| Шүүх | Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Мөнхзул |
| Хэргийн индекс | 122/2026/0027/З |
| Дугаар | 122/ШШ2026/0026 |
| Огноо | 2026-09-22 |
| Маргааны төрөл | Бусад, |
Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 122/ШШ2026/0026
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Премиум нэксус” ХК,
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар: О.Мөнхнасан, А.Бямбадалай, Г.Дөлгөөнхэрлэн
Хариуцагч: ******* аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагч П.Билэгтсайхан,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Ганболор,
Маргааны төрөл: Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч “Премиум нэксус” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар О.Мөнхнасан, А.Бямбадалай, Г.Дөлгөөнхэрлэн, хариуцагч ******* аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч П.Билэгтсайхан, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. “Премиум нэксус” ХК-иас ******* аймгийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын улсын байцаагч П.Билэгтсайханд холбогдуулан “******* аймгийн Татварын газрын Татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******, цагдаагийн ахлагч У.******* нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах CU дэлгүүрийн 536 дугаар салбар нь акцгүй semixseco нэртэй 0.75 л дарс 2 ширхэг, tenjaku нэртэй 0.75 л виски 1 ширхгийг худалдан борлуулж байсныг илрүүлж хураан авч холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгчээ.
2.2. Цагдаагийн эрх бүхий албан тушаалтан цагдаагийн дэслэгч Д.******* уг гомдол мэдээллийг хүлээн авч шалгаад 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоол үйлдэж прокурорт хүргүүлжээ.
2.3. ******* аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих ахлах прокурор О.******* нь эрх бүхий албан тушаалтны гаргасан Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах саналыг хүлээн авч танилцаад 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоороо дээрх татгалзсан саналыг хүчингүй болгож, 2630000786 дугаартай зөрчлийн хэрэг нээж, харьяаллын дагуу ******* аймгийн Татварын газарт шилжүүлжээ.
2.4. Хариуцагчаас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг бичиж “Премиум нэксус” ХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулжээ.
2.5. “Премиум нэксус” ХК нь маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар 2026 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гомдол гаргасан.
Гурав. Хэргийн оролцогчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. “Премиум нэксус” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Чинзориг шүүхэд гаргасан гомдолдоо: Манай “Премиум нэксус” ХК-ийн CU олон улсын сүлжээ дэлгүүр нь Жижиглэнгийн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлага MNS5021-1:2019 стандартын 4 дүгээр зүйлийн 4.2.4 дэх хэсэгт заасан ая тухтай дэлгүүрийн ангилалт багтан Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг. Ая тухтай дэлгүүр нь өдөр тутмын эрэлт хэрэгцээнд нийцсэн хүнсний болон ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Түүнчлэн стандарт, чанар, аюулгүй байдлын шаардлагыг бүрэн хангасан согтууруулах ундааг согтууруулах ундаа импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжээс нийлүүлэн авч, холбогдох хууль тогтоомжийн дагуу согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй салбар нэгжүүдээрээ дамжуулан худалдаалдаг.
******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, Зүүн бүс худалдааны төвийн байрны С-4 тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* ******* 536 салбарт 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн Цагдаагийн газрын албан хаагч ******* нь хяналт шалгалт хийж, кассын лангууны доор байсан 750 мл хэмжээтэй “Freixenet Cordon Rosado” нэртэй оргилуун дарсыг “онцгой албан татварын тэмдэггүй” гэх үндэслэлээр хураан авсан.
Дээрх асуудлыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу ******* аймгийн Цагдаагийн газраас ******* аймгийн Татварын газарт шилжүүлснээр, Татварын улсын байцаагч Билэгтсайхан хянан шалгасан. Улмаар тус татварын улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх зөрчил үйлдсэн гэж дүгнэж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсаар 10,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 болон 1.3 дугаар зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцээгүй бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул энэхүү гомдлыг гаргаж байна.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-т заасан “онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэх зөрчлийн объектив тал нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг бусдад худалдах үйлдэл бодитоор хийгдсэн буюу төгс үйлдэгдсэн байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл, худалдагч нь тодорхой үнэ, төлбөрийг авч тухайн барааны өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлсэн байх нь энэхүү зөрчлийн бүрэлдэхүүн юм. Болсон үйл баримтаас үзэхэд тухайн нэг ширхэг оргилуун дарсыг аливаа этгээдэд худалдаагүй, мөн худалдах барааны хэсэгт ил тавиагүй, харин кассын лангууны доор байсан.
Түүнчлэн манай ******* ******* 536 салбарын борлуулалтын систем дээрх мэдээллээр хураагдсан 750 мл хэмжээтэй “Freixenet Cordon Rosado” оргилуун дарсыг салбар нээгдсэнээс хойш зөвхөн нэг ширхгийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан байна. Ийнхүү хүлээн авсан өдрөөс хойш хяналт шалгалт хийгдэх хүртэлх хугацаанд тус нэг ширхэг дарсыг худалдаалахгүй гэж лангуун дор байлгаж байсан. Мөн тус хураагдсан оргилуун дарсаар өөр түүнтэй адил 750 мл хэмжээтэй “Freixenet Cordon Rosado” оргилуун дарсыг манай дэлгүүр нэг ч ширхгийг худалдан борлуулж байгаагүй. Эдгээр нь тус ******* ******* 536 салбарын борлуулалтын тайлангаар нотлогдож байгаа бөгөөд энэхүү гомдолд хавсаргасан болно.
Дээрхээс үзвэл ******* ******* 536 салбар нь оргилуун дарсыг хэрэглэгчдэд худалдаагүй, мөн өмнө нь ч тус оргилуун дарс огт худалдаалагдаж байгаагүй буюу оргилуун дарсны өмчлөх эрх үнэ төлсний хариуд аливаа этгээдэд шилжээгүй, ямар ч төлбөр тооцоо хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, “Худалдсан” гэх үйлдэл төгс үйлдэгдээгүй, худалдан борлуулах зорилгогүй байхад татварын байцаагч нь “Онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан” гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.
Мөн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна:” 1.1-т “Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх,” мөн 1.3-т “Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх” гэж тус тус заасны дагуу татварын улсын байцаагч нь тухайн үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан зөрчлийн шинжийг бүрэн хангасан гэдгийг холбогдох нотлох баримтаар бүрэн тогтоосны эцэст шийтгэл оногдуулах нь “Хууль ёсны” зарчимд нийцнэ. Гэтэл татварын улсын байцаагч нь тухайн зөрчлийн шинжийг хангаж буй эсэхийг бүрэн, бодитоор тогтоогоогүй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангахгүй байтал шийтгэлийн хуудас үйлдсэн байна.
Иймд ******* аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дөлгөөнхэрлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Премиум нэксус” ХК нь CU дэлгүүрийн үйл ажиллагааг явуулдаг. ******* аймгийн хэмжээнд 4 салбар байгаа. Үүнээс зүүн бүсийн салбар буюу 536 салбарт маань 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийн албан хаагч хянан шалгалтаар орж “Freixenet Cordon Rosado” нэртэй оргилуун дарсыг онцгой албан татварын тэмдэггүй гэсэн үндэслэлээр хураан авч татварын улсын байцаагчид шилжүүлсэн. Татварын улсын байцаагч хянан шийдвэрлээд 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 0043123 дугаартай шийтгэлийн хуудсыг үйлдэн 10,000,000 төгрөгөөр торгох торгуулийг оногдуулсан байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх шалтгаан нь Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 24 дэх заалтад заасан Онцгой албан тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулсан буюу худалдсан гэх үйлдэл нь худалдан авагч худалдагч хоёрын хооронд төлбөр төлөгдсөн үйл баримтыг хэлээд байгаа. Манайд тухайн худалдсан үйлдэл хийгдээгүй байхад худалдсан гэх үйлдлээр зөрчилд холбогдуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан нотлох баримт цуглуулах ажиллагааг хангалттай хийгээгүй байна. Иймд дараах үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан хаагч нь нотлох баримтыг цуглуулж бэхжүүлнэ гэсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд зөрчил үйлдэгдсэн хүн хуулийн этгээдийн эзэмшил газар барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, эд зүйлс, хүний биед үзлэг хийх баримт бичиг мэдээлэл гаргуулан авах, эд зүйл баримт бичгийг хураан авах, хөрөнгийг битүүмжлэх, мэдүүлэг авах, шинжилгээ хийх зэрэг ажиллагаанаас бүрдэнэ гэсэн байгаа. Энэ нь эрх бүхий албан хаагч энэ ажиллагааг хийх үүрэгтэй нотлох баримт цуглуулах бэхжүүлэх үүргийг заасан байгаа. Мөн эрх бүхий албан хаагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэсэн байдаг. Иймд тухайн албан хаагчийг шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ нотлох баримтыг хангалттай тогтоогоогүй байна. Онцгой албан татвар төлөөгүй архи худалдан борлуулсан гэсэн байсан. Эргээд тухайн албан татварыг төлсөн үү гэсэн байдлыг буцаж шалгаагүй. Үүнийг нотлох ажиллагаа хийгдээгүй байна. Манайд албан татвар төлөөгүй согтууруулах ундаа байх боломжгүй. Тээвэрлэлтийн явцад унасан байх. Нийт 3 төрлийн согтууруулах ундаа хураагдсан байгаа. Нэг төрлийн дарс 2 ширхэг хураагдсан. Нэг нь акт дутуу байсан энэ нь тээвэрлэлтийн явцад унасан байсан. Иймээс тухайн дарсны онцгой албан татвар төлөгдсөн байгааг харж болно. Манайх нийт 700 салбартай дэлгүүр байгаа. Иймээс онцгой албан татваргүй бараа байхгүй. Манай дээр тухайн бараа нь дамжлага ажиллагааны хүрээнд бараа унасан байх магадлалтай байна. Тухайн барааны акт төлөгдсөн талаарх мэдээллийг цуглуулж бэхжүүлэхгүйгээр акт байхгүй гэдэг шалтгаанаар торгуулийн хуудсаар шийтгэсэн байдал гарч байна. Захиргааны хуулийн 4.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт шийтгэх хуудас акт нь үндэслэлтэй байх ёстой гэсэн байгаа. Үндэслэл дээр бүрэн хангалттай нотолж чадахгүй байна гэв.
3.4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Бямбадалай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Импортын тусгай зөвшөөрөлтэйгөөр тухайн барааг оруулж ирж байгаа. Тухайн акт нь онцгой албан татвар төлсний дагуу гааль дээр хүсэлт гаргаж хүсэлтийн дагуу бараагаа авдаг. Иймд тухайн албан татварыг гааль дээр төлөөд акт гаргасны дагуу худалдаж байгаа. Тухайн барааг худалдан авч байгаа манай дэлгүүр нь онцгой албан татварыг тухайн барааг импортоос оруулж ирэхдээ төлсөн байдаг.
Манайх хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн зардаг гэдэг асуудал нь өнөөдрийн асуудалд ач холбогдолгүй. Нотлох баримтгүй үндэслэлгүй мэдээлэл гэж харж байна. Учир нь бараа нийлүүлэгч талтай бид хадгалалтын хугацаан дээр өндөр шаардлага тавьдаг байгаа.
Тухайн бараа нь дэлгүүрт лангуун дээр байсан гэдэг нь тухайн согтууруулах ундаа лангуун дээр 1 ширхэг байсан ба зарах зорилгоор байлгаагүй лангууны доор байсан байгаа. Иймд тухайн бараа олон тоогоор зарагдах гэсэн асуудал биш лангууны ард байсан бараа гэв.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхнасан: Хугацаа дууссан бараа байна гэдэг нь маргааны агуулгад хамааралгүй зүйл байна. Эрх бүхий албан хаагч онцгой албан татвар төлөгдөөгүй барааг худалдсан гэх нь үндэслэлгүй байна. Тухайн бараа нь манай дээр 1 ширхэг байсан. Тухайн албан хаагч ямар ажиллагаа хийгдсэн байдаг вэ гэхээр хэдэн бараа хураагдсан, хэдэн бараа нь акт тэмдэггүй байгаа, тухайн барааг хаанаас, хэн ачиж ирсэн, хэдийг худалдсан талаар ажиллагаанууд хийгдээгүй буюу хавтаст хэрэгт нотлох ажиллагаа байхгүй байна.
Нотлох баримтыг манайх гаргаж өгөх үүргийн талаар ярьж байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны нотлох үүргийг эрх бүхий албан тушаалтанд өсөн байдаг гэв.
3.5. Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* аймгийн Татварын газрын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.Билэгтсайхан би тус шүүхэд хянагдаж буй “Премиум нэксус” ХК-ийн нэхэмжлэлтэй CU 536 дугаар салбар дэлгүүрт холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байгаа болно.
******* аймгийн Прокурорын газрын ахлах прокурор, хууль цаазын ахлах зөвлөх О.*******ын ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 001602 дугаартай зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2026 оны 06 дугаар 03-ны өдөр нээсэн 260000786 дугаартай зөрчлийн хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан.
Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдаж зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтууд, үзлэгийн тэмдэглэл, гэрч, холбогдогч нарын мэдүүлгээр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг худалдан борлуулж байсан нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.24 дүгээр зүйлийн 1.1-д “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан бол... хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 0043124 дугаартай шийтгэлийн хуудсаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000.00 төгрөгөөр торгож, 20260630016166564 дугаартай нэхэмжлэхийн хамт хууль ёсны төлөөлөгч Т.д гардуулан өгч шийдвэрийг эс зөвшөөрвөл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 2-т зааснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж болохыг тайлбарласан.
Зөрчлийн 260000786 дугаартай хавтаст хэргийг прокурорын байгууллагад хүргүүлж хянуулсан. Хууль ёсны төлөөлөгч Т. нь шийтгэлийн хуудсанд гарын үсэг зурахгүй, шийдвэрийг зөвшөөрөхгүй гэдгээ бичгээр гаргаж өгсөн. Тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж лангуун дээр зарж байсан гэдгээ, мөн онцгой албан татварын тэмдэггүй байсан болохыг холбогдогчийн хууль ёсны мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдож байх тул шийтгэлийн хуудсаар арга хэмжээ авсан болно.
... Шинээр гаргаж өгсөн баримт нь хэрэгт чухал ач холбогдолтой биш байна. Өнөөдөр онцгой албан татвар төлсөн тухай асуудал яриагүй. Акт буюу онцгой албан татварын тэмдэг тухайн үед байсан уу гэдэг асуудал яригдаж байна гэв.
3.6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганболор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Онцгой албан татварын гол зорилго нь архи гэх барааны хэрэглээг бууруулах мөн иргэдийн эрүүл мэндийн хамгаалах зорилготой байдаг. Иймд архинд онцгой албан татвар ноогдуулаад байгаа. Таны худалдан борлуулаад байгаа согтууруулах ундаа нь онцгой албан татварын акт байхгүй байсан. Тухайн актыг унаж бэртэх нь тухайн худалдан борлуулж байгаа талд байгаа. Тухайн акт байсныг нотлоогүй мөн худалдан борлуулаагүй гэсэн байтал тухайн дэлгүүрийн лангууны ард хадгалаатай байгааг гайхаж байна. Лангуун дээр бараа бүтээгдэхүүнийг яагаад өрдөг вэ? гэхээр тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулах зорилготойгоор байлгасан байгаа. Зөрчлийн үйлдэл төгссөн байх, төгсөөгүй байх нь чухал биш байдаг. Хугацаа нь дууссан барааг дэлгүүрийн лангуун дээр байлгасныг хараад үүнийг хүн худалдаж аваагүй тул энэ нь зөрчилд орохгүй гэх нь утгагүй зүйл. Тухайн дэлгүүрт би орж үйлчлүүлэхэд 50 хувийн хямдрал зарласан байсан бараа олон байсан. Хугацаа нь дууссан бараа дэлгүүрийн лангуун дээр яах гэж өрөөд байгаа вэ гэхээр танайх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тухайн байгууллагын гол зорилго нь барааг дамлан зараад ашиг олох чиглэлтэй байгууллага.
Эрх бүхий албан тушаалтанд “Согтууруулах ундаа нийлүүлдэг “*******” ХХК-ийн албан бичиг, Согтууруулах ундаа нийлүүлэх байгууллагатай хамтарсан Худалдах худалдан авах тухай гэрээ” өгсөн баримтыг 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өгсөн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь прокурорын хяналтад явагддаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагааг дуусгавар болгоод хэргийн оролцогч хууль ёсны төлөөлөгчид танилцуулаад хаасан байдаг. Хэрэг хаагдсан байхад нэмэлт нотлох баримт авахгүй. Татварын улсын байцаагч ажиллагаа хийгээгүй гээд байна. Хуульд нотлох баримт гаргаж өгөх эрх, санал гаргах эрх нь танайд нээлттэй байсан.
Тухайн барааг танай дээр нийлүүлдэг гэрээ нь онцгой албан татварт хамааралтай чухал ач холбогдолтой гэж үзэхгүй байна. Онцгой албан татварын хуульд худалдан борлуулж байгаа этгээд маань тухайн актыг бүрэн бүтэн байлгах талыг бүрэн хариуцаж байдаг гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн гомдол гаргагчаас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******гийн 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэх үед ******* аймгийн ******* сумын 7 дугаар багт байрлах CU сүлжээ дэлгүүрийн 536 дугаар салбарт акцгүй дарс, виски худалдан борлуулж байсан гэх гомдол, мэдээллийг ******* аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.*******гээс шалгаж, 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тогтоолоор зөрчлийн шинжтэй үйлдэл тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг прокуророос хянаад ******* аймгийн Прокурорын газрын 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн прокурорын тогтоолоор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, 2630000786 дугаартай зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд тухайн хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг ******* аймгийн Татварын газарт даалгасан байна.
******* аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч П.Билэгтсайхан нь зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж, 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсаар “Премиум нэксус” ХК-ийн ******* ******* 536 дугаар салбар нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан болох нь гэрч, холбогдогчийн мэдүүлэг, татварын улсын байцаагчийн үзлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон гэж Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу 10,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Гомдол гаргагч дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, шүүхэд гаргасан гомдлын шаардлагын үндэслэлдээ “... ******* ******* 536 салбар нь оргилуун дарсыг хэрэглэгчдэд худалдаагүй, мөн өмнө нь ч тус оргилуун дарс огт худалдаалагдаж байгаагүй буюу оргилуун дарсны өмчлөх эрх үнэ төлсний хариуд аливаа этгээдэд шилжээгүй, ямар ч төлбөр тооцоо хийгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, “худалдсан” гэх үйлдэл төгс үйлдэгдээгүй, худалдан борлуулах зорилгогүй байхад татварын байцаагч нь онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдсан гэж үндэслэлгүйгээр дүгнэсэн байна.” гэж маргадаг.
Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 1.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг зөрчилд тооцох бөгөөд зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан.
Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Онцгой албан татварын тэмдгийн тухай хууль зөрчиж: 1.1.тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлсэн, эсхүл импортолсон, эсхүл худалдсан, эсхүл борлуулсан; бол хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж согтууруулах ундаа, тамхийг онцгой албан татварын тэмдэггүй л бол бэлтгэн нийлүүлэх, экспортлох, худалдах, борлуулахыг бүх үе шат, дамжлагад ямар ч тохиолдолд хориглосон зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн заалт нь бэлтгэж нийлүүлсэн, экспортолсон, худалдсан, борлуулсан гэх бүртээ бие даасан зөрчил болохыг хуульчилсан байна.
Мөн Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д “Тэмдэг нь нууцлалын шаардлага хангасан дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой байна.”, 4.2-т “Тэмдэггүй согтууруулах ундаа, тамхийг бэлтгэн нийлүүлэх, импортлох, худалдах, тэмдгийг хуурамчаар үйлдэх, борлуулах, хэрэглэхийг хориглоно.”, 4.5-д “Согтууруулах ундааны онцгой албан татварын тэмдгийг нууцлалын шаардлага хангасан, дахин давтагдашгүй, цахим өгөгдөл бүхий кодтой бараа бүтээгдэхүүн тус бүрийн савлагаанд салахгүй нааж бэхэлсэн байна.” гэж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхэд дараах зүйлийг хориглоно: ... 21.1.3.онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх;” гэж тус тус заажээ.
Энэхүү зөрчлийн тухайд, гомдол гаргагчийн ******* ******* 536 салбараас акцгүй гэх үндэслэлээр хураан авсан 2 ширхэг Freixenet Semixseco, Freixenet Rose нэртэй 0,75 литрийн дарс, 1 ширхэг Tenjaku нэртэй 0,75 литрийн вискинд эрх бүхий албан тушаалтнаас үзлэг хийхэд “Freixenet Rose” дарс нь онцгой албан татварын тэмдэггүй болох нь тогтоогдож, энэ талаар үзлэгийн тэмдэглэлд тусгагдсан бөгөөд шүүхээс шүүх хуралдааны явцад гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс акцгүй гэх “Freixenet Rose” нэртэй дарс болон гомдлын үндэслэлд дурдсан “Freixenet Cordon Rosada” дарсны нэршлийн талаар тодруулахад нэг дарс мөн болохыг тайлбарласан. /хавтаст хэргийн 64-65 дахь талд/
Мөн Freixenet Rose нэртэй дарс нь дэлгүүрийн лангуун дээр байсан нь тухайн үед зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Т.гийн “... 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 18 цаг 53 минутад манай дэлгүүрт цагдаагийн газраас шалгалт ирж шалгалтаар акцгүй Rose, Semixseco нэртэй 0,75 литрийн дарс хоёр ширхгийг худалдан борлуулж байсныг хураан авч тэмдэглэл хөтөлсөн. Асуулт: Тухайн үед таны дэлгүүрийн лангуун дээр акцгүй архи байсан нь үнэн үү?, Хариулт: Үнэн. Гэхдээ тээвэрлэлтийн явцад унасан байх гэж бодож байна.” гэх мэдүүлгээр тогтоогдсон байх тул гомдлын үндэслэлд дурдсан “Тухайн нэг ширхэг оргилуун дарсыг аливаа этгээдэд худалдаагүй, мөн худалдах барааны хэсэгт ил тавиагүй, харин кассны лангууны доор байсан” гэх тайлбар үгүйсгэгдэж байна.
Тиймээс гомдол гаргагч нь /******* *******-536 салбар/ Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж буюу согтууруулах ундаа худалдан борлуулах эрх бүхий этгээдийн хувьд онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундаа худалдан борлуулах нь хориотой бөгөөд тухайн тохиолдолд холбогдогч нь дэлгүүрийн лангуу дээр онцгой албан татварын тэмдэггүй согтууруулах ундааг ил өрж тавьсан нь худалдах зорилготой байх тул энэхүү үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчлийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл, хуулийн зохицуулалт, үгийн шууд утга нь “төгс үйлдэгдсэн” байхаар хуульчлагдсан, зөвхөн худалдсан, эсхүл борлуулсан тохиолдолд л хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгаар Зөрчлийн тухай хуулийн дээрх заалтыг тайлбарлах нь хэт явцуу, хуулийн зорилго, үзэл баримтлалтай нийцэхгүй тул гомдол гаргагчийн энэ талаарх үндэслэлийг шүүх хүлээн авсангүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг баримтлан “Премиум нэксус” ХК-аас ******* аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч П.Билэгтсайханд холбогдуулан гаргасан “******* аймгийн Татварын газрын татварын улсын байцаагчийн 0043124 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.МӨНХЗУЛ