| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2025/00387/И |
| Дугаар | 146/шш2025/00299 |
| Огноо | 2025-10-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 146/шш2025/00299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ****************************оршин суух **********************хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ********************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч************ нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*************** миний бие 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторын цэцэрлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч ************** нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 10 жилээ төгсөөд Өвөрхангай аймгийн Хужирт сумын барилгын нэг салбар нь Шанхад гахайн байр барина гээд ажиллаж байсан юм. 1990 оны 06 сар хүртэл цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан. Барилгынхан нь барилгаа барьж дуусаад Өвөрхангай аймгийн Хужирт сум руугаа буцсан. Тэгээд би шанх дээр үлдээд байж байгаад хүүхдүүд сургуульд ороход нь дагаж Өвөрхангай аймгийн Хархорин сум руу орсон гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/25 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Хужирт барилга угсралтын конторын даргын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай, 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч *************** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
*************** нь 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторын цэцэрлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь
Өвөрхангай аймгийн Хужирт сумын засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 2/25 дугаартай лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн харьяа Хужирт барилга угсралтын конторын даргын 1988 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 24 дугаартай, 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаартай тушаал, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч*******************н ...Миний бие нь 1986 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Өвөрхангай аймгийн Хужирт сумын барилга угсралтын ангид туслах ажилтнаар ажиллаж байсан. **********************нь 1988 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторын цэцэрлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан... гэж мэдүүлсэн тул гэрчийн мэдүүлгийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-т зааснаар **************** 1984 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын Барилга угсралтын конторын цэцэрлэгт асрагч, үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч *************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА