Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01055

 

 

2018 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2018/01055

 

 

Вагнер ази автомотив ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Вагнер ази автомотив ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: СВС ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 104 285 801 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Цэрэнжаргал

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Мөнхбат

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бүрнээ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Вагнер ази автомотив XXК нь СВС ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Их Британи Улсад 2014 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгөтэй, Дисковери 4 маркийн автомашиныг 128 865 000 төгрөгөөр худалдах, СВС ХХК нь автомашины төлбөрийн урьдчилгаа төлбөрт 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг төлж автомашиныг хүлээн авч, үлдэгдэл 57 хувийн төлбөр буюу 73 865 000 төгрөгийг 3 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээсэн.

СВС ХХК нь төлбөрийн үлдэгдэлийг 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулах байтал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, автомашиныг унаж ашигласаар байсан учир компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл хүрүүлэхэд төлбөрийг төлөхгүй байсан учир 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр автомашины үлдэгдэл төлбөрийг бүрэн төлөгдөж гэрээний үүрэг биелэгдэх хүртлэх хугацаанд автомашиныг түр хугацаагаар буцаан авч хадгалсан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01235 дугаар шийдвэрээр манай компаниас 55 000 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлалаар шийдвэрийг, Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар шийдвэр, магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Иймээс Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй гэж тус тус заасны дагуу хохирлоо нэхэмжилж байна.

Вагнер ази автомотив ХХК нь мөн автомашин түрээслэх үйл ажиллагааг эрхэлдэг. СВС ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул манай компанийн зүгээс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр автомашиныг буцаан авсан. Хариуцагч СВС XXК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байсан болон худалдан авах боломжгүй байсан бол бид тус автомашиныг түрээслэн, өөрөөр хэлбэл автомашиныг ашиглан орлого олох боломжтой байсан. Иймд 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл түрээсийн орлого нь 87 200 000 төгрөг олох боломжтой байсан.

Түүнчлэн "СВС ХХК-тай байгуулсан гэрээний дагуу "Вагнер ази автомотив" ХХК-иас шинэ автомашиныг шилжүүлэн өгсөн бөгөөд буцаан авах үед урд 2 шаврын хаалт байхгүй, хойд гупер хагарсан, запас дугуй байхгүй, запас дугуй өргөгч байхгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байсан. Иймээс 17 185 801 төгрөгийн засвар хийлгэсэн.

Иймд СВС ХХК-иас автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан хохиролд 104 285 801 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Вагнер ази автомотив ХХК-ийн автомашинаа эргүүлэн татаж буцаан авсан үйлдлийг автомашин худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж автомашиныг буцаан авсан байна гэж 3 шатны шүүхээр дүгнэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд байдаг. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо нэхэмжилж байгаа асуудал нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01235 дугаар шийдвэрээр Вагнер ази автомотив ХХК-ийн автомашинаа буцаан авсан үйлдлийг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж дүгнээд урьдчилгаанд төлсөн 55 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээж шийдвэрлэсэн байхад 104 285 801 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүхийн тогтоол байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж заасан байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч СВС ХХК-иас 4 629 243 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Вагнер ази автомотив ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 99 656 558 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Вагнер ази автомотив XXК-иас төлсөн 679 880 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч СВС XXК-иас 89 018 төгрөг гаргуулж Вагнер ази автомотив XXК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Хэрэгт авагдсан баримт болон хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор "СВС" ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашиныг хүлээн авсан бөгөөд 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан өгч 1 жил 3 сар гаруй хугацаанд ашигласан буюу "СВС" ХХК-ийн эзэмшил, ашиглалтад бодитоор байсан талаарх үйл баримт бүрэн нотлогдож байгаа бөгөөд талууд энэ байдалд маргаагүй.

"Вагнер ази автомотив" ХХК нь автомашин худалдаанаас гадна автомашин түрээслэх үйл ажиллагааг эрхэлдэг бөгөөд уг маркийн шинэ автомашиныг түрээслүүлэхэд баримталдаг компаниас албан ёсоор баталсан үнийн жагсаалт болон уг автомашинтай ижил маркийн хуучин автомашиныг бусдад түрээслүүлж байсан талаарх "түрээсийн гэрээ" зэрэг баримтыг нотлох баримтаар гарган өгч мэтгэлцсэн. Хариуцагч энэ баримтыг няцааж мэтгэлцээгүй бөгөөд хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт үүнээс огт өөр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагад тайлбар хийсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүй атлаа Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь хариуцагч байгууллага нь цоо шинэ автомашин худалдан авч 1 жил 3 сар гаруй хугацаанд унаж ашиглачихаад үлдэгдэл төлбөрөө төлөөгүй буюу хариуцагч талын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээнээс татгалзсан учир үүнтэй холбоотой хохирлыг төлөх хууль зүйн үр дагавар бий болно. Хариуцагч тал автомашиныг 35759 км буюу хоногт 76.5 км унаж ашигласан бодит үйл баримт, уг маркын автомашиныг түрээслүүлдэг үнийн талаарх бичгийн нотлох баримт зэрэг баримт хэрэгт байсаар атал ийнхүү дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

"СВС" ХХК-тай байгуулсан "Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу "Вагнер ази автомотив" ХХК-иас 2014 онд үйлдвэрлэгдсэн шинэ Дисковери 4 маркийн автомашиныг шилжүүлэн өгсөн бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан авах үед урд 2 шаврын хаалт байхгүй, хойд гүпер хагарсан, запас дугуй байхгүй, запас дугуй өргөгч байхгүй зэрэг нэлээдгүй эвдрэл гэмтэлтэй байсан.

Гэвч манай компанийн зүгээс "СВС" ХХК-ийг "Автомашин худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу үлдэгдэл төлбөрийг төлсөн тохиолдолд автомашины өгөхөөр Улсын дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоол гарах хүртэл хугацаанд хадгалсан бөгөөд шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдсэний дараа автомашиныг засварт оруулан 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн Ц.Эрдэнэбатад 53 000 000 төгрөгөөр худалдсан. Өөрөөр хэлбэл "СВС" ХХК нь 128 865 000 төгрөгийн зах зээлийн үнэтэй автомашиныг 1 жил 3 сар гаруй хугацаанд ашигласнаар тухайн автомашины зэх зээлийн үнэ 53 000 000 төгрөг болтол буурсан бөгөөд үүний зөрүү 76 865 000 төгрөг болно. Энэ нь хариуцагч талын гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч компанид учирсан бодитоор учирсан хохирлыг тогтоох тодорхой нэг үйл баримт болно.

Улмаар "СВС" ХХК нь шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсан тул манай компанийн хувьд Улсын Дээд шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00427 дугаар тогтоол гарсны дараа худалдан борлуулахыг тулд уг автомашиныг бүрэн засварт оруулсан бөгөөд засварын талаарх баримт хэрэгт авагдсан байгаа болно.

1 жил 3 сар гаруй хугацаанд унаж ашигласан авто машины хувьд тос, масло солих асуудал нь наад захын зардал бөгөөд засварын ажилд ашиглагдсан материал бүр уг автомашиныг бүрэн бүтэн болгоход гаргаж засварын зардал юм. Энэ нь баримтаар нотлогдож байхад анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр засварын зардал биш үзэж байгаа нь үндэслэлгүй. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг баримталсан, хариуцагч талын хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөсөн, манай компанийг илтэд хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Вагнер ази автомотив ХХК нь хариуцагч СВС ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсанаас учирсан хохиролд 104 285 801 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Вагнер ази автомотив XXК нь СВС ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, СВС ХХК нь Их Британи Улсад үйлдвэрлэсэн, хар өнгөтэй Дисковери 4 маркийн автомашиныг 128 865 000 төгрөгөөр худалдан авахдаа автомашины төлбөрийн урьдчилгаанд 43 хувь буюу 55 000 000 төгрөгийг төлж, автомашиныг хүлээн авч үлдэгдэл 57 хувийн төлбөр буюу 73 865 000 төгрөгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу 3 сарын хугацаанд төлөхөөр харилцан тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар худалдан авагч нь үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс худалдагч нь гэрээнээс татгалзсан, автомашиныг 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр худалдагч эзэмшилдээ авсан үйл баримт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2016/01235 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 203 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00427 дугаар тогтоолоор тогтоогдсон ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх үйл баримтыг дахин нотлохгүй.

 

Дээр дурдсан шүүхийн шийдвэрээр худалдагч талын гэрээнээс татгалзсаны үр дагаварыг арилгахдаа худалдан авагчийн худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 55 000 000 төгрөгийг худалдагчаас гаргуулж шийдвэрлэсэн. Энэ шийдвэрээр гэрээнээс татгалзснаас учирсан хохирлыг шийдвэрлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Вагнер ази автомотив ХХК нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар СВС ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үнийг төлөх үүргээ зөрчсөнөөс гэрээнээс татгалзсан тул уг татгалзалтай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч нь уг хохирлыг тодорхойлохдоо гэрээний зүйл болох автомашиныг хариуцагчийн эзэмшилд байсан хугацаа болох 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 1 жил 3 сар гаруй хугацаанд 87 200 000 төгрөгийн орлого олох байсан болон хариуцагчийн ашиглалтад байх хугацаанд автомашинд учирсан эвдрэл гэмтлийг засварлуулахад төлсөн 17 185 801 төгрөг, нийт 104 285 801 төгрөг болсон гэж тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн олох байсан орлогыг автомашиныг түрээслэх байдлаар тодорхойлсноо нотлоогүй гэж холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Учир нь Вагнер ази автомотив ХХК-ийн зээлийн ажилтны гаргаж, тус компанийн санхүүгийн тэмдэг дарсан, автомашины түрээсийн тооцоо гэх баримт нь нэг талын буюу нэхэмжлэгч талын дангаар үйлдсэн баримт болж байна. Түүнчлэн нэхэмжлэгч нотлох баримтаар иргэн Ц.Эрдэнэбаттай 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан автомашин түрээслэх гэрээг гаргаж өгсөн. Энэ гэрээний зүйл болох автомашины нэр, төрөл, өнгө нь маргааны зүйл болох автомашинтай ойролцоо гэж дүгнэхээр боловч түрээсийн зүйл болох автомашиныг 4 400 000 төгрөгөөр үнэлсэн, түрээсийн гэрээний хугацааг 1 сараар тогтоосныг хариуцагчийн эзэмшилд автомашин 1 жил 3 сарын хугацаанд байсантай харьцуулбал автомашиныг 1 сарын 4 400 000 төгрөгөөр түрээслэх байсан гэдэг нь эргэлзээтэй байна. Учир нь түрээсийн хугацаанаас хамаарч /1 сар, 1 жил/ түрээсийн гэрээний үнэ өөрөөр тогтоогдох боломжтой юм. Иймд дээрхи 2 баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй гэж тус тус дүгнэх боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчээс автомашиныг хариуцагчийн эзэмшил ашиглалтаас буцааж авсны дараа бусдад худалдахад үнэ 76 865 000 төгрөгөөр үнэ буурсан нь нэхэмжлэгчид хохирол бодитойгоор учирсан гэх байдлыг тогтоох үндэслэл болно гэх давж заалдах гомдол ач холбогдолгүй болжээ. Учир нь хариуцагч автомашиныг эзэмшил, ашиглалтандаа байлгаснаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэдгийг анхан шатны шүүх үгүйсгээгүй тул хохирол учирсан гэх үндэслэлийг өөр бусад баримтаар давхар нотлох шаардлагагүй юм.

 

Харин автомашин нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад байсан хугацаанд эвдрэл гэмтэл гарч анхны байдалтай нийцэхгүй болсон нь тогтоогдсон тул хариуцагчаас холбогдох хохирлыг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг зөв үнэлээгүйгээс хохирлын хэмжээг буруу тогтоосныг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Худалдан авагчаас автомашиныг буцаан авч, 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг явуулж тэмдэглэсэн эвдрэл, гэмтэлийн талаар хийсэн тэмдэглэл нь автомашины гадаад байдалд хамаарна. Харин хэргийн 91-92, 142-145 тал дахь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн баримтад автомашины гадна болон дотор талд хамаарах эд ангиудыг худалдаж авахтай холбоотой баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн тодорхойлсон 17 185 801 төгрөгөөр хохирлыг тодорхойлох нь зүйтэй байна. Хариуцагч нь автомашины эвдрэл, гэмтлийн талаархи нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримтыг үгүйсгэсэн тайлбар гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно./хх 63/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2018/00497 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтын 4 629 243 төгрөг гэснийг 17 185 801 төгрөг гэж, 99 656 558 төгрөг гэснийг 87 100 000 төгрөг гэж,

2 дахь заалтын 89 018 төгрөг гэснийг 243 879 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Вагнер ази автомотив ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656 235 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Э.ЗОЛЗАЯА