Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 213

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Отгонбаярын О.Дд холбогдох эрүүгийн 1810004090241 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай эрэгтэй, бага боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангай 46-35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 308 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6 дахь хэсэг, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 5 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1,61.4-т тус тус зааснаар 2 жилийн хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О.Д

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр Дэнжийн мянга-Зайсан чиглэлийн 8-005 дугаартай автобусан дотор хохирогч М.Бгийн халааснаас “Самсунг Жи-7” загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түүнд 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Дгаас: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч М.Бгийн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 08:05 минутын үед гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудлаас автобусанд суух гэж байгаад халааснаасаа “Самсунг Жи-7” загварын гар утсаа хулгайд алдсан. Тухайн үед би гар утасныхаа чихэвчээр нь дуу сонсоод явж байсан ба утас хулгайлагдах үед дуу сонсогдохоо болиод би эргээд хартал нэг хүн автобуснаас буугаад зугтсан би араас нь буугаад харахад нэг энгийн хувцастай цагдаа ах барьчихсан энэ чиний гар утас мөн үү гээд зогсож байсан. Тэгээд л бид нар бүгдээрээ цагдаагийн газарт ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

Гэрч Б.Бийн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би албан үүргээ гүйцэтгэн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт ажиллаж байх хугацаанд өглөө 08:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 120 мянгатын автобусны буудлын орчимд сэжигтэй нэг хүн ажиглагдсан. Тэгээд очиж шалгах гэж байхад Дэнжийн мянга, Зайсан чиглэлийн автобус ирээд хүмүүс урд хаалгаар суух үед шахцалдаан дундаас нэг эмэгтэйгийн араас шахаж очоод гар утсыг нь хулгайлаад аваад буцаад автобусны урд хаалгаар хулгайлж авсан гар утсаа бариад буугаад ирсэн. Тэгээд саатуулаад шалгаад байж байтал араас нь хохирогч болох эмэгтэй нь утсаа алдчихлаа гээд буугаад ирсэн. Тэгээд би бичиг баримтаа үзүүлээд ажил дээрээ авчирч материалжуулан шалгасан. Тэр хүнийг шалгахад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст бүртгэлтэй, хулгайн гэмт хэргээр шалгагдаж байсан Отгонбаяр овогтой О.Д болох нь тогтоогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

 

Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 07-08 дугаар хуудас/,

2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

 

 Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч О.Дгийн: “...2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 120 мянгатын автобусны буудлаас автобусанд суух гэж байгаад урд явж байсан оюутан гэмээр охины халааснаас нь “Самсунг Жи7” загварын гар утас ил харагдаад байхаар нь хулгайлж аваад автобусанд суулгүй буцаж буугаад эргээд явж байгаад тэр буудал дээрээ энгийн хувцастай цагдаад баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхнийлавлагаа /хх-ийн 18 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 19  дүгээр хуудас/,

-Зөрчлийн баримт талаарх мэдээлэл /хх-ийн 20-23 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж О.Дд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 02 дугаар сарын 09-ний  өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудал дээр Дэнжийн мянга-Зайсан чиглэлийн 8-005 дугаартай автобусан дотор хохирогч М.Бгийн халааснаас “Самсунг Жи-7” загварын утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч түүнд 372.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг/хх-ийн 39-40 дүгээр хуудас/,  хохирогч М.Бгийн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрч Б.Бийн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Дамно” хөрөнгийн үнэлгээ, зуучлалын компаний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 07-08 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэ хэргийн шүүгдэгч О.Д болон түүний өмгөөлөгч нараас шүүгдэгчийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй болно.

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх гэмт хэрэг нь гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч О.Д нь үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн,  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

   Шүүгдэгч О.Д нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 321 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар  2 жилийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн бөгөөд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч М.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гар утсыг буцааж  авсан байх тул шүүгдэгч О.Дг  бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 05 дугаар сарын 22-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хүртэл цагдан хоригдсон нийт 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.