Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 114/ШШ2026/0022

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.А /РД:.../

Хариуцагч: ДАУ НДГ.

Гуравдагч этгээд: ШАС НҮТББ.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч Ч.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь.

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.       Нэхэмжлэгчээс шүүхэд анх ... оны 10 дугаар сарын 24-ний өдөр 1. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н захиргааны шинэ акт гаргахгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах, 2. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, 3. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нарын Зөрчлийн .... тоот хэргийг шилжүүлсэн шийдвэр үйл ажиллагаа хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тус шүүхийн шүүгчийн ... оны 10 дугаар сарын 30-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэх хугацаа тогтоожээ.

1.2.       Нэхэмжлэгчээс .... оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлсэн нэхэмжлэлдээ 1. ШАС нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжийг танилцуулаагүй эс үйлэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2. ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах, 3. Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирлын хэмжээг тогтоолгох, 4. Дархан-Уул аймаг дахь Нийгмийн даатгалын газрын хяналтын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нарын .... оны 2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 5. Хөдөлмөрийн улсын байцаагч Ж.Б-н .... оны 10 дугаар сарын 16-ны өдрийн .... тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргасан.

1.3.       Тус шүүхийн шүүгчийн .... оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн .... дугаар тогтоолоор захирамжид өөрчлөлт оруулж, ... оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн .... дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтаас ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах гэснийг хасаж, захирамжийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.4.       Үүний дагуу тус шүүхийн шүүгчийн .... оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах шаардлагад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон.

1.5.       Нэхэмжлэгчээс .... оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлснийг тус шүүхийн шүүгчийн .... оны 01 дүгээр сарын 26-ны өдөр .... дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн .... дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгосон бөгөөд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн .... оны 02 дугаар сарын 26-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А-н ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах шаардлагаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д, ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэгт холбогдуулан Захиргааны хэрэг үүсгэсэн.

1.6.       Тус шүүхийн шүүгчийн .... оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д болон ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсгийн хариуцагч нарын эрх залгамжлан авбал зохих этгээд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраар сольсон.

1.7.       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу .... оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ....оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн .... тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг эрх залгамжлагчид даалгуулах гэж нэмэгдүүлсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн ... оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэх хугацаа тогтоосон.

1.8.       Нэхэмжлэгчээс .... оны 05 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэхдээ 1. .... оны 04 дүгээр сарын цалингаас дутуу олгосон цалин болох 109597 төгрөг, .... оны цалингаас дутуу олгосон 366608 төгрөг, .... оны ээлжийн амралтын цалингаас дутуу олгогдсон 8.373.216 төгрөг-3870.000 төгрөг 4.503.216 төгрөг, нийт 4.979.421 төгрөгийн дутуу олгогдсон цалин хөлс, түүнд ногдох алдангийг нөхөн төлүүлэх, .... оны 1 сард олгох 6.000.000 төгрөгийн олговроос дутуу олгосон 2.177.289 төгрөгийн олговор, 18.000.000 төгрөгийн олговроос дутуу олгосон 1.500.000 төгрөг нийт 3.677.289 төгрөгийн олговрыг нөхөн төлүүлэх захиргааны акт гаргуулахыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид даалгуулах, 2. Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн ....-ны өдрийн ... тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох, биелүүлэхийг эрх бүхий албан тушаалтанд даалгах, 3. Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч Ж.Б-н .... оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн .... дугаартай зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, 4. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг эрх бүхий албан тушаалтан эрх залгамжлагч Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөрийн улсын байцаагчид даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.9.       Тус шүүхийн шүүгчийн .... оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг буцааж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр тогтоолоор ... дугаар захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

1.10.    Нэхэмжлэгч Б.А-с шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах гэж тодруулсан бөгөөд шүүх тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.       Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ... оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж баталсан бөгөөд удирдамжийн хүрээнд тус сургуулийн .... оны хагас жилийн санхүүгийн холбогдох баримтад нийт 9 чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг ... оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс ... оны 09 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр баталжээ.

2.2.       Тус удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нар хяналт шалгалтын ажлыг хийж ... оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ШАС НҮТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт[1][1] гаргажээ.

2.3.       Даатгуулагч Б.А-с .... оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт засварласан тухай өргөдөл гаргасны дагуу Нийгмийн даатгалын Улсын байцаагч Х.Д нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийж, ... оны 10 дугаар сарын 13-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлт[2][2] гаргажээ.

2.4.       Нэхэмжлэгчээс үүнийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн шүүхэд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар, нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-д холбогдуулан гаргасан улсын байцаагчийн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, .... оны 08 дугаар сараас .... оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн .... оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.-Д-н үйлдсэн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн бөгөөд, тус магадлал .... оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болжээ.

2.5.       Нэхэмжлэгчээс .... оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ... оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2 удаа өргөдөл гаргасан боловч ...дахин шийдвэрлэх боломжгүй гэх хариу өгч шийдвэрлэхээс татгалзжээ.

2.6.       Мөн нэхэмжлэгч нь ... оны 06 дугаар сарын 02-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч, гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.

3.1.       Нэхэмжлэгчээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Шинэ алхам сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ захиргааны акт гаргахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Б.А би ШАС-тай .... оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс ... оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 5 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ болон 5 жилийн хугацаатай хамтран ажиллах зөвшилцлийн гэрээг тус тус байгуулсан.

... оны 3 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ... дугаартай магадлал гарсан. Уг магадлалаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ... оны 8 дугаар сараас ... оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд захиргааны акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг магадлалыг гардаж авснаас хойш 4 удаа ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, магадлалд дурдсан хяналт шалгалт хийж, дахин шинэ акт гаргах хүсэлтүүдийг гаргасан боловч шийдвэрлээгүй.

Мөн Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газраас .... оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамж гарсан болохыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн. Нийгмийн даатгалын улсын байцаагч нар ... оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс магадлал гарснаас хойш буюу ... оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5 жил, 10 сар, 25 хоногийн хугацаанд ажил олгогчид нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөөс зайлсхийсэн, нуусан, бууруулсан орлогын хэмжээг тогтоож, нөхөн төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд нь шинэ акт гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Би ШАС-тай .... оны 3 дугаар сарын 19-ний хөдөлмөрийн гэрээ байгуулж, ... оны 8 дугаар сарын 01-ний өдөр бага ангийн багшаар ажилд томилогдсон. ... оны 8 дугаар сарын 01-ний өдөр миний эзэмшлийн Хаан банкны дансанд 2,000,000 төгрөг, ... оны 8 дугаар сарын 31-ний өдөр 1,500,000 төгрөг, ... оны 8 дугаар сарын 31-ний өдөр 307,738 төгрөг нийт 3,807,738 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хэмжээний орлого орсон. Гэтэл ажил олгогч өнөөдрийг хүртэлх хугацаанд буюу 5 жил, 10 сар, 25 хоногийн хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөс зайлсхийж байгаа учраас Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам, Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэхээр удаа дараа хандсан боловч нөхөн төлөөгүй. 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Дараах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл ногдуулна:, 32.1.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 83.5 дахь хэсэг, 101 дүгээр зүйлд заасан цалин хөлс, 113, 114, 115, 116, 117 дугаар зүйлд заасан олговор-ыг ойлгохоор заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн 54.1-д заасны дагуу ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан тохиолдолд ажил олгогч ажилтанд ажиллаагүй хугацаанд нь ногдох цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгоно гэж заасан. Надад олгогдсон ... оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2,000,000 төгрөг, ... оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 1,500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307,738 төгрөг, нийт 3,807,738 төгрөгийн цалин нь нийгмийн даатгалын шимтгэлд тооцох орлого мөн юм. Тиймээс ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож өгнө үү.

ШАС-д холбогдох иргэний хэрэг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэгдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ШАС-н захирал Ч.К, ахлах нягтлан бодогч А.У нар нь .... оны 02 дугаар сарын 01-ний өдөр, .... оны 5 дугаар сарын 04-ний өдөр төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэл 6,000,000 төгрөгийн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болох нь Дархан-Уул аймгийн Прокурорын газрын ... оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 5 дугаартай тогтоолоор тогтоогдсон. Уг тогтоол гарсны дараа нийгмийн даатгалын улсын байцаагчаас ... оны 01 дүгээр сар, 02 дугаар сард олговол зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх захиргааны акт гаргах байсан боловч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй.

.... оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай магадлалыг гардаж авсны дараа иргэний хэргийн шүүхийн ... оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу гуравдагч этгээдээс Б.А-н .... оны 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сарууд, ... оны 01 дүгээр сар, 02 дугаар сар, 3 дугаар сар, 4 дүгээр сар, 5 дугаар сарууд болон ... оны ээлжийн амралтын тооцооллыг ... оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ... тоот албан бичгээр ирүүлсэн. Энэ тооцоолол нь миний ... оны 8 дугаар сараас ... оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд Хаан банк болон Төрийн банкны дансаар хүлээн авсан цалингийн хэмжээнээс зөрүүтэй байсан.

Ажил олгогчоос ... оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтад миний ... оны ээлжийн амралтын цалин 3,726,780 төгрөг гэх тооцооллыг ирүүлсэн. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ээлжийн амралтын цалин 3,826,000 төгрөг гэсэн зөрүүтэй тооцооллыг гаргаж өгсөн. Үүнд хяналт шалгалт хийгдээгүй. Өмнөх тооцооллоор миний ээлжийн амралтын мөнгөнөөс 470,000 төгрөгийг дутуу олгосон байсан. 2020 оны 8 дугаар сарын цалинг 1,700,000 төгрөг гэж тооцож, ээлжийн амралтын цалингаас дутуу олгогдсон 470,000 төгрөгийн нэмээд 2,170,000 төгрөг гэж тайлагнан, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийж, нийгмийн даатгалын улсын байцаагч гарын үсэг зурж баталгаажуулсан. ... оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуульд ажил олгогч, даатгуулагч, хүн болон нийгмийн даатгалын улсын байцаагчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан акт, бусад баримт бичгийг засварлах, өөрчлөхийг хориглохоор зохицуулсан. Гэтэл нийгмийн даатгалын цахим санд хуурамч мэдээлэл оруулсан. Уг үйлдэлд холбогдуулан гаргасан захиргааны акт нь .... оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болгосон. Тийм учраас .... оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс магадлалд заасан дахин хяналт шалгалт явуулах байсан боловч нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүйгээр .... оны 8 дугаар сарын 21-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан учраас Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрыг шүүх эрх залгамжлагчаар тогтоосон.

Хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа намайг оролцуулахгүйгээр улсын байцаагч ажил олгогчийн тайлбарт үндэслэсэн учраас дахин шинэ захиргааны акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн үндэслэлээ ... оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай магадлалын 7 дугаар хэсэг, 8 дугаар хэсэг, 9 дүгээр хэсгүүдэд тодорхой тусгасан. Маргааны гол ач холбогдол буюу .... оны 8 дугаар сараас 2021 оны 2 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан мөн хамтран ажиллах зөвшилцлийн гэрээний 18,000,000 төгрөг буюу 2019 оны 8 дугаар сард дутуу 3,800,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх эсэх асуудлыг дахин хянахаар шийдвэрлэсэн.

.... дугаартай магадлалын 9 дүгээр хэсэгт хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр ШАС-с Б.А-т олгохоор тохиролцсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бодитой тооцож тайлагнасан эсэх, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох засвар оруулсан нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай гэж дурдсан. Гэтэл өнөөдрийг хүртэл шинэ захиргааны акт гараагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хуульд заасан үндэслэл, журмын дагуу үнэн, зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.2.           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Нэгдүгээрт, ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг буюу Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нарт холбогдуулан өмнө нь нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Уг хэрэг нь хэлэлцэгдэж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай магадлалаар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6 дахь хэсэгт нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана гэж заасан.

Хоёрдугаарт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ... оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай магадлалд хоёр утга бүхий агуулга тусгагдсан байдаг. Цалингийн тооцоололд хяналт шалгалт хийгдсэн. Дахин шинэ захиргааны акт гаргах гэдэг нь хяналт шалгалтад хамаарахгүй, Х.Д байцаагчид холбогдох нийгмийн даатгалын дэвтэрт засвар хийсэн гэсэн асуудал байдаг. Үүнд Х.Д байцаагч болон Нийгмийн даатгалын ерөнхий газраас шалгасан. Одоо нийгмийн даатгалын цаасан дэвтэр ашиглахгүй, цахим дэвтэр ашигладаг болсон. Тухайн үед нийгмийн даатгалын дэвтэр дээр нягтлан нэг бүрчлэн цалингуудыг нь бичээд, нийгмийн даатгалын байцаагч баталгаажуулдаг байсан. Нийгмийн даатгалын дэвтэр дээр нягтлангууд мөнгөн дүнг буруу бичих механик алдаа гарах тохиолдол байдаг байсан. Цахим санд бичигдсэн тайлан, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн мөнгөн дүнд механик алдаа гарсан байсан учраас дүгнэлт гарсан. Энэ нь хяналт шалгалтын ажиллагаагаар тогтоогдсон. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн .... оны 3 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай магадлалаар дахин шинэ акт гаргахаар шийдвэрлэсэн боловч тухайн хугацаанд энэ асуудлаар хяналт шалгалт хийгдсэн байсан. Өмнөх хяналт шалгалтын дүгнэлт нь дахин хяналт шалгалт хийсэн ч утга агуулгын хувьд өөрчлөгдөхгүй байсан учраас Х.Д байцаагч дахин шинэ акт гаргаагүй. Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй, иргэнээс гаргасан гомдол, өргөдөлд тухай бүрт нь хариу өгч, шийдвэрлэсэн учраас эс үйлдэхүй гаргаагүй, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

3.3.           Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багш Б.А нь ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуульд ажилладаг байсан. Тухайн үед ерөнхий боловсролын ШАС-д ажиллах санал тавьж, уг ажлын саналын хүрээнд бэлнээр 18,000,000 төгрөг өгөх, 5 жилийн хугацаатай гэрээ байгуулахаар тохиролцож ажилд авсан. 2019 оны 8 дугаар сард ажиллаж эхэлсэн гэж тайлбарлаж байгаа ч тухайн хугацаанд үндэсний хэмжээнд зохион байгуулагдсан тэмцээнд ерөнхий боловсролын Оюуны ирээдүй сургуулийн багш гэж бүртгүүлж оролцож байсан. Энэ асуудлаар иргэний хэрэг үүсэж, хяналтын шатны шүүх хүртэл хэлэлцэгдсэн.

Цалин дутуу олгосон талаар дурдаж байна. Манай сургуульд Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагч Б.А-н хүсэлтээр удаа дараа шалгалт хийсэн. Мөн Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс 2-3 удаа, Нийгмийн даатгалын ерөнхий газраас томилогдож болон цахимаар мэдээлэл авах байдлаар 1-2 удаа Б.А-н хүсэлтийн дагуу шалгалт хийгдэж байсан. Цалин дутуу олгогдсон бол тухай бүрт нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар мэдэгдэх ёстой. Б.А ажиллаж байх явцдаа өөрийн ажил үүргийг бүрэн гүйцэтгэхгүй байсны үндсэн дээрээс би ажлаас халах шийдвэрийг удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэгч багшийн ажил үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг байсан учраас 1, 2 удаа ажлаас гарлаа гэхэд нь би буулт хийдэг байсан. Гэтэл сүүлдээ чөлөө өгөхгүй болохоор ажлаас гарах хүсэлтээ бичгээр ирүүлсэн учраас өөрийнх нь бичгээр өгсөн хүсэлтийн дагуу ажлаас нь чөлөөлсөн. Энэ асуудлаар шүүхэд хандсан байдаг.

Нэхэмжлэгчийн цалинг зөв бодсон эсэхэд мэргэжлийн байгууллага тухай бүрт нь шалгасан атал дутуу цалингаа одоо хүртэл аваагүй гэж тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. Шийдвэрлэгдсэн хэргийг дахин хэлэлцэж байгаад гомдолтой байна. Тиймээс энэ маргааныг эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.А-н Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.               Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ....... оны 3 дугаар сарын 18-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс ....дугаартай магадлал гарсан. Уг магадлалаар Улсын байцаагч Д-н .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг магадлалыг гардаж авснаас хойш удаа дараа Шинэ алхам сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарт хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, магадлалд дурдсан хяналт шалгалт хийж, дахин шинэ акт гаргах хүсэлтүүдийг гаргасан боловч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан... гэж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалаар Х.Д-н дүгнэлтэй холоотой хэсгийг дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэн шийдвэрлэсэн боловч дахин хяналт шалгалт хийсэн ч утга агуулгын хувьд өөрчлөгдөхөөргүй байсан учраас Х.Д байцаагч дахин шинэ акт гаргаагүй... гэж, гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Б.А-н хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2-3 удаа шалгалт хийгдэж байсан. Нэхэмжлэгчийн цалинг зөв бодсон эсэхэд мэргэжлийн байгууллага тухай бүрт нь шалгасан атал дутуу цалингаа одоо хүртэл аваагүй гэж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Өмнө шийдвэрлэгдсэн асуудал дахин хэлэлцэгдэж байна гэж тус тус маргадаг.

3.            Тогтоогдсон үйл баримтын тухайд:

3.1.       Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга ....оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн удирдамж[3][3] баталсан бөгөөд удирдамжийн хүрээнд тус сургуулийн .... оны хагас жилийн санхүүгийн холбогдох баримтад нийт 9 чиглэлээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг .... оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс .... оны 09 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэхээр баталжээ.

3.2.       Тус удирдамжийн хүрээнд Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Г.Б, Х.Д, Л.Н нар хяналт шалгалтын ажлыг хийж .... оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ШАС НҮТББ-ын нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд төлөвлөгөөт бус шалгалт хийсэн ажлын хэсгийн тайлан, дүгнэлт[4][4] гаргажээ.

3.3.       Даатгуулагч Б.А-с .... оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт засварласан тухай өргөдөл гаргасны дагуу Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын Улсын байцаагч Х.Д нь .... оны 10 дугаар сарын 13-ны өдөр нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн бичилт зөрүүтэй, засварласан байдалд хяналт шалгалт хийж, дүгнэлт[5][5] гаргажээ.

3.4.           Тус дүгнэлтэд Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нь .... оны 10 дугаар сарын 13-ны өдөр ШАС-г хариуцаж байсан шимтгэл орлогын байцаагч М.Л нь тус сургуулийн ажилчдын дэвтрийг баталгаажуулахдаа ... .... оны 08 дугаар сарын хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогыг тус байгууллагын нягтлан бодогчийн нийгмийн даатгалын дэвтэр дээр зөрүүтэй бичсэнийг нийгмийн даатгалын мэдээллийн санд ирүүлсэн шимтгэл ногдуулалтын тайлан НД-8 маягтаар ирүүлсэн цаасан болон цахимаар илгээсэн мэдээллийн сантай тулган шалгаж тус байгууллагын нягтлан бодогчоор засварлуулан баталгаажуулсан байна гэжээ.

3.5.           Иргэн Б.А нь уг дүгнэлтийг эс зөвшөөрч Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улсын байцаагчийн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. .... оны 08 дугаар сараас ... оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн .... оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-н 1. Улсын байцаагчийн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. .... оны 08 дугаар сараас .... оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3.6.           Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ... дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйо ийн 106.3.11-д заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н үйлдсэн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй гэж өөрчилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н үйлдсэн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болохыг дурдсугай гэсэн 2 дахь заалтыг нэмж шийдвэрлэжээ.

3.7.           Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалын хянавал хэсгийн 9-д ... Маргааны энэ тохиолдолд хариуцагч нь зөвхөн ажил олгогч болон холбогдох нийгмийн даатгалын улсын байцаагчаас л тайлбар, баримт гаргуулах замаар дүгнэлт үйлдсэн учраас маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой .... оны 8 дугаар сараас .... оны 2 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу тайлагнасан, хамтын ажиллагааны зөвшилцлийн гэрээний дагуу олгосон 18 сая төгрөг болон .... оны 8 дугаар сард дутуу олгосон гэх 3.5 сая төгрөгөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай, энэ нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэхээр байна, Хариуцагч улсын байцаагч нь хуульд заасан чиг үүргийн хүрээнд хэргийн энэ нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тодруулж, шаардлагатай ажиллагааг хийсний үндсэн дээр Шинэ алхам сургуулиас Б.А-т олгохоор тохиролцсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бодитой тооцож тайлагнасан эсэх, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох засвар оруулсан нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай, тухайн асуудал нь улсын байцаагчийн чиг үүрэгт хамаарах тул шүүхээс шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий дүгнэлтийг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. гэж дүгнэжээ.

3.8.           Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн .... оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол гарснаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлал хүчин төгөлдөр болжээ.

4.            Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:

4.1.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэхийн тулд шүүхээс хэргийн энэ тохиолдолд нэхэмжлэгчээс хариуцагч байгууллагад өргөдөл гомдол гаргасан эсэх, хариуцагчийн эс үйлдэхүй эсхүл хууль бус татгалзал байгаа эсэхэд тус тус дүгнэлт өгөх замаар тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг хянан шийдвэрлэх учиртай.

4.2.           Нэхэмжлэгч Б.А-с Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалаар түдгэлзүүлсэн хугацаанд буюу .... оны 08 дугаар сарын 06-ны өдөр болон .... оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан өргөдөл гаргажээ.

4.3.           Нэхэмжлэгч Б.А-с ... оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг хариуцагчаас шийдвэрлэсэн эсэх тухайд:

4.3.1.         Нэхэмжлэгч Б.А .... оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдөлдөө: ...Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн .... оны 05 дугаар сарын 20-ны өдрийн .... дүгээр тогтоолоор хариуцагч Улсын байцаагч Х.Д-н гомдлыг хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гарснаар Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү... гэжээ.

4.3.2.            Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас ... оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 362 тоот албан бичгээр ...уг өгдөлд тусгасан асуудлаар удаа дараа манайд хандсан ба ирүүлсэн өргөдлийг тухай бүрт нь шийдвэрлэж, хариуг хүргүүлж байсан болно..., дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй... гэх хариу өгсөн байх бөгөөд ийнхүү шийдвэр гаргахаас татгалзсан нь хууль бус байна.

4.3.3.      Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр буюу Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалаар хариуцагч нь зөвхөн ажил олгогч болон холбогдох нийгмийн даатгалын улсын байцаагчаас л тайлбар, баримт гаргуулах замаар дүгнэлт үйлдсэн учраас маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хариуцагчаас нөхцөл байдлыг дахин шалгаж, маргааны үйл баримтад голлох ач холбогдолтой нөхцөл байдлыг дахин тодруулах, ШАС-с Б.-А-т олгохоор тохиролцсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг бодитой тооцож тайлагнасан эсэх, нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох засвар оруулсан нь үндэслэлтэй эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгч, дахин акт гаргах шаардлагатай гэж үзэж хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл маргаан бүхий актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

4.3.4.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д зааснаар хариуцагч болох Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн шинжлэн тогтоох нөхцөл байдлыг тодорхой зааж, түүнд дурдсан ажиллагааг хийж, нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоосны эцэст дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй.

4.3.5.            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтаар дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон хугацааг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тооцох бөгөөд шийдвэр, магадлалыг хяналтын журмаар хянан хэлэлцэхээс татгалзсан Улсын дээд шүүхийн тогтоол ....оны 05 дугаар сарын 20-ны өдөр гарсан байх тул энэ хугацаанаас 3 сарын дотор захиргааны байгууллага шүүхийн шийдвэрт заасан нөхцөл байдлыг шинжлэн судалж тогтоох ажиллагааг дахин хийж, шаардагдах захиргааны актыг гаргах үүрэгтэй.

4.4.                Нэхэмжлэгч Б.А-с дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон хугацааны дотор буюу .... оны 08 дугаар сарын 06-ны өдөр Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардагдах захиргааны акт гаргуулахаар хариуцагчид хандаж өргөдөл гаргасан боловч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын .... оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 362 тоот албан бичгээр ... дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй... гэж татгалзсан хариу өгсөн, мөн дахин шинэ акт гаргаагүй үндэслэлээ хариуцагаас тайлбарлахдаа дахин хяналт шалгалт хийсэн ч утга агуулгын хувьд өөрчлөгдөхөөргүй байсан учраас Х.Д байцаагч дахин шинэ акт гаргаагүй, дахин хяналт шалгалт явуулаагүй гэж тайлбарлах бөгөөд, энэ нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хариуцагчид бий болгосон үүрэг-ийг зөрчсөн байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т заасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй. гэж заасныг мөн зөрчсөн байна.

4.5.                Нэхэмжлэгчийн .... оны 08 дугаар сарын 06-ны өдөр гаргасан өргөдлийг хариуцагчаас шийдвэрлэсэн эсэх тухайд:

4.5.1.         Нэхэмжлэгчээс Б.А-с Дархан-Уул аймгийн нийгмийн даатгалын газарт .... оны 08 дугаар сарын 18-ны өдөр ...р дамжуулан өргөдөл гаргажээ.

4.5.2.         Гэтэл Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газраас өргөдлийг огт хүлээн авалгүй, .... оны 08 дугаар сарын 19-ний өдөр ....иар дамжуулан[6][6] өргөдөл гаргагч Б.А-т буцаажээ.

4.5.3.         Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл Өргөдөл, гомдол гаргагчийн эрх, 5-д төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтан дараахь нийтлэг үүрэг хүлээнэ 2 дахь заалтад харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, 3 дахь заалтад өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэж тус тус заасан бөгөөд иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж, уг гаргасан өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэх эрхтэй байхаар заасан бөгөөд захиргааны байгууллага албан тушаалтны хувьд иргэдээс гаргасан өргөдөл гомдлыг харьяаллын дагуу хүлээн авч, өргөдөл, гомдолд дурдсан асуудал бүрийг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх үүрэгтэй байхаар хуульчилсан.

4.5.4.         Гэтэл иргэн Б.А-с гаргасан өргөдлийг огт хүлээн авалгүй, буцаасан хариуцагчийн үйлдэл нь дээрх хуулийг зөрчсөн байх бөгөөд энэ нь мөн хуульд заасан нэхэмжлэгчийн төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн үйлдэл буюу хууль бус татгалзал гэж үзэхээр байна.

5.               Ийнхүү нэхэмжлэгчээс Б.А-с дахин шинэ акт гаргах шүүхээс тогтоосон хугацаанд буюу.... оны 08 дугаар сарын 06, .... оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан шаардагдах захиргааны акт гаргуулахаар хариуцагчид хандаж гаргасан өргөдлийг дахин шийдвэрлэх үндэслэлгүй гэж буцаасан буюу шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт 3 дахь заалт болон 6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2- дах хэсэгт тус тус заасныг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

6.               Хэдийгээр Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ....оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч дахин шинэ акт гаргаагүй бол Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагч Х.Д-н үйлдсэн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт хүчингүй болохыг дурдаж шийдвэрлэсэн боловч, нэхэмжлэгч Б.А нь шүүхээс тогтоосон 3 сарын хугацааны дотор хариуцагчид хандан өргөдөл гаргасан байх бөгөөд дээрх 3 сарын хугацаа дуусаагүй буюу маргаан бүхий улсын байцаагчийн дүгнэлт хүчингүй болоогүй байх үед нэхэмжлэгчээс дахин шинэ акт гаргуулахаар хандсан өргөдлийг хариуцагч дахин шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь хууль бус болжээ.

7.    Нэхэмжлэлийн шаардлагыг зөвтгөх тухайд:

7.1.           Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн .... оны 12 дугаар сарын 18-ны өдрийн .....дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Б.А-н 1. Улсын байцаагчийн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох, 2. .... оны 08 дугаар сараас 2021 оны 01 дүгээр сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлбөл зохих хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг нуусан, дутуу тайлагнасан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, зөвтгөж захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар магадлалаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д-н үйлдсэн .... оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт-ийг хариуцагчаас дахин шинэ акт гарах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

7.2.           Нэхэмжлэгч нь дээрх магадлалын дагуу шүүхээс тогтоосон 3 сарын хугацааны дотор буюу ... оны 08 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч байгууллагад хандан ...Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү... гэх агуулгатай өргөдөл гаргасан байдаг.

7.3.           Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, шинэ акт гаргахыг даалгуулах гэж тодорхойлсон боловч Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн .... оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ....дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 03 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар магадлалтай захиргааны хэргийн үйл баримт нь Шинэ-алхам сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэгтэй хамааралгүй байна.

7.4.           Гэсэн хэдий ч нэхэмжлэгчээс хариуцагчид хандаж ...Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн .... оны 198 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сар 15 хоногийн хугацаа өнгөрсөн байх тул хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү... гэх агуулгатай өргөдөл гаргадаг бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, дахин шинэ акт гаргуулахаар хандсан байдаг.

7.5.           Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын ... оны 09 дүгээр сарын 02-ны өдөр баталсан ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжаар байгуулсан ажлын хэсэг нь тус удирдамжаар хяналт шалгалт хийхээр түр байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар тус ажлын хэсгийг байгуулсан Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газар нь эрх залгамжлагч байна.

7.6.           Мөн Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нь .... оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өндөр насны тэтгэвэрт гарсан байх тул тус шүүхийн шүүгчийн...  оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ....дугаар захирамжаар Шинэ-алхам сургуулийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг болон Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын эрх залгамжлагчаар Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг сольсон.

7.7.           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. гэж уг хуулийн зорилгыг тодорхойлсон бөгөөд энэхүү хэргийн тухайд нэгэнт хариуцагчийн хууль бус татгалзал байгаа болох нь тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байдлаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэлийн агуулга-д нийцүүлэх байдлаар ШАС-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хяналт, шалгалт хийх ажлын удирдамжид заасан ажлын хэсэг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч Х.Д нарын захиргааны шинэ акт гаргаагүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож гэснийг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын захиргааны дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, гэж зөвтгөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч Б.А-с захиргааны шинэ акт гаргуулахаар хандсан өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал нь хууль бус болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт цугларсан бөгөөд шинжлэн судалсан бичгийн нотлох баримуудаар тогтоогдож байх тул захиргааны шинэ акт гаргахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн ... оны .... дугаар магадлалд заасан ажиллагааг хийж, зохих шинэ акт гаргахыг хариуцагч Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагчаас дахин шинэ акт гаргахдаа Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн магадлалд .... оны .... дугаар магадлалын үндэслэх хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийж, маргааны нөхцөл байдлыг бүрэн тодруулсны эцэст дахин шинэ акт гаргах шаардлагатайг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.    Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт 3 дахь заалт болон 6 дахь заалт, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.А-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын дахин шинэ акт гаргуулах тухай өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоож, дахин шинэ акт гаргахыг Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.

 2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР

 

 

 


 

 

[1][1] Нотлох баримтын хавтас 3 дугаар хуудас,

[2][2] Нотлох баримтын хавтаст 3 дугаар хуудас,

[3][3] Нотлох баримтын хавтас 31 дүгээр хуудас,

[4][4] Нотлох баримтын хавтас, 33 дугаар хуудас

[5][5] Нотлох баримтын хавтас, 3 дугаар хуудас,

[6][6] 3 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас,