Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01678

 

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01678

 

 

Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 30ы өдрийн 184/ШШ2017/01290 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Л.Алтантуяад холбогдох

 

Н.Нарангэрэл, Э.Ундрал, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас Э.Ундрал, Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2002 оны 07 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байрны 16 тоот нэг өрөө байрыг худалдаж авсан. 2002 оны 08 дугаар сараас эхлэн нөхөр н.Хүрэлбаатар бид 2 тусдаа амьдарсан. Хариуцагч Л.Алтантуяа манайд орж ирээд байраа зарах уу гэж асуухад н.Хүрэлбаатар бид 2 зарахгүй ээ гэж хэлээд гаргасан. 2006 оны 11 дүгээр сард би байраа эргэхээр очиход Л.Алтантуяа надад хаалга тайлж өгсөн бөгөөд манай нөхөр н.Хүрэлбаатараас уг байрыг 800 000 төгрөгөөр худалдаж авсан гэхэд нь байрны гэрчилгээ надад байдаг бөгөөд би байраа зарахгүй, н.Хүрэлбаатартай тооцоогоо хийгээрэй гэж хэлээд явсан. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай байрныхан Бүргэд констракшн ХХК-тай гэрээ байгуулж, газарт орсон. 2007 оны 10 дугаар сараас эхлэн манай нөхөр н.Хүрэлбаатар миний ажил дээр ирж байрны гэрчилгээг өг гэж байнга дарамталдаг байсан. 2007 оны 12 дугаар сард худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурснаа би санахгүй байгаа. Тухайн үеийн биеийн байдлаасаа болж дарамт шахалтанд орж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсны дараа хариуцагч надад 300 000 төгрөг өгсөн. Дараа нь би Сонгинохайрхан дүүргийн газрын албан дээр очиход уг байрыг Э.Ундрал гэх хүнд зарсан байна гэж хэлсэн. Хариуцагч Л.Алтантуяатай гэрээ байгуулахдаа ямар ч мөнгө аваагүй байж худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Л.Алтантуяа нь н.Хүрэлбаатарыг архи уудгаар, намайг өвчтэй байснаар далимдуулж, байрыг маань авсан. Би Э.Ундралтай ямар ч гэрээ байгуулаагүй. Би ээжийнхээ байшинг ямар нэгэн зээлийн барьцаанд тавиагүй. Гэрээ байгуулах гэж очсон нотариатч нь Л.Алтантуяагийн таньдаг хүн байсан байх гэж таамаглаж байна. Би тухайн үед өвчний улмаас хийж байгаа үйлдлээ ойлгохгүй дарамт шахалтанд орж, ямар гэрээ байгуулж, байгаагаа ч мэдэхгүй гарын үсэг зурсан. Би тухайн үед худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурж байгаагаа ойлгоогүй зурсан тул Н.Нарангэрэл, Э.Ундрах, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Э.Ундралын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Л.Алтантуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би анх энэ байрыг худалдаж авахдаа газарт орох талаар огт мэдээгүй. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах Мах импекс ХХК-ийн ажилчдын нэгдүгээр дан байранд 2-3 зарах байр байсан. Нэхэмжлэгчийн нөхөр н.Хүрэлбаатар өөрөө надаас манай байрыг аваач гэж хүссэн. 12 дугаар сарын 07-ны өдөр манай охин Э.Ундрал, Н.Нарангэрэл нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн. Би нэхэмжлэгч Н.Нарангэрэлтэй нэр шилжүүлэх гэж уулздаг байсныг Н.Нарангэрэл намайг дарамталдаг байсан гэж тайлбарлаж байна. Н.Нарангэрэл нь БНСАУ-руу явах гэж байгаа тул бэлэглэлийн гэрээ байгуулахыг надад санал болгосон. Би уг саналыг зөвшөөрөөгүй учраас худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь намайг уг байрыг луйвардаж авсан мэтээр гүтгэж байна. Нотариатч дээр гэрээ хийх гэж Н.Нарангэрэл өөрөө очсон. Н.Нарангэрэл өөрөө худалдах, худалдан авах гэрээнд гарын үсгээ зурсан. Н.Нарангэрэл одоо энэ байрнаас ашиг олох боломжтой болсныг мэдээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан Н.Нарангэрэлийн нэхэмжлэлтэй Л.Алтантуяа, Э.Ундрал нарт холбогдох Н.Нарангэрэл, Э.Ундрал, Л.Алтантуяа нарын хооронд байгуулсан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас одоо амьдарч байгаа Э.Ундрал, түүний ээж Л.Алтантуяа нарыг албадан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх нотлох баримт, гэрч, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт тал бүрээс нь бодитой дүгнэлт хийхгүй, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч Алтантуяа нь 2007 оны 12 сарын 03-нд сэтгэцийн хямрал, согтуу нөхрийн дарамт шахалтад байсан намайг танил нотариатч дээрээ авч очоод орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Уг гэрээг хийхдээ мөнгө өгөөгүй. Гэтэл шүүх худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн, гэрээний дагуу Нарангэрэл орон сууцыг хүлээлгэн өгсөн гэж дүгнэсэн. Алтантуяа Хүрэлбаатарыг хуурч чамтай сууна, амьдарна гэж авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байхад шүүх нотлох баримтыг үнэлсэнгүй. Орон сууцыг худалдах үед Хүрэлбаатар, Нарангэрэл нар гэр бүлийн харилцаатай байсан. Нэхэмжлэгч миний хүсэлтээр хийгдсэн утасны ярианы үзлэг, гэрчийн мэдүүлэг, тухайн үед өвчтэй байсан талаарх өвчтөний картыг шүүх хурал дээр шинжлэн судлаагүй. Хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэнд гомдолтой байх тул дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны талаар хэрэгт авагдсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч тухайн маргаанд хамааралтай, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь хариуцагч Л.Алтантуяа, Э.Ундрал нарт холбогдуулан 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, тэднийг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 87 дугаар байр, С-95 тоот орон сууцнаас албадан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэгч Н.Нарангэрэл, хариуцагч Э.Ундрал нарын хооронд 2007 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Н.Нарангэрэл нь СХД-ийн 19 дүгээр хороо, Мах импекс ХК-ийн ажилчдын 1 дүгээр байрны 163 тоот, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шилжүүлэх, худалдан авагч Э.Ундрал нь орон сууцны үнэд 1 000 000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /Хх-17, 36/

 

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь өөрийн насанд хүрээгүй 2 хүүхэд болох Х.Номин-Эрдэнэ, Х.Нарантуул нарын өмнөөс буюу тэдний хууль ёсны асран хамгаалагчийн хувьд хариуцагч Э.Ундралтай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.

 

Дээрх худалдах, худалдан авах гэрээний зүйл болох СХД-ийн 19 дүгээр хороо, Мах импекс ХК-ийн ажилчдын 1 дүгээр байрны 163 тоот, 15 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг Мах импекс ХК-ийн гүйцэтгэх захирлын 2004 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 045 тоот тушаалаар Н.Нарангэрэлийн өмчлөлд шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу түүнд 2005 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орон сууц эзэмших эрхийн бичиг олгосон /хх 84-85/, Нийслэлийн өмч хувьчлах товчооны 2006 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Н.Нарангэрэлд 517 500 төгрөгөөр хувьчлахаар шийдвэрлэсний дагуу 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр орон сууцны 0107505 дугаартай гэрчилгээг түүнд олгосон, уг гэрчилгээнд гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эрхтэй гишүүдээр Х.Номин-Эрдэнэ /УП94111928/, Х.Нарантуул /УП00260402/ нар бүртгэгдэж /хх 88-89/ байсан, улмаар нэхэмжлэгчтэй хийсэн хэлцлийн үндсэн дээр хариуцагч Э.Ундралын өмчлөлд шилжсэн /хх-92/ үйл баримт мөн тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь дээрх орон сууцны өмчлөх эрх хариуцагч Э.Ундралд шилжсэн буюу 2007 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тухайн үед чихний сонсгол алдагдсан байсан, өвчний улмаас өөрийн хийж байгаа үйлдлээ ойлгохгүй, дарамт шахалтад орж ямар гэрээ байгуулж байгаагаа мэдэхгүй гарын үсэг зурсан гэж тайлбарлаж байх боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь хариуцагч Э.Ундралтай худалдах, худалдан авах гэрээ байгуулах үедээ өөрийн хийж буй үйлдлийн учир холбогдлыг ойлгох болон өөрийгөө удирдах чадваргүй байсан, улмаар дарамт шахалтад орсны улмаа гэрээ байгуулсан гэж үзэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.7 дах хэсэгт зааснаар тэдний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь нэхэмжлэлийн Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, 87в байрны 95 тоот орон сууцнаас хариуцагч нарыг албадан гаргуулах шаардлагын үндэслэлээ Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 1 дүгээр дан байрны 16а тоот орон сууц нь Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, 87в байрны 95 тоот орон сууц болсон, худалдах-худалдах авах гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагч нарыг албадан гаргуулах эрхтэй гэж тайлбарлажээ.

 

Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хорооны 1 дүгээр дан байрны 16а тоот орон сууц нь газарт орж, Сонгинохайрхан дүүрэг, 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, 87в байрны 95 тоот орон сууц болсон үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Дээр дурдсанаар нэхэмжлэгч Н.Нарангэрэл, хариуцагч Э.Ундрал нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээ хүчин төгөлдөр байхаас гадна Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол/18081/, 87в байрны 95 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр хариуцагч Э.Ундрал улсын бүртгэлд бүртгэгдсэн, уг бүртгэл хүчинтэй байгаа тохиолдолд хариуцагчийг хууль бус эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч Э.Ундрал, Л.Алтантуяа нарыг тус орон сууцнаас албадан гаргуулах шаардлага гаргах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан, улмаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Н.Нарангэрэлийг бусдын дарамт шахалтад орж гэрээ байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дах хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгох иргэний эрх зүйн чадамжгүйд тооцсон гэх баримтгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан миний хүсэлтээр хийгдсэн утасны ярианы үзлэг, гэрчийн мэдүүлэг, тухайн үед өвчтэй байсан талаарх өвчтөний картыг шинжлэн судлаагүй, шүүх хэт нэг талыг барьсан, орон сууцыг хууран мэхэлж авсныг мэдээгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Харин шүүх нэхэмжлэгч Н.Нарангэрэл нь орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байхад Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 184/ШШ2017/01290 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 243 дугаар зүйлийн 243.1 гэснийг 56 дугаар зүйлийн 56.1.6, 56.1.7 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Нарангэрэл давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Н.БАТЗОРИГ