2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 191/ШШ2025/05228

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 09

191/ШШ2025/05228

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У байрлах, ******* ******* ХХК /Хуулийн этгээдийн регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 45 байр, 28 тоот хаягт оршин суух, ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 25,508,724 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тээврийн хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,

Хариуцагчийн өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Центр ХХК-ийн захиалга бүхий цэцгийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхээр жолооч Г.*******тай харилцан тохиролцож ачилт хийгдсэн ба Улаанбаатар хотод ирэх үед хэлэлцээг баталгаажуулж гэрээг нөхөж байгуулсан. Цэцэг тээвэрлэх температурын хэм 2-5 хэмд байх талаар болон цэцэг тээврийн хэрэгсэлд ачигдсанаас хойш буюу тээвэрлэлт эхэлснээс хойш хөргүүрийг тогтмол ажиллуулах талаарх заавар, мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр манай байгууллагын ажилтны 94092388 дугаарын утаснаас жолооч Г.Баттулгын дугаарын утсанд залгаж өгсөн байдаг. Ачаа Улаанбаатар хотод 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирж хүлээлцэх үед тээвэрлэгдэн ирсэн цэцэг муудаж, илжирсэн байдалтай байсан ба үүнийг жолооч Г.******* хүлээн зөвшөөрч Ачаа хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулсан. Тээвэрлэж ирсэн цэцэг муудсан шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүйгээс болсон гэж үзэж байгаа цэцгийг тээврийн хэрэгсэлд ачсанаас хойших хугацаа болох 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүд буюу тээвэрлэлт явагдаж байх үед хөргүүр огт ажиллаагүй нь дараах баримтуудаар нотлогддог.

Үүнд: 1. Тээврийн хэрэгслийн бүхээг доторх температур хэмжигчийн мэдээлэл,

2. Илгээгчээс цэцгэн дунд хийсэн температур хэмжигчийн мэдээлэл,

3.Ачаа хүлээлцэх акт зэрэг баримтаар нотлогддог.

Цэцэг муудаж, илжирснээс болж захиалагч Центр ХХК-д 25,508,724 төгрөгийн хохирол учирсан бөгөөд манай байгууллага энэ хохирлыг төлж барагдуулж дууссан. Цэцэг тээвэрлэх явцад тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас тээвэрлэж ирсэн цэцэг муудаж их хэмжээний хохирол учирсан нь бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт явуулсан жолоочийн буруу гэж бид үзэж байгаа бөгөөд энэ хариуцлагыг жолооч хариуцаж бидний хохирлыг барагдуулах нь гэрээгээр хүлээсэн хариуцлага юм.

Тухайлбал гэрээний 5 дугаар зүйлийн 5.8-д Тээвэрлэгч ачаа барааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх бүхий л хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, эвдэрсэн түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хожимдуулсан хариуцлагыг дангаар өөрийн эд хөрөнгөөр хариуцна.

5.12-т Тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч болон бусдад учруулсан хохирлыг өөрийн эд хөрөнгөөр хариуцна.

Мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т ... Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг гэм буруутай тал нь хохирогч талдаа нөхөн төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан байгаа ба эдгээр заалтыг баримтлан хариуцагч учруулсан хохирлыг нөхөн төлөх нь зайлшгүй юм.

Энэ талаар хариуцагч Г.*******тай уулзаж учруулсан хохирлыг хэрхэн барагдуулах талаар хэлэлцэхэд төлөх боломжгүй, шүүхээрээ яв гэдэг хариу өгсөн. Гэвч тухайн асуудлыг эв зүйгээр шийдэх гэж оролдсон боловч хүлээж авахгүй байсан тул гэрээний 8 дугаар зүйлийн 8.3-т заасны дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр ийнхүү хандаж байна. Иймд тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас манай байгууллагад учруулсан хохирол болох 25,508,724 төгрөгийг, шүүхийн тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан өгнө үү. гэжээ.

 

1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага тээвэр зуучлалын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2023 оны 05 сарын 15-ны өдөр ХХК-ийн захиалга бүхий цэцгийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот руу тээвэрлүүлэхээр жолооч Г.*******тай харилцан тохиролцож хэлцэл байгуулсан. Цэцэг тээвэрлэх температурын хэм нь 2-5 хэм байх талаар Г.*******д зааварчилгаа өгсөн байдаг. Ачаа нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод Монгол улсын гаалийн талбайд хүрэлцэн ирж, ачааг хүлээн авахад цэцэг муудсан байсан. Муудсан байсан тул ачаа хүлээлцэх акт үйлдэж, цэцэг муудсан гэдгийг Г.******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Цэцэг муудсан шалтгааныг тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүйгээс болсон гэж үзэж байгаа. Тээврийн хэрэгслийн бүхээг доторх температур, илгээгчээс цэцгэн дунд хийсэн температур хэмжигч мэдээллээс ажиллаагүй гэдэг нь харагддаг. Мөн цэцэг муудаж, илжирснээс болж захиалагч ХХК 25,508,720 төгрөгийн хохирол учирсан. Энэхүү хохирлыг манай ******* ******* ХХК нь ХХК-тай байгуулсан гэрээний 2.1.10-т зааснаар төлж барагдуулсан байдаг.

Иймд өөрсдийн хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Цэцэг тээвэрлэх явцад тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсанаас болж тээвэрлэж ирсэн цэцэг муудсан гэдэг нь Г.*******тай байгуулсан гэрээний 5.8-д энэ хариуцлагыг тодорхой зааж өгсөн байгаа. Мөн гэрээний 5.12-т зааснаар 25,508,720 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.******* нь Сайн Монгол Сервис ХХК-ийн өмчлөлийн олон улсад ачаа бараа тээвэр хийх эрх бүхий улсын дугаартай автомашиныг жолоодож БНХАУ, ОХУ, Монгол улс болон дотооддоо хөдөө орон нутагт ачаа бараа тээвэрлэдэг тээврийн жолооч юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэн Г.*******тай харилцан тохиролцож ачилт хийгдсэн ба Улаанбаатар хотод ирэх үед хэлэлцээг баталгаажуулж гэрээг нөхөж байгуулсан.

Ачаа Улаанбаатар хотод ирж хүлээлцэх үед тээвэрлэгдэн ирсэн цэцэг муудаж, илжирсэн байдалтай байсан ба үүнийг жолооч Г.******* нь хүлээн зөвшөөрч Ачаа хүлээлцэх акт баталгаажуулсан гэж худал бичсэн байна. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ, хүлээлцэх акт зэрэгт гарын үсэг зуруулж аваагүй зөвхөн хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан юм.

Энэ талаараа тайлбарлахдаа таныг манай байгууллагын ажилтан гэж цэцэг тээвэрлүүлсэн байгууллагад хэлж улмаар таны хөлсийг бүрэн авч өгөх учиртай юм тиймээс та эдгээр хоосон цаасанд гарын үсэг зураад үлдээ гэснийх нь дагуу өөрийн гарын үсгээ зурсан байсан.

Энэхүү нөхцөл байдал нь Г.Баттулгыг хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулж авсан, цаашлаад тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох боломжтой юм.

Мөн Иргэний хуулийн 380 дугаар зүйлд тээвэрлэлтийн гэрээний талаар зохицуулж өгсөн бөгөөд 381 дүгээр зүйлийн 381.1 дэх хэсэгт Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй.

Мөн 386 дугаар зүйлийн 386.1-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна..., 386.2-т Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө. гэж зохицуулсныг зөрчсөн юм.

Өөрөөр хэлбэл, Г.*******тай тээвэрлэлтийн гэрээг тухайн үедээ буюу 2023 оны 05 сарын 15-ны өдөр байгуулж байгаагүй. Сүүлд нь буюу 8-р сард тээвэрлэлтийн гэрээ болон Ачаа хүлээлцэх акт гэх бичигт нөхөж хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсантай холбоотой юм. Учир нь Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болон түүнээс өмнө нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай эрх зүйн харилцаанд орж байгаагүй, гэрээ хэлцэл байгуулж байгаагүй болно.

Хариуцагч Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д байсан бөгөөд уг гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй байсан болох нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогдоно. 

Мөн түүнчлэн Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл БНХАУ-д байсан бөгөөд тухайн үед нь олон улсын ачаа тээвэрлэх эрхтэй автомашин байгаа эсэхийг сураглан нэгэн залуу явж байсан. Тухайн залуутай уулзахад нийт 4,500,000 төгрөгөөр тээвэрлүүлэх ачаа байгаа талаар Г.*******д хэлж уг ачааг Монгол улс Улаанбаатар хотод 4,500,000 төгрөгийн хөлстэйгөөр хүргэж өгөхөөр тохиролцсон бөгөөд уг төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

Иймд ******* ******* ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Г.******* нь ******* ******* ХХК-тай 2023 оны 5 сарын 15-ны өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулаагүй, тухайн хугацаанд БНХАУ-д байсан тул гэрээг байгуулаагүй, сүүлд 2023 оны 7 сард нөхөж гарын үсэг зуруулж авч баримт үйлдсэн. Мөн энэ тээвэрлэлтийн хөлс болох 4,500,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байгаа тул 4,500,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Сая 2-5 хэмд байх ёстой гэж тайлбарлаж байх шиг байна, энэ талаар бичгээр болон амаар заавар зааварчилгаа өгч байсан зүйл байхгүй. Мөн Г.Баттулгын буруутай үйлдлээс болж цэцгийг муутгасан мэт тайлбарладаг, Г.Баттулгын ямар буруутай үйлдлийн улмаас муудсан гэдэг нь тодорхой бус. Цэцэг муудсан байсан юм уу, илжирсэн байсан юм уу, цаанаа ХХК-ийн 2023 оны 07 сарын 18-ны өдөр нэхэмжилсэн дүнгээр шууд Г.*******ас шаардаж байгаа бол энэ үндэслэлгүй. Г.Баттулгын буруутай үйлдэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа: ******* Шиппинг ХХК нь Г.*******тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй бөгөөд тэдгээрийн хооронд бичгээр 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан гэх Ачаа тээвэрлэлтийн гэрээ №23/05-ийг байгуулсан гэж тайлбарлаж шүүхэд уг гэрээний дагуу хохирол тооцож 25,508,724 төгрөг шаардсан. 

Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д байсан бөгөөд уг гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй орон зайн хувьд өөр улсад байсан болох нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогдоно. Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан гэрээг нөхөж нэхэмжлэгч байгууллага хийсэн болох нь нотлогдоно. Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ, хүлээлцэх акт зэрэгт гарын үсэг зуруулж аваагүй зөвхөн хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан юм. Энэ талаараа тайлбарлахдаа таныг манай байгууллагын ажилтан гэж цэцэг тээвэрлүүлсэн байгууллагад хэлж улмаар таны хөлсийг бүрэн авч өгөх учиртай юм тиймээс та эдгээр хоосон цаасанд гарын үсэг зураад үлдээ гэснийх нь дагуу өөрийн гарын үсгээ зурсан байсан.

Энэхүү нөхцөл байдал нь Г.Баттулгыг хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулж авсан, цаашлаад тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох боломжтой юм. Мөн ачаа хүлээлцэх үед цэцэг муудсан байсан талаар огт ярьж байгаагүй бөгөөд сүүлд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад нь нэхэмжлэгч байгууллага шүүхэд худал зүйлс хэлж шаардлага гаргаж байгааг ойлгосон. Мөн уг ачааг тээвэрлүүлэхдээ 4,500,000 төгрөгийн хөлс өгөхөөр амаар тохиролцсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч 8000 юаниар ачаа тээвэрлүүлэхээр тохиролцсон хэмээн хуурамч гэрээндээ дурдсан байсан юм.

Эдгээр нөхцөл байдал Иргэний хуулийн 380 дугаар зүйлд тээвэрлэлтийн гэрээний талаар зохицуулж өгсөн бөгөөд 381 дүгээр зүйлийн 380.1 дэх хэсэгт Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй. Мөн 386 дугаар зүйлийн 386.1-т Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна.,

386.2-т Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө. Гэж зохицуулсныг зөрчсөн юм. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-т заасныг зөрчсөн учир талуудын хооронд бичгээр байгуулсан гэх Ачаа тээвэрлэлтийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа юм. Иймд ******* ******* ХХК-иас 4,500,000 төгрөгийг гаргуулж, 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр бичгээр байгуулсан гэх Ачаа тээвэрлэлтийн гэрээ 23/05-ыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан тайлбараа: Сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа, ямар ч байсан гэрээг 7 сард үйлдсэн гэх мэтээр зөндөө олон зүйл ярьж байна. Сая ярьсан зүйлс нь бүгд ор үндэслэлгүй, нотлох баримт байхгүй, зүгээр санаанаасаа зохиосон Г.Баттулгын тайлбарыг дамжуулж хэлж байна гэж үзэж байна, хэлж байгаатай нь холбоотой ямар ч нотлох баримт байхгүй.

7 сард гэрээ байгуулсан гэж байгаа нь огт худлаа. Г.******* нь 2023 оны 5 сарын 19-ний өдөр ачаа бараа хүлээлцсэний дараа цэцэг илжирсэн талаар хүлээн зөвшөөрч ачаа хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Гэрээг нөхөн байгуулсан нь үнэн, үүнд талууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Нөхөж байгуулсан гэдэг нь бол үнэн, гэхдээ 7 сард гэдэг нь худлаа. Ачаа хүлээлцсэний дараа тухайн сардаа манай оффис дээр ирж нөхцөл байдалтай танилцаж, ачаа хүлээлцэх акт, гэрээнд гарын үсэг зураад бүх зүйлээ ойлголцоод явсан байдаг. Тэр битгий хэл сая хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан худал зүйлийг дахин хэлж байна. Энэ бол өмнө нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон зүйл гэж байгаа нь утгагүй зүйл гэж үзэж байна гэв.

 

5. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024.10.21-ний өдрийн 24/21 дугаартай итгэмжлэл, 2023.05.15-ны өдрийн 23/05 дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ, гэрээний хавсралт, Ачаа бараа хүлээлцэх акт, Температур хэмжигчийн мэдээлэл, фото зураг, ХХК-ийн 2023.07.18-ны өдрийн 23/07-05 дугаартай албан бичиг, ХХК-ийн нэхэмжлэх, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг,

 

6. Хариуцагч 2025.01.22-ны өдрийн 0062 дугаартай итгэмжлэл, Иргэний үнэмлэхний хуулбар, 2025.02.17-ны өдрийн хариу тайлбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2025.02.13-ны өдрийн 0239 итгэмжлэл, гадаад паспортын хуулбар, 2025.02.17-ны өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Монголбанкнаас зарласан ханшийн лавлагаа,

 

7. Шүүхийн журмаар зохигчдын хүсэлтээр ХХК болон ******* ******* ХХК-ийн хоорондох Тооцооны үлдэгдлийн баталгаа, Тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ,Төлбөрийн нэхэмжлэл, Англи хэл дээрх төлбөрийн нэхэмжлэл, Монгол экспресс ХХК-ийн 2025.05.15-ны өдрийн 223 дугаартай албан бичиг, Монгол экспресс ХХК-ийн нэвтрэх үнэмлэх зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* Шиппинг ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Г.Баттулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* Шиппинг ХХК нь хариуцагч Г.*******д холбогдуулан 25,508,724 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...Цэцэг тээвэрлэх температурын хэм 2-5 байх ачигдсанаас хойш буюу тээвэрлэлт эхэлснээс хойш хөргүүрийг тогтмол ажиллуулах талаарх заавар, мэдээллийг өгсөн, Улаанбаатар хотод 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирж хүлээлцэх үед тээвэрлэгдэн ирсэн цэцэг муудаж, илжирсэн байдалтай байсан ба үүнийг жолооч Г.******* хүлээн зөвшөөрч Ачаа хүлээлцэх акт үйлдэн баталгаажуулсан.

Тээвэрлэж ирсэн цэцэг муудсан шалтгаан нь тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүйгээс болсон гэж үзэж байгаа цэцгийг тээврийн хэрэгсэлд ачсанаас хойших хугацаа болох 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрүүд буюу тээвэрлэлт явагдаж байх үед хөргүүр огт ажиллаагүй нь баримтуудаар нотлогддог.

Цэцэг муудаж, илжирснээс болж захиалагч Центр ХХК-д 25,508,724 төгрөгийн хохирол учирсан бөгөөд манай байгууллага энэ хохирлыг төлж барагдуулж дууссан. Цэцэг тээвэрлэх явцад тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүй, тээвэрлэлтийн горим алдагдсаны улмаас тээвэрлэж ирсэн цэцэг муудаж их хэмжээний хохирол учирсан нь бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт явуулсан жолоочийн буруу гэж бид үзэж байгаа бөгөөд энэ хариуцлагыг жолооч хариуцаж бидний хохирлыг барагдуулах нь гэрээгээр хүлээсэн хариуцлага юм... гэж тодорхойлсон

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ, хүлээлцэх акт зэрэгт гарын үсэг зуруулж аваагүй зөвхөн хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан юм. Энэ талаараа тайлбарлахдаа таныг манай байгууллагын ажилтан гэж цэцэг тээвэрлүүлсэн байгууллагад хэлж улмаар таны хөлсийг бүрэн авч өгөх учиртай юм тиймээс та эдгээр хоосон цаасанд гарын үсэг зураад үлдээ гэснийх нь дагуу өөрийн гарын үсгээ зурсан байсан.

Энэхүү нөхцөл байдал нь Г.Баттулгыг хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулж авсан, цаашлаад тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох боломжтой юм.

Г.*******тай тээвэрлэлтийн гэрээг тухайн үедээ буюу 2023 оны 05 сарын 15-ны өдөр байгуулж байгаагүй. Сүүлд нь буюу 8-р сард тээвэрлэлтийн гэрээ болон Ачаа хүлээлцэх акт гэх бичигт нөхөж хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсантай холбоотой юм. Учир нь Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр болон түүнээс өмнө нэхэмжлэгч ******* ******* ХХК-тай эрх зүйн харилцаанд орж байгаагүй, гэрээ хэлцэл байгуулж байгаагүй болно.

Хариуцагч Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д байсан бөгөөд уг гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй байсан болох нь түүний гадаад паспортын хуулбараар нотлогдоно... гэж маргажээ. 

 

Хариуцагч Г.******* нь нэхэмжлэгч ******* Шиппинг ХХК-д холбогдуулан 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тээврийн хөлс 4,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.******* нь 2023 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд БНХАУ-д байсан бөгөөд уг гэрээ хэлцлийг байгуулах боломжгүй, түүний гадаад паспортын хуулбараар нотлогдоно.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээг нөхөж нэхэмжлэгч байгууллага хийсэн болох нь нотлогдоно.

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээ, хүлээлцэх акт зэрэгт гарын үсэг зуруулж аваагүй зөвхөн хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан юм.

Энэ талаараа тайлбарлахдаа таныг манай байгууллагын ажилтан гэж цэцэг тээвэрлүүлсэн байгууллагад хэлж улмаар таны хөлсийг бүрэн авч өгөх учиртай юм тиймээс та эдгээр хоосон цаасанд гарын үсэг зураад үлдээ гэснийх нь дагуу өөрийн гарын үсгээ зурсан байсан.

Энэхүү нөхцөл байдал нь Г.Баттулгыг хууран мэхэлж гарын үсгийг нь зуруулж авсан, цаашлаад тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох боломжтой юм.

Мөн ачаа хүлээлцэх үед цэцэг муудсан байсан талаар огт ярьж байгаагүй, ачааг тээвэрлүүлэхдээ 4,500,000 төгрөгийн хөлс өгөхөөр амаар тохиролцсон бөгөөд үүнийг нэхэмжлэгч байгууллага хүлээн зөвшөөрч 8000 юаниар ачаа тээвэрлүүлэхээр тохиролцсон хэмээн хуурамч гэрээндээ дурдсан байсан юм.

Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-т заасан зохицуулсныг зөрчсөн.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг зөрчсөн учир талуудын хооронд бичгээр байгуулсан гэх Ачаа тээвэрлэлтийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл... гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ ...7 сард гэрээ байгуулсан гэж байгаа нь огт худлаа. Г.******* нь 2023 оны 5 сарын 19-ний өдөр ачаа бараа хүлээлцсэний дараа цэцэг илжирсэн талаар хүлээн зөвшөөрч ачаа хүлээлцэх актад гарын үсэг зурсан. Гэрээг нөхөн байгуулсан нь үнэн, үүнд талууд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа. Нөхөж байгуулсан гэдэг нь бол үнэн, гэхдээ 7 сард гэдэг нь худлаа.

Ачаа хүлээлцсэний дараа тухайн сардаа манай оффис дээр ирж нөхцөл байдалтай танилцаж, ачаа хүлээлцэх акт, гэрээнд гарын үсэг зураад бүх зүйлээ ойлголцоод явсан байдаг. Тэр битгий хэл сая хоосон цаасан дээр гарын үсэг зуруулсан гэх өмнөх шүүх хуралдаанд хэлж байсан худал зүйлийг дахин хэлж байна. Энэ бол өмнө нь шүүх шинжилгээгээр тогтоогдсон зүйл гэж байгаа нь утгагүй зүйл гэж үзэж байна гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэл болон татгалзлын үндэслэлийг нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* ХХК болон Г.******* нарын хооронд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 23/05 дугаартай Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр тээвэрлүүлэгчийн даалгаврын дагуу ачаа, барааг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот дахь Монгол Экспресс Гаалийн хяналтын талбай хүртэл 3-4 хоногт буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 25,508,724 төгрөгийн үнэ бүхий 1824 кг, 23 хайрцаг Амьд цэцэг тээвэрлэж, 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэж өгөх, тээвэрлэлтийн хөлс нь 8000 юаньтай тэнцэх төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ, гэрээний хавсралт захиалгын хуудас болон зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1-д Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ., 381 дүгээр зүйлийн 381.1-д Зорчигч буюу ачаа, тээш тээвэрлэхийг нийтэд санал болгож байгаа этгээд нь зайлшгүй татгалзах үндэслэл байхгүй бол тээвэрлэлтийн гэрээг заавал байгуулах үүрэгтэй., 386 дугаар зүйлийн 386.1-д Ачаа тээвэрлэлтийн гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулна., 386 дугаар зүйлийн 386.2-т Дагалдах бичгийг гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж эхний хувийг ачаа илгээгчид үлдээж, хоёр дахь хувийг ачаанд хавсаргаж, гурав дахь хувийг тээвэрлэгчид өгнө., 386 дугаар зүйлийн 386.4-т Дагалдах бичиггүй, түүнийг дутагдалтай үйлдсэн, эсхүл үрэгдүүлснээс үл хамааран энэ бүлгийн холбогдох заалт тээвэрлэлтийн гэрээний агуулга, хүчинтэй байх нөхцөлд нэгэн адил хамаарна. гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д Тээвэрлэгч нь энэхүү гэрээтэй цахим хэлбэр /Wechat, Viber, Whats up, Facebook/-ээр танилцаж, хүлээн зөвшөөрснөө чат, мессеж хэлбэрээр илэрхийлснээр хүчин төгөлдөр болно. гэж тохиролцжээ.

 

Хэдийгээр талууд гэрээнд тусгагдсан огноогоор буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэрээ байгуулаагүй талаар тайлбарлаж, маргах боловч хожим гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч тал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 381 дүгээр зүйлийн 381.1, 386 дугаар зүйлийн 386.1, 386.2-т заасан зохицуулалтыг зөрчсөн, хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан гэж маргасан.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг заасан ба хууль зөрчсөн гэдэг нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Хууль зөрсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлэх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь уг зохицуулалтад нийцэхгүй байхыг ойлгоно.

 

Хариуцагч тал Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл буюу хууль журам зөрчсөн гэж тайлбарлах боловч энэ байдал баримтаар тогтоодохгүй байхаас гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан утга агуулгаар хууль зөрчсөн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заажээ.

 

Зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэдэгт тухайн хэлцлийг хийхэд тодорхой этгээдийн зөвшөөрлийг авах хуулиар тогтоосон шаардлага зөрчигдсөн байхыг ойлгох бөгөөд уг хэлцэлд Иргэний хуулийн 50 дугаар зүйлийн зохицуулалт хамаарах бөгөөд зөвшөөрлөөр хийх хэлцэл буюу зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж заасан бөгөөд хууран мэхлэх замаар хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход мөн хуулийн 59 дүгээр зүйлд заасан Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн гэх үндэслэлийг заасан байх бөгөөд хууран мэхэлж хэлцлийг хийсэн гэх шаардлагаа хариуцагч Г.******* нотлоогүй болно.

 

Хариуцагч тал дээрх ачаа бараа хүлээлцэх акт гэх бичигт Г.*******ар нөхөж хоосон цаасанд гарын үсэг зуруулж авсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримтаар нотлоогүй, харин гарын үсэг зурсан талаар маргаагүй.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь тээвэрлэлтийн гэрээ буюу ачаа тээвэрлэлтийн гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан тээвэрлэлтийн гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний агуулга, мөн гэрээний зүйл болох объект зэргийг харгалзан гэрээ нь Иргэний хуулийг зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй хэлцэл гэж үзэхээргүй байна.

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ,

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан,

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талуудын хооронд хийгдсэн хэлцлийн агуулгаас үзэхэд зохигчдын тохиролцоог хууль зөрчсөн, хуулийн шаардлага хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, тээвэрлэлтийн гэрээнд талууд хожим гарын үсэг зурсан боловч гэрээнд заасан ачаа болох амьд цэцгийг БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот дахь Монгол Экспресс Гаалийн хяналтын талбайд гэрээний дагуу ачааг тээвэрлэсэн талаар талууд маргаагүй байх бөгөөд дээрх талуудын хооронд үүссэн харилцаа нь тээвэрлэлтийг гэрээний харилцаанд хамаарах ба хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, тээвэрлэгч нь ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан эсэх, ачаа илжирч муудсанд тээвэрлэгч буруутай эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Тээвэрлэгч Г.******* нь улсын дугаартай тээврийн хэрэгслээр 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот дахь Монгол Экспресс Гаалийн хяналтын талбайд 1824 кг 23 хайрцаг 25,508,724 төгрөгийн үнэ бүхий амьд цэцгийг тээвэрлүүлэгч ******* ******* ХХК-д хүлээлгэж өгсөн болох нь 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Ачаа бараа хүлээлцэх акт, Yunnan Qichen Flower ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн төлбөрийн нэхэмжлэл, Монгол экспресс ХХК-ийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 223 дугаар албан бичиг, нэвтрэх №0963 дугаартай үнэлэх зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т Тээвэрлүүлэгч ачааг ачихын өмнө тээвэрлэгчид ачилтын заавар мэдээлэл, хөргүүрийн температурын мэдээлэл, ачаа буух хаяг зэргийг үнэн зөв өгөх үүрэгтэй,

4.4-т Ачааг зохих газарт хүргэж, хүлээлгэн өгөх үед хүлээн авагч нь ачааг хүлээн авсны баталгаа болгож тээвэрлүүлэгчээс дагалдах бичгийн 2 дахь хувийг шаардан авах,

4.5-д Талууд ачаа барааг хүлээлцэх үед ачаа, барааг хамтран шалгасан боловч тухайн үед нуугдмал, эвдрэл, гэмтлийг нь илрүүлж чадаагүй бол ажлын 7 хоногийн дотор шалгасан үр дүнгийн талаар нотолгоо гаргаж тээвэрлэгч талаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг шаардах эрхтэй,

5.4-т Тусгай температурт тээвэрлэх ачаанд тээвэрлүүлэгчээс өгсөн мэдээллийн дагуу хөргүүрийн мэдээлэл, хянах самбарыг зураг бичлэгээр үнэн зөв өгөх үүрэгтэй,

5.5-т Тээвэрлэгч нь ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслээр ачаа барааг тээвэрлэх, ачаа барааг тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн зохих стандарт нөхцлийг хангасан эвдрэлгүй тээврийн хэрэгслээр ачаа барааг тээвэрлэх үүрэгтэй,

5.8-д Тээвэрлэгч нь ачаа барааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх бүхий л хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, эвдэрсэн түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хожимдуулсан хариуцлагыг дангаар өөрийн эд хөрөнгөөр хариуцна,

5.12-т Тээвэрлэгч нь тээвэрлүүлэгч болон бусдад учруулсан хохирлыг өөрийн эд хөрөнгөөр хариуцна, 5.13-т Ачаанд илт доголдол гарсан бол тээвэрлэгч тухайн хохирлыг 100 хувь төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан гэрээний хавсралт буюу захиалгын хуудсаар 1824 кг, 23 хайрцаг Амьд цэцэг /барааны үнэ 25,508,724 төгрөг/-ийг Эрээн-Замын-Үүд-Улаанбаатарт Монгол Экспресс дахь гаалийн хяналтын бүст 3-4 өдөрт хүргэх, төлбөрийг Эрээн дэх төлөөлөгчөөс 4000 юань бэлнээр, ачаа хүлээн авсны дараа 4000 юаньтай тэнцэх төгрөгийг төлөхөөр тохиролцсон, тухайн амьд цэцгийг Г.******* тээвэрлэсэн болох нь тогтоогдохоос гадна Ачаа бараа хүлээлцэх 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн актад бичигдсэн тайлбараар 1824 кг Амьд цэцэг илжирсэн, 17130 ширхэг цэцэг илжирч муудан ашиглах, худалдаалах боломжгүй болсон ХХК-иас 25,508,724 төгрөг хохирол барагдуулахаар нэхэмжилсэн нь уг баримтаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хувьд амьд цэцэг захиалсан ХХК-д илжирч муудсан цэцгийн үнэ болох 25,508,724 төгрөгийг нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлж дуусгавар болсон болох нь хэрэгт авагдсан ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаагаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан тул нэхэмжлэгч ачаа гэмтсэнээс буюу амьд цэцэг илжирч, муудсанаас учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч амьд цэцэг илжирч муудсантай холбоотойгоор ХХК-д төлбөрийг төлсөн байх бөгөөд тээвэрлэсэн бүтээгдэхүүн муудсанаас учирсан хохирлыг нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй гэж шүүх үзсэн.

 

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1-д Тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна., 393 дугаар зүйлийн 393.3-т Тээвэрлэгч өөрийн буруугаас хохирол учруулсан бол түүний хүлээх хариуцлагыг хязгаарласан буюу нотлох үүргээс чөлөөлсөн энэ бүлэгт заасан журам хамаарахгүй., 393.6-д энэ хуулийн 393.4-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

 

Ачаа ачсан тээврийн хэрэгслийн хөргүүр ажиллаагүй талаар нэхэмжлэгч тайлбарлах бөгөөд ачааг гэрээнийн 5.4-т зааснаар тусгай температурт тээвэрлэх ачаанд тээвэрлүүлэгчээс өгсөн мэдээллийн дагуу хөргүүрийн мэдээлэл, хянах самбарыг зураг бичлэгээр үнэн зөв өгөх үүрэгтэй талаар тохиролцсон болох нь тогтоогдож байх тул тээвэрлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн, гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Г.******* гэрээнд заасан хугацаанд ачаа бараа болох амьд цэцгийг тээвэрлэсэн байх бөгөөд гэрээнд зааснаар тээврийн хөлс гэрээний 3.1, 3.2, захиалгын хуудсаар тээвэрлэлтийн хөлс болох 8000 юанийг нэхэмжлэгч тал төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул Монгол банкны тухайн өдрийн ханшаар нэг юанийг 498.16 төгрөгөөр тооцож 3,985,280 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас гаргуулж, хариуцагч Г.*******д олгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр ачаа болох амьд цэцэг хөргүүрийн хэвийн бус байдлаас болж гэмтсэн байх тул хариуцагч Г.*******ас 25,508,724 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас тээврийн хөлс 8000 юань буюу 3,985,280 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас гаргуулж, хариуцагч Г.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болон 514,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1, 386 дугаар зүйлийн 386.1, 393 дугаар зүйлийн 393.1-д заасныг баримтлан хариуцагч Г.*******ас 25,508,724 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 59.1, 380 дугаар зүйлийн 380.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 3,985,280 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.*******д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Ачаа тээвэрлэлтийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах болон 514,720 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285,493 төгрөг, хариуцагч Г.Баттулгын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 173,900 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******ас 285,493 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэгч ******* ******* ХХК-иас 78,714 төгрөг гаргуулж, хариуцагч Г.*******д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС