Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/04

 

 

 

 

 

 

 

 

2025          01            23                                                   2025/ДШМ/04

 

 

                                                Б.Б-т холбогдох эрүүгийн

                                                                хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч А.Цэрэнханд, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

               Прокурор Б.Түмэндэмбэрэл

               Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Ж.Нарантуяа

               Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

         Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1059 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч Төв аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 тоот эсэргүүцлээр Б.Б-т холбогдох эрүүгийн 2334003090138 дугаар бүхий 2 хавтас хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, … оны 12 дугаар сарын 16-нд ... аймгийн ... суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, ... аймгийн ... сумын 1 дүгээр багийн 8-07 тоотод оршин суух хаягтай, Б овогт Б Б, регистрийн дугаар:

Б.Б нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ...дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн боловсролын “Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл - аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр,

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллахдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн прокурорын газраас Б.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: 1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

Мөн хуулийн 5 дахь хэсэгт заасан “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Хоёрдугаар хавтас хэргийн 82-89 дүгээр талд авагдсан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №340 дугаартай яллах дүгнэлт авагдсан байх ба яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол” хохирлын тооцоог хүснэгтээр хавсаргав гэсэн нь ойлгомжгүй.

Яллах дүгнэлт үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ” гэж, 

Мөн хуулийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээд нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, эсхүл түүний учруулсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хариуцвал зохих этгээдэд холбогдуулан иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд тэрхүү нэхэмжлэлийг шүүх уг хэргийн хамт хянан шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Нэгдүгээр хавтас хэргийн 21 дүгээр талд 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ... аймгийн Цагдаагийн газрын “М-1651 дугаартай гомдол мэдээлэлд танай байгууллагаас иргэний нэхэмжлэгч томилж хамтран ажиллана уу гэх” албан тоотыг ... Аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ...д хүргүүлсэн байна.

Нэгдүгээр хавтас хэргийн 22 дугаар талд ... Аймгийн Нийгмийн даалтгалын хэлтсийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №193 дугаартай албан бичигт “Иргэний нэхэмжлэгчээр тус хэлтсийн дарга ... миний бие төлөөлөн оролцож, хамтран ажиллах болно” гэх хариуг хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан байна.

 Уг хэрэгт ... аймгийн Нийгмийн даалтгалын хэлтсийн дарга -иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй байх бөгөөд иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох.

3. Мөн дээрх хэрэгт асуувал зохих ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх ..., ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэж байсан гэх ...нарыг гэрчээр асуух зэрэг хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх нь зүйтэй гэж дүгнэн хэргийг ... аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

... аймгийн прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэх 2024 оны 12 дүгээр сарын 24-ний өдөр бичсэн 04 тоот эсэргүүцэлдээ:  ...Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянаад, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж, шүүгчийн 1059 дугаартай захирамжаар прокурорт буцааж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:  

1. ...Прокурорын 340 дугаар яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт хохирлын тооцоог хүснэгтээр хавсаргасан талаар дурдаж, эрүүгийн 2334003090138 дугаартай хэргийн хохирлын тооцоог шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж авсан нийт цалин хөлснөөс, тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хугацаагаар буюу 2013 оны 02 дугаар сараас 2023 оны 03 дугаар сар хүртэл хасаж тооцон зөрүүг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

2. ...Б.Бт холбогдох хэрэгт ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ...иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгчийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар зүйл, заалт зөрчсөн нь тодорхойгүй, энэ талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

3. ...Яллагдагч Б.Б нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ...дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн боловсролын “Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан, төрийн албанд ажилласан болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч ..., ..., яллагдагч Б.Б нарын мэдүүлэг болон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 2502 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн ...сери дугаартай бакалаврын диплом гэх баримт нь хуурамч бакалаврын диплом байна...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул ..., ...нараас гэрчийн мэдүүлэг авах нь хэрэгт зайлшгүй ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд шүүгчийн захирамжийг  хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Түмэндэмбэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байгаа тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

 

Яллагдагч Б.Бийн өмгөөлөгч Ж.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл анх өргөдөл, гомдол гаргасан хүн нь ... гэдэг хүн байхад түүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Мөн ..., ...нарыг гэрчээр асуух нь хэрэгт чухал ач холбогдолтой тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар давж заалдах шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх зааснаар мөрдөгч прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх талуудыг мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохоор хуульчилсан.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Б.Б нь Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн ...дугаартай 2007 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн боловсролын “Бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж, 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ... аймгийн Хөдөлмөрийн хэлтэст Техник хангамж, сүлжээний ажилтнаар,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Сургалт сурталчилгаа, нэрийн дансны тооцоо, сүлжээ хариуцсан мэргэжилтнээр,

2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Үйлчилгээний тасгийн даргаар ажиллахдаа ашигласан гэх гэмт хэргийн талаар тусгагджээ.

4. Анхан шатны шүүхээс  хавтаст хэргийн 82-89 дүгээр талд авагдсан яллах дүгнэлтийн хавсралтын 4 дэх хэсэгт хохирлын тооцоог хүснэгтээр хавсаргав гэсэн нь ойлгомжгүй, яллах дүгнэлт үндэслэл бүхий хууль ёсны байх шаардлага хангаагүй,

... Аймгийн Нийгмийн даалтгалын хэлтсийн дарга ...иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь ойлгомжгүй байх тул иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох.

Мөн ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх ..., ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргыг түр орлон гүйцэтгэж байсан гэх ...нарыг гэрчээр асуух гэх нэмэлт мөрдөн шалгах ажиллагаануудыг хийлгэхээр хэргийг Прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

5. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан үндэслэл тус бүрийг хэрэгт авагдсан нотлох баримтуудтай харьцуулан үзвэл:

5.1. Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 24, 33 дугаар талуудад авагдсан прокурорын зөвшөөрлийн дагуу 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл яллагдагч Б.Бийн гарт олгогдож байсан цалингийн лавлагааг сар бүрээр нь гаргуулан авч хэрэгт хавсаргажээ. Хэрэв шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзвэл уг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд заасанчлан эх сурвалжийг нь магадлах аргаар шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянан өөрийн дотоод итгэлээр үнэлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлыг тооцон тогтоох бүрэн боломжтой байна.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно хэмээн заасан ба өөрөөр хэлбэл энэ нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоох боломжийг хуулиар олгож байгаа зохицуулалт юм.

Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй, буруу болсон гэж үзвэл иргэний нэхэмжлэгчийг зөвтгөн тогтоох эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

5.3. Түүнчлэн анхан шатны шүүхээс тухайн хэрэгт ач холбогдол бүхий ямар нөхцөл байдлыг тогтоолгохоор ... аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан гэх ..., тухайн байгууллагын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан гэх ...нарыг гэрчээр асуулгахаар хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан гэдэг нь тодорхой бус ойлгомжгүй болжээ.

5.4. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судалж үзвэл Б.Бт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан байх ба хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.

6. Иймд прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шүүгч хуульд заасны дагуу өөрийн дотоод итгэлээр тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Бийн гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

7. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн тул хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд яллагдагч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1059 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ... аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор М.Буяннэмэхийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бичсэн 04 тоот эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3 . Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                   А.ЦЭРЭНХАНД

 

                                                                                                М.МӨНХДАВАА