Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2018/ШЦТ/171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Энхболд

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-, Д.Б- нарт холбогдох эрүүгийн 1838003320144 дугаартай хэргийг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ж.Б-,

Монгол улсын иргэн, Д.Б-,

Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-ийн эзэмшлийн "Есөн-Эрдэнэ” нэртэй дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 287.600 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар ... тоотод оршин суух иргэн Б.М-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн С.Н-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Ж.Б-, Д.Б- нар нь 2018 оны 05 дугаар сарын 12- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ө.П-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн Г.Д-ийн эзэмшлийн "Есөн-Эрдэнэ” нэртэй дэлгүүрийн хаалгаар нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 287.600 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар ... тоотод оршин суух иргэн Б.М-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод оршин суух иргэн С.Н-гийн байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 190.000 /нэг зуун ерин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нар нь 2018 оны 05 дугаар сарын 12- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод оршин суух иргэн Ө.П-ын байшинд нэвтрэн эд хөрөнгө хулгайлж 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … 2018 оны 04 сарын 21-ний өдөр би зах дээр архи ууж явж байгаад 15 цагийн үед 2 дугаар хороонд байдаг, зүс таних Санжмятав гэдэг айлд очихоор явсан. Санжмятавын гэрт нь очсон чинь гэр нь эзэнгүй байхаар нь хашааных нь үүднээс буцсан. Тэднийхээс буцаад явж байгаад Есөн-Эрдэнэ дэлгүүрийн хаалга цоожтой байхаар нь ормоор санагдаад гадна талын хаалганых нь цоожийг төмрөөр эвдэлж дотогшоо ороод дотор талынх нь хаалганы самбарыг эвдсэн. Тэгээд дотогшоо ороод парламент, ченж эссэ, зүгээр эссэ зэрэг 5-6 төрлийн тамхи, хар чингис нэртэй хоёр шил архи аваад буцаад хаалгаар нь гараад шууд зах руу явсан. Зах дээр очоод авсан хоёр архиа уусан, тамхинуудаа тэр хавийн архи уудаг хүмүүст тараагаад дуусгасан ... би эхнэрийнхээ сүүлд суусан нөхрийг харах санаатай очоод байхгүй болохоор цонхыг нь хагалж ороод хулгай хийсэн. ... би авсан зүйлсээ бариад явж байгаад Отгонбатад баригдсан, Отгонбатын авч явсан зүйлүүд л байгаа. ... 2018 оны 5 дугаар сарын 12 нд билүү 13-ны өдөр би 16 цагийн үед би зах дээр очоод Д.Б-тэй тааралдсан. Тэгэхэд Д.Б- согтуу байсан, би ч гэсэн согтуу байсан. Д.Б-тэй тааралдахад Д.Б-: 10 дугаар хороо руу алхаад явж байтал 11 дүгээр хороонд Д.Б- нэг айлын хашаа руу хаалгаар нь яваад орсон. Би хашааны гадаа хүлээгээд байж байтал Д.Б- нэг ширхэг зурагт, нэг ширхэг 10-тын бидон бариад гараад ирсэн. Бид хоёр тэр айлын хашааны тэнд байж байтал цагдаа ирээд бид хоёрыг барьсан... Д.Б- бид хоёр алхаж явахдаа архи авч уух юм яриад явж байсан. Д.Б- яагаад тэр айл руу орсон гэдгийг нь мэдэхгүй байна. Дуугүй алхаж яваад л тэр айлын хашаа руу орсон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 128 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: … 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр би захын тэнд Ж.Б-тай хамт архи уусан юм. Бид хоёр архи ууж байгаад захаас гарсан. Би Ж.Б-д: Манай дүүгийнд очиж мөнгө авъя гэж хэлээд дагуулаад 3 дугаар хорооны тийшээ явж байсан. Тэгээд юу хийж яваад Ө.П-ын гэрт очсон гэдгээ мэдэхгүй байна. Тэднийд байшингийн цонхыг нь хагалаад дотогшоо ороод нэг ширхэг хавтгай зурагт, 10 литрийн бидон аваад гарч ирсэн. Тэр айлаасаа гарч ирээд хашааны үүдэн дээр очоод цагдаад баригдсан..... гэх мэдүүлэг /хх-ийн 132 дугаар хуудас/,

Хохирогч Г.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Манайх Мөрөн сумын 3-... тоотод байдаг би 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хот явсан юм. Би хашаан дотроо “Есөн Эрдэнэ” нэртэй жижиг хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. Намайг хотод байхад дэлгүүр лүү маань хулгай орсныг 2018 оны 04 дүгээр сарын 21- ний өглөө охин Баясгалан надад утсаар хэлээд би хотоос ирлээ... гэх мэдүүлэг, /хх-ийн 44-48-р хуудас/,

Хохирогч Б.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагт би гэртээ очоод эргэж гараад 17 цаг 40 минут болж байхад гэртээ ирэхэд манай байшингийн хойд цонхыг хагалаад хойд өрөөнд байсан 32 инчийн хар өнгийн Самсунг маркийн зурагт алга болсон байсан. Мөн манай байшингийн вакум цонхыг хагалсан байсан би 20.000 төгрөгөөр шиллүүлсэн. Хулгайд алдсан зурагтаа авсан байгаа. Одоо цонхоо шилжүүлсэн мөнгөө нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 51-55-р хуудас/,

Хохирогч С.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2018 оны 05 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 25 минутын үед манай дүү С.Отгонбат миний утас руу залгаад та хаана байгаа юм бэ гэхээр нь би урд байранд байна гэсэн чинь таны гэрийн гэрэл асаад унтарчихлаа гэсэн би ороод үзээч гэсэн тэгтэл манай дүү би айгаад байна цагдаа дуудчих уу гэхлээр нь тэг тэг гэсэн тэгээд л цагдаа дуудсан. Удаагүй 10 гаран минут болоод байж байтал дүү маань дахин залгаад цагдаа дуудчихлаа урд талын гудамжинд хулгайч нь явж байхад нь барьж авлаа гэсэн. Тэгээд ямар хүн байна гэсэн чинь Ж.Б- байна гэсэн. Тэгээд манай дүү машиндаа суулгаж байгаад цагдаа нарыг ирэхэд өгөөд явуулсан байсан гэх мэдүүлэг, / хх- ийн 59-63-р хуудас/,

Хохирогч Ө.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Манайх одоогийн амьдарч байгаа хашаа байшингаа худалдаж аваад удаагүй байгаа юм. Сүүлийн хэдэн өдөр эзэнгүй байсан, наашаа цаашаа явж эргэж тойрдог байсан. Тэгсэн харин 5 дугаар сарын 12-ны өдөр байж байтал эгч Баярмаа надруу залгаад танай гэрт хулгай орсон байна гэнэ танай хажуу талын айл цагдаад дуудлага өгсөн байна гэхээр нь гэрт очтол манай байшингийн цонхыг хагалсан байсан. 42 инчийн зурагт, 10 литрийн бидон зэрэг зүйлүүд алдагдсан байна. Алдагдсан зурагт, бидон хоёроо эргүүлж авсан. Мөн манай байшингийн вакум цонхыг хагалсан байсан... гэх мэдүүлэг / хх- ийн 66-69-р хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Манай аавынх үзүүрийн хашаа хашаандаа Есөн-Эрдэнэ гэсэн хүнсний дэлгүүр ажиллуулдаг. Өнөө өглөө босоход дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэж хулгай орсон байна гэх мэдүүлэг /хх-ийн 70-71 дүгээр хуудас/,

Гэрч О.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 17 цагийн үед ажил дээрээ байж байтал өөрийгөө Энхбаатар гэж танилцуулсан барзгар хар царайтай, нэг нүд нь солир гэмээр нэг ах орж ирээд зурагт зарах гэсэн юм яаралтай мөнгөний хэрэг болоод байна чи сэлбэгэнд ч хамаагүй авчхаач гээд гуйгаад байхаар нь бичиг бичүүлээд өөрөөр нь гарын үсэг зуруулаад 30.000 төгрөгөөр тэр зурагтыг нь сэлбэгэнд худалдаж авсан. Тэр хүн мөнгөө аваад яваад өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Гэрч С.О-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:…2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө гэртээ байж байгаа л шөнийн 00 цаг 20 минут болж байхад бие засахаар гэрээсээ гарсан чинь манай урд талын хашаа буюу 12-... тоотод байдаг эгч С.Н-гийн байшингийн гэрэл асаалттай харагдахаар нь эгч рүүгээ утсаар залгаад та гэртээ ирсэн юмуу танай гэрэл асаалттай байна ш дээ гэсэн чинь эгч би гэртээ очоогүй гэхээр нь шууд цагдаагийн газарт дуудлага өгөөд манай урд талын эзэнгүй байшингийн гэрэл асаалттай байна энэ байшинд хүн байдаггүй юм хулгай орсон юм шиг байна гэж дуудлага өгсөн. Тэгээд зогсож байтал урд талын гудамжинд нохой хуцаад байхаар нь хүн нь урагшаа хашаа даваад гарсан юм байна гэж бодоод хашаандаа байсан машинаа асааж гараад гудамжны урдуур тойроод гэрэл тусгаад явж байсан чинь 12-03-02 тоотын үүдэнд Ж.Б- тортой юм барьсан явж байсан. Тэгэхээр нь барьж аваад цагдаа руу авч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар хуудас/,

Гэрч Ж.Л-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:… гэрт танихгүй залуу орж ирээд айл асуусан би ч байгаа байдлыг хараад бүтэхгүй нөхөр байна даа гэдгийг нь гадарласан. Тэгээд 30 гаран минутын дараа гадагшаа гарсан чинь зүүн талын айлын байшингийн цонхоор нэг нөхөр нь телевизор гаргаад ирсэн тэрийг хараад би хулгай хийж байна гэдгийг мэдээд хөөе болиоч гэсэн зурагтаа тавиад хашааны хаалгаар гараад явчихсан. Тэгтэл нөгөө айлаас дахиад нэг нөхөр 10-тын бидон бариад цонхоор гараад ирэхээр нь би дахиад хашхираад хөөе болиоч гэсэн чинь бидоноо орхичхоод хашааны хаалгаар гараад явсан.... Тэгсэн тэр хоёр намайг тагнаад байгааг мэдэхгүй надаас таксинд явах уу гэж асуухаар нь би үгүй гэж хэлээд хаашаа явахыг нь хараад байж байтал Мишээл дэлгүүрийн урд талын гудамж руу орсон энэ үед цагдаа нар ирээд би нөгөө хоёр залууг зааж өгөөд цагдаа нар очиж барьж авсан гэх мэдүүлэг /хх-ийн 80-82 дүгээр хуудас/,

Гэрч Р.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн : …орой 20 цагийн орчим байж байхад жижүүрийн утсанд айлаас хүмүүс хулгай хийгээд байна хүмүүсийг нь дагаад явж байна гэсэн дуудлагын дагуу хулгай хийсэн хүмүүс байна гэх газарт очиход Мишээл дэлгүүрийн урд талын гудманд Д.Б-, Ж.Б- хоёр хар өнгийн ЛСД зурагт, 10 литрийн бидон барьчихсан явж байсныг барьж авсан. Тэгээд тэндээс шууд цагдаа дээр авчирч согтуурлын зэргийг шалгаж согтуу байсан тул эрүүлжүүлсэн ... гэх мэдүүлэг /хх-ийн 83-84 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.04.25-ны өдрийн 46 дугаартай криминалистикийн шинжээчийн: ... Мөрөн сумын 5-6-8 тоот хашаанаас илрүүлэн бэхжүүлсэн гутлын улны мөр нь Мөрөн сумын 5-6-6 тоот хашаанд байх гутлын мөртэй 1 гутлаар үүсгэгдсэн мөр байна. ...хэргийн газраас гэрэл зургаар бэхжүүлсэн, шинжилгээнд тэнцсэн гутлын улны мөр нь Ж.Б-аас хураан авсан гэх зүүн хөлийн гутлын улны мөртэй тохирно... гэх дүгнэлт /хх-ийн 102-104 дүгээр хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018.05.17-ны өдрийн 51 дугаартай криминалистикийн шинжээчийн: Шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрүүд нь харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гутлын улны мөрүүдтэй ерөнхий шинж, тэмдэгээрээ тохирч байна нэх дүгнэлт /хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх баримтууд 144-157 дугаар хуудас/, Хөрөнгө үнэлсэн тайлан /-ийн 94, 98,113 дугаар хуудас/, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 19-29, 33-36, 39-40 дүгээр хуудас/,

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Ж.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч Г.Д-ийн үйл ажиллагаа явуулах зориулалттай "Есөн-Эрдэнэ” дэлгүүрт нэвтэрч, эд хөрөнгө хулгайлан 287.600 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжлүүлэн 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар ... тоотод байрлах хохирогч Б.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 340.000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн ... тоотод байрлах хохирогч С.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан190.000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нар нь бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 12- ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн ... тоотод байрлах Ө.ПүрэвОчирын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлан 565.000 /таван зуун жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хэрэгт тусгагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийг нотлох баримтаар тооцсон болно.

Иймд шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарыг үйл ажиллагаа явуулах, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн зүйлчлэл зөв байна. Шүүгдэгч Ж.Б- нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 13 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналтын хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11 сар 25 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоох, Мөн шүүгдэгч Д.Б- нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдаж, хяналтын хугацаанд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б-гийн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 10 сар 24 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлын зарим хэсгийг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, бүлэглэж үйлдсэнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл үнэлсэн тайланг үндэслэн шүүгдэгч Ж.Б-аас 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, 90.000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Н-д, 287.600 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-ид, 20.000 /хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ө.П-т, шүүгдэгч Д.Б-гээс 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.П-т тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр байх боловч шүүгдэгч Ж.Б- нь ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрүүл мэндийн байдлаас группд байдаг хувийн байдал, Шүүгдэгч Д.Б-гийн ам бүл 1, 53 настай, ганцаараа амьдардаг, хувийн байдал, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг, шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 50/ тавь/ хоногийг, шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 50/ тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ыг 2 /хоёр/ жил, 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-г 2 /хоёр/ жил, 1/ нэг / сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Б-ы 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 11/арван нэгэн/ сар, 25/хорин тав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 / хоёр / жил, 3/ гурав/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3/гурав/ жил, 2/хоёр/ сар, 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Д.Б-гийн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 10/арван / сар, 24/хорин дөрөв/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 / хоёр / жил, 1/ нэг/ сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2/хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 24/хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д оногдуулсан 3/гурав/ жил, 2/хоёр/ сар, 25/хорин тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2/хоёр/ жил, 11 /арван нэг/ сар, 24/хорин дөрөв/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ы цагдан хоригдсон 50/ тавь/ хоногийг, шүүгдэгч Д.Б-гийн цагдан хоригдсон 50/ тавь/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-аас 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.М-д, 90.000 /ерэн мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Н-д, 287.600 /хоёр зуун наян долоон мянга зургаан зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Д-ид, 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.П-т, шүүгдэгч Д.Б-гээс 20.000 /хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ө.П-т тус тус олгосугай.

7. Эрүүгийн 1838003320144 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-, Д.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 М.ЭРДЭНЭ-ОЧИР