| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0170/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/178 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Амартүвшин |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагч Б.Амартүвшин
Шүүгдэгч У.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У.Б-д холбогдох эрүүгийн 1838004240212 дугаар хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, У.Б-,
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Л-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.Б- нь нь 2018 оны 05 дугаар сарын 22- 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Л-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч У.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … тэгээд гэртээ ороход Э.Л- ороо засчихсан сууж байсан. Би Э.Л-гаас чи ажил төрлөө амжуулчихсан уу гэж асуухад Э.Л-а архи уусан бололтой согтуу байсан тэгэхээр нь би чи мал идээгээ хаячхаад алга болчихвол яадаг юм гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гэсэн утгатай үг хэлж уурлахаар нь чи амьдарвал амьдарсан шиг амьдар амьдарч чадахгүй бол зайл гэж хэлтэл над руу тэгье л дээ гэж хэлээд орилж чарлаад босож ирэхээр нь алгадаж цохиж авсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Би 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Уламбаяр овогтой У.Б- гэж хүнтэй гэр бүл болж хамтран амьдрах болсон... Гэр бүл болж хамтран амьдарснаас хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байх үедээ хэл амаар доромжилж ... гартаа таарсан зүйлээр цохиж шиддэг ... 2018 оны 05 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө хөдөө гэртээ унтаж амраад байж байтал У.Б- нь шөнө гаднаас орж ирээд намайг үстэж босгоод нүүр лүү алгадаж, толгой руу бакалан гутал авч цохисон, мөн хөлөөрөө өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/,
Гэрч Э.П-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 22-ны шөнө унтаж амарч байтал хаалга тогших чимээ гаргасан тэгтэл манай аав босож хаалга онгойлгож өгсөн. Тэгтэл гаднаас Э.Л- үс нь сэгсийсэн, нүүр ам нь цус болсон уйлсаар орж ирэхээр нь яасан юу болсон гэж асуутал У.Б- намайг цохиж зодоод тэгээд зугтааж ирлээ гэсэн ... ер нь бол нөхөр У.Б-даа зодуулсан гэж 2-3 удаа аав, ээж дээр ирж байсан ... /хх-ийн 8- 9 дүгээр хуудас/,
Гэрч Х.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...гэрт нь унтаж амарч байтал хүн уйлах чимээ гарахаар нь сэртэл У.Б- нь эхнэр Лхавгааг гутлаар цохиж зодож байхаар нь орноос босож У.Б-ыг болиулж салгасан. Э.Л- гэрээсээ уйлаад гараад явсан... /хх-ийн 9 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 244 дугаартай: 1.2 Э.Л-ын биед тархинд доргилт, зүүн дал, баруун шилбэнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо 3. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна. 4. Э.Л-ын биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч У.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 22- 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Э.Л-ыг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Э.Л-, гэрч Э.Пүрэв, Х.Мягмаржав нарын мэдүүлэг, хэрэгт тусгагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Иймд шүүгдэгч У.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч У.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч У.Б-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч У.Б- нь хохирогч Э.Л-тай харилцан тохиролцож уучлалт гуйж эвлэрсэн тухай бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно./хх-ийн 31 дүгээр хуудас/,
Эрүүгийн 1838004240212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Б-д 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн 1838004240212 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР