| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2018/0164/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/179 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхжаргал |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,
Улсын яллагч Ц.Мөнхжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал,
Шүүгдэгч Ц.Л- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Л-ид холбогдох эрүүгийн 1838002310203 дугаар хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Л-,
Шүүгдэгч Ц.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Л.С-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг маркийн 46 инчийн өнгөт телевизор, ДДШ станц зэрэг эд зүйл хулгайлж 810,000 /найман зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Л.С-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг маркийн 46 инчийн өнгөт телевизор, ДДШ станц зэрэг эд зүйл хулгайлж 810,000 /найман зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: …гэрт харьснаа айлынхаа цонхыг түлхэж үзсэн чинь дотогшоо онгойчихсон. Тэгээд би хаалганы хажуу дахь урд талын цонхоор байшин луу ороод зурагтыг баруун талынх нь цонхоор өргөж гаргаад өөрөө бас тэр цонхоор гаргаж зурагтыг тавьж орхиод гадагшаа явж үзүүрээс такси барьж ирсэн. Тэгээд нөгөө зурагтаа аваад таксинд сууж 14 дүгээр хороонд байдаг Ундрах дэлгүүрийн ар талд нэг айлд очиж 250,000 төгрөгөөр зарсан.... манай төрсөн ах Пүрэвдорж над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэж асуугаад байгаа газраа хэлсэн чинь ах надтай ирж уулзаад чи Сумъяа эгчийн зурагтыг аваачаад зарчихсан юм уу хаана тавьсан юм бэ гэхээр нь хулгай хийсэн гэдгээ хүлээгээд өөр байгаа 180.000 төгрөгийг ахдаа өгөөд манай ах дээр нь мөнгө нэмж байгаад нааш нь манай том эгчийн данс руу шилжүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Хохирогч Л.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: …2018 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 13 цагийн орчим манай том охин Одонтуяа над руу залгаад манай байшингийн цонхоор хулгай ороод зурагт, станц 2 алга болчихсон байна гэж мэдэгдсэн. Ингээд манай дүү Жанлавцогзол цагдаад мэдэгдсэн ...манайхаас хулгайд алдагдсан зурагт, станц хоёрыг манай хамаатны хүн болох Ц.Л- хулгайлж аваад Мөрөн сумын 14 дүгээр хороонд хүнд аваачиж 250.000 төгрөгөөр зарсан байсныг Ц.Л-ийн ээж Сумьяахүү мөнгийг нь тэр хүнд өгч зурагтыг буцааж авч өгсөн. … гэх мэдүүлэг /хх-ийн 18-19,21 дугаар хуудас/,
Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр намайг таксинд яваад Мөрөн дэлгүүрийн гадаа зогсож байхад үл таних залуу хар өнгийн 46 инчийн зурагт, ДДШ-ийн станцын гээд барьчихсан явсан. Би тэр залуутай уулзаад хэдэн төгрөгөөр зарах юм гэсэн чинь 250.000 төгрөгөөр гэж байхаар нь хямдхан юм байна гэж бодоод би тэр залууд 250.000 төгрөг өгөөд ДДШ станц, зурагтыг авч үлдсэн.Тэгээд байж байтал үл таних эмэгтэй хүн ирээд манай хүүхэд айлын зурагт хулгай хийгээд чамд зарчихсан байна гэхээр нь зурагт, станцыг нь өгөөд явуулсан.Тэгээд сүүлд би надад зурагт,станц зарсан залуугийн ээжээс нь 250.000 төгрөгөө авсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дүгээр хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-12 дугаар хуудас/, Эд зүйл үнэлсэн тайлан /хх-ийн 36 дугаар хуудас/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 40 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Ц.Л- нь 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоотод оршин суух иргэн Л.С-гийн байшингийн цонхоор нэвтрэн орж Самсунг маркийн 46 инчийн өнгөт телевизор, ДДШ станц зэрэг эд зүйл хулгайлж 810,000 /найман зуун арван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч Л.С-, гэрч Б.Батжаргал нар нь агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлсэн, хэрэгт тусгагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Иймд шүүгдэгч Ц.Л-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын шинж, чанар, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ц.Л-ид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1838002310203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг, мөн шүүгдэгч Ц.Л-ийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцохыг дурдсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Л-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 -т зааснаар шүүгдэгч Ц.Л-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.Л-ид оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ц.Л-ийн цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийн хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн 1838002310203 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Л-ийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ши йтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР