Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2019/ДШМ/660

 

 

 

 

 

 

2019            7            2                                              2019/ДШМ/660                                    

                                                                                                   

С.Б-од холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Мөнх-Эрдэнэ,

цагаатгагдсан этгээд С.Б-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/579 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай эсэргүүцлээр С.Б-од холбогдох эрүүгийн 201701000100 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

С.Б ;

 

С.Б- нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Б И” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор, тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж:

“М” ХХК-иас авах ёстой авлага 284,791,475 төгрөгт “Б И” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, “Э” ХХК-иас авах ёстой авлага 42,000,000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, “О т б” ХХК-иас 26,042,000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус тус тооцон авсан,

“Б И” ХХК-д 2016 онд 16,000,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн “М Э С” компаний 0000 ААА улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12,000,000 төгрөгийн үнэ бүхий “Х С” автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б И” ХХК-д 16,000,000 төгрөгөөр борлуулан “Б И” ХХК-д нийт 356,833,475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б-од холбогдох эрүүгийн 201701000100 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, С.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хянан шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн С.Б-ын эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай “Ниссан Примера” маркийн 4,800,000 төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 09 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигчид нь буцаан олгож, С.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Нийслэлийн прокурорт буцааж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Прокурор Ц.Насанбат бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэх дараах үндэслэл байна.

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Учир нь, шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг цагаатгах хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар улсын яллагчийн дүгнэлт, яллах нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулж, хууль зүйн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Т-ын “...манайх толгой компанидаа их өртэй. Өрөө мөнгөөр нь төлөх ёстой. Одоогоор Б-ыг гарсны дараа өр барагдуулсан талаар байхгүй. Бусад байгууллагаас авлагаа аваагүй байгаа. Тэр гурван компаниас мөнгөөр нь авлагаа авах ёстой байсныг заримыг нь втулк оролцуулан авсан. Одоо манай санхүүгийн тайланд үндсэн хөрөнгөнд бүртгэсэн байгаа. Шүүхээр явж нэхэмжлэх талаар би мэдээгүй. ...Втулкийг манай байгууллага Б-од буцааж өгөөд мөнгөө авмаар байна...” гэсэн мэдүүлгийг цагаатгах тогтоолд дурдсаныг хууль зүйн дүгнэлт гэж үзэх боломжгүй байна.

Цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт С.Б-од холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй”, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч С.Б-ыг “Б И” ХХК-д 356,833,475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж 2 өөрөөр дүгнэжээ.

Гэтэл тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай...” гэж шийдвэрлэсэн атлаа тогтоолын 5 дахь заалтад: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаасугай...” гэж шийдвэрлэсэн нь тогтоох хэсгийн 1 дэх заалттайгаа зөрчилдсөн.

Шүүх тогтоолын тодорхойлох хэсэгтээ дүгнэж бичсэн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь мөн харилцан зөрчилтэй байна.

Энэ агуулгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/579 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

 

Прокурор Ч.Мөнх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ойлгомжтой, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Ямар нотлох баримтаар үгүйсгэж байгаа нь тодорхой бус байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Б-од холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд С.Б-ын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ямар нотлох баримттай харьцуулж, хууль зүйн ямар үндэслэлээр үгүйсгэж байгаа талаар огт дүгнээгүй гэсэн нь дүгнэлт хийх боломжгүй.

Учир нь, прокурорын яллах дүгнэлт нь өөрөө тодорхойгүй. Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нотолсон талаар ерөөсөө байдаггүй. Шүүх харьцуулан дүгнэлт хийх боломжгүй. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хууль зүйн үндэслэл болгож шийдвэрлэснийг, прокурор хэрэгсэхгүй болгохоор улсын яллагчийн эсэргүүцэл бичих үндэслэлгүй. Гэм буруутай байдлыг нотолж чадаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг шүүх дурдсан нь буруу эсхүл зөв гэж эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд С.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд өөрийгөө энэ хэрэгт ямар нэгэн буруугүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт энэ тухайгаа мэдүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, өр барагдуулах ажлыг гүйцэтгэсэн. Прокурор хэлэхдээ жилд нэгээс хоёр ширхгийг хэрэглэдэг гэж байна. Тийм биш, энэ нь баримтаар байгаа. 2016 онд 45 ширхгийг манай компани авч хэрэглэсэн. 2017 оны эхний арван сард 25 ширхгийг авч ашигласан. Энэ нь манай ажлын өдөр дутамд хэрэглэж байдаг экскаваторын явах эд анги бөгөөд их чухал сэлбэг, Монгол улсад үйлдвэрлэдэггүй. Манайх вальютаар авсан, одоо доллар өссөн үед үүнийг худалдаж авсан нь зөв болох нь харагдаж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

 

Прокуророос “...С.Б- нь 2015 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хооронд “Б И” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа хувьдаа, бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор тус компаний төлөөлөн удирдах зөвлөлийн 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж “М” ХХК-иас авах ёстой авлага 284,791,475 төгрөгт “Б И” ХХК-д ашиглагддаггүй 55 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр, “Э” ХХК-иас авах ёстой авлага 42,000,000 төгрөгт 8 ширхэг втулкийг 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр, “О т б” ХХК-иас 26,042,000 төгрөгт 5 ширхэг втулкийг 2016 оны 10 дугаар сарын 5-ны өдөр тус тус тооцон авсан, түүнчлэн, “Б И” ХХК-д 2016 онд 16,000,000 төгрөгөөр автомашин худалдан авахаар төсөвлөгдсөн байсныг өөрийн “М Э С” компаний 0000 ААА улсын дугаартай зах зээлийн үнэлгээгээр 12,000,000 төгрөгийн үнэ бүхий “Х С” автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Б И” ХХК-д 16,000,000 төгрөгөөр борлуулан “Б И” ХХК-д нийт 356,833,475 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан. ...” хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хуралдаанаар хэлэлцээд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэжээ.  

 

Анхан шатны шүүх цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ”Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л баримтыг шалгасан боловч С.Б-ыг “Б И” ХХК-д хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн атлаа тогтоох хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй: -гэмт хэргийн шинжгүй...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй байна.

 

Мөн прокурор яллах дүгнэлтдээ, яллагдагч С.Б-ын гэм буруутай байдлыг нотлож буй хэрэгт бэхжүүлэгдсэн 49 нотлох баримтыг /2 хх 230-238/ тусгаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан байхад анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар улсын яллагчийн дүгнэлт, яллах нотлох баримтыг ямар нотлох баримттай харьцуулж, хууль зүйн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаар дүгнэлтийг хийгээгүй байна.

 

Анхан шатны  шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар С.Б-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасугай...” гэж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “шүүх энэ зүйлийн 1.1-д заасан /гэмт хэргийн шинжгүй/ хэрэг бүртгэлтэд буцаана...” гэсэн өөр этгээдийг тус үйлдэлд холбогдуулан шалгах шаардлагаар хэргийг прокурорт буцаасан нь хоорондоо зөрчилтэй болжээ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэл бүхий байна.

 

Хэрэгт дурдагдсан “Б И” ХХК-д төлбөртэй компаниудад шүүгдэгч С.Б- втулк олж өгсөн ба буцаагаад “Б И” ХХК-ийн өр төлбөрт авсан талаар гэрч Г.Э /1 хх 31/, Ц.А /1 хх 32-34, 5 хх 30-31/, Л.У /1 хх 44-45/, Е.Н /1 хх 74-75/, Д.Э /1 хх 76-77/, Ц.О /1 хх 94/, Б.Н /1 хх 121/, Н.Б /1 хх 122-123/, Ч.О /1 хх 124-126/, Э.Н /4 хх 121-122/, Д.У /4 хх 240-241/ зэрэг гэрчүүд мэдүүлжээ. Гэтэл уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, буруутгаж буй үндэслэлээ тодорхойлсон байдлаар үйл баримтыг яллах дүгнэлтэд үйлдээгүйгээс хэргийн агуулга, тухайн гэмт хэргийн шинж тодорхой биш болжээ.

 

Иймд яллагдагч С.Б-ын хийсэн ямар үйлдэл нь хувьдаа давуу байдал олгосон болж байгаа, ямар үйлдэл нь ямар байдлаар хэнд давуу байдал тогтоогоод байгаа, ямар ашиг хонжоо олох зорилгоор ямар үйлдлийг хийсэн зэрэг хэргийн үйл баримтыг яллах дүгнэлтэд тодорхой зааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан шаардлагад нийцүүлсэн яллах дүгнэлтийг прокурор үйлдэж, шүүхээр хэргийг хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, мөн прокурорын бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, С.Б-од холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.

 

2. Прокурор Ц.Насанбатын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 34 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Цагаатгагдсан этгээд С.Б-од холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газарт очтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.МЯГМЯРЖАВ

 

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ