| Шүүх | Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсүх Ариунболор |
| Хэргийн индекс | 114/2026/0018/З |
| Дугаар | 114/ШШ2026/0027 |
| Огноо | 2026-08-26 |
| Маргааны төрөл | Тендер, |
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 114/ШШ2026/0027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунболор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... ХХК, /РД:..../,
Хариуцагч: ДТҮ ХХК, /РД:..../,
Хариуцагч: ДТҮ ХХК -ийн дэргэдэх ТҮХ,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ө.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч ДТҮ ХХК-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч ДТҮ ХХК-ийн дэргэдэх ТҮХ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нарыг оролцуулан ,
Нэхэмжлэгч .... ХХК, хариуцагч .... ХХК, .... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хорооны хооронд үүссэн Тендерийн маргааныг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-ийн төлөөлөгч нь шүүхэд анх .... оны 06 дугаар сарын 30-ны өдөр 1. Захиалагчийн манай тендерийн саналыг татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгох, 2. ... оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай захиргааны актыг хүчингүй болгуулах, 3. Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн ... ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 4. Тендерийн үнэлгээний хорооны .... оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай болон ... оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... дугаартай шийдвэрийн хурлын тэмдэглэл гаргуулах, 5. .... дугаартай ... үйлдвэрийн катеринг үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт ... ХХК-ийг шалгарсанд тооцож, гэрээ байгуулахыг даалгах шаардлага гаргасан.
2. Нэхэмжлэгчээс тус шүүхийн шүүгчийн .... оны 07 дугаар сарын 03-ны өдрийн ... дугаартай Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох захирамжийн дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлэхдээ нэхэмжлэлийн шаардлагаа .... ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж татгалзсан тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах гэж тодорхойлсон бөгөөд уг шаардлагаар тус шүүхийн шүүгчийн .... оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд дээр нэхэмжлэлийн шаардлагаа ... ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж татгалзсан .... ХХК-ийн дэргэдэх .... .... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шийдвэр /тэмдэглэл/ зөвлөмжийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг .... ХХК-ийн дэргэдэх .... даалгах гэж тодорхойлсон бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцсэн болно.
4. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
4.1. .... ХХК-иас зарласан.... дугаартай ... үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц№1 үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны ... оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр хурлаар Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, хуулийн дагуу дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлж шийдвэрлэжээ.
4.2. Үүний дагуу ... ХХК-иас ....ХХК-д ... оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тендерт ирүүлсэн материал шаардлага хангаагүй болохыг мэдэгджээ.
4.3. ... ХХК-иас үүнийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасныг Сангийн яамнаас хянаж, ... оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ....тоот Гомдол хянасан тухай албан бичгээр хариу өгсөн бөгөөд .... ХХК-ийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж, .... ХХК-ийн .... оны 05 дугаар сарын 08-ны өдрийн .... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцуулэн дахин хийхийг мэдэгджээ.
4.4. Үүний дагуу тус .... нь .... оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин хуралдаж, тус тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулж, хуралдаанаар Шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, хуулийн дагуу дахин зарлах шийдвэрлэж,... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл /зөвлөмж/-ийг захиалагчид хүргүүлжээ.
4.5. Үүний дагуу ....ХХК-иас ....ХХК-д ... оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Тендерт ирүүлсэн материал шаардлага хангаагүй болохыг мэдэгджээ.
4.6. ....ХХК-иас үүнийг дахин эс зөвшөөрч, Сангийн яаманд Урьчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасныг Сангийн яамны ... оны 06 дугаар сарын 18-ны өдрийн .... тоот Хариу хүргүүлэн тухай албан бичгээр өмнө нь шийдвэрлэж хариу өгсөн асуудлыг дурдсан гэх гэх үндэслэлэээр гомдлыг буцаажээ.
4.7. Нэхэмжлэгчээс .... оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн .... оны 07 дугаар сарын 03-ны өдрийн .... дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосны дагуу нэхэмжлэгчээс .... оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган ирүүлснийг шүүх хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн .... оны 07 дугаар сарын 20-ны өдрийн .... дугаар захирамжаар Захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн.
Тав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл.
5.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: .... ХХК-ийн ... оны 02 дугаар сарын 27-ны өдөр зарласан Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 тендерт оролцохоор .... ХХК нь тендерийн материалаа хүргүүлж, уг тендер ....оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн. Захиалагчаас ... оны 5 дугаар сарын 01-ний өдрийн... дугаартай мэдэгдлээр шаардлага хангаагүй гэх үндэслэлээр татгалзсан хариу ирүүлсэн бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй ...оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан.
Сангийн яамнаас захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгэхээр ... оны 5 дугаар сарын 21-ний өдрийн.... дугаартай албан бичгээр хариу ирүүлсэн.
Тус албан бичгийн дагуу Үнэлгээний хороо тендерийн материалыг дахин хянан үзэж ... ХХК-ийн тендерээс татгалзахдаа өмнө нь татгалзаж байсан үндэслэлээр буюу Б.Н тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн дугаар маягт 7-д тусгагдсан мэдээллээс, боловсролын ур чадварын мэдээлэл зөрүүтэй учраас шаардлага хангахгүй талаар дурдаж татгалзсан. .... оны 6 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаартай албан бичгээр татгалзсан мэдэгдэл хүргүүлж, дахин тендер зохион байгуулах болсныг мэдэгдсэн.
Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч дахин Сангийн яаманд ... оны 6 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан. Сангийн яамнаас ... оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай албан бичгээр хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг буцаана гэж заасны дагуу хүлээн авахгүй, буцаасан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Захиалагч болон Үнэлгээний хороо нь тендерийг хянан шалгах явцдаа ... ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан нь хууль зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хүний нөөцийн маягтад тусгагдсан тогоочийн мэдээлэл зөрүүтэй гэх үндэслэлийг дурдсан. Зөрүүтэй материал ирүүлсэн гэж үзсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно. мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-т Тендер хянан үзэх, үнэлэхэд энэ хуульд заасан үндэслэлээр холбогдох этгээдээс тодруулга авах шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хорооны хурлыг хойшлуулж болно. гэж заасныг хэрэгжүүлэлгүйгээр татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус гэж үзэж байна.
Тиймээс ... ХХК-ийн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
...ХХК-ийн зүгээс тогоочийн мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар батлуулж, үнэн зөвөөр гаргаж өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.4-т заасны дагуу шаардлага хангасан баримт бичгийг хүргүүлсэн.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй. гэж заасан.
Гэтэл хүний нөөцийн маягт 7-д ирүүлсэн тогооч Б.Н нь тогоочийн 2 дугаар зэрэгтэй, ... гэх үнэмлэхийн дугаартай, ажилтны товч намтар, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дэргэдэх Мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комиссын ... оны 8 дугаар сарын 20-ны өдөр олгосон ... дугаартай тогоочийн мэргэжлийн 1 дүгээр зэргийн үнэмлэхийг хавсралтын хамт нотариатаар баталгаажуулж ирүүлснийг хянан үзэх боломжтой гэж Сангийн яамнаас шийдвэрлэсэн байхад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан зохицуулалтыг зөрчсөн. Тендерт оролцогчоос ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй гэж үзэж татгалзсан үндэслэлээ дурдсан бол энэ талаар тодруулга авах, хуульд заасан ажиллагааг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан хууль бус шийдвэр нь гэж үзэж байна.
Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д Энэ хуулийн 12.5-д зааснаар эсхүл түүнтэй дүйцэх гэсэн тодотгол хэрэглэсэн техникийн тодорхойлолтод өөр бараа санал болгосон оролцогч техникийн тодорхойлолтод заасантай дүйцэх болохыг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичгээр, эсхүл бусад хэлбэрээр нотолсон бол техникийн тодорхойлолтыг хангасан гэж үзнэ. гэж заасныг хэрэгжүүлээгүй нь Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс харагддаг. Үнэлгээний хорооны даргын саналыг дэмжиж шийдвэр гарсан байдаг.
.... ХХК-иас ирүүлсэн тендерийн баримт бичиг бүх шаардлагыг хангасан. Зөвхөн Б.Н тогоочийн ур чадварыг илтгэсэн үнэмлэхийн дугаар зөрүүтэй байгаа нь шаардлага хангахгүй гэх үндэслэлд хамаарахгүй гэж үзэж байна. Үнэлгээний хороо холбогдох хуульд заасан зохицуулалтыг хэрэглээгүй, Сангийн яамнаас баталсан аргачлал, заавар зөвлөмжийг мөрдөөгүйгээс шалтгаалж хууль бус шийдвэр гарсан гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага бүхэлд нь дэмжиж байна гэв.
5.2. Хариуцагчийн төлөөлөгч .... ХХК-ийн дэргэдэх Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г: Тендерийн үнэлгээний хороо нь ....оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Уг тендер сонгон шалгаруулалт нь 3 багцтай бөгөөд Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 нь 2,8 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй.
Тендер сонгон шалгаруулалтыг .... оны 02 дугаар сарын 27-ны өдөр цахим системээр тендер зарлаж, Тендерийг 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нээсэн. Тендер сонгон шалгаруулалтад 3 оролцогчид оролцсон бөгөөд холбогдох материал, лавлагаануудыг нь цахим системээс татаж авч, ... оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж ... ХХК нь хамгийн сайн тендерээр шалгарч, захиалагч буюу Дотоод хяналтын хэлтэс рүү Үнэлгээний хорооны зөвлөмжийг хүргүүлсэн.
... оны 5 дугаар сарын 01-ний өдөр Дотоод хяналтын хэлтсээс Тендер шалгаруулалт, үнэлгээний дүгнэлтэд хийсэн хяналтын хуудас-аар маягт 7-ын дагуу ирүүлсэн баримтын бүрдэл хангалтгүй тул дахин үнэлгээ хийх зөвлөмжийг ирүүлсэн.
Уг зөвлөмжийн дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, хүний нөөцийн маягтын дагуу ирүүлсэн баримтад дахин үнэлгээ хийж, тогоочийн үнэмлэхийн дугаар, маягтын мэдээлэл зөрүүтэй, боловсролын ур чадварын мэдээлэл зөрүүтэй гэх дүгнэлт гаргаж, захиалагч буюу Дотоод хяналтын хэлтэс рүү зөвлөмжөө хүргүүлсэн. Энэ зөвлөмжийн дагуу Дотоод хяналтын хэлтэс хянан үзэж Тендер шалгаруулалт, үнэлгээний дүгнэлтэд хийсэн хяналтын хуудас-аар тендер сонгон шалгаруулалтын шаардлагад нийцсэн тендер байхгүй учраас дахин тендер зарлах зөвлөмжийг хүргүүлж, захиалагчаас 3 оролцогчид руу 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдөр цахим системээр мэдэгдэл хүргүүлсэн. Үүний 6 хоногийн дараа Сангийн яаманд гомдол гаргасан учраас холбогдох баримтуудыг хүргүүлж, ... оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сангийн яамнаас гомдол хянан тухай албан бичиг ирүүлсэн. Сангийн яамны ... оны 5 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаартай албан бичигт мэргэжлийн зэрэг, үнэмлэхийн дугаарыг зөрөөтэй тусгаж ирүүлсэн боловч тус ажилтны нотариатаар баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг үндэслэн холбогдох шаардлага нийцэх эсэхийг хянан үзэх боломжтой гэж дурдаж, .... ХХК-д хүргүүлсэн мэдэгдлийг хүчингүй болгосон.
Үүний дагуу Үнэлгээний хороо дахин хуралдаж, тендерийн баримт бичигт тусгагдсан маягт 7-д хавсарган ирүүлсэн үнэмлэхийн мэдээллийг дахин хянаж, үнэмлэхийн дугаар, мэргэжлийн зэрэгтэй материалууд, тендерт хавсарган ирүүлээгүй, нотариатаар баталгаажуулж ирүүлсэн үнэмлэхийн мэдээлэл нь маягт 7-д байхгүй, зөрүүтэй тул нотариатаар баталгаажуулан ирүүлсэн мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх боломжгүй гэж Үнэлгээний хороо дүгнээд тендерийн баримт бичгийн шаардлагыг Оддөл ХХК хангахгүй байх тул өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх зөвлөмжийг дахин захиалагч руу хүргүүлсэн. Захиалагчаас тус зөвлөмжийг хүлээн авч, тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй учраас дахин тендер сонгон шалгаруулалт зохион байгуулах мэдэгдлийг ... оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн. Үүнээс хуульд заасан хугацаанд гомдол ирээгүй тул тендер сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлж, ... оны 8 дугаар сарын 04-ний өдөр зарласан. Тендерийг шалган үнэлэхэд тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй байсан учраас гомдол гаргах хугацаа дууссаны дараа ... оны 8 дугаар сарын 18-ны өдөр дахин тендер сонгон шалгаруулалтыг зарласан гэв.
5.3. Хариуцагч .... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн сайдын ... дугаартай тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 5.3-д Захиалагч хуулийн 48.2.3-т заасан эрх, үүргийн хүрээнд зөвлөмж хууль тогтоомжид нийцэхгүй гэж дүгнэсэн бол зөрчлийг арилгуулахаар үнэлгээний хороонд буцаах тухай шийдвэрийг нэн даруй хүргүүлнэ. гэж заасан. Мөн хавтаст хэргийн 127 дугаар талд авагдсан ... .... ХХК-ийн Компанийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам-ын 8.5-д Дотоод хяналтын асуудал хариуцсан нэгж нь худалдан авах ажиллагааг холбогдоод холбогдох баримт бичиг хянаж дүгнэлт гарган захиралд танилцуулна. гэх зохицуулалттай. Мөн хавтаст хэргийн 104 дүгээр талд авагдсан Тендер илгээх маягт-ын 1 дэх хэсэгт тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл буюу гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягттай танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон гэж заасны дагуу Оддөл ХХК-иас тендер сонгон шалгаруулалтад оролцсон.
5.4. Хариуцагч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 1600 гаруй ажилчидтай бөгөөд гангийн үйлдвэрт зориулсан катеринг нь давхардсан тоогоор 900 орчим хүнд үйлчилдэг. Ажил олгогч нь ажилтанд эрүүл аюулгүй, стандартад нийцсэн хоол хүнсээр үйлчлэх чиг үүргийнхээ хүрээнд тус тендер сонгон шалгаруулалтад боловсон хүчин буюу тогооч, хүнсний үйлдвэрт оролцож байгаа тогоочийн ур чадварт хамруулах шаардлагуудыг санал болгосон.
.... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага нь тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, дахин хянаж үзэхийг даалгах тухай юм. Үнэлгээний хорооны шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу захиалагч хяналт тавьж, холбогдох шийдвэрүүд гарсан. .... ХХК нь 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаартай албан бичгийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-д ирүүлсэн бөгөөд уг албан бичигт Б.Н-н нотариатаар батлуулсан 1 дүгээр зэргийн үнэмлэхийн дугаарыг маягт 7-д шивэхдээ 2 дугаар зэргийн үнэмлэхтэй байх үеийн дугаарыг андуурч шивсэн гэж дурддаг буюу алдаа гаргасан гэдгээ албан бичгээр хүлээн зөвшөөрсөн.
Сангийн яам гомдлын хянан шалгахдаа мэргэжлийн зэрэг дугаарыг зөрүүтэй байгааг тогтоосон. Мөн нотариатаар батлуулсан нотлох баримтыг дахин үнэлэх агуулгыг дурдсан байдаг. Үнэлгээний хороо бие даасан, хөндлөнгөөс шийдвэр гаргахдаа маягт 7-д ирүүлсэн мэдээлэл зөрүүтэй гэж шийдвэр гаргасан. Гэтэл нэхэмжлэгч талаас Сангийн яамны шийдвэрийн дагуу шийдвэрлэх ёстой гэж тайлбарлаж байна. Үнэлгээний хороо нь бие даасан, хөндлөнгийн бөгөөд гагцхүү хуульд захирагдаж шийдвэр гаргах үүрэгтэй.
.... оны 5 дугаар сарын 01-ний өдөр дахин тендер сонгон шалгаруулалт явуулсан ч, 2026 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дахин Үнэлгээний хороо хуралдаж, бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн. 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдөр дараагийн тендерийг үнэлж, шаардлагад нийцэх оролцогч байгаагүй дахин бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн. Одоогоор 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр дахин тендер нээхээр зарласан байгаа. Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн гэж байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Шүүх үүнд дүгнэлт хийнэ үү.
Хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, тендерт тавигдах үндсэн шаардлага буюу цахимаар ирүүлэх ёстой хүний нөөцийн мэдээлэл зөрүүтэй байдаг. Үүнийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлага нь хүсэл зоригоос үл хамааран хуулийн дагуу хийгдсэн ажиллагаагаар биелэгдсэн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч талаас тодруулах авах боломжтой байсан эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлалаа. Тодруулга нь тодорхойгүй, зөрүүтэй асуудалд авагддаг. Өөр тохиолдолд засаж ирүүлэх талаар мэдэгдсэн бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. Тиймээс бичгээр ирүүлсэн баримт болон цахимаар ирүүлсэн баримт нь зөрүүтэй байгаа учраас хүний нөөцийн мэдээлэл нь зөрүүтэй нь шаардлага хангаагүй гэж шийдвэр гаргасан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ... ХХК-иас .... ХХК, Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн дэргэдэх .... холбогдуулан ... ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж татгалзсан ... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хорооны ... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хавсаргасан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
3. Нэхэмжлэгчээс ...Үнэлгээний хороо нь тендерийн материалыг дахин хянан үзэж Оддөл ХХК-ийн тендерээс татгалзахдаа өмнө татгалзсан үндэслэл болох хүний нөөцийн маягт 7-д тусгагдсан тогоочийн мэдээлэл зөрүүтэй гэх үндэслэлийг дурдсан. Зөрүүтэй материал ирүүлсэн гэж үзсэн тохиолдолд тодруулга авах зохицуулалттай байтал тодруулга авалгүй шууд татгалзсан шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр болсон, Дээд шатны байгууллага болох Сангийн яамнаас нотариатаар баталгаажуулж ирүүлснийг хянан үзэх боломжтой гэж шийдвэрлэсэн байхад, дахин үнэлэх ажиллагааг явуулахдаа Сангийн яамны шийдвэрийг үгүйсгэж, хянаж үзэх боломжгүй гэж татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн гэж,
Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч нотариатаар баталгаажуулж ирүүлсэн үнэмлэхийн мэдээлэл нь маягт 7-д байхгүй, зөрүүтэй тул нотариатаар баталгаажуулан ирүүлсэн мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх боломжгүй гэж Үнэлгээний хороо дүгнээд .... ХХК-ийн тендерийг шаардлага хангахгүй гэж үзэж, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх зөвлөмжийг дахин захиалагч руу хүргүүлсэн, ... ХХК нь 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .... тоот албан бичигтээ Б.Нэ-н нотариатаар батлуулсан 1 дүгээр зэргийн үнэмлэхийн дугаарыг маягт 7-д шивэхдээ 2 дугаар зэргийн үнэмлэхтэй байх үеийн дугаарыг андуурч шивсэн гэж дурддаг буюу алдаа гаргасан гэдгээ албан бичгээр хүлээн зөвшөөрсөн, тодруулах авах боломжгүй, тодруулга нь тодорхойгүй, зөрүүтэй асуудалд авагддаг, тодруулга авах байдлаар засаж ирүүлэх талаар мэдэгдсэн бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. гэж тус тус маргадаг.
4. Шүүхээс тогтоосон үйл баримтын тухайд:
4.1. .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын ... оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал[1][1]-аар ..... ХХК-д катеринг үйлчилгээ үзүүлэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулжээ.
4.2. Катеринг үйлчилгээ үзүүлэх тендер нь Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ багц №1, Төмөртэйн уурхайн катеринг үйлчилгээ багц №2, Төмөртолгойн уурхайн катеринг үйлчилгээ багц №3 буюу нийт гурван багцаас бүрдэх бөгөөд энэхүү маргаан нь Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц№1 үзүүлэх тендер шалгаруулалтай холбоотой маргаан байна.
4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "тендер" гэж бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, эсхүл үйлчилгээ үзүүлэхээр оролцогчийн ирүүлсэн саналыг, 4.1.17-д "тендер шалгаруулалтын баримт бичиг" гэж захиалагчаас тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлага, аргачлалыг тодорхойлсон баримт бичгийг; 11 дүгээр зүйлийн 11.1-д Тендер шалгаруулалтын баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан жишиг баримт бичиг, маягт, гэрээний нөхцөл болон холбогдох журам, аргачлалын дагуу боловсруулж, захиалагч батална, 11.2-д Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана, 18 дугаар зйлийн 18.1-д Захиалагч энэ хуулийн 10.2-т заасан шууд худалдан авч болох төсөвт өртгөөс дээш тендер шалгаруулалтын зарлалыг тендер шалгаруулалтын баримт бичгийн хамт цахим системд нийтэлж, аж ахуй эрхлэгчийг танилцах боломжоор хангана. гэж тус тус заасны дагуу Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ багц №1 үзүүлэх тендерийн үнэлгээний хорооны .... оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр хурал[2][2]-аар Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж, тус тендерийг .... урилгын дугаартайгаар, .... оны 02 дугаар сарын 27-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтад тендерийн баримт бичгийн хамт нээлттэй тендер шалгаруулалтын аргаар зарласан бөгөөд тендерийг .... оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цаг 10 минутад нээхээр зарлажээ.
4.4. Тендерийг .... оны 04 дүгээр сарын 13-ны 10 цаг 10 минутад нээсэн байх бөгөөд тус тендерт Оддөл ХХК оролцжээ.
4.5. Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д Техникийн чадавхи болон туршлагын шаардлага: Шаардана, 1. Оролцогч байгууллага нь хоол үйлдвэрлэл үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг .... стандартын дагуу бүрдүүлсэн байх ба мэргэжлийн үнэмлэх эсхүл диплом, мэргэжлээрээ ажилласан ажлын туршлага зэргийг нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: 1. Мэргэжлээрээ ажилласан туршлагыг нотлох байгууллагын тодорхойлолтыг ирүүлнэ. 2.Ажлын даалгаврын хүний нөөцийн шаардлага хэсэгт заасан удирдлага зохион байгуулалтын, үйлчилгээний, үйлдвэрлэлийн хүний нөөцийн мэдээлэл тус бүрийг маягт7 дагуу ирүүлнэ. 5. Шаардсан хүний нөөц тус бүрийн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ гэж, .... ХХК-ийн Үйлдвэрлэл, Технологийн газрын даргын .... оны 04 дүгээр сарын 02-ны өдөр баталсан Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн ажлын даалгавар-ын Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн гэрээний тусгай нөхцөлийн 2-д заасан Хүний нөөцийн шаардлага хэсэгт Хоолны газрын удирдлага, зохион байгуулалтын /менежер, технологич, хоол зүйч, эрүүл ахуйч/, үйлчилгээний /заалны зохион байгуулагч, кассчин/, үйлдвэрлэлийн /ерөнхий тогооч, ахлах тогооч, шөлний тогооч, тогооч, эмчилгээний хоолны тогооч, талх нарийн боовны тогооч, туслах тогооч/, угаагч үйлчлэгчтэй байна. гэж тус тус заажээ.
4.6. ....ХХК-иас маргаан бүхий ....0 дугаартай Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцож, нийт 782 хуудас бүхий материалыг тендер сонгон шалгаруулалтад хүргүүлсэн байх бөгөөд маргаан бүхий хүний нөөцийн мэдээлэл болох Тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д Техникийн чадавхи болон туршлагын талаарх шаардлагын талаарх мэдээллийг .... ХХК-ийн 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Т-26/21 тоот Байгууллагын тодорхойлолт[3][3]-д нийт 19 мэргэжилтний мэдээллийг тусгасан байх бөгөөд тогоочоор Б.Н, С.Д, Х.Э, С.Т гэх 4 мэргэжлтнийг тодорхойлж, уг жагсаалтын 14-д Б.Н, Тогооч гэж тусган, тогооч Б.Н ..... дугаартай 1 дүгээр зэргийн тогоочийн үнэмлэх, тус үнэмлэхний 2016 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн хавсралт[4][4] , тогооч Б.Н товч намтар[5][5] зэргийг хавсаргажээ.
4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиалагч тендер нээсэн даруй тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлж, энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийн аль нэгийг тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор гаргана., 27 дугаар зүйлийн 27.1-д Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ, 27.5-д Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ., 28 дугаар зүйлийн 28.1.Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:, 28.1.1-д хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох; гэж тус тус заажээ.
4.8. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу Тендерийн үнэлгээний хорооны хуралдаан .... оны 04 дүгээр сарын 13-ны өдөр ..... ХХК-ийн байр, 1 давхарт, уулзалтын өрөөнд 15 цаг, 00 минутад эхэлсэн бөгөөд хуралдаан 100 хувийн ирцтэй буюу Үнэлгээний хорооны дарга Г.Ж, нарийн бичиг Ж.Г, үнэлгээний хорооны гишүүн О.Б, Э.А, Ж.Э нарын бүрэлдэхүүнтэй хуралдаж, тус хуралдаанаар Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтын баримт бичгийг хянан үзэж үнэлгээ хийх асуудлыг хэлэлцэж, тус хурлаас ... ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, 2,790,585,600 төгрөгөөр гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүлэхээр шийдвэрлэж, тус Үнэлгээний хорооны ... оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/[6][6]-ийг захиалагч ....ХХК-д хүргүүлжээ.
4.9. .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын .... оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .. дүгээр тушаалаар батлагдсан Компанийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах журам-ын 8.5-д Дотоод хяналтын асуудал хариуцсан нэгж нь худалдан авах ажиллагаатай холбогдох баримт бичгийг хянаж, дүгнэлт гарган захиралд танилцуулах, 8.6-д Дотоод хяналтын асуудал хариуцсан нэгж нь үнэлгээний дүгнэлтийг хянаж гаргах хугацааг гэрээг байгуулах, тендерийн хүчинтэй байх хугацаатай уялдуулна, 8.7-д Тендерийн баримт бичиг болон үнэлгээний дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж болон тендер шалгаруулалтын журмыг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд захиалагч нь баримт бичгийг хүлээн авснаас хойш.... үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ, 8.8-д Үнэлгээний хороо мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдөрт багтаан зөрчлийн дүгнэлтийг хянан хэлэлцээд зөвшөөрсөн тохиолдолд тендерийн баримт бичиг болон үнэлгээний дүгнэлтэд холбогдох өөрчлөлт оруулах... захиалагчид дахин хүргүүлнэ гэж тус тус заасны дагуу ... ХХК-ийн Дотоод хяналтын хэлтсээс уг тендер шалгаруулалт, үнэлгээний дүгнэлтэд хяналт хийж, .... оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай хяналтын хуудас[7][7]-аар Тендер хянан үзэх үнэлэх /маягтууд/ болон Үнэлгээний хорооны шийдвэр зэргийг зөрчилтэй гэж дүгнэн Тендер шалгаруулалтын зааварчилгаа 17.1, Маягт 7-д заасны дагуу ирүүлсэн материалын бүрдэл хангалтгүй гэсэн тайлбар гаргаж, захиалагчид Үнэлгээний хорооны шийдвэр зөрчилтэй байгаа тул хуульд нийцүүлэн дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах зөвлөмж хүргүүлжээ.
4.10. Уг зөвлөмжийн дагуу Тендерийн үнэлгээний хороо нь .... оны 05 дугаар сарын 01-ний өдөр дахин хуралдаж, тендерийн баримт бичгийг дахин хянан үзэж, тус хуралдаанаар .... ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийг ... тогоочийн үнэмлэхийг ирүүлсэн ч тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн дугаар маягт дахь мэдээллээс зөрүүтэй, боловсрол ур чадварын мэдээллийг тусгасан маягт дахь мэдээлэл болон баримт хоорондоо зөрүүтэй, хүний нөөцийн мэдээллийг тендерийн баримт бичигт шаардсаны дагуу ирүүлээгүй... гэх үндэслэлээр тендерийн баримт бичгийн шаардлага хангаагүй гэж үзэж, Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх .... дугаар тендер сонгон шалгаруулалтад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж хуулийн дагуу дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, .... оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 04 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/[8][8] гаргажээ.
4.11. Дээрх зөвлөмжийг үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана:, 28.1.3-д шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.2-д Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэнэ. гэж тус тус заасны дагуу .... ХХК-ийн 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн .... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр .... ХХК-д Тогоочийн мэргэжлийн үнэмлэхний дугаар маягт-7 дахь боловсролын ур чадварын мэдээлэл баримтын мэдээлэл зөрүүтэй, тендер нь шаардлага хангаагүй тухай мэдэгджээ.
4.12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна., 59.10-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:, 59.10.1-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;, 59.10.2-д зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах гэж тус тус заасны дагуу .... ХХК-иас уг шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн .... тоот Гомдол хянасан тухай албан бичгээр гомдлыг шийдвэрлэжээ.
4.13. Сангийн яамны .... оны 05 дугаар сарын 21-ний өдрийн .... тоот Гомдол хянасан тухай албан бичигт ... .... ХХК-ийн тендерт ирүүлсэн хүний нөөцийн мэдээлэл /маягт7/-д 16.Тогооч: Б.Н-тогоочийн || зэрэгтэй, .... гэж тусгаж, тус ажилтны товч намтар /маягт8/, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн дэргэдэх Мэргэжлийн ур чадварын шалгалтын төв комиссын .... оны 08 дугаар сарын 20-ны өдөр олгосон .... дугаартай Тогоочийн мэргэжлийн 1 дүгээр зэргийн үнэмлэхийг хавсарлтын хамт нотариатаар баталгаажуулж ирүүлсэн байна. .... ХХК-ийн тендерийн хүний нөөцийн мэдээллийн маягтад тогоочоор санал болгосон Б.Н мэргэжлийн зэрэг, үнэмлэхийн дугаарыг зөрүүтэй тусган ирүүлсэн боловч тус ажилтны нотариатаар баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхийн хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх боломжтой байх тул..., татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. ... захиалагчийн .... оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ..... тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье гэжээ.
4.14. Сангийн яамнаас тендер шалгаруулах, үнэлэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж, захиалагчийн татгалзаж шийдвэрлэсэн тогоочийн мэргэжлийн үнэмлэхийн дугаар, маягт 7 дахь мэдээллээс зөрүүтэй, мөн маягт 7 дахь боловсролын ур чадварын мэдээлэл баримтын мэдээлэлтэй зөрүүтэй гэх үндэслэлийг буруутгаж, захиалагчийн .... ХХК-ийн тендерээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд хэдийгээр тогооч Б.Н-н мэргэжлийн зэрэг, үнэмлэхний дугаарыг зөрүүтэй тусган ирүүлсэн боловч тендерийн материалд хавсарган ирүүлсэн тус ажилтны нотариатаар баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх боломжтой гэж дүгнэж, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн байна.
4.15. Үүний дагуу тус Тендерийн үнэлгээний хороо .... оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин хуралдаж, хэлэлцэх асуудлын 2 дугаарт маргаан бүхий Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ үзүүлэх Багц №1 тендер сонгон шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулсан байх бөгөөд тус хуралдааны явцад Г.Ж /үнэлгээний хорооны дарга/-өөс Маягт-7-д ирүүлсэн хүний нөөцийн мэдээлэлд үндэслэн хавсарган ирүүлсэн үнэмлэхийн мэдээлэл нь Маягтын мэдээллээс зөрүүтэй баримт ирүүлсэн нь шаардлага хангахгүй гэж үзэж байна, Нотариатаар баталгаажуулан ирүүлсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх боломжгүй гэж үзэж байна. Иймд .... ХХК-ийн ирүүлсэн тендерийг баримт бичгийн шаардлага хангаагүй гэж үзэж өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, хуулийн дагуу дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх тухай санал гаргасныг хуралд оролцсон бүх гишүүд дэмжиж, 100 хувийн саналаар баталж, .... ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй тул тус тендерээс татгазаж, үнэлгээний хорооны өмнөх шийдвэрийг хэвээр үлдээж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж, хуулийн дагуу дахин зарлах тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц№1, Төмөртэй уурхайн катеринг үйлчилгээ Багц№2 үйлчилгээ үзүүлэх тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны хурлын .... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/ гаргаж захиалагчид хүргүүлжээ.
4.16. ..... ХХК-иас уг зөвлөмжийг хүлээн авч, .... оны 06 дугаар сарын 08-ны өдрийн .... тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ..... ХХК-д хүргүүлж, тендер нь шалгараагүй тухай мэдэгджээ.
5. Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
5.1. Тендерийн үнэлгээний хорооны ... Маягт7-д тусгагдсан мэдээллээс зөрүүтэй баримт ирүүлсэн нь шаардлага хангахгүй... гэх үндэслэлээр ..... ХХК-ийн тендерээс дахин татгалзсан Тендерийн үнэлгээний хорооны .... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаар зөвлөмж нь хууль бус болжээ.
5.2. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчийн энэ хуулийн 28.1-д заасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлыг уг шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор, захиалагчид гаргасан гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй тухай гомдлыг энэ хуулийн 57.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш ажлын таван өдрийн дотор тус тус хүлээн авна., 59.10-д Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагагомдлыг хянан үзэж, захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана:, 59.10.1-д тендер шалгаруулалт, эсхүл захиалагчийн шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөлт оруулах;, 59.10.2-д зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах; гэж тус тус заасан.
5.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яамнаас маргаан бүхий тендер шалгаруулах, үнэлэх ажиллагааг хуулийн дагуу явагдсан эсэхийг хянаж, Сангийн яамны .... оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ..... тоот шийдвэрээр захиалагчийн татгалзаж шийдвэрлэсэн тогоочийн мэргэжлийн үнэмлэхний дугаар, маягт 7 дахь мэдээллээс зөрүүтэй, мөн маягт 7 дахь боловсролын ур чадварын мэдээлэл баримтын мэдээлэлтэй зөрүүтэй гэх үндэслэлийг буруутгаж, захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шийдвэртээ ... хэдийгээр тогооч Б.Н-н мэргэжлийн зэрэг, үнэмлэхний дугаарыг зөрүүтэй тусган ирүүлсэн боловч тендерийн материалд хавсарган ирүүлсэн тус ажилтны нотариатаар баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх боломжтой... гэж дүгнэж, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг даалгаж шийдвэрлэжээ.
5.4. Өөрөөр хэлбэл тогоочийн мэргэжлийн үнэмлэхний дугаар хэдийгээр зөрүүтэй байгаа боловч тендерийн материалд ирүүлсэн Б.Н-н 1 дүгээр зэргийн тогоочийн нотариатаар баталгаажуулсан мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг үндэслэн тогооч Б.Н-н тогоочийн мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхийг дахин хянан үзэж, тендер шалгаруулалтын хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхийг үүрэг болгожээ.
5.5. Гэтэл Тендерийн үнэлгээний хорооны ..... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .... дугаар хуралдаанаар Сангийн яамны шийдвэрийг үгүйсгэж, Нотариатаар баталгаажуулан ирүүлсэн мэргэжлийн үнэмлэхний хуулбарыг үндэслэн холбогдох шаардлагад нийцэх эсэхийг хянан үзэх боломжгүй, өмнө нь гаргасан шийдвэрийг хэвээр үлдээе гэж дүгнэж, ..... ХХК-ийн тендерээс татгалзсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10, 59.10.1, 59.10.2-д тус тус заасныг зөрчсөн байна.
5.6. Иймд ..... ХХК-иас тендерийн материалд ирүүлсэн нотариатаар батлуулан ирүүлсэн .... дугаартай үнэмлэх бүхий, 1 дүгээр зэргийн тогоочийн үнэмлэхтэй, тогооч Б.Н-н тогоочийн мэргэжил, ур чадвар, ажлын дадлага туршлага зэрэг нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн эсэхийг дахин хянах замаар тендер шалгаруулалтыг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Нэхэмжлэгчийн ...Тодруулга авах боломжтой байсан... гэх үндэслэлийн тухайд:
6.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ ... Тогоочийн үнэмлэхний дугаарыг андуурч бичсэн нь арифметик алдаа байсан. Үнэмэлний дугаар зөрүүтэй байгаа талаар тодруулга авах боломжтой байсан. Гэтэл тодруулга аваагүй нь хуулийн 25 дугаар зүйлд заасныг зөрчсөн... гэж, хариуцагчаас үүнийг эс зөвшөөрч ...тодруулах авах боломжгүй, тодруулга авах байдлаар засаж ирүүлэх талаар мэдэгдсэн бол энэ нь хууль зөрчсөн үйлдэл болно. гэж тус тус маргадаг.
6.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тендерийн талаар тодруулга авах гэсэн 25 дугаар зүйлийн 25.1-д Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана., 25.2-д Захиалагч энэ хуулийн 25.1-д заасан тодруулгыг холбогдох бусад этгээдээс цахим систем, цахим шуудангаар, эсхүл албан бичгээр авч болно., гэж зааснаар тендерийн тодорхойгүй эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авч болохоор хуульчилсан.
6.3. ..... ХХК-ийн тендерийн материалд тогооч Б.Н-н үнэмлэний дугаарыг андуурч, 2 дугаар зэрэгтэй үеийн үнэмлэхний дугаарыг бичиж, тендерийн материалд 1 дүгээр зэрэгтэй тогоочийн үнэмлэхийг хүргүүлсэн болох нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан тендерийн баримт, ..... ХХК-ийн .... оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ..... тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
6.4. Гэсэн хэдий ч энэ нь уг тендерийн материалд өөр хүний үнэмлэх бус, нэг хүний 2 өөр дугаар бүхий тогоочийн үнэмлэх байх бөгөөд дээрх үнэмлэхээр Б.Н-г нь 1 дүгээр зэрэг, эсхүл 2 дугаар зэрэгтэйг тодорхойлсныг дүгнэхэд зөрчилдөж байх бөгөөд хариуцагчаас уг зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авахад тендерийн үнэд өөрчлөлт орохооргүй, бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхөөргүй байх бөгөөд үүнийг захиалагчаас хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2-т зааснаар тодруулга авах замаар андуурч бичигдсэн үнэмлэхний дугаарыг зөвтгөх боломжтой байсан байна.
6.5. Гэтэл захиалагчаас тендерийн тодруулга авалгүйгээр шууд татгалзаж шийдвэрлэсэн нь захиалагчийн шийдвэр үндэслэлгүй болоход нөлөөлсөн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн дурдсан тодруулга авах боломжтой байсан гэх тайлбар үндэслэлтэй байна.
7. Мөн түүнчлэн Гангийн үйлдвэрийн катеринг үйлчилгээ Багц №1 үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын баримт бичгийн 2 дугаар бүлэг, Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.1-д Техникийн чадавхи болон туршлагын шаардлага: Шаардана, 5. Шаардсан хүний нөөц тус бүрийн мэргэжлийн диплом, мэргэжлийн үнэмлэхийг ирүүлнэ гэж, Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн ажлын даалгавар-ын Ажилнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн гэрээний тусгай нөхцөлийн 2-т заасан Хүний нөөцийн шаардлага хэсэгт Хоолны газрын удирдлага, зохион байгуулалтын /менежер, технологич, хоол зүйч, эрүүл ахуйч/, үйлчилгээний /заалны зохион байгуулагч, кассчин/, үйлдвэрлэлийн /ерөнхий тогооч, ахлах тогооч, шөлний тогооч, тогооч, эмчилгээний хоолны тогооч, талх нарийн боовны тогооч, туслах тогооч/, угаагч үйлчлэгчтэй байна. гэж тус тус заасан бөгөөд тус хэсэгт дээр тогоочийн тоог заагаагүй байна.
8. .... ХХК-иас тогоочоор 1 хүний мэдээллийг оруулах боломжтой байсан боловч, хүний нөөцийн боломжоор нийт 4 хүний нэрийг дурдаж, холбогдох баримтыг хүргүүлсэн байх бөгөөд тэдгээр 3 тогоочийн мэдээлэл нь шаардлагыг бүрэн хангасан байхад тендерт заагаагүй буюу илүү ирүүлсэн тогоочийн мэдээллийг үндэслэж татгалзсан шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д Оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй. гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байгаа бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан 4 тогоочийн мэдээллийг тусгасан байтал тэдгээрийн 1 тогоочийн мэдээлэл зөрүүтэй гэж татгалзсан нь үндэслэлгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна.
9. Иймд нэхэмжлэгчийн .... ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж татгалзсан ..... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хорооны .... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
10. Энэхүү хэргийн хариуцагчийн хувьд: .... ХХК-ийн гүйцэтгэх захирлын .... оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ... дугаар тушаалаар .... ХХК-д катеринг үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын аргаар сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан бөгөөд уг үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар үнэлгээний хороо нь тухайн тендер гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байхаас гадна, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийг тодорхойлох эрхийн хүрээнд хариуцагчийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК болон .... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороо гэж тодорхойлсон байх тул хариуцагчийг нэхэмжлэлд тодорхойлсон байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.
11. Хариуцагч .... ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороо нь .... ХХК-иас тогооч Б.Н-н үнэмлэхний дугаарыг дахин тодруулах замаар тодруулга авсны үндсэн дээр Оддөл ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15, 4.1.17, 25 дугаар зүйлийн 25.1, 25.2, 28 дугаар зүйлийн 28.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 59 дүгээр зүйлийн 59.10, 59.10.1, 59.10.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, .... ХХК-ийн тендерээс шаардлага хангаагүй гэж татгалзсан .... ХХК-ийн дэргэдэх ... ... оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тэмдэглэл /зөвлөмж/-ийг хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Тендерийн үнэлгээний хороонд даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АРИУНБОЛОР