Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2018/ШЦТ/182

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Д.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн 1838003290215 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Д.М-,

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-17-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт хамтран амьдрагч О.Н-т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-17-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт эхнэр О.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2013 оноос гэр бүл дотор үл ойлголцох хардах шалтгаан гарч ирснээс болж гэр бүл доторх харьцаанд хагарал үүсэх болсон. Дээрх маргаан хардалтаас болж хааяа нэг эхнэрээ цохиж авах тохиолдол байдаг байсан. Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Их-Уул суманд ноолуур авч байгаад Тариалан суманд гэртээ шөнийн 03 цагийн үед очтол манай эхнэр гэртээ байхгүй утас руу нь залгасан утас нь холбогдохгүй байхаар нь хамт найзалж нийлдэг Догоо гэж хамт ажилладаг найзынх нь гэрт явж очтол архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн өөр эр хүнтэй айлд сууж байхаар нь болсон үйл явдлыг хараад уур хүрээд эхнэр О.Н-ийг цохиж зодсон ...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Хохирогч В.О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…2013 оноос хойш манай нөхөр Д.М- нь намайг хардаж уурладаг болсон. Чамайг хүн амьтантай явж байна гэж надад хүн хэллээ гэх мэт үг хэлж уурладаг болсон. Мөн 2018 оны 04 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнө Д.М- нь намайг түрүүтэй бакалан гутлараа хоёр талын гуя руу өшиглөж үснээс зулгааж нүүр рүү алгадаж хацрыг минь хавдаж хөхрүүлж хоёр талын ташаан хэсэгт өшиглөж гэмтэл учруулсан учир би цагдаагийн байгууллагад хандаж эмнэлэг болон шүүх эмнэлэгт үзүүлж харуулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч М.У-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “… Хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сард аав Д.М- нь шөнө согтуу орж ирээд хэлдэг үгээ хэлээд танайхан тийм ийм чи яадаг хийдэг гэсэн үг хэлж ээжийг үсдэж цохиж зодсон талаар маргааш нь ээж надад утсаар хэлсэн. Манай аав Д.М- нь ер нь бол ээжийг хазна, чимхэнэ, үсдэнэ энэ үйлдэл нь зуршил болсон ... ” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 192 дугаартай: 1. О.Н--н биед баруун, зүүн гуя, зүүн шилбэнд цус хугаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй хх-ийн 39 дүгээр хуудас/, гэх дүгнэлт хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдов.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Д.М- нь 2018 оны 04 дүгээр сарын 16-17-д шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт эхнэр О.Н-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаврыг ойлгосон тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Д.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн 1838003290215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр, хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.М-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838003290215 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   М.ЭРДЭНЭ-ОЧИР