ирээд ******* гэгч нь манай дүү болох *******ын хажууд орон дээр ирж суугаад агсарсан байдалтай танайх маргааш энэ газраас нүү гэж захирангуй байдлаар хэлж хэл ам хийсэн тухайн үед манай дүү урдаас нь юм яриагүй сууж байтал ******* гэнэт “би чамайг ална” гэж хэлсэн чинь манай дүү урдаас нь тэгээ гэж хэлсэн. ******* гэнэт гэрээс ганцаараа гараад гадаа байсан манай дүүгийн 1 мотоциклийг асааж унаад хойд зүгт байх гэрийнхээ чигтээ яваад өгсөн. Тухайн үед манай дүү болон *******той цуг ирсэн бид 3 гэрт үлдээд байж байтал удалгүй мотоциклийн чимээ гэрийн ард гарч байгаад унтарсан тэгтэл нэг хүн орилоод буудах чимээ гарсан. Тэгээд бид 3 *******г буу авчирсныг мэдээд гэрт байж байтал ******* гэрийн хаалга онгойлоод... бууны хошуу гаднаас оруулж ирээд манай дүүг “ална” гэхээр нь би бууныхаа гол төмрөөс татсан чинь цааш буугаа татсан тэгтэл гэрээс гарсан харин манай дүү баруун талын баганын хойд хэсэг би үүдний хэсэгт ын араас гарах гэтэл дахин буудах чимээ гарсан чинь манай дүү “миний баруун гар луу буудчихлаа” гэхээр нь харсан чинь баруун гарын тохойны хэсгээс цус гарч байсан тэгээд дүү бид дахин буудахаас нь өмнө нь бууг нь авах зорилгоор дүү *******той гарсан чинь гэрийн баруун талд ******* нь тай буугаа булаацалдаад урдаас түлхэж би араас нь татсан чинь ******* хойш унахаар би *******гийн гарт байсан Тоз-8 маркийн бууг булааж авсан чинь гол төмрийн бариул хэсгийн мод салсан байдалтай байсан. Тэгээд би бууг гэрт оруулаад замгийн салгаж авах зорилгоор замгийн салгах гэтэл болохгүй байхаар нь буугаа орон дээр орхиод бууцаж гараад дүү *******ын хамт *******г хүлж багласан…” гэх гэрч ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 3-6 дугаар талд авагдсан “*******ын биед нэмэлтээр ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар гэмтлийн шалтгаант баруун тохойн үений үе үүсгэгч яс, богтос яс, атгаал яс, булууны доод ирмэг ясны идээт үрэвсэл, 3 толгойт булчингийн шөрмөсний тасрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар талд авагдсан “ *******ын биед баруун бугалга ясны доод булууны цууралт, тохойн шарх гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно... Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...Учирсан гэмтэл нь галт зэвсгийн сумын хошууны нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 481 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 101-104 дүгээр талд авагдсан “ Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 11747 дугаартай, замаг 47273 дугаартай 1 ширхэг галт зэвсэг, 3 ширхэг сум нь шинжилгээнд тэнцэнэ...Шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг сумны хошуу адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 11747 дугаартай, замаг 47273 дугаартай галт зэвсэг нь 5,6 мм-ийн калибртай, гараар цэнэглэдэг, 1963 онд хуучнаар ЗХУ-д ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрийн винтов буу байна. ...Шинжилгээнд ирүүлсэн сангийн анги 11747 дугаартай, замаг 47273 дугаартай галт зэвсэгт эвдрэл, гэмтэл байхгүй буудлага үйлдэх боломжтой. Үйлдвэрийн хийц загварыг засварлаж өөрчлөөгүй байна... Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг сум нь ОХУ-ын Восток-ын сумны үйлдвэрт ан агнуур-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн 5.6x15К мм калибрын сум байна. Уг сумнууд нь сангийн анги 11747 дугаартай, замаг 47273 дугаартай буугаар буудлага үйлдэх боломжтой ...” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний 3850 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 112-113 дугаар талд авагдсан “ Шинжилгээнд ирүүлсэн *******гийн баруун, зүүн гарын арчдас, *******гийн цээж хүзүү хэсгээс авсан гэх арчдас, замгийн 47273, гол төмрийн 11747 дугаартай галт зэвсэг нь шинжилгээнд тэнцэнэ... Шинжилгээнд ирүүлсэн *******гийн цээж, хүзүү хэсгээс авсан арчдас, замагийн 47273, гол төмрийн 11747 дугаартай буунаас дарь тортогны найрлагын элемент илэрч байна...Шинжилгээнд ирүүлсэн *******гийн цээж хүзүү хэсгээс авсан арчдасаас илэрсэн дарь, тортгийн найрлагын элементүүд нь шинжилгээд ирүүлсэн бууны гол төмрөөс илэрсэн дарь, тортгийн элементтэй найрлагаараа төсөөтэй байна...” гэх Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний 3850 дугаартай дүгнэлт,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-21/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 22/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 227-233, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 234-238/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Прокуророос шүүгдэгч Т.*******г 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 19 цагийн үед Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт *******ын гэрт түүнтэй бэлчээрийн маргаан хийж, өнөөдөр дуусгана, ална гэж хэлэн , өөрийн гэрээс ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч, тус гэрийн гадна дээшээ 1 удаа, гэр рүү чиглэлтэй 1 удаа буудахад, гэрт байсан ******* оногдож, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж хэргийн үйл баримтыг хөтөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан эсэх, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх ажиллагаанд хуульд заасан журмыг зөрчсөн эсэх, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг үндэслэлгүйгээр хасаж, хязгаарласан эсэхийг бүхэлд нь шалгаж , гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн, сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирол, хор уршиг зэрэгт зөв дүгнэлт өгч , сэргээн тогтоосон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжүүдийг хэрхэн хангаж байгаад хууль зүйн дүгнэлт хийж, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэгтэй.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч ******* нь хохирогч *******той маргалдаж түүнийг айлгах зорилгоор тэнгэр лүү 1 удаа, гэр чиглэл рүү 1 удаа буудсан нь хүнийг алах санаа зорилгогүй байсан бөгөөд түүнийг алахаар шууд чиглэсэн үйлдэл хийгээгүй боловч гэр чиглэл рүү нэг удаа буудсан нь хохирогч *******ын баруун тохойн үений үе үүсгэгч яс, богтос яс, атгаал яс, булууны доод ирмэг ясны идээт үрэвсэл, 3 толгойт булчингийн шөрмөсний тасрал гэмтэл буюу түүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй...” гэж дүгнэн Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болжээ.
Гэмт хэрэгт завдах нь …тодорхой гэмт хэрэгт чиглэсэн гэмт этгээдийн үйлдэл нэгэнт эхэлсэн, халдлагын объектод хор уршиг учрах бодит заналхийлэл үүссэн, гэмт хэрэг төгсөөгүй, энэ нь түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалсан байх гэсэн үндсэн шинжүүдтэй бөгөөд эдгээр нь бүрдсэн тохиолдолд гэмт хэрэгт завдсанаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний хувьд тогтсон ойлголт юм.
Хүний амьд явах эрхэд халдсан үйлдэл, эс үйлдэхүй хийсэн боловч хохирогч нас бараагүй, эсхүл довтолгоон хийх явцад халдагч этгээдийн хүсэл зоригоос үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас үйлдэл нь таслан зогсоогдсон буюу хүссэн үр дүнд хүрээгүй тохиолдолд хүнийг алахыг завдсан гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэгт завдах нь обьектив шинжийн хувьд гэмт этгээд нь халдлагын объектод хүссэн хор уршгаа учруулж чадаагүй байдаг бөгөөд энэ үйлдлээ төгс хийсэн гэж итгэсэн ч өөрөөс шалтгаалахгүйгээр гэмт хэрэг төгсөөгүй байдаг онцлогтой билээ.
Шүүгдэгч *******гийн хувьд “...согтуурсан үедээ бэлчээрийн маргаанаас болж хохирогч *******той харилцан маргалдаж, өс хонзон санан “..өнөөдөр дуусгана, ална..” гэж хэлэн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсгийг сумны хамт авчирч, *******ын гэрт хүмүүс байгаа, тэдгээр хүмүүс бууны суманд өртвөл амь нас, эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдсээр байж гэр лүү чиглүүлэн буудаж, хүний амь нас хохирооход чиглэсэн бодит үйлдлийг хүсэж үйлдэж байгаа нь... “хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл болжээ.
Харин шүүгдэгчийн хувьд хүнийг алах үйлдлийг бодитой хийсэн ч гэмт хэрэг төгсөөгүй буюу хохирогчийг үхэлд хүргээгүй, шүүгдэгч *******гийн үйлдлийг гэрч , нараас таслан зогсоож, галт зэвсгийг түүний биеэс салган авч, үйлдлийг хориглосон зэрэг нь шүүгдэгч *******гийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалан туйлдаа хүрээгүй тул Прокуророос түүнийг хүнийг алах гэмт хэргийг завдсан гэж зүйлчилсэн нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон, хүнийг алах гэмт хэргийг завдсан гэх хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Түүнчлэн прокурорын эсэргүүцэлд бичигдсэн ...Шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, хохирогч *******ын дахин өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-39 дугаар тал/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 42-45 дугаар тал/ зэргээр хэргийн үйл баримт харилцан зөрүүтэй байхад шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, нүүрэлдүүлэн өгсөн мэдүүлэг зэргийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, энэ талаар огт дүгнэлт хийлгүйгээр орхигдуулсан..” гэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “....шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл….хэд хэдэн шүүгдэгчээс заримыг нь цагаатгасан, эсхүл шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримтын агуулга…” зэргийг шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана гэсэн.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч *******гийн гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа үндэслэлээ тайлбарлахдаа шүүгдэгчийн өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийн хүрээнд өөрт ашигтай байдлаар өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийн тодорхой хэсгийг иш татан дээрх баримтуудаар .... яллах дүгнэлт дэх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, яллах дүгнэлтэнд авагдсан хохирогч *******, гэрч , нарын мэдүүлгийн зарим хэсгийг ямар үндэслэлээр хэрэгт ач холбогдолгүй, хамааралгүй гэж үзсэн үндэслэлээ дүгнэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3 дахь хэсэг буюу онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байна.
Мөн шийтгэх тогтоолын 9 дэх талд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8-д шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно.. мөн хуулийн 13-д Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь хянан үзнэ…гэж заасны дагуу шүүгдэгч *******гийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй , гэмт хэргийн шинжгүй гэж үзэхээр байна…” гэж дүгнэсэн атлаа …харин Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 2 дугаар багт *******ын гэрт *******той бэлчээрийн маргааны улмаас маргалдаж, өнөөдөр дуусгана, ална гэж хэлэн гэрээсээ ТОЗ-8 загварын галт зэвсэг авчирч, тус гэрийн гадна дээшээ 1 удаа, гэр рүү чиглэлтэй 1 удаа буудаж, *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна...гэж дүгнэсэн нь илтэд ойлгомжгүй, үйл баримтыг зөрүүтэй дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “...шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт..” нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй байна.
Хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцогдох учиртайг дурдах нь зүйтэй.
Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч ******* нь хохирогч *******ыг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байхад анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйл, 10.1 дүгээр зүйлийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/235 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ
ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ
Т.ГАНЧИМЭГ