Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 462

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Ж.Энхжаргал

хохирогч Г.Г,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч: 

О-д холбогдох эрүүгийн 1803001800152 дугаартай 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.О нь 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сөөхий” их дэлгүүрийн урд талын замд Тоёота Приус маркийн 52-73 УБӨ улсын дугаартай автомашиныг согтуурсан үедээ жолоодож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7а, 13.1 дахь заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Г, Ц.О нарыг мөргөж, Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О ”Би 2018 оны 2 дугаар сарын 25-ны орой ажлаасаа тараад хорооллын “Гурван Билэг” их дэлгүүрийн доорх пабад ажлын найзуудтайгаа орж гурван пиво уусан. Би гарахдаа дуудлагын жолооч дуудсан боловч 30 минут хүлээгээд ирээгүй. Би хоёр хүүхдээ гэртээ үлдээсэн байсан тул яараад, мөн миний гар утасны цэнэг дуусчихаар нь ойрхон газар гайгүй байх гэж бодоод машинаа жолоодоод согтуу замын хөдөлгөөнд орсон юм. Энэ миний буруу, би гэмшиж байна.  Явган хүний гарцаар гарч байгаа хоёр явган зорчигчийг би дөхөж ирж байхад нь харсан. Тухайнд үед миний нүд харанхуйлахад хоёр зорчигчийг мөргөчихсөн байсан. Тэгээд би машинаа зогсоогоод түргэн тусламж дуудсан. Би хохирогч Г.Ггийн эмчилгээний төлбөрт 1.100.000 төгрөг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нь төлж барагдуулна.  Хохирогч Отгон-Өлзийд эмчилгээний төлбөрт 1.456.000 төгрөг өгсөн.  Манай нөхөр нас барсан, би 3-9 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Миний ар гэрийн байдлыг шүүх харгалзаж өгнө үү” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Г” 2018 оны 02 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 21 цагийн үед миний найз Отгон-Өлзий над руу утсаар залгаад уулзъя гэсэн юм. Би Хөвсгөлөөс ирсэн байсан тул бид хоёр уулзахаар болоод хорооллын эцэст “Tse” нэртэй пабад уулзаад хоол идэж, нэг нэг “Радлер” гэх нэртэй пиво уусан. Бид хоёр гараад манай гэрт очиход манай гэрт байсан хүн гараад “түц”-нээс гоймон, ундаа аваад ир гэж хэлсэн юм. Тэр үед онгорхой “түц” байгаагүй тул “Прадокс”-ын доошоо уруудаж алхаад “түц” орж авах гэж байсан зүйлээ авчихаад гарцаар гарах гэж байгаад би ухаан алдсан. Маргааш өглөө нь Гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Миний баримтаар нэхэмжилсэн зүйлс өчигдөр орой 21 цагт миний дансанд орж ирсэн. Би одоо 10.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би хөлөндөө дахин хагалгаанд орж косметик оёдол тавиулна. Энэ хагалгаанд ороход ойролцоогоор 500.000-1.000.000 төгрөг ордог гэсэн. Мөн хувцасны мөнгө болох 800.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч намайг эмнэлэгээс гарсан өдрөөс хойш над руу ганц ч удаа миний биеийг асууж залгаагүй. Би 3 хоногийн өмнө унасан. Цаашид гарах үр дагаварыг би мэдэхгүй байна. Би сургалтын төлбөр болон цаг хугацаагаараа хохирч байна. Би гимнастикийн төрлөөр олон улсын тэмцээнд оролцдог байсан. Өвдөгний үений чагтан холбоо сэмэрсэн болохоор одоо илүү дутуу хөдөлгөөн хийж болохгүй гэсэн тул оролцох боломжгүй болсон байгаа. Хохирол төлбөрөө  гаргуулж авмаар байна. Намайг эрүүл саруул болгож өг гэж хэлмээр байна” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шөнө 01 цаг 25 минутын үед Ц.Огийн хамт Баянгол дүүргийн нутаг 3 дугаар хорооллын Сөөхий дэлгүүрийн замын урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байтал замын зүүн талаас гэнэт машин гарч ирээд манай найз бид хоёрыг мөргөсөн. Тухайн үед би машинд мөргүүлээд ухаан алдсан байсан. Осолд орсны маргааш Гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Би толгойдоо хүнд гэмтэл авсан, мөн нүүр болон баруун хөлөндөө гэмтэл авсан...Би осолд орохын өмнө найзтайгаа ресторанд хоол идэнгээ нэг шил пиво уусан байсан.  /хх-ийн 19/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 01 цаг 25 минутын үед Г.Ггийн хамт Баянгол дүүргийн нутаг 3 дугаар хорооллын Сөөхий дэлгүүрийн урд талын замынхаа урд талаас хойд тал руу нь зам хөндлөн гарч байтал замын зүүн талаас гэнэт машины гэрэл гарч ирээд манай найз бид хоёрыг мөргөснөөс болж бид хоёр зам дээр шидэгдэж унасан. Дараад нь би найзтайгаа түргэний машинаар гэмтлийн эмнэлэг явсан. Би ууц нуруундаа гэмтэл авсан байгаа. Би энэ осолд орсоноос болж эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна. Өөрт учирсан хохиролыг хурдан барагдуулж авахыг хүсэж байна. /хх-ийн 43/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Энхбат мөрдөн байцаалтад: Би 3 дугаар хорооллын Сөөхий их дэлгүүрийн урд талын замаар зүүнээсээ баруун тийш чигтэй замынхаа 3 дугаар эгнээгээр явж байхад миний урд талд тэр хүн мөргөдөг Тоёота Приус маркийн 52-73 УБӨдугаартай машин  явж байсан. Тэгээд явган хүний гарцан дээр нөгөө машин замын урд талаас хойшоо чигтэй зам хөндлөн гарч байсан 2 хүнийг мөргөөд зогсож байгаа харагдсан. Тэгэнгүүт нь би машинаа зогсоож буугаад мөргүүлсэн 2 эмэгтэй дээр очиж биеийг нь асуусан. Тэгж байтал Замын цагдаагийн хүмүүс ирж хэмжилт хийсэн. Осол болсон газарт хэмжилт хийхэд хүн мөргүүлсэн газрыг би зааж өгсөн. Учир нь би тэр 2 хүнийг яг явган хүний гарцаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлэхийг нь харсан юм. Би схем зургыг үзлээ. Энэ зурган дээр 2 эмэгтэйн машинд мөргүүлсэн газрыг үнэн зөв тэмдэглэсэн байна. Тэр үед миний явж байсан замд машины хөдөлгөөн сийрэг, гадаа харанхуй, замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан, гадаа цаг агаар тогтуун сайхан байсан.  /хх-ийн 47/ гэх мэдүүлэг

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3086 дугаартай: Г.Ггийн биед гавлын суурь ясны хугарал, тархины баруун зүүн зулай, баруун дагзны дэлбэнгийн тархины эдэд цэгчилсэн цус харвалт, тархи доргилт, зүүн зулайн хуйхан дор цус хуралт, баруун хоншоор ясны гадна урд, дээд ханын хугарал, баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөмсөг, зүүн зулайн хуйх, баруун өвдгөнд шарх, баруун өвдөгний үений урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, баруун доод зовхи, эрүүнд зулгаралт, баруун гуя, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 60/ гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3084 дугаартай: Ц.Огийн биед ууцны 5 дугаар нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 63/ гэсэн дүгнэлт,

 

Сэжигтнээр Б.О мөрдөн байцаалтаэд: Би 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 25 минутын үед би өөрийнхөө эзэмшлийн Тоёота-Приус маркийн 52-73 УБӨ улсын дугаартай автомашинаа бариад 3 дугаар хорооллын Гурванбилэг их дэлгүүрийн урд талаас 3 дугаар хорооллын эцсийн буудал тийш гэр рүүгээ харихаар явж байсан. Тэгээд 3 дугаар хорооллын Сөөхий гутлын их дэлгүүрийн урд талын замаар зүүнээсээ баруун тийш чиглэлтэй замынхаа 2 дугаар эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас 2 эмэгтэй хүн зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машиныхаа зүүн урд хэсгээр тэр 2 эмэгтэйг мөргөж зогссон. Осол болох үед миний явж байсан замын машины хөдөлгөөн их, гадаа харанхуй замын гэрэлтүүлэг асаж байсан, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан. Зам хальтиргаатай, гадаа тогтуун сайхан байсан. Би найзуудтайгаа пабад пиво уусан байсан.  Би мөргөсөн 2 эмэгтэйн эмчилгээний зардлыг тухайн үед нь төлж барагдуулсан байгаа. Энэ хугацаанд би 2 эмэгтэйн эмчилгээний зардалд нийт 2.900.000 төгрөг зарцуулсан байгаа. Би ийм зам тээврийн осол гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байгаа.  /хх-ийн 129/ гэх мэдүүлэг,

 

Замын цагдаагийн албаны шинжээчийн 200 дугаартай:Тоёота Приус маркийн 52-73 УБӨ улсын дугаартай машиныг жолоодож явсан Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-т заасан Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө, мөн дүрмийн 2.7а-д заасан Жолооч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, мөн дүрмийн 2.3 жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. А/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах тээврийн хэрэгслийн ажлын тоормосын систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Явган зорчигч Г.Г, Ц.О нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зам  тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна. /хх-ийн 110/  гэсэн дүгнэлт,

 

Сонгинохайрхан Техник хяналтын үзлэгийн төв шинжээчийн дүгнэлт: Тоёота Приус маркийн улсын 52-73 УБӨ улсын дугаартай автомашины техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна. Урд салхины шил зүүн хэсэгтээ хагарсан урд буфер зүүн талын булан хагарч байхгүй болсон. Зүүн урд талын их гэрэл хагарсан, баруун хойд гэрлийн булан хагарсан, зүүн урд талын под крыло байхгүй, зүүн талын дохионы гэрэл хагарч ажиллахгүй, зүүн талын толь хагарсан, дугаарын гэрэл, оврын гэрэл баруун тал асахгүй, зүүн холын гэрэл асахгүй, хоёр дугаар тэнхлэгийн зүүн талдаа аваарын дугуйтай, хянах самбар дээр АВS системийн гэрэл ассан, Хоёрдугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Хянах самбар дээр АВS системийн гэрэл ассан, Хоёрдугаар тэнхилгийн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл нь осолд нөлөөлсөн байх боломжтой. Хянах самбар дээр АВS системийн гэрэл ассан. Хоёрдугаар тэнхэлгийн тоормос зогсохгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй нь осолд тоормосны зам уртасгах байдлаар нөлөөлнө. Тоормосны АВS болон шингэн цахилгаан хосолсон тоормосны системтэй тоормос нь стандартын шаардлага хангахгүй байна 2 дугаар тэнхлэгийн тоормос зогсохгүй байгаа энэ эвдрэл гэмтэл нь хэзээ яаж эвдэрсэн болохыг нарийн тодорхойлох боломжгүй. /хх-ийн 119/ гэсэн дүгнэлт,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/,

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/,

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 14-15/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд 1.75 хувийн согтолттой /хх-ийн 16/

Хохирогч Ц.Огийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 68/

Хохирогч Г.Ггийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87-108/

52-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 121/

52-73 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 145/

Энт Финанс ХХК-ийн хүсэлтийн хуулбар /хх-ийн 151/

Хохирогч Г.Ггаас гаргасан хохиролын баримтууд /хх-ийн 31-36/

Хохирогч Ц.Огөөс гаргасан хохиролын  баримтууд /хх-ийн 52/

Шүүгдэгч Б.Оэс хохиролд  төлсөн тооцоо /хх-ийн 51/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор

Б.О-н ял шалгах хуудас /хх-ийн 146/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 148/, жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-ийн 149/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 153/, оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-ийн 154/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 155/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 163, 164/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 167/, нас барсны гэрчилгээний хуулбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол хор уршгийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.О согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 25 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сөөхий” их дэлгүүрийн урд талын замд Тоёота Приус маркийн 52-73 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 2.7а-д “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн  13.1-т “ явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн                 заалтуудыг зөрчсөний улмаас Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, Ц.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Ггийн”...гэнэт машин гарч ирээд манай найз бид хоёрыг мөргөсөн...би машинд мөргүүлээд ухаан алдсан байсан...”/хх-ийн 19/, хохирогч Ц.Огийн”...гэнэт машины гэрэл гарч ирээд манай найз бид хоёрыг мөргөснөөс болж бид хоёр зам дээр шидэгдэж унасан...”/хх-ийн 43/, гэрч Ш.Энхбатын”...явган хүний гарцан дээр нөгөө машин замын урд талаас хойшоо чигтэй зам хөндлөн гарч байсан 2 хүнийг мөргөөд зогсож байгаа харагдсан...”/хх-ийн 47/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3086 дугаартай хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 60/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3084 дугаартай хохирогч Ц.Огийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон дүгнэлт /хх-ийн 63/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 4/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-10/, тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 11/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд драйгер багажаар 1.75 хувийн согтолттой гарсан /хх-ийн 16/,  хохирогч Ц.Огийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 68/, хохирогч Г.Ггийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87-108/, хохирогч Г.Ггийн хохиролын баримтууд /хх-ийн 31-36/, хохирогч Ц.Огийн хохиролын  баримтууд /хх-ийн 52/, шүүгдэгч Б.Оэс хохиролд төлсөн тооцоо /хх-ийн 51/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Эдгээр бичгийн нотлох баримтуудаар өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Б.О-н мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... 2 дугаар эгнээгээр 40-50 км цагийн хурдтай явж байтал гэнэт замын урд талаас 2 эмэгтэй хүн зам хөндлөн гарч ирэнгүүт нь тоормозоо гишгээд машиныхаа зүүн урд хэсгээр тэр 2 эмэгтэйг мөргөж зогссон...” /хх-ийн 129/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаан дээр улсын яллагчаас шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн бусад оролцогчид зөвшөөрч гэм буруугийн асуудал дээр талууд маргаагүй болно.

 

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч:

шүүгдэгч Б.О-г согтуугаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Г.Ггийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Ц.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүх, хохирлын асуудлыг шийдвэрлэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд шүүгдэгч Б.Оэс 800.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Гд олгох, хохирогч Г.Г цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Хохирогч Ц.Огийн хувьд “эмчилгээний төлбөр 1.250.000 төгрөгийг надад Б.О төлж барагдуулсан тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...гомдол санал байхгүй” гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулж шүүхэд ирүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.О-г энэ тогтоолоор хохирогч Ц.Од төлөх төлбөргүйд тооцож, харин Ц.О цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.  

 

Гэм буруугийн болон хохиролын асуудлыг шүүх шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч Б.О-н  өмгөөлөгч Б.Мөнхгэрэлээс “миний үйлчлүүлэгч 800.000 төгрөгийн хохиролоо хохирогч Г.Гд төлөх шаардлагатай байх тул шүүх хуралдааныг боломжит хугацаагаар завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг  талууд зөвшөөрснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.15 дугаар зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг 2018 оны 6 дугаар сарын 7-ны энэ өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 8 цаг 30 минут хүртэл хугацаагаар завсарлуулав.

 

Шүүх хуралдааныг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохирол төлөх үндэслэлээр завсарлуулсан дээрхи хугацаанд шүүгдэгч Б.О хохирогч Г.Ггийн хохиролд 800.000 төгрөг төлсөн байх ба  энэ талаараа талууд баримт үйлдэж хэрэгт хавсаргасан байх тул Б.О-г энэ тогтоолоор хохирогч Г.Гд төлөх төлбөргүйд тооцлоо.  

 

Түүнчлэн хохирогч Г.Г цаашид гарах эмчилгээний зардалд шүүгдэгч Б.Оэс 5 сая төгрөгийг сар бүрийн 26-ны өдөр 300.000 төгрөг төлөх, нийт 17 сарын хугацаанд төлж барагдуулахаар хэлцэл байгуулж нотариатаар баталгаажуулсан баримтаа шүүхэд гаргасан байгааг дурьдаж байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.О-г согтуугаар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч Б.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдал буюу /нөхөр нь нас барсан 3-9 насны бага хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг/  хохирогч нарын хохиролыг баримтын хэмжээнд төлж барагдуулсан, хохирогч Г.Ггийн цаашид гарах эмчилгээний зардалд 5 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлж харилцан тохиролцсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “...гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасныг, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүх, Б.Од хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.   

 

Б.О-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хассан тул түүний В ангиллын №329797 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгав.