Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02251

 

 

 

 

 

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2017/02251

 

 

ХХХХ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 9 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02380 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХХ-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХХ-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 124 155 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: ХХХХ

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: ХХХХ

Хариуцагчийн өмгөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХХ нь 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хариуцагч ХХХХ-т 63 000 000 төгрөгийг, сарын 3,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлдүүлэхээр гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр 12 000 000 төгрөгийг мөн дээрх нөхцлөөр эээлдүүлсэн. ХХХХ 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ирж уулзаад, зээлийн хүүг зогсоогооч, зээлээ хугацаанд нь төлье гэсэн тул 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр зээлийг төлөх шинэчилсэн тохиролцоог бичгээр байгуулсан. Зээлдэгч 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор зээлээ төлбөл 2016 оны 5, 6 сарын зээлийн хүүгээс чөлөөлөх, хугацааг хэтрүүлвэл дээрх хүүг зээлдүүлэгч авах, 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан гэрээний хугацааг хэтрүүлбэл алданги төлнө гэж тохирсон. 2 дахь гэрээний дагуу төлөх зээлийг хариуцагч төлөөгүй байсан тул 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааны төлөөгүй зээл, зээлийн хүүд 16 354 768 төгрөг байгаа талаар тооцоо нийлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тул түүнээс эхний гэрээний үүрэгт зээл 63 000 000 төгрөг, зээлийн 2016 оны 5, 6, 7 саруудын хүү 6 615 000 төгрөг, алданги 31 500 000 төгрөг, нийт 101 115 000 төгрөг, 2 дахь гэрээний үүрэгт зээл 12 000 000 төгрөг, 12 сарын зээлийн хүү 5  040 000 төгрөг, алданги 6 000 000 төгрөг, нийт 23 040 000 төгрөгийг тус тус гаргуулахыг хүсч байна. Хариуцагч 63 000 000 төгрөгийн зээлийн 9 сарын хүүд 19 845 000 төгрөгийг төлсөн. Хариуцагч анх 2013 оны 6 дугаар сарын 3-ны өдөр 10 000 000 төгрөгийг ,сарын 3,5 хувийн хүүтэй, нэг жилийн хугацаатай зээлсэн бөгөөд зээлийн 4 сарын хүү 1 400 000 төгрөгийг төлж, 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нэмж 12 000 000 төгрөгийг дээрх нөхцлөөр зээлж, төлөөгүй зээлийн үүрэг дээр авсан зээлээ нэмж, шинээр 22 000 000 төгрөг зээлсэн гэрээг байгуулж, өмнөх гэрээг дуусгавар болгосон. Дараа нь зээлийн 5 сарын хүү 4 620 000 төгрөгийг төлж, 2014 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр нэмж 8 000 000 төгрөгийг зээлж, төлөөгүй зээл нийт 30 000 000 төгрөгөөр гэрээг шинэчлэн байгуулж өмнөх гэрээг дуусгавар болгосон. Зээлийн гэрээний үүрэгт зээлд 5 000 000 төгрөг, зээлийн 6 сарын хүүд 4 675 000 төгрөг төлж, 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр нэмж 20 000 000 төгрөгийн зээлж авч, 40 000 000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан. Энэ зээлийн гэрээний дагуу зээлийн 2 сарын хүү 2 800 000 төгрөгийг төлж, 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдөр 10 000 000 төгрөгийг нэмж зээлж, нийт төлөөгүй үлдсэн зээл 50 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тухай гэрээг байгуулж, өмнөх гэрээг дуусгавар болгосон. Зээлийн 6 сарын хүү 9 490 000 төгрөгийг төлж, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 13 000 000 төгрөгийг нэмж зээлээд, 63 000 000 төгрөгийг зээлдүүлсэн тухай гэрээг байгуулсан юм. Энэ гэрээ нь өмнөх зээлийн 5 гэрээний дагуу төлөөгүй үлдсэн зээлийн үлдэгдэл дээр шинээр олгосон 13 000 000 төгрөгийг нэмж хийсэн гэрээ юм. Дээрх гэрээнүүдийн нөхцлүүд адилхан байсан тул төлөөгүй өмнөх гэрээний үүргийг дараагийн гэрээгээр солиод явсан. Үүний дараа 12 000 000 төгрөг зээлж, тусад нь гэрээ байгуулсан. Иймд, хариуцагчаас нийт 124 155 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчээс авсан зээлийн тооцоо таарч байна. Би нэхэмжлэгчээс 2013 оноос зээл авсан  бөгөөд би нийт 49 230 000 төгрөг төлсөн. Үүнээс бэлнээр 5 000 000 төгрөг төлсөн байх. Эдгээр мөнгийг зээлийн хүүд төлөөд, гэрээг шинэчлээд байгуулаад явсантай маргахгүй. Олон гэрээ болгож, будилахгүй гэсний дагуу шинээр гэрээ байгуулсан. Би нэхэмжлэгчээс зээлсэн мөнгөөр машин барьцаалж, зээл олгох үйл ажиллагааг ХХХХ ХХК-иар явуулсан юм. Тиймээс зээл төлсөн, зээл авсан тухай баримтуудад тус компанийн тамгыг дарагдсан байгаа. Эдийн засгийн хямралаас үүдэн компанийн үйл ажиллагаа нь зогссон, одоогоор би тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Одоогийн нөхцөл байдлаар би үндсэн зээл, зээлийн хүүгийн алийг нь ч төлж чадахгүй байдалд хүрсэн тул 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчид хандаж, өөрийн нөхцөл байдлыг тайлбарлан хүүг зогсоох хүсэлт гаргасан. Иймд, би нэхэмжлэгчид төлсөн 44 230 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх зээлийн үүрэгт тооцуулмаар байна. Зээлийн гэрээний үүргийг хөнгөлж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч ХХХаас 105 405 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХХт олгож, нэхэмжлэлээс 18 750 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 778 725 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 684 975 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч ХХХ давж заалдах гомдолдоо: ... Миний бие ХХХХаас 2013 оны 6 сараас эхлэн 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нийт 75 000 000 төгрөгийг цувуулан авсан. Энэ хугацаанд түүнд 54 230 000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу эргүүлэн төлсөн байдаг. Анхан шатны шүүхээс надаас 105 405 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн ба уг шийдвэрийн дагуу дээрх гэрээнүүдийн үүрэгт миний бие 159 635 000 төгрөг төлөхөөр болоод байна. Зээл авч байх хугацаанд төлбөрийг гэрээгээр тогтоосон хугацаанд саадгүй биелүүлж байсан боловч 2016 оны 5 сараас эхлэн төлбөрийн чадваргүй болж өнөөдрийг хүртэл төлөх боломжгүй, санхүүгийн хүнд байдалд байгаа. Нэхэмжлэгчид дээрх гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулахыг эрмэлзэж бүхий л санхүүгийн нөөц боломжоо ашигласан боловч эдийн засгийн хямралаас болж бүтэлгүйтсэн. Иймд миний нөхцөл байдлыг харгалзан үзэж 105 405 000 төгрөгнөөс 30 000 000 төгрөгийг хөнгөлж өгнө үү. Уг төлбөрийг багасгах боломж олговол үлдэгдэл төлбөрийг ах дүү найз нөхдөөсөө тусламж хүсээд барагдуулах болно гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ хариуцагч ХХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үндсэн төлбөр 75 000 000 төгрөг, зээлийн хүү 11 655 000 төгрөг, алданги 37 500 000 төгрөг, нийт 124 155 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ХХХ 2015 оны 7 дугаар сарын 2, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдөр тус тус байгуулсан зээлийн гэрээний дагуу төлөх төлбөрийн тооцооллын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХаас 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн зээлийн гэрээгээр 63 000 000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн зээлийн гэрээгээр 12 000 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, тус бүр 1 жилийн хугацаатай, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр тохиролцон зээлжээ. /хх-ийн 4-5 тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байх бөгөөд зохигчид өмнө нь байгуулагдаж байсан зээлийн гэрээний хүүг төлж, дахин зээл авахдаа гэрээг шинэчлэн байгуулж байсан талаар маргаагүй байна.

 

Хариуцагч ХХХ нь нэхэмжлэгч ХХХХт зээлийн гэрээний үүрэгт 49 230 000 төгрөгийг дансаар буцаан төлсөн нь зохигчдын тайлбар болон Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогджээ. /хх-ийн 21-58 тал/

 

Хавтаст хэргийн 7 дугаар талд зохигчдын хооронд 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр байгуулсан хэлцэл авагдсан байх бөгөөд уг хэлцлээр зээлийн гэрээний тооцоог хийж, хариуцагч ХХХ нь 63 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор бүтнээр нь төлсөн тохиолдолд 5 дугаар сар болон 6 дугаар сарын 1-нд төлвөл зохих хүү 4 410 000 төгрөгийг төлөхөөс чөлөөлөгдөх, ХХХХ үндсэн мөнгөө авахаар тохиролцсон байна.

 

Хариуцагч ХХХ нь дээрх тохиролцолын дагуу 63 000 000 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч ХХХХ нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм.

 

Хариуцагч ХХХ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу дээрх 2 зээлийн гэрээний үндсэн зээлд 75 000 000 төгрөг /63 000 000+12 000 000/, зээлийн хүүд 11 655 000 /6 615 000+5 040 000/, алдангид 43 324 500 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна.

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагчаас алдангийн хэмжээг зээлийн үндсэн төлбөр 75 000 000 төгрөгөөс тооцож 37 500 000 төгрөгөөр нэхэмжилснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 18 750 000 төгрөгөөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Анхан шатны шүүх хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд алдангийн хэмжээг бууруулан шийдвэрлэснийг буруу гэж үзэхгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргийн дагуу төлвөл зохих төлбөрөөс 30 000 000 төгрөгийг багасгуулахаар гомдол гаргаж байгаа боловч хэлцлийн гол нөхцлийн талаар талууд хэлэлцэн тохиролцож хүсэл зоригоо илэрхийлдэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд үндэслэдэг тул зохигчид харилцан тохиролцоогүй, хуульд зааснаар шүүхэд төлбөрөөс багасгах эрх олгоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн төлөх зээлийн гэрээний үүргийг багасгах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2017/02380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч ХХХын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т. ТУЯА

Ц.ИЧИНХОРЛОО