Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 499

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                    

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Б.Бямбадагва

шүүгдэгч Л.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Л.Х-д холбогдох эрүүгийн 1805017530468 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Л.Х 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 19 дүгээр автобусны буудлын орчимд Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Л.Х шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч С бид хоёр ээжийн талын садан төрлийн холбоотой хамаатан. Би дэлгүүрт ажилладаг юм. Сийн аав нь  манай дэлгүүрт орж ирж  байнга агсам тавьдаг. Энэ асуудлаас л шалтгаалж би Сийг зодсон. Түүнийг би ганцаараа зодсон гэв.

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд” Хэрэг болохоос 7 хоногийн өмнө Х манай аав Бадрахзулд гомо, туранхай гээд намайг доромжилсон гэсэн. Тэгж намайг доромжилсон өдөр аав бид хоёр Л.Х-н дэлгүүрт очиход дэлгүүрээ хаагаад явсан байсан. Тэрнээс хойш 6 хоногийн дараа би Л.Х-н Фэйсбүүк рүү хандаж манай аав болон намайг доромжиллоо чи тэгэх хэрэггүй уулзах уу гэхэд Х тэгье гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 23-ны шөнө 00 цагийн үед байсан байх. Намайг Х дэлгүүр дээр хүрээд ир гээд дуудсан. Би гэрээс гараад явж байхад Х 19 дүгээр сургуулийн автобусны буудал дээр Х найзтайгаа хамт зогсож байсан. Х миний нүүр рүү яасан гэнээ бацаанаа гээд шууд цохисон. Намайг үсдэж дараад доош болгосон. Би баруун гараараа Хг дарсан. Түүнийг дараад унагаахад хамт явсан найз нь намайг араас боогоод татсан. Х утсаа гаргаад аав руу чинь ярина дугаарыг нь өг би  чамайг булна шүү гэсэн би инээхэд Х дахиад цохиод авсан. Намайг үсдээд чирч оруулсан, миний нүүр рүү өшиглөсөн. Тэр хамт явсан Ариука намайг 19 дүгээр сургууль руу дагуулж орсон. Миний нүднээс цус гараад байхад Ариука намайг зайл гэр рүүгээ яв гэсэн. ...Х миний зүүн нүд рүү цохисон, үстэж дараад зулгааж чирсэн, миний нүүр рүү 2 удаа өшиглөсөн дээрхи гэмтлийг би Хгаас авсан...Х бид хоёр харилцан зодолдсон нэг нэгэндээ төлбөр өгөхгүй гэж тохиролцсон надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” /хх-ийн 18/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Баялаг мөрдөн байцаалтанд ”Би Сийн ээж нь байгаа юм...манай хүү толгойгоо нойтон алчуураар ороогоод хэвтэж байсан би яасан юм бол гээд үзэхэд алчуур нь цус болсон байсан 2 нүд  нь тэгширтэл хавдсан нүд нь харагдахгүй би угаалгын өрөөнд ороход манай хүүгийн хувцас нь цус болсон байсан. 2 нүд  нь хавдсан нээгдэхгүй цус гараад байсан...би хүүгээ босгоод харахад 2 гарны тохой зулгарсан, үс нь зулгарсан байсан...” /хх-ийн 20/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр С.Гэрэлсайхан мөрдөн байцаалтанд” Сийн аав нь дэлгүүрт ирээд доромжлоод байсан чи ганц хүүгээ сураггүй алга болчихвол битгий хайгаарай гээд дорожилсон. Манай охиныг дэлгүүрт байхад бас доромжилсон. Аав нь байнга орж ирээд архи нэхээд доромжлоод байдаг. Би хамаатан хүмүүс за яахав гээд цагдаад өгдөггүй байсан. Энэ хоёр хүүхдийн зодоон бол Сийн ааваас болсон. Сийн ээж нь надаас 1 сая төгрөг өг гэсэн. Би надад тийм мөнгө байхгүй. Хүүхдүүд учраа олох биз гэж хэлсэн. Сийн ээж бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм” /хх-ийн 22/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Э.Ариунтулга мөрдөн байцаалтанд”...Х Сумъябэйс нар барьцалдаж аваад нэг нэгийгээ цохисон. Х утсаар ярих гэтэл С дахин Хтай зодолдсон. С газар унахад Х өшиглөсөн. Газраас босохдоо юм аваад Л.Х-н хамар руу цохисон. Сийг би гэр рүүгээ яв гээд цээж рүү нь түлхсэн...” /хх-ийн 29/ гэх мэдүүлэг,

 

Сэжигтнээр Л.Х мөрдөн байцаалтанд”С над руу чат бичээд миний аавыг юу гэсэн гэнээ гээд намайг хэл амаар доромжилсон. Тэгээд намайг хаана байна гэхээр нь би дэлгүүртээ байна хүрээд ир гэсэн. ...Стэй таарсан. Намайг эхлээд шууд цохисон. Бид хоёр зодолдоод Ариунтулга салгаад би утсаараа Сийн ээж рүү хэлэх гээд би утсаа гаргаад ээж рүүгээ дугаарыг нь авах гээд утсаа бариад зогсож байхад дахин намайг цохисон...би түүний нүүр рүү эрүү хэсэгт 2 удаа цохисон. Газар уначихаад надаас зуураад байхаар нь үснээс нь татсан. Тэгээд нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Нуруу болон гар руу нь 2-3 удаа өшиглөсөн” /хх-ийн 31/ гэх мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4119 дугаартай: Сийн биед дух, 2 зовхинд цус хуралт, баруун зовхинд зулгаралт, дух, хуйх, баруун өвдөг, баруун шуунд цус хуралт, 2 тохойнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг ба олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 24/ гэсэн дүгнэлт

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Л.Хгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 40/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 41/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Л.Х 2018 оны 3 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автобусны буудлын орчимд Б.Стэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож биед нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Сийн”...Х миний нүүр рүү яасан гэнээ бацаанаа гээд шууд цохисон. Намайг үсдэж дараад доош болгосон. Намайг үсдээд чирч, миний нүүр рүү өшиглөсөн...” /хх-ийн 18/ гэрч Э.Баялагийн”манай хүү  Сийн 2 нүд  нь хавдсан нээгдэхгүй цус гараад байсан...2 гарны тохой зулгарсан, үс нь зулгарсан байсан...” /хх-ийн 20/, гэрчээр Э.Ариунтулгын”  ...С дахин Хтай зодолдсон. С газар унахад Х өшиглөсөн...”/хх-ийн 29/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4119 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/, гэрэл зураг /хх-ийн 7/,  Хгаас гаргаж өгсөн зураг /хх-ийн 31/, Сээс гаргаж өгсөн бичгийн хүсэлт /хх-ийн 57/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Түүнчлэн эдгээр бичгийн баримтуудаар  өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй шүүгдэгч Л.Хгийн мөрдөн байцаалтанд өөрийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”...би түүний нүүр рүү эрүү хэсэгт 2 удаа цохисон. ..нүүр рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Нуруу болон гар руу нь 2-3 удаа өшиглөсөн...” /хх-ийн 31/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон байна.         

 

Прокуророос Л.Хд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Л.Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Л.Хг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч Б.Сээс”...Л.Хд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Л.Хг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон Л.Х анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлага нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Л.Хгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Л.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг нийт гурван сарын дотор  хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Л.Х цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                  

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ДАЙРИЙЖАВ