| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 181/2024/04748/И |
| Дугаар | 191/ШШ2025/09693 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09693
2025 11 10 191/ШШ2025/09693
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, шүүгч Б.Ундраа, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .... ******* ******* ******* ******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .... хаягт оршин суух ******* ******* /РД:*******/-д холбогдох,
Гэм хорын хохиролд 61,623,767.8 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн өмгөөлөгч А., иргэдийн төлөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* ******* ******* ******* ******* Төрийн өмчит ХХК нь Компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтэц орон тоог шинэчлэн баталсан. Дээрх тогтоолын дагуу ******* ******* ******* ******* *******ийн Гүйцэтгэх захирал Ш.******* нь 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... тоот Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай тушаал гаргасан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот тушаалаар ажилтнуудын ажлын байрыг өөрчлөн үндэслэлгүйгээр ажлын байр нь хасагдсан, өөрчлөгдсөн талаарх хууль бус шийдвэр гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Уг тушаалыг эс зөвшөөрсөн ажилтнууд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх ажил олгогчийн дээрх тушаалыг үндэслэлгүй байна гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр гарсан. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т заасны дагуу манай компани Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 5 ажилтны цалин хөлсийг олгохдоо 33.433.196.00 төгрөгийг төлсөн. Үндэсний аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай Зөрчил арилгах тухай албан шаардлагаар нэр бүхий 5 ажилтнуудын цалин хөлсийг олгохдоо компанийн мөнгөн хөрөнгөнөөс олгосон нь Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заасантай нийцэхгүй байна гэж үзэн нөхөн олговорт олгосон дээрх мөнгөн хөрөнгийг буруутай шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авч биелэлтийг ирүүлэхийг шаардаад байна. Иймд Ш.*******ас Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар 33,433,196 төгрөгийг гаргуулна гэжээ.
1.2. Нэхэмжлэгч 2025.02.18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагадаа: Нэр бүхий ажилтнуудын шүүхийн шийдвэр гарч томилогдох хүртэл хугацааны цалин, цалингийн зөрүү болох ажилтан Б.-Эрдэнийн цалингийн зөрүү 8,457,923, төгрөг, ажилтан А.ийн цалингийн зөрүү 4,048,846 төгрөг, ажилтан Х.ийн 10,695.490 төгрөг, Б.Мөнгөнчимэгийн 753,486 төгрөг, Л., Б.Мөнгөнчимэг нарт олгогдсон цалингийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварт төлсөн дүнгийн зөрүү Л. 2,998,918,26 төгрөг, Б.Мөнгөнчимэгийн 1,235,910,59 төгрөгийг шүүхийн шийдвэр гарснаас томилогдох хүртэлх хугацааны цалинд нийт 28,190,571.80 төгрөг буюу шүүхэд анх гаргасан нэхэмжлэл 33,433,196 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 28,190,571.80 төгрөг, нийт 61,623,767.8 төгрөгийг Захиргааны Ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т Иргэн хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэсний дагуу хариуцагч Ш.*******ас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш.******* шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.******* нь 2021 оны 3 сараас 2023 оны 2-р cap хүртэл Гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан. Компанийн орон тоо, бүтцийг ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07 дугаар тогтоолоор баталсан. Хуучин 4 албатай алба болгон даргатай байсан бөгөөд, ажлын уялдаа холбоо оновчгүй байсныг 3 газар болгон нэгтгэж, 4 дарга байсныг 3 захиралтай болгон өөрчилсөн. Бүтцийн өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байсан, Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзан өөр албан тушаалд томилох, нэг ажлын байранд удаан хугацаагаар ажилласнаас зүй бус нөлөөнд автахаас сэргийлж өөр албан тушаалд сэлгэж ажиллуулах шийдвэрийг Гүйцэтгэх захирлын тушаалаар хамтад нь шийдвэрлэсэн. Өөр албан тушаалд шилжүүлсэн, сэлгэж томилсон, үүнээс үүдэн цөөн тооны ажилтнуудын албан тушаалын цалин хөлс буурсан явдалд зарим ажилтнууд сөргөөр хүлээн авсан. Бүтцийн өөрчлөлтөөр хийгдсэн өөрчлөлтүүдийг хүлээж авахгүй, заавал өмнөх ажилдаа томилуулахаар эсэргүүцсэн нь ойлгомжгүй, ялангуяа үнэт ******* зах зээлийн дотоод мэдээлэлтэй болон харилцагчидтай шууд харьцдаг ажлын байрандаа эргэж томилуулахаар бүгд нэг хуулийн фирмэд хандан өмгөөлүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь анхаарал татсан. ******* ******* зах зээлийн тухай хууль, Эрүүгийн хуулийн тусгай анги болон Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан ******* ******* зах зээлийн дотоод мэдээлэл, түүнийг мэдээлэх журам-аар үнэт ******* зах зээлийн дотоод мэдээллийг эзэмшигч этгээд нь түүнийг хууль бусаар ашиглан арилжаанд оролцох, хувийн ашиг сонирхлын үүднээс гуравдагч этгээдэд дамжуулах, зэрэг нь хориотой, эрүүгийн шинжтэй үйлдлүүд юм. Шүүхийн шийдвэрээр цалин олгосон ажилтнуудын талаарх товч тайлбар: а/ Б. , А. нарын хувьд 2003 оноос Гүйцэтгэх захирлын дэргэдэх Дотоод хяналтын ажилтнаар ажилласан бөгөөд ХХК-ийн Дотоод хяналтын журам бусад холбогдох журмаар дотоод мэдээлэл гэж тогтоогдсон мэдээлэлтэй удаан хугацааны турш ажилласан, мөн компанийн нэр бүхий ажилтнууд үнэт ******* зах зээлийн дотоод мэдээллийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглан бусадтай бүлэглэн арилжаанд оролцсон, үүнээс олсон орлогыг хууль бус орлого гэдгийг мэдсээр байж авч ашигласан, урьдчилан үгсэн тохирсон хэрэгт шалгагдаж буй талаар Эрүүгийн цагдаагийн газар болон бусад холбогдох газраас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах мэдэгдэл ирүүлсэн, дотоод хяналтын ажлыг сайжруулах талаар удаа дараа албан бичиг ирүүлж байсан, өнгөрсөн хугацаанд дорвитой өөрчлөлт гараагүй тул ажлын байрыг нь сэлгэж өөр албан тушаалд шилжүүлэн томилсон. Компанийн Хөдөлмөрийн дотоод журам, цалингийн зэрэглэл, шатлалаар тухайн 2 ажилтны албан тушаалын цалин буурсан, өргөдлийнх нь дагуу цалин хөлсийг нь тодорхой хувиар нэмэхээр тохиролцохоор санал тавьсан боловч хүлээж аваагүй шүүхэд нэхэмжлэл гаргасан.
б/ Х.ийн хувьд 2019 оноос компанийн хуулийн зөвлөхийн орон тоонд ажиллаж байсан. Компанийн 2022-2024 оны дунд хугацааны болон 2022 оны бизнес төлөвлөгөөнд гадаадын ижил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах олон улсын эрх зүйч зайлшгүй шаардлагатай болсон. Бүтцийн өөрчлөлтөөр ажлын байр болон ажлын байрны тодорхойлолтод Олон улсын эрх зүйч гэж заасны дагуу ажлын байранд тэнцэхгүй тул ажлаас чөлөөлсөн. Х.ийн ажилгүй байх хугацаанд дээрх мэргэжлийн ажилтны ажлын байрны зарыг явуулсан боловч шинээр орох ажилтан олдоогүй бөгөөд шинээр давхардуулан хүн авч ажиллаагүй байсан нь байгууллагад давхар цалин олгож хохироогүй.
в/ Б.Мөнгөнчимэгийн хувьд 2021 оны 03 дугаар сард Гүйцэтгэх захирлын ажлыг хүлээж авахад батлагдсан орон тоогоор 39 ажилтантай байхаас 44 болж орон тоо хэтэрсэн байсан. Б.Мөнгөнчимэг нь 2019 онд жирэмсний амралтаа авсан ажилтны оронд эзгүй байгаа ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл томилогдсон тушаалтай байсан ч өмнөх Гүйцэтгэх захирал эхний тушаалын хууль зүйн үндэслэлийг зөрчин жинхэнэ ажилтнаар томилсон байсан. Төлөөлөн удирдах зөвлөлөөс орон тоо хэтэрсэн шалтгаан нөхцөлийг арилгаж батлагдсан орон тоонд багтаан ажилтны тоог цөөрүүлэх чиглэл өгсөн тул үндэслэлгүй томилсон ажилтнуудыг халж ажлаас чөлөөлсөн. Гэвч шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа орсон.
г/ Л.ийн хувьд, 2019 оны 3 дугаар сард ээлжийн амралт авсан тушаал байдаг бөгөөд, ээлжийн амралт авснаас хойш энэ хүнтэй холбоотой ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байдаг. Жирэмсний амралтаа үргэлжлүүлэн авсан гэх боловч энэ талаар компанид өгсөн хүсэлт болон эмнэлгийн магадлагаа зэрэг нотлох баримт байдаггүй. ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 6.17-д зааснаар Тухайн ажилтны ээлжийн амралт болон чөлөөний хугацаанд ажил үүргийг нь албаны холбогдох ажилтанд хариуцуулан гүйцэтгүүлнэ" гэж зааснаар Л. нь ээлжийн амралт эдэлсний дараа жирэмсний амралт авах хүсэлтээ албан ёсоор гаргаж тушаал гаргуулж шийдүүлэх шаардлагатай байсан боловч хүсэлт гаргаж асуудлыг шийдүүлээгүй, ажлаа албан ёсоор хүлээлгэн өгөөгүй. Үүнээс шалтгаалж ажил цалгардах, тушаал шийдвэр гараагүй, ажлаа хүлээлгэж өгөлгүйгээр жирэмсний амралтаа авч явсан. Тухайн үед тооцооны нягтлан бодогч жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох хуудсаар тэтгэмжийг бодож нийгмийн даатгалд өгсөн байдаг. Тушаал шийдвэр гараагүй эсэх асуудлаар ээлжийн амралтаа авах хүсэлт өгсөн байсан тул жирэмсний тушаал гарах боломжгүй байсан хэрэв нэхэмжлэгч үргэлжлүүлээд жирэмсний амралтаа авах байсан бол энэ тухайгаа ээлжийн амралт эдлэх хүсэлтдээ бичих ёстой байсан бөгөөд тухайн үед гүйцэтгэж байсан үүрэгт ажлаа хүлээлгэж өгөөгүй. Хөдөлмөрийн дотоод журам зөрчиж ажил олгогчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй.
Иймд зөрүү болон ажиллаагүй хугацааны нөхөн олговрыг нэхэмжлэгч нь байгууллага хохироосон гэж үзэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх 5 ажилтны ажлын байранд шинээр ажилтан авч, ТУЗ-р батлагдсан орон тоог хэтрүүлэн давхар цалин олгож, байгууллагын цалингийн зардлыг хэтрүүлэн байгууллагад хохирол учруулсан зүйл байхгүй, 2021-2023 оны байгууллагын төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлтээс тод харагддаг, миний ажиллаж байсан хугацаанд жил бүр байгууллагад хийсэн аудитын дүгнэлт болон бусад газрын шалгалтаар дээрх асуудлууд тавигдаж байгаагүй. Аливаа байгууллагын Гүйцэтгэх захирал нь өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлог, гаргасан шийдвэрийг аудитын байгууллагад зөв тайлагнаж ойлгуулж хамтран ажилладаг бөгөөд 2022 оны үйл ажиллагааны аудитын шалгалтын үеэр миний бие тус байгууллагад ажиллаж байгаагүй хууль бусаар ажлаас халагдсан байдаг. Мөн Х.ийн шүүхийн шийдвэрийн дагуу олгосон цалин нь 2023 оны 05 сарын 25-нд олгосон байтал Үндэсний аудитын газрын 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зөрчил арилгах тогтоол гарсан байна. Иймд хувийн өс хонзонгоор Аудитын шалгалтад хохирол учруулсан мэт мэдээлж өөрийн давуу байдлыг ашиглан намайг хохироох, нэр төрд халдах зорилгоор энэхүү үйл ажиллагааг явуулж байгаа тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. гэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. Хохирол учирсан зүйл байхгүй, ажлаас халагдсан хүний оронд хүн аваагүй давхар цалингийн асуудал байхгүй, буцаагаад шүүхийн шийдвэрээр нөгөө хүмүүс нь ажилдаа орсон, нь өөрөө хохирол биш. Гэм хорын асуудал биш. 2023 оны аудитын дүгнэлтээр төлөвлөснөөс 254,2 сая төгрөгөөр илүү ашигтай ажилласан, ямар нэгэн хохирол, хор уршиг учирсан талаараа бус нийтдээ 719 сая төгрөгийн ногдол ашиг хуримтлуулсан төлөвлөгөөнөөсөө 254,2 сая төгрөгөөр цэвэр ашиг илүү ажилласан. Гэм хор учирсан бол гэм хор учруулагч этгээд байх ёстой. Гэм хорыг Ш.******* учруулсан юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдаж, нөгөө талаараа учирсан гэм хор болоод гэм хорыг санаатай буюу шууд санаатай үйлдлээрээ учруулсан байх ёстой. Ш.Лхагвын учруулаад байгаа үйлдэл өөрөө шууд санаатай мөн юм уу үгүй юм уу. Учирсан хохирол болоод гэм хорын хооронд шууд шалтгаант холбоо байхыг хууль зүйн хувьд өөрөө Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар шаарддаг. 5 ажилтныг ажлаас чөлөөлсөн нь Компанийн тухай хуулийн 83.1, 83.8 дахь тухайн компанийн дүрэмд заасны дагуу гүйцэтгэх захирал хөдөлмөрийн гэрээ байгуулах, чөлөөлөх, дуусгавар болгох харилцааны эрх нь нээлттэй. Анхнаасаа халсан нь буруу байсан бол Ш.******* өөрчлөгдсөний дараа Энхсайхан захирал нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, ажилтныг томилоод л явах ёстой байсан, гэтэл өөрсдөө ажилд аваагүй шүүхээр маргаж явсан энэ хугацааныхаа үр дагаврыг Ш.*******ас нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч Ш.******* нь ажил үүргийнхээ дагуу өөрөө зөв гэж үзсэн шийдвэрээ гарган ажилласан байна. Санаатайгаар гэм хор учруулсан гэдгийг нэхэмжлэгч баталж чадсангүй. Гэм хорыг мөн нотлоогүй байна. Иймд хариуцагч Ш.Лхагвыг гэм буруутай гэж үзэхгүй гэжээ.
4. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна:
Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2022.10.28-ны өдрийн шийдвэр, 2022.07.26-ны өдрийн шийдвэр, №03 тогтоол, тогтоолын хавсралт, №... тушаал, албан тушаалын ангилал, захирлын тушаалын хавсралт, 2024.04.07-ны өдрийн шийдвэр, 2022.12.23-ны өдрийн магадлал, 2024.03.25-ны өдрийн албан шаардлага, 2024.04.23-ны өдрийн мэдэгдэл, цалингийн тооцоолол, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, А/16 тушаалын тооцоолол, №А/16 тушаал, №4-126/2419 мэдэгдэл, 2023.10.17-ны өдрийн захирамж, Б/20 тоот тушаалын тооцоолол, 2024.02.27-ны өдрийн захирамж, 2024.04.15-ны өдрийн мэдэгдэл, төлбөрийн даалгавар, А/15 тушаал, 2023.11.10-ны өдрийн захирамж, 2024.01.26-ны өдрийн мэдэгдэл, 2023.03.24-ний өдрийн албан шаардлага, компанийн дүрэм, итгэмжлэл зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.
Хариуцагчаас:Иргэний үнэмлэхийн хуулбар, хариу тайлбар, цалингийн хүснэгт, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, албан тушаалын тодорхойлолт, гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт, нууцлалын баталгаа, албан тушаалын тодорхойлолт, №09 тогтоол, 2022.04.29-ний өдрийн сайдын тушаал, 2022 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшин, №01 төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, компанийн 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшингийн үзүүлэлт, санхүүгийн удирдлагын тайлан, санхүүгийн аудитын тайлан, үндэсний аудитын газрын акт, албан шаардлага зэрэг баримтуудыг ирүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
2. ******* ******* ******* ******* ******* ХХК нь хариуцагч Ш.*******д холбогдуулан, Ш.******* нь тус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа зарим ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хууль бусаар цуцалсан, ажилдаа орох ёстой байсан ажилтныг үүрэгт ажилд нь томилоогүй зэрэг эс үйлдэхүй гаргаснаас шалтгаалан тухайн ажилчид шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн томилогдсон, улмаар ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг байгууллагаас нөхөж олгосон, энэ асуудалд аудитын дүгнэлт гарч буруутай этгээдээр хохирлыг төлүүлэхээр байгууллагад албан шаардлага тавьсан, иймд байгууллагад учруулсан хохиролд нийт 61,623,767.8 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
3. Хариуцагч Ш.******* нь 2021 оны 3 сараас 2023 оны 2 дугаар cap хүртэлх хугацаанд ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллахдаа компанийн ТУЗ-аас гаргасан шийдвэрийн дагуу захирлын бүрэн эрхийн хүрээнд бүтцийн өөрчлөлтийг хийсэн, бүтэц, орон тооны хязгаарт багтаан ажилтнуудын мэргэжил, ур чадварыг харгалзан өөр албан тушаалд шилжүүлэн томилсон тул цалингийн зөрүү болон ажиллаагүй хугацааны нөхөн олговрыг төлж нэхэмжлэгч хохирсон гэж байгаа нь үндэслэлгүй, хөдөлмөрийн маргаантай холбоотой 5 ажилтныг ажлын байранд шинээр ажилтан ажиллуулах, ТУЗ-р батлагдсан орон тоог хэтрүүлэн давхар цалин олгох зэргээр байгууллагын цалингийн зардлыг хэтрүүлэн хохирол учруулаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш, мөн уг асуудал гэм хорын асуудал биш, 2023 оны аудитын дүгнэлтээр төлөвлөснөөс 254,2 сая төгрөгөөр илүү ашигтай ажилласан, ямар нэгэн хохирол, хор уршиг байгууллагад учруулаагүй, мөн гүйцэтгэх захирал Ш.******* өөрчлөгдсөнөөс хойшхи хугацааны үр дагаврыг нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг судлахад дараах үйл баримт тогтоогдсон болно.
5. ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022.03.07-ны өдрийн №03 тогтоолоор ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталж, компанийн батлагдсан бүтэц, орон тооны хүрээнд ажлын байрны зохион байгуулалтыг холбогдох, хууль журамд нийцүүлэн хэрэгжүүлэхийг Гүйцэтгэх захирал Ш.*******д үүрэг болгожээ. /хх-27/
а/ Дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ******* ******* ******* ******* *******ийн Гүйцэтгэх захирал Ш.******* нь Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн №... тоот тушаал гаргасантай холбогдуулан зарим ажилтнуудын ажлын байрыг өөрчилжээ. /хх-30/
6. Компанийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан зарим ажилтнуудын албан тушаалын ангилал, ажлын байрыг өөрчилснийг эс зөвшөөрч зарим ажилтнууд шүүхэд хандаж маргасны дагуу дараах шүүхийн шийдвэрүүд гарч хуулийн хүчин төгөлдөр болжээ.
а/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.04-ний өдрийн 182/ШШ2022/02823 дугаар шүүгчийн захирамжаар, нэхэмжлэгч Л. нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй холбоотой тушаал, шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тушаал нөхөн гаргуулах, 2021.04 сараас ажил албан тушаалдаа үргэлжлэн ажилласнаар тооцсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох 2021.04.01-2022.10.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 18 сар, 2 өдрийн цалин хөлс болох 15,379,068 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-6/
б/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн №182/ШШ2022/03104 дугаар шийдвэрээр А.ийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дотоод хяналтын ажилтны эгүүлэн тогтоож, цалин хөлсний зөрүүнд 2,101,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгожээ. /хх-9/
в/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №182/ШШ2022/02307 дугаар шийдвэрээр Б.-Эрдэнийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгожээ. /хх-16/
г/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №182/ШШ2022/00993 дугаар шийдвэрээр 2021.07.21-ний өдрөөс 2021.12.08-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5,640,900 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвэрт нөхөн бичилт хийлгүүлэх маргааныг хянаад ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 5,584,517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгт олгожээ. /хх-35/
д/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн №210/МА2023/00026 магадлалаар Х.ийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Олон Улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,474,162 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгожээ. /хх-40/
е/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.17-ны өдрийн №182/ШШ2023/02905 дугаар захирамжаар А.ийн нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлсний зөрүү 4,048,846 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. /хх-80/
ё/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.27-ны өдрийн №182/ШШ2024/00860 захирамжаар Б.-д цалингийн зөрүү болох 8,457,923 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-85/
ж/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №182/ШШ2022/03105 дугаар шийдвэрээр Б.Мөнгөнчимэгийг Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодианы ажилтан ажил эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 753,486 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгожээ. /хх-109/
з/ Түүнчлэн Л., Б.Мөнгөнчимэг нарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгосон цалин хөлсний зөрүүнд төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ зэрэгт Л.д 2,998,918.26 төгрөг, Б.Мөнгөнчимэгт 1,235,910.59 төгрөгийг нөхөн олгожээ. /хх-120/
и/ Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.10-ны өдрийн 182/ШШ2024/03180 дугаар захирамжаар Х.ийн ажилгүй байсан 2022.10.31-2023.04.24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,695,490 төгрөг төлөх, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ./хх-94/
Дээр дурдсан шүүхийн шийдвэрүүд болон Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны өдрийн №... дугаартай албан шаардлагын дагуу компанийн авлагад бүртгэлтэй мөнгөн хөрөнгийг буруутай этгээдээс нөхөн төлүүлэх аргах хэмжээг авсантай холбогдуулан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ш.*******ас байгууллагад учирсан хохирлыг гаргуулахаар шаардах эрхийг тодорхойлсонтой холбогдуулан дараах үйл баримт тогтоогджээ.
7. Эдгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 61,623,767.8 төгрөгийг гомдол гаргасан ажилчдад төлж барагдуулсан эсэх асуудлаар зохигчид маргаагүй боловч уг мөнгөн хөрөнгийг гэм хорын хохирол гэж үзэх, улмаар хариуцагч Ш.******* хариуцах үндэслэлтэй эсэх, нэхэмжлэгчид гэм хорын хохирол учруулсан эсэх нь маргааны үндэслэл болжээ.
8. Зөрчил арилгах тухай Үндэсний аудитын газрын 2024.03.25-ны өдрийн ... албан шаардлагаар, холбогдох шүүхийн шийдвэрийн дагуу нөхөн олговорт олгосон мөнгөн хөрөнгийг буруутай шийдвэр гаргасан этгээдээр нөхөн төлүүлж, компанийг хохиролгүй болох арга хэмжээг хэрэгжүүлээгүй, тайланд авлагаар бүртгэсэн боловч барагдуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т заасантай нийцээгүй гэсэн үндэслэлээр авлагыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхийг Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газарт даалгажээ. /хх-17/
9. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заажээ.
10. Түүнчлэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
11. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм хорын бүрэлдэхүүн бий болоход гэм хор учруулагчийн шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэр бүрдсэн байх, шийдвэр гаргасан албан тушаалтны хууль бус санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдсон байх, үүнээс шалтгаалан хохирол учирсан байх шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Тодруулбал,
11.1. Нэхэмжлэгч Л. нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй холбоотой тушаал, шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тушаал нөхөн гаргуулах, 2021.04 сараас ажил албан тушаалдаа үргэлжлэн ажилласнаар тооцсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзсан, улмаар нэхэмжлэлээс үлдэх шаардлага болох 2021.04.01-2022.10.04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны 18 сар, 2 өдрийн цалин хөлс болох 15,379,068 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ******* төлөхөөр зохигчид эвлэрчээ. /Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.10.04-ний өдрийн 182/ШШ2022/02823 шүүгчийн захирамж/ /хх-6/
а/ Ш.******* нь энэ цаг хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байсан, шүүхийн шийдвэр нь хариуцагчийн ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд харилцан хамааралтай боловч ажилтан Л. нь жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй холбоотой тушаал, шийдвэр гаргаагүй хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, тушаал нөхөн гаргуулах, 2021.04 сараас ажил албан тушаалдаа үргэлжлэн ажилласнаар тооцсон тушаал гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсан байх тул, зохигчид бусад асуудлаар эвлэрэн хэлэлцсэнийг хариуцагч гэм буруутай гэж шууд дүгнэх үндэслэлгүй юм.
Нөгөө талаас тухайн маргаантай асуудлаар гэм бурууг тогтоосон үйл баримт нотлогдоогүй, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.04-ний өдрийн 182/ШШ2022/02823 захирамжид үндэслэн гэм буруугийн асуудлыг дүгнэх боломжгүй тул хариуцагчийг гэм хор учруулсан гэж шууд дүгнэх үндэслэлгүй.
11.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн №182/ШШ2022/03104 шийдвэрээр А.ийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дотоод хяналтын ажилтны эгүүлэн тогтоож, 2,101,160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгожээ. /хх-9/
а/ Шийдвэрийн Үндэслэх хэсэгт, .... нэхэмжлэгч А.ийг түүний зоригоос гадуур дотоод хяналтын ажилтнаас үнэт ******* хадгаламж хариуцсан ажилтан болгож сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гүйцэтгэх захирлын тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан хориглосон зохицуулалтад нийцээгүй, хариуцагч тал "...эрүүгийн хэрэгтэй холбоотой хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал компани дээр үүсэж, үнэт ******* зах зээлийн дотоод мэдээллийг эзэмшигч этгээд болох Хадгаламж, өмчлөх эрх, бүртгэлийн албаны ажилтнууд өөрсдөө Эрүүгийн хуулиар гэмт хэрэг гэж тодорхойлсон ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн, тухайн үед Дотоод хяналтын ажилтнаар ажиллаж байсан А. дотоод хяналтын журмын дагуу арга хэмжээ авах талаар санал гаргаж гүйцэтгэх захирал, Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдээгүй, даамжруулах байдлыг бий болгосон... гэсэн тайлбараа нотлоогүй, уг үйлдэлд А.ийн ямар оролцоо, гэм буруу байгаа нь тогтоогдохгүй, тус тайлбар нь тушаалын хууль зүйн үндэслэл болоогүй гэж тус тус дүгнэжээ.
11.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №182/ШШ2022/02307 шийдвэрээр Б.-Эрдэнийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгожээ. /хх-16/
а/ Шийдвэрийн Үндэслэх хэсэгт, ... Дотоод хяналтын албаны ахлахын ажлын байр хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгчийг данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилсон нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн, Б.-Эрдэнийг албан тушаал бууруулах болсон хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан... гэж дүгнэжээ.
11.4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн №182/ШШ2022/00993 шийдвэрээр ******* ******* ******* ******* ******* ХХК-иас 5,584,517 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгт олгожээ. /хх-35/
а/ Шийдвэрийн Үндэслэх хэсэгт, .... хариуцагч ХХК нь анхан шатны шүүхийн 1553 дугаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсон даруйд нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэгийг урьд эрхэлж байсан ажилд нь авч, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлсэн байсан бол нэхэмжлэгч Б.Мөнгөнчимэг нь ажил, үүргээ хэвийн гүйцэтгэж, цалин хөлсөөр хохирохгүй байсан гэж дүгнэжээ.
11.5. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.12.23-ны өдрийн №210/МА2023/00026 магадлалаар Х.ийг ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Олон Улсын эрх зүйч, хуулийн зөвлөхийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 8,474,162 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгожээ. /хх-40/
а/ Магадлалын Хянавал хэсэгт .... хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар компанийн бүтцээс Хадгаламж, өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодиан, Захиргаа, санхүүгийн албаны хуулийн зөвлөхийн ажлын байрыг тус тус хассан нь тус компанийн дүрмээр гүйцэтгэх удирдлагад олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй..., бодитойгоор орон тоо хасаагүй байхад ажлын байрны нэршлийг өөрчлөн нэхэмжлэгчийг ажлаас халсан... гэж дүгнэжээ.
11.6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №182/ШШ2022/03105 шийдвэрээр Б.Мөнгөнчимэгийг Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодианы ажилтан ажил эгүүлэн тогтоож, цалингийн зөрүү 753,486 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгожээ. /хх-109/
а/ Шийдвэрийн Үндэслэх хэсэгт, .... хариуцагч нь ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн Хадгаламж өмчлөх эрх бүртгэл, кастодианы албаны кастодианы ажилтны хийж гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгчийг Бизнесийн үйл ажиллагаа хөгжлийн газрын Өмчлөх эрх бүртгэлийн албаны байцаагч, хүлээн авах теллер албан тушаалд томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1, 80.2-т заасныг зөрчсөн, ... албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсан.... гэж дүгнэжээ.
11.7. Түүнчлэн Л., Б.Мөнгөнчимэг нарт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгосон цалингийн зөрүүтэй холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ зэрэгт Б.Мөнгөнчимэгт 1,235,910.59 төгрөгийг төлсөн нь дээрх шүүхийн шийдвэртэй шалтгаант холбоотой байна.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй тул дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсанаар хариуцагч Ш.******* нь ******* ******* ******* ******* *******ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлээгүйгээс хариуцагчийн хайхрамжгүй, болгоомжгүй хандсан гэм буруу нөлөөлсөн, улмаар байгууллагад хохирол учирсанд хариуцагчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл болжээ.
13. Иймд, дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын дагуу Ш.******* нь үүрэгт ажлаа гүйцэтгэх явцад хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор бусдыг өөр ажилд шилжүүлэх, үүрэгт ажилд нь томилохгүй байх эс үйлдэхгүй гаргахад хариуцагчийн гэм буруу тогтоогдсон байх тул гэм буруутай этгээдийн өмнөөс аж ахуйн нэгж, байгууллага гэм хорын хохирлыг хариуцан арилгасантай холбоотойгоор өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэв.
а/ Хариуцагч талаас, 2023 оны аудитын дүгнэлтээр төлөвлөснөөс байгууллага 254,2 сая төгрөгөөр илүү ашигтай ажилласан, ямар нэгэн хохирол, хор уршиг байгууллагад учруулаагүй, нэхэмжлэгч байгууллагын цалингийн төсөвт хуваарилагдсан тухайн жилийн цалин, хөлсний төсвөөс хэтэрсэн зардал гараагүй, ажилтны оронд өөр шинэ ажилтан авч ажиллуулаагүй, аудитын тайланд шүүхийн шийдвэрийн дагуу ажилтанд олгох цалинг авлага гэж бүртгэсэн тул аливаа хохирол учруулаагүй гэж маргасан боловч хариуцагчийн байгууллагад хохирол учруулсан гэм буруутай үйлдэл тогтоогдсон, мөн уг үндэслэлээр байгууллагаас бусдад нөхөн төлбөр төлсөн, энэ үйл баримт нь байгууллагаас гарсан зардал буюу хохиролд хамаарах тул хариуцагчийн гаргасан татгалзлын үндэслэлээр гэм буруугийн үйлдэл, түүнээс учирсан хор, уршгийг зөвтгөх үндэслэл болохгүй.
14. Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас, А.т хамаарах 2,101,160 төгрөг, Б.-д хамаарах 1,894,285 төгрөг, Б.Мөнгөнчимэгт хамаарах 5,584,517+753,486 төгрөг, Х.т хамаарах 8,474,162 төгрөг, Б.Мөнгөнчимэг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу олгосон нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ 1,235,910.59 төгрөг/Б.Мөнгөнчимэг/ буюу нийт 20,043,520.59 төгрөгийг хариуцагч Ш.*******ас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
15.1. Харин Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.17-ны өдрийн №182/ШШ2023/02905 захирамжаар А.ийн нэхэмжлэлийн шаардлага болох цалин хөлсний зөрүү 4,048,846 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, /хх-80/
15.2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.02.27-ны өдрийн №182/ШШ2024/00860 захирамжаар Б.-д цалингийн зөрүү болох 8,457,923 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, /хх-85/
15.3. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.10-ны өдрийн №182/ШШ2024/03180 захирамжаар Х.ийн ажилгүй байсан 2022.10.31-2023.04.24-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 10,695,490 төгрөг төлөх, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрүүд нь хариуцагч Ш.Лхагвын ажлаас чөлөөлөгдсөнөөс хойшхи он, цаг хугацаанд хамаарч байна. /хх-94/
16. Хариуцагчийн учруулсан гэм хорын хэмжээг түүний ажиллаж байх хугацаанд холбогдуулан тодорхойлох буюу ажлаас чөлөөлөгдсөн өдрийг хүртэл гэм буруутай үйлдэл үргэлжилсэн, цаг хугацааны хувьд ажиллаж байсан үе нь шалтгаант холбоотой гэж үзэв.
17. Хариуцагч Ш.******* нь ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2021.03.16-ны өдөр томилогдож, 2023.02.17-ны өдөр чөлөөлөгдсөн болох нь тогтоогдсон тул түүнийг ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанаас хойшхи буюу энэ шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15.1-15.3-т заасан 2023.10.17-ны өдрөөс 2024.02.27-ны өдрийн шүүхийн шийдвэрт холбогдох үүрэг хамаарахгүй.
18. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч байгууллагыг хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохирсон гэж үзэх бөгөөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас байгууллагаас бусдад нөхөн төлсөн төлбөрийг хохиролд тооцон, гэм буруугийн хэлбэр, шалтгаант холбоо тогтоогдсон үйл баримтын хэмжээгээр нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй гэж үзэв.
19. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ш.*******ас 20,043,520.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,580,247.21 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
20. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б. нь ... хариуцагч Ш.******* нь ажил үүргийнхээ дагуу өөрөө зөв гэж үзсэн шийдвэрээ гарган ажилласан байна. Санаатайгаар гэм хор учруулсан гэдгийг нэхэмжлэгч баталж чадсангүй. Гэм хорыг мөн нотлоогүй байна. Иймд хариуцагч Ш.Лхагвыг гэм буруутай гэж үзэхгүй... гэсэн агуулгаар шүүх хуралдаанд дүгнэлт гаргасан боловч шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгчөөс эсрэг хууль зүйн дүгнэлтийг гаргасан болохыг дурдав.
21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна гэж, мөн хуулийн 57.3-т Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох, нөхөн төлүүлэх, чөлөөлөх тухай асуудлыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалт болон энэ хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ гэж заажээ.
а/ Нэхэмжлэгч 33,433,196 төгрөг болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлага 28,190,571.8 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид /325,116+298,902/ буюу нийт 624,018 төгрөг төлөх ёстой байхад /326,316+312,640/ 638,956 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 14,938 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Ш.*******ас 20,043,520.59 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41,580,247.21 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /326,316+312,640/ 638,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.*******ас 258,167 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ******* ******* ******* ХХК-д олгож, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 14,938 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД
ШҮҮГЧИД Б.УНДРАА
О.ЦЭНД-АЮУШ