Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 941

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, *** байр ***давхар *** тоотод оршин суух, эмэгтэй,  Ягааныхан овогт Баттулгын Урангоо /РД:УШ********/

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинхайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол *** байрны ** тоот 68,30 м.кв орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах”

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О********* нар оролцлоо.

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У**** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Б.У**** миний бие “Н" ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,** дүгээр хороололд 16 давхар 240 айлын орон сууцны барилгаас орон сууц захиалан авахаар болж улмаар 2016 оны 2 сарын 24-ний өдөр *** байрны ** давхрын *** тоот, 68,30 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдаж авахаар захиалж “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулсан. 

Орон сууцны үнэ болох 75,130,000 төгрөгийг бүрэн төлж төлбөр тооцоо дуусгавар болсон. 2016 оны 4 сарын 6-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн авч улмаар 126/2016 тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” эрх бүхий байгууллагаас гарсан ба 2016 оны 4 сарын 27-ны өдөр “Н” ХХК нь захиалагч миний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгч, улмаар миний бие тус орон сууцанд амьдран сууж байгаа болно. Гэвч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул 2016 оны 6 сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх “Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч “Н” ХХК нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2016 оны 8 сарын 3-ны өдрийн 184/ШШ2016/00486 тоот Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж гарсан.

Ингээд 8 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж гэрчилгээ авахаар мэдүүлэг /мэдүүлгийн дугаар 74***8/ гаргасан. Улсын бүртгэгч мэдүүлгийг хүлээн аваад мэдүүлэгт заасны дагуу бүртгэл хийхээс татгалзаж мэдүүлгийг хавсаргасан баримт бичгүүдийн хамт буцаасан. Мэдүүлгийг бүртгэхээс татгалзах үндэслэлээ заахдаа:

1.“Н” ХХК нь 2014 онд уг орон сууцны барилгыг Ү-2******57 дугаар бүртгүүлж, дуусаагүй барилгын гэрчилгээ авсан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2014 оны 12 сарын 4-ний өдрийн 2/29626 тоот, 2016 оны 8 сарын 9-ний өдрийн 3/24405 тоотод тус тус захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна.

2.“Н” ХХК-аас айлуудын нэр дээр гарах орон сууцны жагсаалтыг

өгөөгүй байна.

3.Хөрөнгө оруулалтын гэрээнд хороо зөрүүтэй байна.

4.Улсын бүртгэгчийн мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан үндэслэл нь дараах байдлаар хуульд нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

1. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1 дүгээр зүйлд эрхийн улсын бүртгэлд “...шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан" гэжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин чадалтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн дагуу өмчлөгчөөр тогтоогдсон Б.У**** миний бие өмчлөх эрхийг хөндөх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, “Н” ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад өгөх өглөгтэй бол тус компанийн хөрөнгөөс шүүхийн шийдвэрийг хангуулах ажиллагааг шийдвэр гүйцэтгэгч явуулах ёстой бөгөөд бусад этгээдийн хөрөнгөд халдах үндэслэлгүй юм. Мөн хуулийн 24.5-д “...мэдүүлэг гаргасан огноог шүүх, арбитрийн шийдвэр гарсан өдрөөр тогтооно" гэж заасан тул “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн захирамж нь 2016 оны 8 сарын 3-ны өдөр гарсан тул мэдүүлэг гаргасан огноог 8 сарын 3-ны өдөр гэж үзэх тул 2016 оны 8 сарын 9-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн албан тоотыг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг нь үндэслэлгүй ба харин ч Улсын бүртгэгч нь Б.У**** нь “Н” ХХК-ийн барьсан 240 айлын орон сууцны *** тоот орон сууцыг шүүгчийн захирамжийн дагуу өмчлөх эрхтэй, өмчлөх эрхийг гэрчилгээ авахаар мэдүулэг гаргасан байгаа тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх ёстой гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 5.12-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэггэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 57/244 дугаар хамтарсан захирамж, тушаалын 3-т заасан шаардлагыг хангасан байхыг шаардана” гэж заажээ. Уг хамтарсан захирамж, тушаалын 3-т “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шүүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ирүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг, өмчлөгчийн овог, нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газар /Ж.Ч******/-т даалгасугай” гэж заасан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсан эсэхээ нотолж, эд хөрөнгөө битүүмжлэх, хураах тухай акт, баримтыг “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст ирүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийг үндэслэж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон миний өмчлөх эрхийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна. 70,000.000 төгрөгийн төлбөрийг барагдуулахын тулд 240 айлын орон сууцыг бүхэлд нь битүүмжлэх, хураах ажиллагаа явуулах шаардлага байгаа эсэхийг ч бүртгэлийн байгууллага тодруулах ёстой гэж үзэж байна.

 

2.“Н“ ХХК-иас айлуудын нэр дээр гарах орон сууцны жагсаалтыг өгөөгүй байна гэх үндэслэл нь үндэслэлгүй ба уг жагсаалт нь мэдүүлэгт заавал хавсаргах баримт бичгийн бүрдэлд орохгүйн зэрэгцээ нэгэнт шүүгчийн захирамжаар өмчлөх эрхтэй болохоо тогтоолгосон тохиолдолд гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардлагагүй юм. Иргэний хуулийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан.

3. Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14.1.8-д зааснаар “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаараа илт зөрөөтэй бол” бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байна. Гэтэл “Н” ХХК болон Б.У****гийн байгуулсан “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ"-ний 1-д захиалсан орон сууцны хаягийг Сонгинохайрхан дүүргийн **-р хороо гэхийг 10 дугаар хороо гэж буруу бичсэн гэх үндэслэлээр мэдүүлгийг бүртгэхээс татгалзаж буй нь дээрх хуулийг хэрэглэх “агуулгаараа илт зөрөөтэй” гэх үндэслэлд тохирохгүй байна. Өмчлөгчөөр тогтоосон шүүгчийн захирамжид Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо гэж зөв бичсэн болохыг бүртгэгч анхаараагүй.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах" үндэслэлийг заасан. Уг зүйлд дурдсан үндэслэлд дээр дурдсан үндэслэлүүд нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохооргүй байна. Иймд уг хуулийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасны дагуу улсын бүртгэгчийн шийдвэр хуульд нийцэхгүй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн **-р хороо. **-р хороолол. *** байрны 16 давхарт байх *** тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь илт хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Б.У****гийн нэхэмжлэлд дурдсан “Н” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,** дүгээр хороолол /1***1/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж **, Б, В тоот хаягт байрлах дуусаагүй барилгаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үндэслэн улсын эрхийн бүртгэлийн Ү-2******577 дугаарт бүртгэж 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна. 

Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 29, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамж болон НШГА-ны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 тоот албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14.1.5-т “бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан эрхийн талаар маргаан гарч, түүнийг шүүх болон эрх бүхий бусад байгууллага шалгаж байгаа бол” мөн хуулийн 24.9-д “Эрх бүхий байгууллага үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн буюу хураасан бол энэ тухай шийдвэрийн хувийг ажлын 3 хоногийн дотор эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгуулагад хүргүүлэх бөгөөд дараагийн шийдвэр ирэх хүртэлх хугацаанд эрхийн улсын бүртшэлд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасны дагуу тухайн барилгын захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтыг “Н” ХХК нь гаргаж өгөөгүй байна. Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “Н” ХХК-аас уг байрны захиалагч иргэдийн жагсаалтыг зайлшгүй авах шаардлагатай байна.

Учир нь тухайн барилгын гүйцэтгэгч компани болох “Н” ХХК нь тухайн байрны захиалагч иргэдийг хууран мэхэлж нэг байранд хэд хэдэн захиалгын гэрээг давхардуулан байгуулсан байх бөгөөд захиалагч иргэд нь холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан байдалтай байна. 

Иймээс тухайн орон сууцны гүйцэтгэгч компани болох “Н” ХХК болон захиалагч иргэдийн дунд дээрхи маргаантай асуудал болон эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрх түтгэлзүүлсэн байх тул тухайн орон сууцны мэдүүлгийг хүлээн авч захиалагч иргэдийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох боломжгүй байна гэж үзэж байна. Иймд уг хэрэгт тухайн орон сууцны гүйцэтгэгч компани болох “Н” ХХК гуравдагч этгээдээр оролцуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.У**** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн тайлбартаа: “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүргийн **-р хороо,** дүгээр хороолол, *** байрны 16 дугаар давхрын *** тоот 68,30 м.кв орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгуулахыг даалгах тухай гэж өөрчилж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбоотой хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.У**** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нь улсын бүртгэлийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан хариу тайлбартай харшлахгүй байх тул уг шүүх хуралд өмнө гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцоно” гэжээ.

                                                 ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч иргэн Б.У****гоос “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинхайрхан дүүргийн ** дүгээр хороо** дүгээр хороолол *** байрны 16 давхарт байх *** тоот орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйл ажиллагаа нь илт хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинхайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол *** байрны ** тоот 68,30 м.кв орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгуулах”-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

 “Н” ХХК нь 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,** дүгээр хороолол /1***1/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90А, Б, В тоот хаягт байрлах 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2******577 дугаарт бүртгүүлэн, улмаар Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/Ш32016/15492,  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32016/00058 дугаар захирамжууд, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 тоот албан бичгээр дээрх дуусаагүй барилгаа улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагчийн бичгийн тайлбар , хэрэгт авагдсан “Н” ХХК-иас улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг , хавсаргасан баримт  зэргээр тогтоогдож байна.

Тус компанийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 6982 м2 талбай бүхий орон сууцны бүрэн цутгамал бүтээцийн угсралтын ажлын 50 хувийн гүйцэтгэлтэй гэж үзэн түүнд хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байх бөгөөд энэхүү барилгын байгууламж нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан орон сууцны “сууц”-ны хэсэгт үл хамаарч байна.   

Нэхэмжлэгч Б.У**** нь "Номтын ам” ХХК-тай “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээг  2015 оны 2 дугаар сарын 24-ний өдөр байгуулж, уг гэрээгээр Сонгинхайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол *** байрны ** тоот 68,30 м.кв орон сууцыг 75.130.000 сая төгрөгөөр /далан таван сая нэг зуун гучин мянга/ худалдан авч, төлбөрийг төлсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 00486 дугаар шүүх хуралдааны тэмдэглэл , Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхийн архивт хадгалагдаж иргэний хэрэгт баримт бичгийн үзлэг хийсэн тэмдэглэл , байр хүлээлгэн өгсөн акт , "Номтын ам" ХХК-ийн албан бичиг  зэргээр тогтоогдож байна. 

Түүнчлэн орон сууцны 90А дугаар байр нь 100 хувийн гүйцэтгэлтэйгээр баригдаж дууссан болох нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 126/2016 тоот актаар  тогтоогдсон ба тус шүүхээс 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл , мөн Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00486 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар  Б.У****гийн дээр дурдсан орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.   

 Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, "Номтын ам" ХХК-ийн өмчлөлийн 50 хувийн гүйцэтгэлтэй барилгад нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцыг хамааруулах үндэслэлгүй байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.У****г  орон сууцны *** дугаар байрны 16 дугаар давхарын *** тоот, 68,30 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэсний улмаас /Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 102/Ш32016/15492 ,  2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/Ш32016/00058  дугаар захирамжуудтай төлбөр авагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй юм.  

Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст /хуучин нэрээр/ хандсан 3/24405 тоот албан бичгээр  “Н” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэн үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэлтэй эсэхийг тодруулан  мэдээлэл хүссэн байна. 

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэл, статистикийн хэлтэст /хуучин нэрээр/ -ээс дээрх албан бичгийг үндэслэн “Н” ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2******577 дугаартай, Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо,** дүгээр хороолол /1***1/ Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90А, Б, В тоот хаягт байрлах 50 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлаж тусгай тэмдэглэл хийжээ . 

Дээрх албан бичигт дурдсан барилга тухайн үед 50 хувийн гүйцэтгэлтэй “Н” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн ******* барилгын зөвхөн 4-7 хүртэлх давхар л хамаарах бөгөөд уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй орон сууцны 90А дугаар байрны шилжилт хөдөлгөөнийг бүхэлд нь хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэснээр Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдөхгүй.  

Иймд “...тус орон сууцыг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан захиалагч иргэдийн дунд маргаантай асуудлаар эрх бүхий байгууллагаас захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн...тухайн барилгын захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтыг “Н” ХХК нь гаргаж өгөөгүй,  Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс нь “Н” ХХК-аас уг байрны захиалагч иргэдийн жагсаалтыг зайлшгүй авах шаардлагатай гэж үзэж байгаа... шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 8 дугаар сарын 18-ны албан бичгээр хоригийг хэвээр үлдээсэн тул тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй...” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийг уг орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байхад түүний өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн үйлдэл/эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотой зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүхийн энэ шийдвэр нь “Н” ХХК болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ , Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2016/00486 дугаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжид дурдсан “...1 м.кв талбайн үнэ дээр  100 000 / нэг зуун мянга/ төгрөг нэмж төлбөрт тооцон авах...”-тай холбоотой маргаанаа эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Н” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинхайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дүгээр хороолол *** байрны ** тоот 68,30 м.кв орон сууцны өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан 74***8 дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б.У****г бүртгэж, гэрчилгээ олгохыг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай. 

2. 3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Л.БАТБААТАР