Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2014/8776/и |
Дугаар | 001/ХТ20176/00151 |
Огноо | 2017-02-09 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ20176/00151
“Нью Энержи Стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлалтай,
“Нью Энержи Стар” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Овоотэд” ХХК-д холбогдох,
112.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал, нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нью энержи стар” ХХК болон “Овоотэд” ХХК-ийн хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 тоот газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд “Овоотэд” ХХК-ийн захирал Д.Амгалан өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 33 тоотод байрлах, Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй орон сууцыг барьцаалан ипотекийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчээс “Овоотэд” ХХК-ийг төлөөлж гэрээ байгуулсан менежер ажилтай Д.Батцэрэнгийн захиалгын дагуу, явуулсан автомашинуудад нийт 46.800 литр түлшийг ачуулж, гэрээнд заасан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн ба хариуцагч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрөө огт төлөлгүй, байгуулсан гэрээгээ зөрчин өнөөдрийг хүрч байна. Худалдан авсан бүтээгдэхүүнээ гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь “Овоотэд” ХХК-ийн нэхэмжлэгч талын өмнө хүлээх гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул зээлээр худалдах-худалдан авах гэрээний 5.3 болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрөө гаргуулахаар шаардлага гаргасан. “Овоотэд” ХХК нь үндсэн төлбөр 74.880.000 төгрөгийг барагдуулаагүй өнөөдрийг хүрсэн тул гэрээнд зааснаар алданги 189.820.800 төгрөг болж байгаа ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 37.440.000 төгрөгөөр тооцож нийт 112.320.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Овоотэд” ХХК-ийн захирал Д.Амгалан шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талтай гэрээ хийсэнтэй маргахгүй. Гэхдээ нэхэмжлэгч нь "Овоотэд" ХХК-д бараагаа шилжүүлж өгөөгүй. Бараа ачуулсан талаар падаан байгаа боловч энэ тухай манай компанид мэдэгдээгүй, менежер Д.Батцэрэн гэрээг байгуулсан боловч компаниас түүнд гэрээнд заасан барааг хүлээн авах, утсаар захиалга өгөх эрхийг олгоогүй. Манай компани гэрээний 2.1-т зааснаар эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүрэг хүлээх бөгөөд гэрээний 2.2, 2.4-т зааснаар бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардана. Нэхэмжлэгч хаашаа, хэнд ачуулсан нь мэдэгдэхгүй баримтаар манайхаас мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Падаанд бичигдсэн жолооч нар уг нь бензинийг хүлээн авсан юм билээ. Гэвч нэхэмжлэгч нь гэрээний 7.5 дахь заалтыг зөрчиж, өөр хүмүүст шилжүүлсэн бөгөөд энэ шатахууныг "Буман Янгир" ХХК-д нийлүүлсэн байдаг. Бензин ачуулсан хүмүүс Д.Батцэрэнтэй хуйвалдаж манай компанийн нэрээр ачуулсан байсныг хожим мэдсэн. Иймд манайх нийлүүлээгүй шатахууны үнийг хариуцахгүй. Миний зүгээс нотлох баримтаар дүрэм журмыг гаргуулж шатахууныг хэрхэн нийлүүлэх, олгох байсан талаар тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Жолооч нарт падаан өгч гарын үсэг зуруулсан гэсэн нэхэмжлэгчийн зүгээс баримт гаргаж өгч байгаа боловч энэ баримтын хуулбар хувь нь жолооч нар, эсвэл шатахуун нийлүүлсэн байгууллагад байх ёстой гэтэл тийм зүйл байдаггүй. “Нью энержи стар” ХХК-ийн зүгээс Д.Батцэрэнд шатахуун нийлүүлсэн талаар болон “Овоотэд” ХХК шатахуун хүлээж авсан талаар ямар нэгэн баримт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Овоотэд” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74.880.000 төгрөг, алданги 37.440.000 төгрөг нийт 112.320.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-д олгож, хариуцагч “Овоотэд” ХХК 112.320.000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл болох улсын бүртгэлийн Ү-2203005845 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол 9 дүгээр байрны 33 тоот, 30 метр квадрат, 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Овоотэд” ХХК-иас 719.550 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Овоотэд” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүний үнэ 74.880.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Нью энержи стар” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул алданги 37.440.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтад “...хариуцагч “Овоотэд” ХХК-иас 719.550...” гэснийг “...хариуцагч ”Овоотэд” ХХК-иас 532.350...” гэж тус тус өөрчлөлт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Овоотэд” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 719.550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлал анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Иргэнийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 172 дугаар зүйлийн 172.1-т заасан эрхийнхээ дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1942 дугаар магадлал нь мөн хуулийн 172.2.1-т “..., хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...” гэж зааснаар ИХШХШТХ-ийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Магадлалын хянавал хэсэгт “...Гэрээний дагуу төлбөр төлөх хугацаа тодорхой бус байгаа тохиолдолд хариуцагчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй хэтрүүлсэн гэж үзэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасан анз төлөх үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй” гэж хянасныг дараах үндэслэлээр хууль зөрчсөн гэж үзэж байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Б-13-24 дугаар “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах” гэрээ бичгээр байгуулагдсан талаар талууд маргаагүй бөгөөд уг гэрээ хуульд нийцсэн болохыг талууд хүлээн зөвшөөрч, шүүх дүгнэсэн. Б-13-24 дугаар гэрээний 4 дүгээр зүйлийн 4.4-т “Төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тохиолдолд үнийн дүнгээс хоногийн 0.5 хувийн алданги тооцно” гэж заасан. Үүнийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгтэй нийцсэн гэж дүгнэсэн. Мөн дээрх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.4, алданги, түүний хувь хэмжээний талаар харилцан тохиролцсон болно.
2013 оны 7 дугаар сарын 09-ний өдөр төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон. Б-13-24 дугаар гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т нэмэлт гэрээ нь үндсэн гэрээний салшгүй нэг хэсэг байх болно” гэж заасны дагуу уг нэмэлт гэрээнд бүтээгдэхүүний тоо хэмжээ болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцсон болно.
Магадлалд нэмэлт гэрээнд гарын үсэг зурагдаагүй гэсэн шалтгаан дурдсан нь үндэслэлгүй бөгөөд талууд үндсэн захиалгаас гадна нэмэлт захилга хийх мөн тээвэрлэлтийг манай компаниар хийлгэх тохиолдолд гарын үсэг зурж баталгаажуулдаг болно.
Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн нийт 74.880.000 төгрөгийн төлбөрийг төлөх эцсийн хугацаа болох 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи алдангид хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 37.440.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд анхан шатны шүүх уг алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгтэй нийцсэн болохыг дүгнэсэн. Мөн хариуцагч алдангийг хэрэгсэхгүй болгох талаар давж заалдах шатны шүүхэд тухайлан гомдол гаргаагүй бөгөөд гомдолд дурдаагүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хууль бус гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүд байхад анхан шатны шүүхийн шүүгч нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлж, хуулийн хүрээнд гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаартай шийдвэрийг давж заалдах журмаар хянасан Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлалын хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 181/ШШ2016/00605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1942 дугаар магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Нэг. Шүүх нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК болон хариуцагч “Овоотэд” ХХК-ийн хооронд 2013.06.10-ны өдөр байгуулагдсан гэрээний харилцаанаас үүдэлтэй шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн эсэх асуудалд хамаарагдах хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Уг харилцаанд холбогдох хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн байдлыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Б-13-24 тоот Зээлээр худалдах- худалдан авах гэрээг үндэслэл болгож байгаа нь учир дутагдалтай юм. Гэрээгээр хүлээсэн үүргээ “Нью Энержи Стар” ХХК хэрхэн биелүүлж хариуцагч байгууллагад хэзээ, ямар хэмжээтэй, ямар бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байхад гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн гэж үзэх боломжгүй. Учир нь хариуцагч “Овоотэд” ХХК шатахуун, тослох материал хүлээж аваагүй гэж маргаж байгаа нөхцөлд эрх бүхий ямар албан тушаалтанд хэрхэн хүлээлгэн өгсөн болон талуудын тооцоо нийлсэн актыг үндэслэж байж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээний үндсэн үүрэг хэрэгжсэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийх учиртай.
Хариуцагч барааг хүлээн авсныг нөгөө талдаа илэрхийлсэн албан бичиг, тооцоо нийлсэн акт үйлдээгүй байх бөгөөд талуудын хооронд байгуулагдсан хэлцэл нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний зохицуулалтад нийцэхгүй байна.
Талуудын хооронд 2013 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулагдсан гэх “Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах болон худалдан авах” №Б-12-24 тоот гэрээний 2.1-д зааснаар худалдан авагч нь нефтийн бүтээгдэхүүнийг өөрийн эзэмшилдээ хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргийг хүлээх, гэрээний 2.2, 2.4-т зааснаар худалдагчид бичгээр захиалсан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн байхыг шаардах бөгөөд захиалгад хүлээн авах барааны нэр төрөл, тоо хэмжээ, хүлээн авагчийн албан ёсны төлөөлөгчийг заах шаардлагатай. Мөн гэрээний 2.6-д “Худалдан авагч нь худалдагчаар бүтээгдэхүүнийг хүргүүлэхээр бол 3-аас доошгүй өдрийн өмнө худалдагчид захиалга өгч нэмэлт гэрээг байгуулна. Бүтээгдэхүүн хүргэх эхний цэгээс эцсийн цэг хүртэлх тээвэрлэлтийн зардлыг талууд харилцан тохиролцоно” гэж бүтээгдэхүүн нийлүүлэлттэй холбоотой асуудлыг гэрээгээр нарийвчлан зохицуулсан байна.
1.3. Нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК-тай байгуулсан гэрээний нэмэлтээр шатахууныг хүргэлтээр баталгаажуулахаар тохирсон. Ямар ч шатахуун хүргэж өгөөгүй тул шатахуун аваагүй гэж үзнэ. Нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байна. Энэ талаар талууд маргаагүй. Иймд гэрээний салшгүй хэсэг болсон нэмэлт гэрээний дагуу нэхэмжлэгчийн түлш хүргэх үүрэг биелэгдсэн эсэх асуудалд шүүх хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
2. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2 дахь заалтыг үндэслэн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх үндэслэлд хамаарал бүхий хариуцагчийн хүсэлтийг хүлээж авалгүй шүүх хуралдааныг шууд явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллаагааг мэтгэлцэх зарчмаар явуулах боломжийг шүүх хангах үүргээ биелүүлээгүйн дээр хариуцагчийн мэтгэлцэх эрхийг хязгаарласан ажиллагаа болсон.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн 2013 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн ШТМ-ын зарлагын падаан 183, 184, 187, 188, 189, 190, 193, 2013 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 133, 134. 135, 137, 138, 2013 оны 6 сарын 21-ний өдрийн 195, 197, 2013 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 203, 2013 он 6 сарын 25-ны өдрийн 219, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 231 дүгээр падааныг шүүх нягтлан үзэлгүй дараах алдааг гаргасан байна. Үүнд:
Дээр дурдсан падаануудын дугаар нь өдрийн дарааллаас зөрүүтэй дугаарлагдсан. Энэ байдлыг шүүх бусад баримт, хариуцагчийн хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаант холбоотой хамааруулан шалгаж үзээгүй.
Байгууллагын санхүүгийн анхан шатны бүртгэл болох зарлагын падааны дугаар нь цаг хугацааны дарааллаар бичигдэх журмыг зөрчсөнийг шүүх нягтлан үзэж дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчжээ.
Хариуцагч “Овоотэд” ХХК нь 98-12 УНЦ, 15-00 УНВ, 69-17 УНЦ, 30-07 УНЯ, 71-83 УНЗ, 23-49 УНХ. 44-76 УНЯ, 32-61 УНГ, 67-82 УНӨ, 45-78 УНЕ, 34-17 УНЗ дугаарын автомашин эзэмшдэггүй.
“Нью Энержи Стар” ХХК нь хариуцагчид 46 800 литр түлш нийлүүлсэн болох нь 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүртэл нэг удаагийн ачилтаар 2000-3000 литр түлшийг нийт 17 удаа ачуулсан тухай “Шатахуун тослох материалын зарлагын падаан”-ны хуулбар болон хүчингүй болгосон "Эвлэрлийг баталгаажуулах” захирамжийг үндэслэл болгож шийдвэр гаргаснаараа шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тухайлбал,
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “Шатахуун тослох материалын зарлагын падаан нотолгооны хэрэгсэл болгоход дээр дурдсан эргэлзээ бий болгосон,
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох “Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай” 2014.06.27-ны өдрийн 72 дугаар шүүгчийн захирамжийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014.10.09-ний өдрийн 10938/С дугаар захирамжаар ИХШХШТХ-ийн 124.1, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28.1-д зааснаар хүчингүй болгосон байна.
2.4. “Овоотэд” ХХК-иас тодорхой этгээдэд дизель түлш захиалж авах эрх олгосон тусдаа баримт хэрэгт авагдаагүй байхад хэний захиалгаар явуулсан нь тодорхойгүй тээврийн хэрэгслүүдэд түлшийг ачуулж жолооч нарт нь хүлээлгэн өгснийг гэрээнд заасан үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй тул нийлүүлсэн 46 800 литр түлшний үнийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзнэ.
Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч “Нью Энержи Стар” ХХК нь хариуцагч “Овоотэд” ХХК-с гэрээний үүрэгт 112.320.000 төгрөг гаргуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон зарлагын падааныг дурджээ. Хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзахдаа “...захиалга өгөөгүй, түлш хүлээн аваагүй” гэж маргажээ.
Зохигчид гэрээ байгуулсан талаар маргаагүй, харин нэхэмжилж буй түлшийг нийлүүлсэн эсэх нь маргааны зүйл болжээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн тулд худалдагч нь гэрээнд заасан эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар дүгнэлт хийх зайлшгүй шаардлагатай.
Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.2-т “худалдагч нь нефтийн бүтээгдэхүүнийг худалдан авагчийн захиалгын дагуу нийлүүлнэ. Энэ тухай акт үйлдэж барааг хүлээлгэн өгөх бөгөөд актад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гарын үсэг зурж баталгаажуулна”, 2.4-т “худалдан авагч нь тухайн сарын төлөвлөгдөж буй ГТБ-ийг нийлүүлэлтийн огнооноос 7 хоногоос хэтрэлгүйгээр барааны нэр төрөл, тоо хэмжээ, худалдан авагчийн албан ёсны төлөөлөгчийн талаарх мэдээллийг агуулсан захиалгыг худалдагчид бичгээр хүргэнэ” гэжээ.
Хариуцагчийн “...бичгээр захиалга өгөөгүй” гэх тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, энэ тохиолдолд худалдан авагчийн албан ёсны төлөөлөгч хэн болох нь тодорхой бус бөгөөд шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн хэрэгт авагдсан 17 ш зарлагын падаанд түлшийг хүлээн авсан /Алтансүх, Өлзийт, Энхжаргал нарын/ 12 хүний нэр бичигдсэн байх ба эдгээр нь хариуцагч компанийн ажилчид мөн эсэх, уг түлшийг хэний шийдвэрээр ачиж хаана буулгасан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх “...нэхэмжлэгч нь хариуцагчид түлш нийлүүлсэн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.
Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан. Энэхүү зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч нь гэрээнд заасан түлшийг хариуцагчид нийлүүлсэн гэх байдал хэргийн баримтаар хангалттай тогтоогдоогүй байна.
Хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэх бөгөөд түлшний үнийг талууд хэрхэн тохиролцсон нь гэрээнд тусгагдаагүй байгааг шүүх мөн анхаараагүй байна.
Хэргийн 31 дүгээр талд авагдсан гэрээний нэмэлт гэх баримтад талууд гарын үсэг зураагүй, тамга тэмдгээр баталгаажуулаагүй байх тул уг баримтад дурдсан үнийг хэлэлцэн тохирсон үнэ гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10938/с дүгээр захирамжаар талуудын эвлэрлийг баталсан захирамжийг хүчингүй болгосон. Гэтэл шүүх хариуцагч нь нэхэмжлэгчийн нийлүүлсэн шатахууны үнийг төлж барагдуулах гэрээ байгуулж байсан гэж дүгнэсэн нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.6-т нийцээгүй байна.
Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан судалж, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийгээгүйгээс гадна хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2016/00605 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1942 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс төлсөн 345.150 төгрөг, хариуцагчаас төлсөн 532.350 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ