2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/09077

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 24 191/ШШ2025/09077

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, шүүгч Н.Гантуяа, О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ч тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 916,100 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Иргэдийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан гэм хорын хохиролд 916,100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Миний бие 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс орон сууцаа анх удаа 1 жилээр түрээсэлсэн бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 10-нд байр түрээсэлж байсан айл утасдаж 3 дугаар давхрын дээд талын 42 тоотын айл засвар хийгээд ханаа нураагаад байх шиг байна, доргилтод нь хөшигний мод унаад хугарчихлаа, ванны өрөөнөөс шээс урсаж орж ирээд маш их үнэртэй, бид дээд айлын хүмүүсийн шээсийг өдөр болгон арчиж цэвэрлэж байна. Гэр орондоо тав тухтай амарч чадахгүй дээрээс тоос шороо орж ирээд хамаг нүдэн гэрлүүд масслаж, шатаад байна. Том өрөөний тагтны дээрээс шавар, шохой унаад байна гэж анх над руу залгасан.

Тэгээд 12 дугаар сарын 11-ний өдөр шаардлага тавихаар тухайн айлд ортол 3-4 хүн архи уугаад орохын эцэсгүй замбараагүй нойлоо авчихсан, нойлын шалнаас гарч ирсэн трубандаа шээсэн байдалтай, тэр нь шууд манай нойлын таазнаас шал руу урссан, хөшиг нурсан, таазнаас шохой унасан, буйдан, шал сааралтсан байдалтай байсан. Одоогийн байдлаар 00-ын өрөөний тааз болон гэрлийн шилэн дотор урд нь урсаж байсан шээс нь шарлаад хатсан байдалтай байна.

Хэд хэдэн удаа орж шаардлага тавихад тэр болгонд архи уусан байдалтай хэлж байгаа үг ч ойлгохгүй, сүүлдээ хэрэлдэж маргалдаад үг авахгүй болохоор нь Чингэлтэй дүүргийн цагдаад дуудлага өгч хоёр залууг нь эрүүлжүүлэхээр авч явсан. Засвар хийж байгаа хүмүүстэй нь ойлголцохгүй болохоор шаардсаар байж гэрийн эзний утсыг нь авч залгаж ярьсан боловч тэр өдөр эзэн гэх залуу нь мөн согтуу над руу үгээр дайрч миний хэлж байгааг ч ойлгохгүй байсан тул 12 дугаар сарын 12-ны өдөр Орон сууцны контор дээрээ очиж уулзахад инженер гэх залуутай уулзахыг зөвлөснөөр байдлаа тайлбарласан боловч мөн олигтой арга хэмжээ авч өгөөгүй.

Орон сууцны контор руу маш олон удаа орж гомдлоо гаргаж байсан. Тухайн үед бүх гэрлээ тоолоод шинээр гэрэл авсан мөнгийг нэхэмжилж байна. Одоо ч 4-5 гэрэл масслаж унтраад, гэрэл унтарсан үед байнгын анивчсан байдалтай байгаа.

Энэ мэтээр байн байн түрээсийн айл маань залгаж амьдрахад хэцүү байгаа талаар гомдоллож тэр болгонд би орон сууцны контор болон дээд айл руу орж шаардлага тавьж байсан ч үр дүнд хүрээгүй.

Ингэж явсаар дээд айлын засвар дуусаж, зун ч болж за одоо нэг гайгүй болох нь дээ гэтэл энэ зуны анхны ширүүн борооноор дээрээс том өрөөнд ус алдаж тагтны дээд талын тааз нурж унасан. Дээд айлд дахин орж шаардлага тавьтал гэрийн эзэн хэлэхдээ тагтны хаалга солихдоо буруу суулгаснаас болоод доошоо ус алдчихаж гэж хэлсэн. Гэрийн эзний ээж гэх хүн өөдөөс гэмших байтугай хэлдэг газар нь хэлээ гээд уурлаж байсан. Тэгээд хүүтэй нь ярьж гэртээ дагуулж орон харуулахад /2-3 удаа манайд орж ирж харж байсан/ бид тагтаа дахин янзлаад ус алдаад байгаа хэсгийг засна аа гэсэн.

Хэд хоногийн дараа дахин уулзахад тагтаа янзалчихсан. Одоо дахиж ус алдахгүй гэж хэлээд хатахаар нь засварлаад өгье, одоо чийгтэй болохоор болохгүй гэж хэлсний дагуу хатах хүртэл нь хүлээсэн. Гэтэл дахин бороо орж дахиад л ус гоожиж нурсан хэсэг нь улам л томорч эхэлсэн. Тухай бүрд шаардлага тавихад ажил ихтэй байна, ажлын заваа харж байгаад засаад өгье гэж хэлж байсан ч өнөөдрийг хүртэл бүр таг чиг болсон.

Ингээд 6 дугаар сарын 2-нд дахин дээд айлын эзэнтэй уулзаж одоо овоо хатаж байх шиг байна хэзээ засаж өгөх боломжтой байна гэж асуухад амралтын өдрөөр ажлын заваа харж байгаад засаж өгье гээд засаж өгөөгүй.

Миний хувьд ч тэвчээртэй, хүлээцтэй хандаж, аль болох эвээр ярьж, тохирч засвар хийхийг нь удаан хүлээж, хугацаа их алдлаа. Одоо тааз нурсан, байнга дээрээс шохой унасан байдалтай, гэр орондоо ямар ч тав тухгүй, хэзээ дээрээс тэр хэсэг тааз нураад ороод ирэх бол гэсэн айдастай амьдарч байна. 6 дугаар сарын 20 доор орсон цас болон борооноор дахин таазнаас ус алдаж, шал руу урсаж тунаад ирсэн. Өөрийн орон зай гэр орондоо ая тухтай амар тайван амьдрах эрх зөрчигдөж байна.

Иймээс үнэлгээний газраар үнэлгээ хийлгүүлсний хөлс 66,600 төгрөг, үнэлгээний газраас гаргасан материал болон засварын ажлын хөлс 621,500 төгрөг, нүдэн гэрэл авсан 228,000 төгрөг, нийт 916,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү .

1.2. Тухайн үед дээд айлын хүү хоёр удаа манайд орж ирж үзээд манайхаас ус алдсан нь үнэн, хатахаар нь засаж өгнө гэж надад хэлсэн. Тийм болохоор би хэсэг хугацаанд хүлээсэн. Хатчихсан байх гэж ороход хүү нь байгаагүй, харин ээж нь байсан. Гэтэл ээж нь өөдөөс та нар шүүхдээ өг гэж загнаж, огт сонсохгүй байсан. Нэлээд хугацаанд харсаар байх хооронд нөхцөл байдал улам дордож, түрээсийн айл бүр нүүж гараад явсан. Манай байр үнэхээр амьдрахад хэцүү болтлоо муудсан. Том өрөө бараг ашиглах боломжгүй болсон, шээс баасны үнэртэх хэмжээний нойл, ариун цэврийн өрөөнөөс ус алдаж байгааг миний хавсаргасан баримт дээр тодорхой харж болно. Ингээд би аргаа бараад, түрээсийн айл гарсны дараа өөрөө засвар хийлгэсэн. Засвар хийлгэхээс өмнө охиноороо үнэлгээний компани олж, Хас үнэлгээний газраар үнэлгээ хийлгэсэн. Нойлын өрөө үнэлгээнд ороогүй, нойлын өрөөтэй холбоотой хохирол шаардаагүй.

Засвар хийж байхад манай нүдэн гэрлүүд анивчсаар байгаад шатаад байсан. Бид энэхүү гэрлүүдийг баримтаар нотолж, солиулсан. Гэхдээ үүний дараа ч гэрлүүд заримдаа анивчаад унтраад байдаг хэвээрээ байна гэв.

 

2. Хариуцагч Э.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.******* миний бие 2023 онд Ч тоот байрыг худалдан авч зайлшгүй засвар үйлчилгээ хийх шаардлага үүссэн. Уг барилга насжилт өндөртэй тагтны хаалга болон цонхны модон рам нь он цагийн уртад хуучирч муудан хагарч цуурч зай завсар ихээр үүссэнээс болж өвлийн хүйтэнд гэрийн дулаан алдагдах, хавар намрын цагт шороо, тоос орох зэрэг нь эд хөрөнгө, цаашлаад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдалтай байсан тул байрандаа засвар хийсэн нь үнэн. Засвар үйлчилгээ хийхдээ бусдын амгалан тайван байдал, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Нэхэмжлэлд дурдсанаар гэрийн эзэн хэлэхдээ тагтны хаалга солихдоо буруу суулгаснаас болж доошоо ус алдсан гэдэг нь үндэслэлгүй. Хэрэв тагтны хаалга буруу суулгаснаас болж ус алдсан тохиолдолд зөвхөн тухайн айлын гэрт ус орно уу гэхээс доод айлын руу ус алдаж, үнэлгээний тайлангийн хураангуйд дурдагдсан обой норж хууларч, цонхны амлагаа хууларч гипсэн тааз шарласан болон нүдэн гэрлүүд шатсан гэх хохирол үүссэн гэж бичсэн нь үндэслэлгүй. Тухайлбал гэрэл шатсан гэх боловч дахин гэрэл сольж хийхэд хэвийн ажиллаж байгаагаас үзэхэд цахилгааны шугамд ямар нэгэн гэмтэлгүй болох нь харагдаж байна.

Нойлын өрөөний тааз болон гэрлийн шилэн дотор урд нь урсаж байсан шээс нь шарлаад хатсан байдалтай байна гэх боловч сантехниктэй холбоотой шугамын ямар нэгэн засвар үйлчилгээ хийгдсэн гэдгийг нотлох баримт, мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон акт, дүгнэлт нэхэмжлэлд хавсрагдаагүй зэргээс үзэхэд дээр дурдагдсан хохирол бодит байдлаар тухайн иргэн өөрт учирсан хохирлоо нотлоогүй байх тул дэрх нөхцөл байдлыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Засварын үеийн ямар нэг асуудал, жишээ нь ус алдах, үнэртэх зэрэгт бид мэдэхгүй байсан. Учир нь засварыг 3, 4 хүн хийсэн бөгөөд бид мөнгө төлж, ажиллуулж сайжруулсан. Засварчид ваннаас ус алдсан уу, нойлоос ус алдсан уу гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй байсан. Дараа нь засварчидтай уулзахад бие засахад гадаа гарч байна, одоо нойлыг байрлуулъя гэж хэлсэн. Энэ үеэр л ус алдсан байж магадгүй юм. Хавар бороо орсны дараа нэхэмжлэгч эмэгтэй танайх ус алдсан уу гэж асууж орж ирсэн. Би түүнд тайлбарлаж хэлсэн гадаа бороо орсны улмаас балкон дээрээс ус урссан, манай гэрээс ус алдах ямар ч боломжгүй. Балкон нь зориулалтын, ус нь доошоо урсдаг тул манайхаас ус алдаагүй гэж үнэнээ хэлсэн. Тухайн үед засвар хийж байх үед би байгаагүй, ороогүй байсан тул яг ямар нөхцөлд ус алдсан болохыг мэдэхгүй. Нэхэмжлэгч танайхаас ус алдсан гэж хэлэхэд би хаанаас ус алдсан юм, гараад хар гэж тайлбарласан. Барилгачдыг бид хөлсөлж ажиллуулсан, үнэнээ хэлсэн. Манай хүү ч тухайн үеийг харсан. Хүүдээ засвар хийгээрэй гэж хэлсэн ч Америкт сургалтад яваад 45 хоногийн дараа ирсэн. Тэгэхэд шүүхэд хүсэлт өгсөн байсан.

Засвар хийсэн үеийг нэхэмжлэгч ярьж байгаа боловч бид 4 сард байранд орсон бөгөөд засварын үеийн нөхцөл байдлыг мэдэх боломжгүй. Бороо 5 сард орсон бөгөөд байранд 3, 4 сард цагаан сарын өмнөхөн ороод байсан. Иймээс засвар хийж байсан үед нойлоос ус алдсан эсэхийг бид мэдэхгүй, хариуцлага хүлээх боломжгүй. Манай засварын үеийн асуудлыг үнэлгээний компанийн үнэлгээ мэдэх боломжгүй. Манайх засвар хийлгээд нүүж орсон. Засвар хийснээс хойш байранд ус алдаагүй. Байрны нойлын асуудал, балконы нөхцөл зэрэг бодит мэдээллийг өгсөн.

Засвар хийсэн үед гарсан алдаа, тухайн засварчдын үйл ажиллагаанаас үүдсэн асуудлыг би өнөөдөр төлөх үндэслэлгүй.

Хэрвээ том өрөөнд ус алдсан бол гадна талаасаа үүссэн байж болзошгүй гэж үзэж байна. Балкон дээр ус алдаагүй бөгөөд том өрөөнд бороо, усны нөлөөгөөр ус алдаж байсныг байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэж байна. Мөн тухайн үед уснаас болж шатсан 26 ширхэг нүдэн гэрлийн аль нь шатсан, хэдийг нь сольсон гэдгийг бүрэн тодорхойлж чадахгүй байна. Үүний улмаас нэхэмжлэлийн шаардлага Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.11-д заасны дагуу тодорхойгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 62.1.4-д заасан нэхэмжлэлийн үндэс, шаардлага, нотлох баримт хангалтгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Дээд айл засвар хийхдээ доод айл руугаа ус алдаж, доод айлдаа засварлаж өгнө гэж амласныхаа дагуу засварлаж өгөөгүй байна. Нэхэмжилсэн төлбөр бодитой зөв гэж үзэж байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

4.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4/

4.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 5/

4.3. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 7/

4.4. Хас Үнэлгээ ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт /хх 8/

4.5. Хас Үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 9-13/

4.6. Зарлагын баримт /хх 14/

4.7. Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ОСНААГазарт гаргасан өргөдөл /хх 15/

4.8. Фото зургууд /хх 23-36/.

 

5. Хариуцагчаас нотлох баримтаар дараах баримтыг шүүхэд гаргасан. Үүнд:

5.1. Итгэмжлэл /хх 124/

5.2. Хариу тайлбар /хх 126-127/

5.3. Фото зургууд /хх 163-165/.

 

6. Шүүх хариуцагчаар татагдсан ын хүсэлтээр Ч тоот хаягт байршилтай улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 94-203/

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******гийн хариуцагч Э.*******д холбогдох гэм хорын хохиролд 916,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч С.******* нь анх хариуцагчаар Э.Мөнхцогийн тодорхойлон түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг аар, ыг Э.*******өөр тус тус сольсон.

 

2. Нэхэмжлэгч С.******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Манай дээд давхрын айл болох Ч тоот айл байрандаа засвар хийх явцдаа тагтны хаалгаа солихдоо буруу суулгаснаас болж том өрөө рүү борооны ус орж тагтны дээд талын тааз нурж унасан, том өрөөний болон коридорын нүдэн гэрлүүд шатаж массласан байдалтай байгаа тул нүдэн гэрлүүд болон том өрөөнд учирсан хохирлоо арилгуулахаар 916,100 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч Э.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр үгүйсгэж татгалзсан. Үүнд:Тагтны хаалга солихдоо буруу суулгаснаас болж доошоо ус алдсан гэдэг нь үндэслэлгүй. Хэрэв тагтны хаалга буруу суулгаснаас болж ус алдсан тохиолдолд зөвхөн тухайн айлын гэрт ус орно уу гэхээс доод айлын руу ус орохгүй. Засвар хийсэн үед гарсан алдаа, тухайн засварчдын үйл ажиллагаанаас үүдсэн асуудлыг хариуцах үндэслэлгүй, ус алдсан шалтгааныг бүрэн тогтоогоогүй гэнэ.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч С.******* нь Ч тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч,

хариуцагч Э.******* нь Ч тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай 38 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нар болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тус тус нотлогдон тогтоогдож байна. /хх 7, 95/

 

Хариуцагч Э.*******ийн 42 тоот орон сууц нь нэхэмжлэгч С.*******гийн 38 тоот орон сууцны дээд давхарт байрладаг, хариуцагч нь 2023 онд тухайн орон сууцыг худалдан авч засварын ажилчид хөлссөн бүрэн засвар хийсэн талаар талууд тайлбарласан ба маргаангүй байна.

 

4.2. Харин талууд гэм буруугийн асуудлаар буюу нэхэмжлэгчийн орон сууцанд учирсан хохирол нь хариуцагчийн орон сууцандаа засвар хийсэн үйл баримттай шууд шалтгаант холбоотой эсэх, үүнд хариуцагч буруутай эсэх асуудлаар маргаантай байна.

Тодруулбал: Нэхэмжлэгчээс өөрийн эд хөрөнгөнд хохирол учрах болсон шалтгаан нөхцөлийг гэрийн эзэн хэлэхдээ тагтны хаалга солихдоо буруу суулгаснаас болоод доошоо ус алдчихаж ... бид тагтаа дахин янзлаад ус алдаад байгаа хэсгийг засна аа гэсэн. Хэд хоногийн дараа дахин уулзахад тагтаа янзалчихсан, одоо дахиж ус алдахгүй гэж хэлээд хатахаар нь засварлаад өгье, одоо чийгтэй болохоор болохгүй гэж хэлсний дагуу хатах хүртэл нь хүлээсэн ...тагтны хаалгаа зассан гэж хэлснээс хойш дахиж ус алдаагүй... гэж тайлбарласан.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тагтны хаалга сольсон үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд доод айл руу ус алдсан нь тагтны хаалгатай холбоогүй, гадаа бороо орсны улмаас балкон дээрээс ус урссан, манайхаас ус алдаагүй гэж тайлбарласан.

 

Орон сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т заасан сууц, сууцны бус зориулалттай хэсгийг ашиглах, түүнд засвар өөрчлөлт, шинэчлэл хийхдээ хууль тогтоомж, норм, стандартад заасан шаардлагыг сахин биелүүлэх, бусад өмчлөгчдийн эд юманд хохирол учруулахгүй, хууль ёсны бусад эрх, ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүрэгтэй.

 

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх бөгөөд зөрчил гаргахгүй байх буюу өөрийн орон сууцандаа засвар хийхдээ бусад өмчлөгчдийн эд юманд хохирол учруулахгүй байх нөхцөлийг хуулийн дагуу орон сууц өмчлөгч бүрдүүлнэ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан.

 

Хариуцагч нь өөрийн гэм буруугүй болохыг баримтаар нотлоогүй бөгөөд хэрэгт авагдсан фото зураг, Хас үнэлгээ ХХК-ийн тайлан, нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагчийн орон сууцандаа засвар хийсэн цаг хугацаанд нэхэмжлэгчийн орон сууцны тагтны хэсгээр борооны ус орж, цонхны амлагааны шавар нурж, тааз норж шарлан, обой хууларсан болох нь тогтоогдож байна.

 

Иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн талаарх дээд айл засвар хийхдээ доод айл руугаа ус алдаж, засварлаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага зөв гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн том өрөөнд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

4.3. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан бодит хохирлыг шаардсан бөгөөд өөрийн тайлбарыг нотлохоор Хас үнэлгээ ХХК-ийн гаргасан хохирлын үнэлгээний тайлан болон тайланг гаргуулсан ажлын хөлсөнд 66,600 төгрөгийг төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хариуцагчаас энэхүү үнэлгээг няцаах баримтыг гаргаагүй. /хх 8-13/

 

Үнэлгээнд цонхны амлагаа хийх, гипсэн тааз угсрах, буулгах, будаг хийх обой наах, цагаан замаск хийх, эмульс хийх, хана хусч цэвэрлэх, хог хаягдал цэвэрлэх ажлын хөлсийг 382,500 төгрөгөөр, цагаан замаск, гипс, будаг, обой, обойн цавуу, эмульс, туслах материал авах зардлыг 169,000 төгрөгөөр, тээврийн хөлсийг 40,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул хариуцагчаас 658,100 төгрөг /382,500+169,000+40,000+66,600/-г гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

4.4. Харин нэхэмжлэгчийн ... засварын дараа ч гэрлүүд заримдаа анивчаад унтраад байдаг хэвээрээ байгаа ... гэх тайлбар нь нүдэн гэрлүүд шатсан үйл баримт хариуцагчийн засвар хийсэнтэй шууд шалтгаант холбоогүйг нотолж байх тул үүнтэй холбоотой хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас нүдэн гэрэл авсан зардал 228,000 төгрөг болон Хас үнэлгээ ХХК-ийн тайланд тусгасан нүдэн гэрлийн үнэ 30,000 төгрөг, нийт 258,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

5. Нэхэмжлэгчээс нойлын өрөөнд хохирол учирсан үйл баримтыг нэхэмжлэлдээ дурдсан хэдий ч энэ талаарх хохирлыг шаардаагүй болохыг тэмдэглэв.

 

Хариуцагч нь гэм хорын хохирол учрахад бусад этгээдийн хариуцлагагүй байдал нөлөөлсөн гэж үзвэл шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

6. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 20,344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Э.*******өөс 658,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 258,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26,536 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.*******өөс улсын тэмдэгтийн хураамжид 20,344 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.АЗЗАЯА

 

ШҮҮГЧИД Н.ГАНТУЯА

 

О.ЦЭНД-АЮУШ