Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ДШМ/03

 

 

 

 

 

 

 

    2025          01            16                                                          2025/ДШМ/03

 

 

С.Өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч З.Түвшинтөгс, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Прокурор Э.У,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяа, түүний өмгөөлөгч Ц.Б, Р.Б,

Шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч Б.Б,

Нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Энхмаа даргалж, шүүгч Ж.Дэлгэрмөрөн, шүүгч Ц.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны 374 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч С.Өгийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгдэгч С.Өд холбогдох 2334000000400 дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.............. гэр овгийн ......... Ө.........., .......... оны ........дугаар сарын ..........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дундговь аймагт “Салхины мөнгөний уурхай”-д бутлуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .......Д аймгийн Г............... .сумын дүгээр баг, ............ чингийн ........дугаар гудамж .............. тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 82 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

-Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2122000010101 дугаартай хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож байсан гэх, регистрийн дугаар:ЗГ82031919.

2. Шүүгдэгч С.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт амь хохирогч О.Амартүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

3. Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Шүүгдэгч .......... гэр овгийн С......... Ө........... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч И............гэр овгийн С......... Ө............... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И.......... гэр овгийн С............ Ө............. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч И...........гэр овгийн С........ Ө........... цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,

Эрүүгийн 2334000000400 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Өгаас оршуулгын зардал 15,078,151 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 90,750,000 төгрөг, нийт 115,828,151 төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяад олгож,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч И...........гэр овгийн С......... Ө...........д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгч С.Өгийн өмгөөлөгч Б.Б давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...С.Өгийн өмгөөлөгч Б.Б миний бие дээрх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар олгогдсон эрхийн дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргалаа. Миний үйлчлүүлэгч С.Ө нь яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдээгүй талаараа тогтвортой, тодорхой байр суурь илэрхийлэн маргаж байгаа бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаагаар хавтаст хэрэгт цугларсан баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр түүний гэм буруу хангалттай нотлогдоогүй. Прокурорын яллах дүгнэлт болон түүний хавсралтад С.Өг Эрүүгийн хуульд заасан тухайн гэмт хэрэгт буруутгах шууд нотлох баримт байхгүй билээ. С.Ө болон бусад гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч болон миний үйлчлүүлэгч нар маргалдсан, зодолдсон талаар мэдүүлдэг боловч үүгээр шууд С.Өг хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутгах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Иймээс шийтгэх тогтоолын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг дараах байдлаар няцааж, гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд "Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдоно" гэжээ. Гэвч хэргийн материалаас үзэхэд С.Ө, амь хохирогч хоёр зодолдсон гэдгээс хойш 2-3 хоногийн дараа хохирогч нас барсан байдалтай олдсон. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар дээрх цаг хугацаанд болсон үйл явдлыг шалгаж тогтоогоогүй нь С.Өгийн үйлдлийн улмаас хохирогч нас барсан хэмээн үзэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсэж байгаа юм. Өөрөөр хэлбэл С.Өтай л зодолдсон юм чинь тэрнээс л болж нас барсан байх гэсэн таамаглалд үндэслэн миний үйлчлүүлэгчийг хүнийг санаатай алсан хэмээн гэмт буруутайд тооцсонд гомдолтой байна.

Нөгөөтээгүүр амь хохирогчтой С.Ө зодолдсон гэдгээс хойш хохирогч нас барсан байдалтай олдсон хүртэлх хугацаанд чухам юу болсныг шалгаж тогтоож чадаагүй нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн зарчимтай нийцэхгүй. Ийм тохиолдолд хэрхэн шийдвэр гаргахыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т "Гэм буруугүйд тооцох хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэж заасан. Өөрөөр хэлбэл эргэлзээтэй тохиолдолд гэм буруутайд тооцохгүй байх талаар хуульд тодорхой заасан. Гэтэл шүүх таамаглалд үндэслэн, хэргийн талаар нотолбол зохих үндсэн хэсэг нь нотлогдоогүй байхад миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэвч шүүхээс "Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар "... Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү." гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Гэмт хэргийн талаар нотолбол зохих байдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд тодорхой заасан. Хүнийг алах гэмт хэргийн хувьд хэн, хэзээ, хаана, яаж, ямар сэдэлт зорилгоор, ямар шалтгаан нөхцөлөөр тухайн хэргийг буюу бусдын амь насыг хохироосон бэ гэдэг нь нотолбол зохих үндсэн асуудал. Гэтэл мөрдөн байцаалтаар амь хохирогч, С.Ө хоёр хэрхэн зодолдсон гэх үйл баримтыг шалгасан гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан боловч амь хохироосон гэх баримт байдаггүй. Гэрчийн мэдүүлгүүдэд С.Ө хохирогчийн амь насыг хохироосон бус харин зодолдсон талаар тусгагдсан. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс хохирогч нас барсан болон нас барахад хүргэсэн гэмтлийг С.Ө л учруулсан хэмээн таамаглан гэм буруутайд тооцсон хэмээн үзэж байна. Дээрх нөхцөл байдлыг тодорхой болгох үүднээс мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж, дээд шатны прокуророос 1 удаа, шүүхээс 2 удаа хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан боловч өмнөх ажиллагаандаа хөтлөгдөн хэлбэрийн төдий зарим ажиллагааг явуулж, улмаар хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо "нотлох баримтын хүрэлцээтэй байдал гэдэг нь хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ бол нотлох баримтын хүртээмжийн дараачийн шат болох нотлох баримтын хангалттай байдал нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хэмжээ хязгаар бөгөөд шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн үйл баримтыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм" хэмээн хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн тогтоогдсон мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт "Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно" хэмээн дүгнэжээ. Шүүхийн дээрх дүгнэлт нь ач холбогдлын хувьд “Хүнийг алах” гэмт хэрэг болон “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол” санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн хоорондын зүйлчлэлийн ялгаа заагийг тогтооход ач холбогдолтой гэж үзэж байна. Харин шүүхийн дээрх дүгнэлт үндэслэлгүй гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсгийг шууд үгүйсгэсэн дүгнэлт хийснээрээ тогтоогдож байна.

Хэрэв шүүхээс С.Ө амь хохирогчтой зодолдсоны улмаас хэсэг хугацааны дараа хохирогч нас барсан хэмээн дүгнэлт хийж байгаа бол Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийн талаар зайлшгүй дүгнэж, ялгаа заагийг нь тогтоох учиртай. Учир нь хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргүүд нь гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, уг санаа зорилгоо хэрэгжүүлсэн үйлдэл, уг үйлдлээс учирсан гэмтлийн улмаас хохирогч үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, бусад байдлаар учирсан хүнд гэмтэлтэй шууд шалтгаант холбоогүй хүндрэл үүсэж нас барсан зэргээр тус тус ялгагддаг. Өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Тухайлбал амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан арга, ашигласан зэвсэг хэрэгслийн онцлог, учруулсан шарх гэмтлийн тоо, илэрсэн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, гэмт хэрэгтэн хохирогч нарын хоорондын харилцааны шинж чанар, түүний агуулга, гэмт хэрэг үйлдэж байх үеийн гэмт этгээдийн зан үйл зэрэг шинжүүд хамаардаг. Гэмт этгээдийн хүний биед гэмтэл учруулсан үйлдэл, түүндээ хандсан сэтгэхүйн харьцаа, үүний улмаас учирсан гэмтэл зэргийг нэгдмэл байдлаар дүгнэсний эцэст хүнийг алах гэмт хэргээс хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг ялган зүйлчлэх ёстой.

С.Өгийн хувьд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийгээгүй, амь хохирогчтой харилцан зодолдсон боловч хэн аль нь үхэлд хүргэх зорилгоор үйлдэлдээ хандаагүй нь тухайн асуудал болсны дараа хамт явж, архи согтууруулах ундаа ууж байсныг гэрч нар мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл байхгүй нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон ба харин шүүхээс С.Өг тийнхүү хүнийг санаатай алахад чиглэсэн санаатай үйлдэл хийсэн хэмээн тодорхой дүгнэлт хийж ч чадаагүй байна. Хэрэв шүүхээс хохирогчийн амь нас С.Өгийн үйлдлээс шалтгаалсан хэмээн дүгнэж, шалтгаант холбоог тогтоож байгаа бол тухайн асуудал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5 хэсэгт зааснаар зүйлчлэгдэх нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1 гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2 гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3 гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.4 Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, 1.5 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6 гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолж, тогтоосон байх учиртай.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-т Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, 2-т Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж тус тус заасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс дээрх хуулийн шаардлагуудыг бүрэн хангуулах үүднээс хэргийг нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээж авахгүйгээр гэм буруугийн талаар үндэслэл бүхий эргэлзээ байсаар атал хэргийг шийдвэрлэсэн байна. Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.У тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж гарсан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2023 оны 10 дугаар сарын 02-ны орой хүү маань нэг л удаа залгаж холбоо барьсан. С.Өд зодуулаад хөдөлж чадахгүй байна гэж хэлсэн. Энэ хүн 2 өдөр дараалан зодсон юм чинь яаж амьд үлдэх вэ дээ. Миний бага хүү, надад ганц түшиг болж байсан хүн юм. Миний хүүгийн амь насыг хөнөөсөнд маш их гомдолтой байна” гэв.

 8.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Энэ хэргийг хүчингүй болгож өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Б тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа “...Амь хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас тархины битүү гэмтэл авч нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Хүний амь нас хохирсон үр дагаварт шүүгдэгчийн зүгээс ухамсартайгаар хандмаар байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа маш чамбай явагдсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдээр маш их ажиллагаа хийгдсэн байдаг. Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс маш их гомдолтой байгаа. Өндөр настай хүн, энэ хэргийн улмаас Төв аймаг руу 18 удаа ирсэн байдаг. Хүний амь насыг бүрэлгэсэн хууль зүйн үр дагавар үүсээгүй бол энэ хүн өмгөөлөгч авахгүй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, бодитой гарсан тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Өгийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шүүгдэгч С.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт амь хохирогч О.Амартүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож алсан үйл баримт нь

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяагийн: “...2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Гурвансайхан суманд гэртээ байж байхад 12 цагийн үед О.Амарсайханаар дамжуулж Т.Улаанбаатар гэх хүнтэй холбогдоход “О.Амартүвшин нь бүтэхгүй, болохоо байж ээ” гэж хэлсэн. Тэгэхээр бид нар ...шөнийн 03 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн...” /1хх-н 20-21/ гэх,

гэрч Г.Гантуяагийн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай нөхөр С.Гончигсүрэн нь над руу залгаад Т.Улаанбаатарын дагуулж ирсэн 3 хүн хоорондоо муудалцаад байна, хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд намайг очиход Загдал багийн дээд талын хүнсний дэлгүүрийн гадаа муудалцаад зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй жолооч гэх С.Ө, талийгаач О.Амартүвшин нар хоорондоо муудалцаад жолооч С.Ө нь талийгаачийн толгой нүүр хэсэг рүү гараараа олон удаа цохиод тэр хоёр дээр доороо оролцоод байж байсан. Харин Т.Улаанбаатар болон түүнтэй хамт явсан нэг залуу тэр хоёр хашааны тэнд хэсэг суугаад маргалдаж байгаа хоёр дээр салгах гэж оролдоод нэлээн удаан байж салгасан. ...Тэгээд гэрийн гадаа ирээд жолооч С.Ө талийгаачийн нүүр нүд хэсэг рүү олон удаа цохиод байхаар нь би очиж салгаад талийгаачийг харахад нүд нь хавдаж хамар амнаас цус гарсан байдалтай байсан. Дараа нь гадаа түчигнээд байхаар нь би гараад хартал жолооч С.Ө болон талийгаач нар ноцолдоод, зодолдоод байсан. Тэгээд талийгаачийн нүүр ам, хамраас нь цус гарсан байдалтай байхаар нь Т.Улаанбаатар ус хийж өгөөд талийгаач нүүр гараа угаагаад байж байтал С.Ө, Ц.Дашгарав хоёр талийгаачийг орхиод явахаар болоод машиндаа суусан байхад талийгаач С.Өд хандаж “чи хүнийг согтуугаар нь зоддог" гэж хэлэхэд С.Ө машинаасаа бууж ирээд талийгаачийн цээж хэсэг рүү өшиглөж унагаагаад дээр нь гараад нүүр толгой хэсэг рүү гараараа цохиод мөн толгой хэсэг рүү 1 удаа өшиглөхөөр нь би болиочээ гээд салгасан юм...” /1хх-н 23-24/ гэх,

гэрч С.Гончигсүрэнгийн: “...Тэгээд жолооч С.Ө талийгаачийг дээрэлхээд тэр хоёр маргалдаад би Т.Улаанбаатартай юм яриад эргээд харахад С.Ө  талийгаачийг унагаагаад цээж хэсэг рүү 2 удаа өшиглөхөд Т.Улаанбаатар очиж салгасан. Тэгээд би эхнэр рүүгээ залгаад "Т.Улаанбаатарын дагуулж ирсэн 3 хүн хоорондоо муудалцаад байна, хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр удалгүй хүрч ирээд эхнэр намайг явж бай гэхээр нь би дүүгийн хамтаар талбай руугаа явсан. ...цаашаа юу болсныг хэлж мэдэхгүй байна...” /1хх-н 26/ гэх,

гэрч Т.Улаанбаатарын: “...маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 02-ны өглөө бороо ороод ажилдаа гарч чадаагүй байж байтал Ц.Дашгарав, С.Ө, талийгаач гурав Загдал багийн төв рүү дулаан хувцас авна гээд яваад буцаж ирэхдээ гурвуулаа согтуу,  0.75 литрийн “Хараа” нэртэй 1 шил архи бариад ирэхээр нь бид дөрөв хувааж уусан. ...жолооч С.Ө нь талийгаачийг дээрэлхээд тэр хоёр маргалдаад С.Ө эхлээд талийгаачийг барьж аваад баруун гараараа шанаа хэсэг рүү 2-3 удаа цохиод мөн хавсарч унагаахад С.Гончигсүрэн гүйж очоод С.Өг салгасан. Тэгэхэд С.Ө С.Гончигсүрэн рүү дайрахад нь би очиж салгасан. ...дахиад С.Ө талийгаачийг барьж аваад толгой нүүр хэсэгт нь олон удаа цохиод байхаар нь С.Өг татаж салгах гэхэд дийлэхгүй байсан. ...2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр С.Өгийн эхнэр Т.Сийлэгмаа нь "тэр хэд машинтайгаа онхолдсон байна, чи очоод үзээч" гэж хэлсэн. Тэгээд би 16 цагийн үед машин онхолдсон гэх газар ирэхэд С.Өгийн аав ээж ирсэн байсан. Машиныг босгочхоод С.Өгийн аавтай цуг нөгөө гурвыг хайгаад явж байхад С.Ө, Ц.Дашгарав хоёр Петровисын хойд талд сууж байсан. Би С.Өгийн аавтай хамт талийгаачийг хайгаад олоогүй. ...С.Ө, Ц.Дашгарав нарыг аваад цагдаагийн хэсэг дээр ирээд тэр хоёрыг үлдээгээд буцаад машин дээрээ хүргүүлсэн. Тэгээд би машинаа аваад гэртээ буюу ногооны талбай дээрээ очсон. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна...” /1хх-н 28-29/ гэх,

гэрч Ц.Дашгаравын: “...Тэгээд С.Ө нь О.Амартүвшинд хандаж "чи намайг согтуугаар хүн зоддог гэлээ” гээд хоорондоо маргалдаад С.Ө эхлээд О.Амартүвшинийг баруун гараараа зүүн нүд хэсэгт хавдтал нь цохихоор нь би салгаад бид гурав буцаад төмс хураалгаж байгаа гэр дээрээ очсон. Тэгээд 11 цагийн үед бид гурав С.Гончигсүрэн, Т.Улаанбаатар хоёрыг дагуулаад Загдалын доод дэлгүүр ороод архи аваад бөөндөө ууцгаасан. Би нэлээн согтуу байсан учраас хэдэн шил архи авч ууснаа санахгүй байна. ...тэр Загдал бригад руу орохын наана байдаг самбарын хажуу саравчинд архи уусан байх сайн санахгүй байна. Загдал бригадын төв дээр машинаа судаг жалганд суулгах үед О.Амартүвшин байхгүй байгааг С.Ө бид хоёр мэдсэн. ...нэг мэдэхэд машинтайгаа онхолдсон байсан. Би машинаасаа гараад явж байгаад хогийн хажууд уначихсан байсан. С.Ө машиндаа үлдсэн. ...туслах хүн олдоогүй учраас буцаад эргээд машин дээрээ очсон. Тэгэхэд машинд байгаа хүнийг чинь дөрвөн машин ирээд аваад явлаа гэж мотоциклтой хүн хэлсэн. Би машин дээрээ хоносон. Би талийгаачийг хаана үлдсэнийг санахгүй байна...” /1хх-н 31-32/ гэх,

гэрч Б.Эрболдын: “...Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байрлаж байгаа газраа хоол хийж байхад Жинтүү толгой нэг самбартай газрын урагшаа манай байрлаж байгаа газрын харалдаа хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд улбар шар өнгийн ажлын хувцастай эрэгтэй уг тээврийн хэрэгслийн гадаа нь зогсож байсан ба би юу хийж байгааг анзаараагүй юм...” /1хх-н 37/ гэх,

гэрч Т.Сийлэгмаагийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гэртээ амарч байхад 02 цаг 59 минутад Төв аймгийн Жаргалант сумын цагдаагаас над руу залгаад “Машин онхолдоод зам тээврийн осол гарлаа, хотод юм уу, Дарханд таньдаг хамаатан садан байна уу гэхээр нь би байхгүй" гэж хэлсэн. Тэгээд 04 цаг 30 минутад Дундговь аймгийн Гурвансайхан сумаас Төв аймгийн Жаргалант руу хөдлөөд 10 цагийн үед ирсэн. Тэгээд нөхөр С.Өтай уулзахад толгой хэсэгтээ жоохон хагарсан, баруун гар нь хавдсан байсан. Өөр гэмтэл, бэртэл харагдаагүй. Тэгээд цаашаа юу болсон талаар мэдэхгүй...” /1хх-н 39/ гэх,

гэрч Б.Батмөнхийн: “...Би 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 15 цагийн үед Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багаас Жаргалант сумын төв орж мотоциклтой хүн хүргэж өгөхөөр явж байх үед Жинтүү толгой гэх газарт хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зам дээр зогсож байсан. Тэр машин дотор нь хоёроос гурван хүн сууж байсан. Мөн замын хажууд хоёр согтуу бололтой хүн хэвтэж байсан. Би Жаргалант сум орчхоод 1 цаг орчим болоод буцаад Жинтүү толгой гэх газарт ирэхэд хар өнгийн Приус-20 маркийн машин нь тухайн газарт байдаг сүүдрэвчний хойд талд зогссон машины хажууд 3 хүн байж байсан. Тэр гурван хүний нэг нь газар хэвтчихсэн харин газар хэвтэж байсан хүний дээрээс нэг арай махлагдуу бараан хувцастай эрэгтэй хүн дэвсээд байсан. Түүний хажууд байсан улаан шар өнгийн ажлын куртиктэй хүн дэвсэж байсан хүнийг салгаад машиндаа суулгах гээд байгаа бололтой цааш нь түлхээд байсан. Тэгээд би зогсох гэснээ согтуу хүмүүс байхаар нь зогсолгүй яваад өгсөн. ...Замын хажууд согтуу бололтой хэвтэж байсан 2 хүнийг би танихгүй. Өмнө огт харж байгаагүй...” /1хх-н 43-44, 2хх-н 150/ гэх,

гэрч Э.Мөнхзаяагийн “...2023 оны 10 дугаар сарын 04-ний шөнө 01 цаг 30 минутын орчим цагдаа Г.Бат-Өлзий утсаар осол гарсан хүн бэртсэн байна, эмч ирэх шаардлагатай гэсэн дуудлагын дагуу очиход нэг Приус-20 машин дээш харчихсан дотор нь хүнгүй байсан ба анх осол болсон газар төмсний ажлаар явж байсан Портертой хүмүүс олоод дуудлага өгөх үед С.Ө гэх хүн тэдгээр хүмүүсийн унаж явсан Портерт ороод унтчихсан байсныг сэрээж, түргэний машинд суулгах үед цагдаа тэр осол болох үед машинд чинь өөр хүмүүс хамт явсан уу гэж асуухад би ганцаараа явж байсан гэж хариулсан. Тэндээс эмнэлэгт ирээд духанд боолт хийж дусал залгаж байхад Баянбулаг 3-р баг дээр нэг хүн осолд орчихлоо цагдаа, эмнэлэг яаж дууддаг юм бэ гээд яваад байна гэж цагдаа хэлээд С.Өгаас өөр хүн байсан юм биш үү гэж асуухад байгаагүй, би Жаргалантад хүн хүргэж ирчхээд ганцаараа буцаж байна гэж байсан. 06 цаг 00 минутын орчим сувилагч тариа хийхээр өрөөнд нь ороход дуслаа салгаад гараад явчихсан байна гэж надад ирж хэлсэн...” /1хх-н 49-50/ гэх,

гэрч М.Нарантуяагийн: “...Би 2023 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 8 цагийн үедээ үхрээ сааж байтал манай Загдал 4 дүгээр багийн иргэн З.Одгэрэл надад хэлэхдээ “Жижүүрийн саравчны хажууд нэг хүн хөдөлгөөнгүй хэвтэж байна.” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 4 дүгээр багийн эмч рүүгээ яриад багийн эмч н.Оюуны хамт Жинтүү толгой гэх газрын хажуу талын саравчинд түүний хажууд хэвтэж байсан хүн дээр очсон. Тэгээд багийн эмч үзээд энэ хүн аль хэдийн нас барсан байна гэж хэлсэн...” /2хх-н 147-148/ гэх,

гэрч Г.Бат-Өлзийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 04-өөс 05-ыг шилжих шөнө гэртээ байж байхад 01 цагийн үед Төв аймгийн Жаргалант сум Баянбулаг 3-р баг хогийн жалганы хажууд машин онхолдсон байна гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд би эмнэлэг рүү яриад жижүүртэй байсан эмч, жолоочийг аваад тухайн осол болсон гэх газар очсон.  Бид нарыг очих үед хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл ногооны талбай дунд онхолдоод, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан. Тухайн машинаас 10 орчим метрийн зайнд шороон зам дээр цэнхэр өнгийн нимгэн куртиктэй, ногоон эрээн өмдтэй, нэрийг нь асуух үед С.Ө гэх эрэгтэй байсан бөгөөд ...надад хэлэхдээ “Би Дундговь аймаг руу явж байна, би ганцаараа явж байсан" гэж хариулж байсан. Эмч Э.Мөнхзаяа нь С.Өг үзээд дотуур гэмтэл байж магадгүй гээд С.Өг эмнэлгийн машинд суулгаад сумын эрүүл мэндийн төв рүү авч явсан. Тэгээд эмнэлэг дээр ирэх үед нь би драйгер багажаар согтолтын зэргийн үзэх үед 2.45%-ийн согтолттой байсан. Тэгээд эмч С.Өд дусал хийж байхаар нь дахиад хэдүүлээ явсан бэ гэж асуух үед мөн адил ганцаараа гэж хариулж байсан. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 11 цагийн орчимд С.Ө цагдаагийн хэсэг дээр ирэх үедээ ажлын хувцастай нэг эрэгтэй хүнтэй ирдэг. С.Өгаас юу болсон талаар асуух үед надтай цуг явж байсан хүн гэж хариулдаг бөгөөд нэрийг нь Ц.Дашгарав гэж байсан. Тухайн С.Ө, Ц.Дашгарав хоёр нь нэлээн согтолттой харагдаж байсан. Дараа нь Ц.Дашгаравыг эрүүл мэндийн төв рүү авч явж үзүүлэхэд хэвийн байна гэсэн. Тэгээд буцаад цагдаагийн хэсэг дээрээ ирээд С.Ө, Ц.Дашгарав хоёртой байж байх үед Загдал 4 дүгээр баг Жинтүү толгой гэх газар нэг хүн нас барсан байна гэж хэсгийн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ хэлсэн...” /2хх-н 152/ гэх,

гэрч З.Одгэрэлийн “...Би Төв аймгийн Жаргалант сумын Загдал дүгээр багт мал маллаж амьдардаг. 2023 оны 10 дугаар сарын эхээр өдрийг нь сайн санахгүй байна. Өглөө 07 цаг өнгөрч байх үед тус багийн Жинтүү толгой гэх газарт адуунд явж байх үед Жинтүү толгой дээр байдаг сүүдрэвчний хажууд нэг хүн доошоо харчихсан хэвтэж байсан би хүн унтаж байгаа юм байх гэж бодоод өнгөрсөн. Буцаад 1 цаг орчмын дараа адуугаа хөөгөөд Жинтүү толгой гэх газраар явахад нөгөө хэвтэж байсан хүн яг хэвээрээ хөдлөхгүй хэвтээд байсан. Би холоос хараад багийн Засаг даргад утсаар залгаж Жинтүү толгой дээр нэг хүн хөдлөхгүй хэвтээд байна гэж хэлсэн. Тэгээд би адуугаа туугаад явчихсан...” /3хх-н 41/ гэх,

гэрч Ю.Батзоригийн: “...10 дугаар сарын 02-ны өдөр Ц.Дашням бид 2 архи уугаагүй төмсний талбай дээр байсан. 10 дугаар сарын 03-ны өдөр өглөө 6 цагийн үед "Загдал бригад руу Ц.Дашням, Т.Улаанбаатар, Ц.Дашгарав, О.Амартүвшин, С.Ө нарын хамт очиж 2 шил 0.75 литртэй "Хараа" архи хувааж ууцгаасан. 2 шил архиа хувааж уучхаад 09 цагийн үед төмсний талбай руу Т.Улаанбаатар, Ц.Дашгарав, О.Амартүвшин, С.Ө бүгд очоод, Ц.Дашням бид 2 үлдсэн. Нөгөө талбай хариуцсан Г.Гантуяа гэх хүнээс 40кг-ын 5 шуудайтай төмс авч Ц.Дашгарав, О.Амартүвшин, С.Ө нар Дундговь аймаг руу нутаг буцлаа гээд Т.Улаанбаатар гаргаж өгөхөөр явсан...” /3хх-н 52-53/ гэх,

гэрч Ц.Дашнямын: “...Загдал гэх бригад руу 8 цаг гээд очсон. 2 шил 0.75 литрийн "Хараа" архи 6 хүн хувааж уусан. О.Амартүвшин нь 10 дугаар сарын 01-ний өдөр ирсэн. Ирэхдээ нэг нүд нь хавдсан байсан. О.Амартүвшиний ирсэн өдөр би гэрт хоол идэж байхад гэрийн гадаа С.Ө, О.Амартүвшин нар муудалцсан юунаас болж муудалцсан талаар мэдээгүй... О.Амартүвшин 10 дугаар сарын 01-ний шөнө Ц.Дашгаравтай гэрт хоносон. 10 дугаар сарын 02-ны орой мөн тэр 2 гадаа майханд хоносон...” /3хх-н 57-58/ гэх,

шинжээч эмч Л.Бямбатуяагийн: “...Амь хохирогч О.Амартүвшиний нас барсан хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Амь хохирогч О.Амартүвшиний цогцост хийсэн задлан шинжилгээгээр хуйханд цус хуралт, тархины гэмтлүүд нь шинэ гэмтэл биш ба талийгаачийг нас барахаас  өмнө 24 цаг орчмын өмнө үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байсан. Амь хохирогч О.Амартүвшиний хувьд суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргад голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь мохоо зүйлийн хүч гаднаас үйлчилсний улмаас үүссэн байна. Удаан хугацаанд их хэмжээгээр архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тархинд дээрх гэмтэл үүсэхгүй. Тархинд цус харвасан тохиолдолд хуйханд буюу гавлын гадна гэмтэл байхгүй байна. Амь хохирогч О.Амартүвшинд учирсан зулайн орой, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргад цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /300мл/  гэмтэл нь зөвхөн мохоо зүйлийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсдэг гэмтэл юм. Тиймээс архи согтуулах ундаа, архаг хууч өвчний нөлөөгөөр үүсэхгүй. Хүний бие махбодийн онцлогоос хамаарч бие махбодоос гадагшлах хугацаа янз бүр байдаг. Дээрх тохиолдолд илрэхгүй байх боломжтой...” /1хх-н 131/ гэх мэдүүлгүүд,

Шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №3520 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэнэ. Саарал өнгийн хүрэм, шар өнгийн өмдөнд гогодох татах хүчний үйлчлэлээр үүссэн гогодтол байна. Шаргал өнгийн цамц, саарал өнгийн цамц, шар өнгийн өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт байна. Саарал өнгийн цамц, шар өнгийн өмдөнд татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн урагдалт байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. Саарал өнгийн цамцанд үүссэн урагдалт өнгөө алдаж гандаагүй, бохирлогдоогүй байгаа нь шинэ байна. Бусад хувцсанд үүссэн урагдалт, ханзралт, гогодолтууд хуучин байна...” /1хх-н 73-74/ гэх,

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №5046 дугаартай “...Хар саарал өнгийн нимгэн куртик, шаргал өнгийн ноосон цамц, саарал өнгийн фодволк, шаргал өнгийн өмд, хар өнгийн түрийтэй гутал нь шинжилгээнд тэнцэж байна. Хар саарал өнгийн нимгэн куртик, саарал өнгийн фодволк, шаргал өнгийн өмд, дээр хүний цус илэрсэн. Уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна. Шаргал өнгийн ноосон цамц, хар өнгийн түрийтэй гутал дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” /1хх-н 83-84/ гэх,

2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №3519 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр цамц, бор ногоон эрээн өмдөнд гогодолт, урагдалт, ханцралт үүссэн байна. Хэмжээ байрлалыг үзлэг ба шинжилгээний хэсгээс үзнэ үү. Ногоон саарал цамц гэмтэлгүй байна...” /1хх-н 90-91/ гэх,

2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №201 дугаартай “...Амь хохирогч О.Амартүвшиний цогцост хийсэн задлан шинжилгээгээр зулайн орой, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргад цус хуралт, их тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /300мл/, тархи зүүн тийш хэлбийлт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргад голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, баруун гуя, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дотор салст, зүүн нүдний дээд доод зовхи, дотор булан, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэг, доод уруулын баруун хэсэг, дотор салстад цус хуралт, духны дээд үстэй хэсгийн хуйх, дух, цох, зүүн дээд зовхи, шанаа, хацрын төвгөр, эрүүний баруун хэсэг, орч, баруун хацар, шанаа, зүүн шуу, хэвлий, баруун мөрөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч О.Амартүвшин нь зүрхний булчингийн эмгэгшил, элэгний өөхлөлт, томрол зэрэг архаг хууч өвчтэй байсан ба энэ нь үхэлд хүргээгүй болно. Амь хохирогч О.Амартүвшиний цус, ходоодны шингэн, цөсөнд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй болно. Амь хохирогч О.Амартүвшин нь О(1) бүлгийн цусны харьяалалтай байна. Амь хохирогч О.Амартүвшин нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ...” /1хх-н 117-118/ гэх,

С.Өгийн сэтгэцийг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн /1хх-н 127-129/ гэх,

2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №13 дугаартай “...О.Амартүвшиний цогцост их тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /300мл/  тархи зүүн тийш хэлбийлт, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргад голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн "ХҮНД" зэрэг, зулайн орой, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргад цус хуралт, баруун гуя, баруун чихний дэлбэнд шарх, баруун нүдний дээд, доод зовхи, дотор салст, зүүн нүдний дээд, доод зовхи, дотор буланд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн "ХӨНГӨН" зэрэг, зүүн хацар, дээд уруулын зүүн хэсэг, доод уруулын баруун хэсэг, дотор салстад цус хуралт, духны дээд үстэй хэсгийн хуйх, дух, цох, зүүн дээд зовхи, шанаа, хацрын төвгөр, эрүүний баруун хэсэг, ооч, баруун хацар, шанаа, зүүн шуу, хэвлий, баруун мөрөнд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. О.Амартүвшиний цогцост 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр задлан шинжилгээ хийж химийн шинжилгээнд цус, ходоодны шингэн, цөс авахад спиртийн агууламж илрээгүй гэх хариу дүгнэлтээр ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 02-03-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн боловч дүгнэлтээр спиртийн агууламж илрээгүй нь онолын хувьд 72 цагийн дотор спиртийн агууламж хүний биеэс бүрэн гадагшилсан гэж үздэг ба хүний бие физиологиос хамаарч янз бүр байдаг. Тухайн тохиолдолд спиртийн агууламж хэрэглэсэн цаг хугацаанаас задлан шинжилгээ хийх цаг хугацааны хооронд спиртийн агууламж гадагшилсан байх боломжтой. О.Амартүвшиний цогцост задлан шинжилгээгээр тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” талаарх дүгнэлт /2-р хх-ийн 158-159 тал/,

2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №1950 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн С.Өгийн гэх цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна...” /2хх-н 165-166/ гэх,

2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №769 дугаартай “...Амь хохирогч О.Амартүвшиний биед их тархины баруун тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /300мл/ их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргууд голомтлог аалзан хальсан доорх цус харвалт, хуйхны дотор гадаргууд цус хуралт, баруун гуя, баруун чихний дэлбэнгийн шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, дотор салстын цус хуралт, зүүн хацар, дээд, доод уруул, дотор салстын цус хуралт, дух, хуйх, зүүн дээд зовхи, зүүн шанаа хацрын төвгөр, ооч, баруун хацар, шанаа, эрүү, зүүн шуу, хэвлий, баруун мөрний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун гуяны шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр талийгаачийн амьд үед учирсан байна. Учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх их тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /300мл/ их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргууд голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэг, хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, баруун гуяны шарх, баруун чихний дэлбэнгийн шарх, хоёр нүдний дээд, доод зовхи, дотор салстын цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь тус бүрдээ 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. Амь хохирогч нь дээрх гавал тархины битүү гэмтэл болох баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргуугийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ. Дээрх баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргуугийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, улмаас нүүр, их биеийн тал саажилт үүсэх гэх мэт шинж тэмдэг илрэх ба дээрх цусан хураа нь тархийг дарж шаантаглах хүртэл амьд байх боломжтой. Баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргуугийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь нас барахаас өмнө 24 цагийн дотор учирсан байх боломжтой байна. Цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь насыг аврах боломжтой.  Уусан спиртийн хэмжээг Видмаркийн томьёо /A=P x r x (Ct+q x T)/-оор бодож олдог. Үүнд: Лабораторийн шинжилгээгээр илэрсэн цусан дахь спиртийн хэмжээ шаардлагатай ба О.Амартүвшинээс авсан цусанд спиртийн зүйл илрээгүй байна. Тухайн хүний биеийн жин, спиртийн зүйл задлах ферментийн идэвх, хэмжээ, идсэн хоол хүнс, архаг хууч өвчин, сэтгэл санааны байдлаас шалтгаалж биеэс ялгарч хоргүйжих хугацаа харилцан адилгүй байдаг...” /3хх-н 35-38/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-н 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 4-9/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 10-13/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1хх-н 14-16/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /2хх-н 131-133/,

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2-р хх-ийн 134-143 тал/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинж нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн  санаатай үйлдэл /эс үйлдэхүй/ хийсний улмаас хүн нас барсан байдаг ба гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулах бөгөөд хүнийг санаатай алах гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай үйлдэгддэг тул прокуророос шүүгдэгч С.Өд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч С.Өд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Шүүгдэгч С.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байна.

7. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Өд холбогдох эрүүгийн хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлахад эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсний дагуу Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 374 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

8. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч С.Өгийн өмгөөлөгч Б.Бын гаргасан хүсэлтүүдийг мөрдөгч, прокурор хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.2 ”хохирогч, гэрч, шинжээчээс мэдүүлэг авхуулахаар хүсэлт гаргах”, 2.3 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, ..., нэмэлт ба дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах”, 2.4 “хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан журмын дагуу оролцох” зэрэг өмгөөлөгчийн эрхийг хангасан өөрөөр хэлбэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар гаргасан хүсэлтүүдийг хангаж тодорхой мөрдөн шалгах ажиллагаанууд явуулсан байх тул мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн гэх түүний гомдол үндэслэлгүй байна.

9. “Хүнийг санаатай алах” гэмт хэргийг бусад ойролцоо төрлийн гэмт хэргээс ялган зүйлчлэхэд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтооно.

Шүүгдэгч С.Өд холбогдох хэргийн үйл баримтаар шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, ухамсарлах боломжтой, өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 1-т “амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно”, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 3 дугаар зүйл “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.” гэж тус тус заасныг зөрчиж хүнийг алах гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанчлан “анхан шатны шүүхээс шүүгдэгчийг таамаглалд үндэслэн гэм буруутайд тооцсон” гэж дүгнэх боломжгүй байна.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулна.

2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд Төв аймгийн Жаргалант сумын Загдал 4 дүгээр багийн нутагт шүүгдэгч С.Ө нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амь хохирогч О.Амартүвшинтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсон талаар мөрдөн байцаалтын шатанд гэрч нар мэдүүлсэн, шүүгдэгчийн зодсон үйлдлийн улмаас амь хохирогч гавал тархины битүү гэмтэл болох баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, баруун тал бөмбөлгийн чамархай, суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, бага тархины зүүн дээд гадаргуугийн голомтлог аалзан хальсан доорх цус харвалт гэмтлийн улмаас тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болох нь шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №201 /1хх-н 117-118/, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн №13 дугаартай /2хх-н 158-159/, 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №769 дугаартай /3хх-н 35-38/ дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Өгийн зодсон үйлдэл, амь хохирогч О.Амартүвшиний үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь үндэслэлтэй болсон байна.

Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрч Т.Улаанбаатар /1хх-н 28-29/, гэрч Ц.Дашгарав /1хх-н 31-32/, гэрч Г.Бат-Өлзий/2хх-н 152/, гэрч Э.Мөнхзаяа /1хх-н 49-50/ нарын мэдүүлгүүд, С.Өд холбогдох зөрчлийн 2334000719 дугаартай хэргийн хуулбар /2хх-н 172-193/ болон бусад баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд шүүгдэгч С.Ө, амь хохирогч О.Амартүвшинийг зодсоноос хойших буюу 04-05-ны өдрүүдэд болсон үйл явдал тогтоогдож байна.

11. Харин прокурор 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 112А дугаартай яллах дүгнэлт үйлдэж, С.Өд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг давхар журамласан нь буруу болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан. Уг зохицуулалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутай этгээдийн хэд хэдэн удаагийн үйлдлийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохоор байхад прокуророос шүүгдэгч С.Өд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь “Хүнийг алах” гэмт хэргийг хэд хэдэн удаа үйлдсэн мэт ойлгогдохоор ойлгомжгүй болжээ.

Гэтэл анхан шатны шүүх дээрх алдааг зөвтгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгч С.Өд холбогдох хэргийн зүйлчлэлээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамласан” хэсгийг хасаж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

12. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.2-т зааснаар гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоохоор зохицуулсан.

Шүүгдэгч С.Өд холбогдох хэрэгт дээрх хууль, журамд заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяагийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт хийгдээгүй, мөн өмгөөлөгчийн хөлсөнд 10,000,000 төгрөг төлсөн гэх баримтгүй байхад анхан шатны шүүх өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 90,750,000 төгрөгийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс, сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.

13. Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

14. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул шүүгдэгч С.Өгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын “...Шүүгдэгч Их гэр овгийн Сүхбаатарын Өлзийнаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “...Шүүгдэгч Их гэр овгийн Сүхбаатарын Өлзийнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

2 дугаар заалтын “...Шүүгдэгч Их гэр овгийн Сүхбаатарын Өлзийнаранг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “...Шүүгдэгч Их гэр овгийн Сүхбаатарын Өлзийнаранг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12/арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

6 дугаар заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2, 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Өгаас оршуулгын зардал 15,078,151 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 90,750,000 төгрөг, нийт 115,828,151 төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяад олгосугай.” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч С.Өгаас оршуулгын зардал 15,078,151 /арван таван сая далан найман мянга таван зуун найм/ төгрөг гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Энхтуяад олгож, өмгөөлөгчийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 90,750,000 /ерэн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өмгөөлөгчийн хөлс, сэтгэцэд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээн, шүүгдэгч С.Өгийн өмгөөлөгч Б.Бын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Өгийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД

 

                                    ШҮҮГЧИД                                        З.ТҮВШИНТӨГС

                                                                                                  

                                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ