2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/09079

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 24

191/ШШ2025/09079

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: С тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б тоот хаягт оршин суух, ******* ******* овогт ******* ******* /РД:*******/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 30,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хариуцагч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.

/Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.*******од холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30,900,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.******* миний бие иргэн Ц.*******той 2023 оны 11 сарын 07-ны өдөр 1 сарын хугацаатай, 3% хүүтэй 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулж 2023 оны 11 сарын 09-ний өдөр Ц.*******ын Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн болно. Уг зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.2-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3%-н алдангийг тооцохоор заасан. Ц.******* нь 2025 оны 05 сарын 13-ны өдөр хүртэл нэг ч төгрөг төлөөгүй бөгөөд нийт 1 жил 5 сар гаруй хугацаа өнгөрсөн байна.

Иймд үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 10,300,000 төгрөг, нийт 30,900,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Би 20,000,000 төгрөгийг өөрөө аваагүй. 2024 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн төлөөлөгч , менежер болон өмгөөлөгч нартай уулзаж, харилцан тохиролцоо хийсэн. Тухайн үед 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. Энэ тухай бичгээр бус амаар ярилцан тохиролцсон болно.

Би уг төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр санал гаргасан бөгөөд хэрэв тухайн хугацаанд шийдэгдэхгүй бол 30,900,000 төгрөгийн нэмэлт төлбөр хүлээхэд бэлэн гэдгээ илэрхийлж, эвлэрэх санал гаргасан. Гэвч нэхэмжлэгч тал уг саналыг хүлээн аваагүй.

Нэхэмжлэгчийн болон манай Ган металл хаус компани нар 2023 оны 09 сарын 20-ноос эхлэн Улаанбаатар төмөр замын 68 нэгжид будаг нийлүүлж эхэлсэн. Манай компани Улаанбаатар төмөр замд будаг нийлүүлэх гэрээтэй бөгөөд нийлүүлэх будгийг ХХК-иас авсан. Будаг нийлүүлсэн өдрүүдээс хойш зарим хэсэгт будаг, будаг шингэлэгчийн чанартай холбоотой маргаан гарсан. Зарим газруудад бүтээгдэхүүний үнэр, холимог реакцийн улмаас хүндрэл үүссэн, Үүнээс болж Улаанбаатар төмөр замд гомдлууд гарсан байсан.

Уг нөхцөлөөс шалтгаалж тухайн хэсэгт нийлүүлсэн нийт будгийн 15 хувийг хүлээлгэн өгсөн боловч үлдэгдэл төлбөрүүд хойшилсоор нөхцөл хүндрэн гэрээг бүрэн биелүүлэхэд саад учирсан. *******аас авсан 20,000,000 төгрөг нь манай компанийн тендерт оролцох, будаг хүлээн авах тохиролцоог хийсний үндсэн дээр дамжуулан авсан мөнгө бөгөөд уг мөнгийг би бэлнээр авч, бусдад дамжуулсан. Эхэндээ энэ мөнгийг зээл гэж авсан мэт бичигдсэн ч бодит байдал дээр бид буцааж өгөхөөр тохиролцсон. Би 15,000,000 төгрөгийг төлөх бэлэн байдлаа илэрхийлсэн бөгөөд мөн тухайн үед гэрээг цуцлах эрсдэл үүссэн учраас тухайн нөхцөлд ийм арга хэмжээ авах шаардлага гарсан гэж үзэж байна. Нийтдээ бидний хувьд тулгарсан асуудал нь будаг хүлээн авахтай холбоотой маргаан, уг маргааныг зохицуулах зорилгоор хийсэн зуучлалын гүйлгээ, мөн түүнтэй холбогдох НӨАТ-ын шилжүүлэгтэй холбоотой зохицуулалт биелээгүй нь үндсэн шалтгаан. Тийм учраас надад тулгасан 30,900,000 төгрөгийн нэхэмжлэлд би хариуцлага хүлээх боломжгүйг, харин тохиролцоогоор 15,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн байснаа дахин нотлон хэлж байна.

 

3. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/,

3.2. Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 3/,

3.3. 2023.11.07-ны өдрийн зээлийн гэрээ /хх 5-7/

3.4. Итгэмжлэл /хх 26/.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэлийг гаргасан болно. /хх 12, 30/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Ц.*******той зээлийн гэрээ байгуулж, түүнд 20,000,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэйгээр 1 сарын хугацаанд зээлдүүлсэн. Ц.******* нь зээлийн гэрээний дагуу үүргээ биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000, алданги 10,300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэнэ.

 

3. Хариуцагч Ц.******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр маргасан. Үүнд: Нэхэмжлэгчтэй зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ХХК-ийн нийлүүлсэн будаг, будаг шингэлэгчтэй холбоотой гомдлыг дарах зорилгоор авч, бусдад дамжуулан өгсөн болохыг нэхэмжлэгч мэднэ. Би нэхэмжлэгчид 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон тул үлдэх төлбөрийг хариуцахгүй гэнэ.

 

4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Ц.******* нар нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч Б.******* нь 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр 20,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.*******од шилжүүлэх, зээлдэгч Ц.******* нь 2023.12.07-ны өдөр үндсэн зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр харилцан тохиролцож, бичгээр гэрээ байгуулж талууд гарын үсгээ зурсан байна. /хх 5-7/

 

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 282 дугаар зүйлийн 282.1-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж, түүнчлэн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, зохигчид зээлийг үнэтэй буюу хариу төлбөртэй өгөхөөр харилцан тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах ёстой бөгөөд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд зээлийн хүүгийн талаар бичгээр тохиролцох учиртай.

 

Ийнхүү зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т хариуцагч Ц.******* нь 3 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна.

 

4.3. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 207 дугаар зүйлийн 207.1.3-т мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгчийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20,000,000 төгрөгийг хариуцагч Ц.*******ын Хаан банкны тоот дандсан шилүүлэн өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч баталж 20,000,000 төгрөгийг хүлээн авсан болохоо тайлбарласан.

 

Ийнхүү нэхэмжлэгч Б.******* гэрээгээр хүлээсэн зээл олгох үүргээ биелүүлсэн байна.

 

4.4. Гэрээгээр хариуцагч Ц.******* нь 2023.12.07-ны үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, нийт 20,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

Гэвч энэхүү үүргээ биелүүлээгүй талаар нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь тайлбарласан.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчтэй 15,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Иймд хариуцагч нь зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 600,000 төгрөг, нийт 20,600,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

4.5. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн зээлийн гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийг хэрэглэхээр тохирчээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасан.

 

Нэгэнт хариуцагч буюу зээлдэгч тал зээлийг хугацаандаа төлөөгүй байх тул тэрээр гэрээнд заасан алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээх ба гагцхүү алдангийн хэмжээ тус хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Ийнхүү хариуцагчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн зээлийн гэрээний дагуу төлбөл зохих 20,600,000 төгрөгөөс 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувиар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч байгаа учир алдангийн хэмжээг 10,300,000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн шаардлага хуульд нийцэж байна.

 

Иймд хариуцагчаас 30,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хувийн шалтгаанаар шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй болсон гэх үндэслэлээр өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.

 

 

6. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Ц.*******оос 30,900,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Б.*******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.*******оос улсын тэмдэгтийн хураамжид 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   О.АЗЗАЯА