| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 2134001570307Т |
| Дугаар | 2025/ДШМ/07 |
| Огноо | 2025-01-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Л |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 2025/ДШМ/07
2025 1 23 2025/ДШМ/07
Г.Нид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Л,
Шүүгдэгч Г.Н, түүний өмгөөлөгч Г.Э,
Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн 2134001570307Т дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэрэнхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, ............. оны ........ дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт ........... хот ........ дүүрэг, ..... компанид борлуулалтын менежер ажилтай байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх Х.......... овгийн Г........... Н............ /РД: .............../
2. Шүүгдэгч Г.Н нь Б.С........, Н.Г........, Ц.Б.......... нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум, Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабилон” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн Тоёота Приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
3. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.
4. Анхан шатны шүүх: “...Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х овгийн Г-ын Нид холбогдох эрүүгийн 213401570307Т дугаартай хэргээс ...тээвэрлэсэн..., ...хадгалсан... гэмт хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Х овгийн Г-ын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусадтай бүлэглэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Г-ын Нийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Г-ын Нид оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г-ын Нийн цагдан хоригдсон 203 /хоёр зуун гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Хоохор овгийн Ганжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г-ын Нийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, 20-38 тоот хаягаас явахыг, бусад орон нутаг болон аймаг, сумуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Улаанбаатар хотын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Г-ын Нид шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлэхгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Нийн бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота Приус”-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 5,616,000 төгрөгийн шүүгдэгч Г.Нид ногдох 1.404.000 /нэг сая дөрвөн зуун дөрвөн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн түүнээс гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн 2134001570307Т дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ 203 /хоёр зуун гурав/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргуулах эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 10.00гр Делта-9 тетрагидроканнабинолыг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 522 дугаар шүүгдэгч Б.Сүхбатад холбогдох шийтгэх тогтоолоор устгасан болохыг тус тус дурдаж,
Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х овгийн Г-ын Нид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус авч,
Шүүгдэгч УП02320150 дугаарын регистртэй, Х овгийн Г-ын Н шүүхээс Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсантай холбоотой тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаар шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Болорцэцэгт мэдэгдэж,
Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдаж,
Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй,
Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Нид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Э давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:
Шүүгдэгч Г.Н нь Б.Сүхбат, Н.Ганхүү, Ц.Бямбадорж нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум Бичигт 3 дугаар багийн нутагт "Шар хоолой" гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох "Делта-9 тетрагидроканнабинол" гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн "Тоёота Приус-20" маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ба миний үйлчлүүлэгч Нямдорж нь үйлдсэн хэрэгтээ маргадаггүй. Өөрийн үйлдсэн хэрэгт гэмшиж гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөг. Хойшид дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй байхаа амлаж, алдсан алдаагаа давтахгүйгээр амьдрахыг хичээж байгаа, учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн ба тогтоол хүчин төгөлдөр болсон тохиолдолд төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа.
Г.Нид өмнө нь 2 жилийн хорих ял оногдуулж байсан. Улмаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, эрх зүйн байдал нь дээрдсэн боловч энэ ялыг урт хугацаагаар тогтоосон, мөн хязгаарлалтын бүс нь зөвхөн одоо түүний амьдарч байгаа, улсын бүртгэл дээр бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутагт дэвсгэрт амьдрах, өөр бусад дүүрэгт явахыг хориглосон. Гэтэл Г.Н одоогоор Сүхбаатар дүүрэгтээ амьдардаггүй бөгөөд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны 20 дугаар байрны 1 дүгээр орцны подвалд 4 жил шахуу амьдарч байгаа учраас хязгаарлалтын бүс тохирохгүй байна.
Нөгөөтээгүүр Г.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь 5 жил хүртэл хорих ялтай хөнгөн ангиллын хэрэг бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар 5 жил хүртэл хугацаагаар тэнсэх боломжтой байна. Энэ хэрэг 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдөр буюу 3 жилийн өмнө үйлдэгдсэн. Үүнээс хойш Г.Н дахин гэмт хэрэгт холбогдоогүй, өөрөө засарч хүмүүжсэн гэдгээ илэрхийлдэг, одоогоор ээжийнхээ оёсон үндэсний хувцсыг хүргэх ажлыг гүйцэтгэж байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг багасгаж, Улаанбаатар хотын дүүргүүдийн хэмжээгээр хязгаарлаж өгнө үү, эсхүл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү” гэв.
6. Прокурор Б.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Нид холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон. Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй, харин оногдуулсан ялыг эс зөвшөөрч гомдол гаргажээ. Тухайн хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр болсон. Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байгаа ба анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, эдлэх ялыг оршин суугаа хаягийн бүртгэлээр нь буюу Сүхбаатар дүүргээр тогтоосон нь үндэслэлтэй. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна” гэв.
7. Шүүгдэгч Г.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатын шүүхийн тогтоол дээр дурдсан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 38 тоотод хаягт бүртгэлтэй боловч тухайн хаяг дээр 2013 оноос хойш амьдраагүй. Уг нь шүүхэд хандаж Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт ээжийн хамт ажлын байрынх нь өрөөнд амьдардаг, Чингэлтэй дүүргээр бүсчлэлээр тогтоолгомоор байна гэхэд надаар тодорхойлолт бичүүлж аваад үлдэж байсан боловч шийтгэх тогтоол дээр Сүхбаатар дүүргээр хязгаарласан. Энийг залруулах боломжтой болов уу гэж хүсэлт гаргаж байсан. Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсдаг. Тухайн үед найзалж байсан хүмүүсээс харилцаа холбоо тасалж найзын хүрээллээ сольсон. Цаашид амьдралд тууштай хичээнгүй амьдрахыг эрмэлзэж байгаа. Монгол Улсын шүүх, шүүгч та бүхэн миний үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, цаашдаа ажиллаж, амьдаръя гээд хичээж, зорьж байгаа хүний хүсэл эрмэлзлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 3 жил 6 сарын зорчих эрх хязгаарлах ялын хугацааг нь багасгаж, бүсчлэлийг өөрчилж өгнө үү. Мөн гэмт хэрэг үйлдэхдээ учруулсан Тоёота Приус-20 маркийн машины надад ногдох хэсэг буюу 1.404.000 төгрөгийг сүүлийн шийдвэр гарсан тохиолдолд нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Г.Нийн өмгөөлөгч Г.Эгийн гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэлээ.
2. Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүйгээр бичигдсэн байхаар хуульчилжээ.
Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нийг Б.Сүхбат, Н.Ганхүү, Ц.Бямбадорж нартай бүлэглэн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сум, Бичигт 3 дугаар багийн нутаг “Шар хоолой” гэх газраас мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис болох “Делта-9 тетрагидроканнабилон” гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэн Тоёота Приус-20 маркийн 04-12 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдсон гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүхийн хэлэлцүүлгийн явцад мэтгэлцэгч талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, тухайн хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэнэ.
Шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ “...улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Нийг бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, эсхүл тээвэрлэсэн гэмт хэргийн чухам аль нь болохыг тогтоож чадаагүй, эргэлзээ төрүүлж байна” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн атлаа ...бусадтай бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь ойлгомжгүй болжээ.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал гэдэгт гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход эргэлзээ үүссэн байхыг хамааруулан ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Нид холбогдох хэргийг хэлэлцүүлэх явцад дээрх байдлын аль хэлбэр нь эргэлзээ үүсгэж байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Нид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан боловч Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо шүүгдэгч “Хоохор овгийн Ганжаргалд” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан гэм буруугийн зарчимд нийцээгүй байна.
3.Шүүх гэмт хэрэг үйлдэж гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүнд ял оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг удирдлага болгох учиртай.
3.1.Шүүгдэгч Г.Н нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 940 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг хоёр дахин багасгаж, эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байхад шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах асуудлыг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулах эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.
3.2.Өршөөл үзүүлэх тухай хуулийн /2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан/ 3 дугаар зүйлийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг” хүн хуулийн этгээдэд хамаарахаар хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон байхад шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн цаг, хугацааг нарийвчлан тогтоохгүйгээр түүний үйлдлийг хуулийн энэ зохицуулалтад хамааруулан, оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон нь буруу байна.
4.Шүүгдэгч Г.Нид холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх ба магадлалд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн үндсэн шинж нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан” үйлдэл байдаг бөгөөд прокурор нь уг зүйл, хэсэгт заагаагүй “тээвэрлэсэн” гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинээр Г.Нийг яллаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй...” гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх уг алдааг залруулаагүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж заасныг зөрчсөн байна.
5. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Эгийн “...Г.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэг тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг хэрэглэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг багасгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.
6.Шүүгдэгч Г.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/372 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т зааснаар шүүгдэгч Г.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД Р.МӨНХ-ЭРДЭНЭ
А.ЦЭРЭНХАНД