Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/185

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагч П.Итгэл

Шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-од холбогдох эрүүгийн 1838004100231 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.Б-, 1961 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн зах-2 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.2 дахв хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, регистрийн РЭ61100671 дугаартай.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Зах-2 тоот хашаанд хохирогч С.А-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Зах-2 тоот хашаанд хохирогч С.А-тай маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд: Шүүгдэгч Г.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…А- манай эхнэрийн төрсөн дүү байгаа юм А- хөдөөнөөс Мөрөн ирээд оршин суух хашаагүй болоод манай хашаанд буугаад хоёр жил болж байгаа юм. Тэгээд энэ хавраас хойш А-г хашаанаасаа нүү гээд хөөгөөд хүчрэхгүй байгаа юм манай хамаг түлээ банзыг өвөлжин түлээд дуусгасан, тогны мөнгөө ч төлөхгүй байгаа тэгээд 2018 оны 05 сарын 26-ны орой 19 цагийн үед намайг гэртээ байж байхад гаднаас А- орж ирэхээр нь танайх одоо нүүгээрэй гээд бид хоёрын дунд хэрүүл болсон. Намайг хэдэн өнчин хүүхдийн мөнгө авч идлээ гэхээр нь миний уур хүрээд модоор гар луу нь цохисон хөл рүү нь нэг цохисон тэгж байтал цагдаад дуудлага өгсөн байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 Хохирогч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “…Тэгсэн хүргэн ах Б- намайг гэрийн үүдэнд зогсож байхад хүрч ирээд танайхан гэрийн юмаа аваад зайл гэсэн тэгэхээр нь би гэрт нь ороод би байр саваа олоод эндээс чинь гарчихъя гэж гуйсан тэгсэн Б- ах уурлаад та нар хашаанаас нүүж зайл гэсэн тэгснээ мод барьж гүйж ирээд миний зүүн хөл рүү хоёр удаа, зүүн гар луу нэг цохисон баруун мөр луу нэг цохисон тэгэхээр нь би газар уйлаад суухад Б- ах гэрээсээ гараад явчихсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 247 дугаартай: С.А-гийн биед зүүн талын шуу ясны цууралт, баруун мөр зүүн шилбэний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. С.А-гийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/, Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг Зах-2 тоот хашаанд хохирогч С.А-тай тогны мөнгө өгөөгүй, банз түлсэн гэх шалтгаанаар маргалдан улмаар түүнийг модоор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хэрэгт тусгагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Г.Б- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Г.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Г.Б-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван зуун цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Хохирогч С.А- нь шүүгдэгч Г.Б-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Эрүүгийн 1838004100231 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-од гурван зуун /300/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 838004100231 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР