Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 221/МА2018/0264

 

“М и”ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн давж заалдах гомдлоор, “М и” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрээр: “Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М и” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан Ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэхийг болон хугацаандаа төлсөн 7 дахь жилийн ээлжит төлбөрийг гэрчилгээний хавсралтанд бүртгэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “М и” ХХК давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

...Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д зааснаар тусгай зөвшөөрлийн хавсралтад 009-FE дугаарын бүртгэлд тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29-ний өдөр хүртэл гэсэн бүртгэл байгаа.

...хариуцагч байгууллагаас тусгай зөвшөөрлийн хавсралтад хоёр өөр бүртгэлийг хийсэн бөгөөд энэ нь тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дээр дурдсанчлан Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “Тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хавсралтад 009-FE дугаарын бүртгэлд тусгай зөвшөөрлийн 6 дахь жилийн төлбөрийг төлөв. Хугацаа 2015.04.29-2016.04.29-ний өдөр хүртэл гэсэн бүртгэлийн дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2016.04.29-ний өдөр дуусна гэсэн ойлголтод хүргэсэн. ...Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлт гаргасан эсэх асуудал дээр ямар нэгэн тайлбар хэлээгүй бөгөөд хүсэлт гаргасан эсэхийг мэдэхгүй гэж тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхээс манай компанийг хүсэлт гаргаагүй мэтээр дүгнэж хэт нэг талыг баримталсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. ...Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Нэхэмжлэгч “М и” ХХК нь Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт байрлах Баянцогт гэх газрын 1160 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-13616Х тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 2011 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан нь 2011 оны 05 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх бөгөөд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 73 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 115 магадлалаар дээрх тусгай зөвшөөрлийг сэргээхээр шийдвэрлэсний дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр “М и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-13616Х тоот тусгай зөвшөөрлийг сэргээж, мөн газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 737 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сэргээсэн өдрөөс тооцон 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгаж, энэ талаар тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтын хөдөлгөөний 005-СЕ, 006-ЕЕ кодтой тэмдэглэжээ.

Ийнхүү нэхэмжлэгч “М и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүртэл сунгасантай холбогдуулан нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 3 жилийн төлбөрийг буюу 4-6 дахь жилийн төлбөрийг төлсөн байх ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас /хуучин нэрээр/ тухайн компанийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд төлбөр төлсөн талаарх бичилт хийхдээ 5 дахь жилийн төлбөрийн огноог алдаатай бичиж, “2013.04.29-2014.04.29” гэж бичихийг “2014.04.29-2015.04.29” гэж бичсэнээр 6 дахь жилийн төлбөрийн огноо ч мөн адил “2015.04.29-2016.04.29” гэж алдаатай тэмдэглэгдсэн үйл баримтууд хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “М и” ХХК нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүсэлт гаргаж байгаагүй ба талууд энэ талаар маргаагүй болно.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М и” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 13616Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр дуусгавар болсныг 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдөр кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн, нэхэмжлэгчээс уг бүртгэлийг эс зөвшөөрч “...манай тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх огноог 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэж тэмдэглэсэн ба тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах хоёр нь нэг ойлголт учраас тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр дуусна” гэж маргасныг анхан шатны шүүхээс “...тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах, тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх асуудал нь өөр өөр үр дагавар үүсгэх тусдаа харилцаа бөгөөд төлбөр төлөх хугацааны асуудлыг сунгуулах хугацаатай адилтган үзэх боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 22.1.2-т үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт, 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт, 22.1.4-т хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт” гэж заасны дагуу нэхэмжлэгч “М и” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлөө, холбогдох баримтуудын хамт Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүрдүүлж өгөх ёстой боловч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс өмнө хугацаа сунгуулах өргөдлөө өгөөгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсныг бүртгэсэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийг хууль бус гэж үзэх боломжгүй.

Мөн дээрх хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн явдал нь тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нэг нөхцөл болох боловч зөвхөн төлбөр төлснөөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдана гэж ойлгож болохгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлөх зохицуулалттай бөгөөд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас (хуучин нэрээр) 2008 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “М и” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрлийг анх олгосон өдрөөс тооцож, нэхэмжлэгч нь жил бүр төлбөр төлж байсан, харин шүүхийн шийдвэрийг биелүүлж, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс тооцож 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан бүртгэлийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглэснээр тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа болон төлбөр төлөх огноо нь зөрүүтэй тэмдэглэгдсэн байх боловч тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд тухайн үйл баримтуудыг мэдэж байгаа энэ тохиолдолд тухай бүрд нь төлбөрөө төлж, хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргах бүрэн боломжтой байжээ. Харин хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болох, төлбөр төлөх хугацаа нь нэг огноотой байх ёстой гэсэн хуулийн шаардлага байхгүй.

Хэдийгээр хариуцагч байгууллагаас нэхэмжлэгч “М и” ХХК-ийн хайгуулын  тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөлтийн огноог алдаатай тэмдэглэсэн байх боловч нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаснаас хойш нийт 3 жилийн төлбөр төлсөн байх бөгөөд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа нь 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болох талаар нэхэмжлэгчид өөрт нь хадгалагдаж байсан тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралтад бичигдсэнийг мэдсээр байж хугацаа сунгуулах өргөдлөө хуулийн хугацаанд гаргаагүй явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй төдийгүй энэ талаарх нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Ашигт малтмалын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                

     ШҮҮГЧ                                                            Ц.САЙХАНТУЯА

     ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

     ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН