| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0169/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/175 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунням,
Шүүгдэгч Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-од холбогдох эрүүгийн 1838003160229 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Л.Б-,
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд иргэн Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтуурсан үедээ хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой 22 цагийн хавьцаа байх В.Г-ийн гэрт ороход В.Г- орондоо орсон бас нэг ахын хамт байж байсан. В.Г- орныхоо араас нэг том пиво гаргаж ирээд задлаад байж байхад гаднаас Батаа ах В.Г-ийн гэрт орж ирсэн. Тэгээд Батаа ах над руу дайраад намайг ална чамайг хутгална гээд мөн намайг заамдаж авчихаад тавихгүй байсан би бас заамдсан байсан тэгэхээр би хавсарч унагаад унахаар нь би заамдсан байсан гараараа нүүр хэсэг рүү түлхсэн юм. Тэгээд бид хоёр салаад би гэр лүү орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
Хохирогч Д.Б-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой 19 цагийн үед сумын төвд гэртээ адууныхаа тэжээл энэ тэрийг өгч байхдаа гэртээ ганцаараа 0,5 граммтай “Далай ээж” гээд архи уусан. Тэгээд оройн 22 цагийн үед гэрээсээ гараад Хаан банкны манаач залуу Ганаангийнд очсон. Ганаагийн гэрт ороход Болдоо гээд зүс таних залуу гэрийн эзэн Ганаа, бас нэг танихгүй залуу энэ гурав байсан. Тэгсэн Болдоо согтуу байсан над руу та морь уначихаад томроод байсан одоо над руу томрооч гээд агсраад байсан. Тэгэхээр нь би айлын гэрт хэрүүл маргаан үүсгээд яах вэ гэрээс гараад уулзъя гэсэн. Тэгсэн Ганаа та хоёр гэрээс гарч хэрүүлээ хийгээрэй гэж байсан. Тэгээд гэрээс хаалгаар гарахад Болдоо одоо надад томор гээд миний шилэн хүзүү рүү араас цохисон. Би тухайн үед цохигдоод газар унасан тэгсэн миний баруун талын нүд рүү нэг удаа цохисон. Тэгээд би хэсэг зуур ухаан балартсан байсан. Тэгээд босож ирэхэд нүүр ам нэлэнхийдээ цус болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
Гэрч Д.П-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой 18 цагт ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ хариад хоолоо хийж идчихээд унтаж байсан чинь гэрийн хаалга Батаа ах онгойлгоод ах нь хүнд зодуулчихлаа цагдаа дуудаад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би та ороод ирээч гэсэн чинь орж ирсэн чинь манай ахын нүүр нийтдээ цусанд хутгалдчихсан нэг нүд нь тагларчихсан байсан. Би тэгэхээр нь наад нүүр гараа угаагаач хүүхэд айлгачихна гээд би ойртоод ирэхээр нь үнэрлэж үзэхэд архи үнэртэж байсан. Тэгэхээр нь та архи уусан байна ш дээ юун цагдаа дуудах одоо унт гэсэн чинь Батаа ах нөгөө талын орон дээр за за гээд унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,
Гэрч В.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 04 дүгээр сарын 13-ны орой гэртээ орондоо орчихсон унтах гэж байхад гаднаас манай сумын таньдаг залуу болох Л.Б- согтуу орж ирсэн. Л.Б-ыг манайд орж ирээд удаагүй байхад араас нь Наг Батаа гээд ах бас согтуу орж ирсэн. Тэгсэн хоёулаа манайд орж ирээд хэрэлдээд маргалдаад байсан. Тэгэхээр нь би гэрээс гараарай гэрт хэрэлдэхгүй шүү гэж хэлэхэд тэр хоёр манайхаас гарсан. Гараад гэрийн гадаа том том дуугаралцаад хэрэлдээд байсан. Би орондоо орсон байсан болохоор гараагүй. Тэгээд 10 гаран минутын дараа Л.Б- манайд буцаж орж ирсэн. Орж ирээд Батаа ахыг ганц хоёр цохичихсон чинь намайг цагдаад өгнө гээд явчихлаа одоо яадаг юм байгаан гэж байсан. Тэгээд Л.Б- бид хоёр манайд байсан тал пивийг хувааж уучихаад унтсан. Тэгээд Л.Б- маргааш өглөө нь босоод явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 202 дугаартай: 1. Б.Б-ны биед хамрын ясны хугарал, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоолдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3 Дээрх гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндэд түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй ” гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/ зэргээр нотлогдов.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Л.Б- нь 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд согтуурсан үедээ хохирогч Д.Б-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Д.Б-, гэрч Д.П-, В.Г- нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч Л.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Л.Б- гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Л.Б-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.
Шүүгдэгчийн ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, түүний хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулах торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна. Хохирогч Д.Б- нь шүүгдэгч Л.Б-оос эмчилгээний зардал, унааны зардал нэхэмжилнэ гэх боловч нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул хохирлын тооцоо хийх боломжгүй, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь эмчилгээний, унааны зардал болох хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн 1838003160229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш-д овогт Л-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн
хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Л.Б-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000
/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч
Л.Б-д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу
450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6/зургаа/ сарын
хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтооусгай.
4.Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол
шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5.Эрүүгийн 1838003160229 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй,
бусдад төлөх төлбөргүй болохыг, хохирогч нь эмчилгээний болон унааны зардал
болох хохирлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс
нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж
заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг
түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч
Л.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг
хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1,
38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас
хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн
өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд
шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ
М.ЭРДЭНЭ-ОЧИР