| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2402002000360 |
| Дугаар | 2025/ДШМ/81 |
| Огноо | 2025-01-14 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/81
2025 01 14 2025/ДШМ/81
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч Б.Б-,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2402002000360 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б-ийн Б-, 2001 оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сүхбаатар дүүрэгт оршин суудаг гэх, (РД:…), урьд:
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 612 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 3, 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан өсвөр насны шүүгдэгч Б.Б-д 1 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих, энэ тогтоолоор оногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 416 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн;
Б.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, ... байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамин (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,
2024 оны 10 дугаар зарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... худалдааны төвийн орчимд Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-г үргэлжилсэн үйлдлээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие эрх чөлөөтэй байх хугацаандаа өмнөх хар тамхичдаас зайгаа барьж, чадахаараа зугтаж, өөрийгөө тусгаарлаж, оюун санаандаа дахин нийлж болохгүй гэж ухамсарласан. Эхнэр маань намайг хуурснаас болж амиа хорлох гэж хүчтэй өвчин намдаагч маш ихээр хэрэглэн Цэргийн төв эмнэлэгт сэхээнд орж, 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Хамгийн сүүлд хэрэг гардаг өдөр эхнэр маань хуучин найз залуутайгаа уулзсан гэдгийг сонсоод хуучны танил хар тамхины наймаачинтай холбогдон хар тамхи авсан. Тэгээд би хадмындаа очиж, гэнэтийн маргаан үүсгэж, удалгүй намайг цагдаад барьж өгсөн. Нэг удаагийн ухаангүй, сэтгэлийн тэнхээгүй үйлдлээс болж дахин хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний ирээдүйг бодон энэ хар дарсан зүүднээс хамгийн сүүлийн удаа хүнлэг талаас нь энэрэнгүй хандаж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Намайг бусдын адил залуу хүний хувьд сурч боловсорч, үр хүүхдээ өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлэх боломж олговол дахин гэмт хэрэг үйлдэхгүй, залууст үлгэр жишээ байж чадна...” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Б-гийн хувьд өмнө нь энэ төрлийн гэмт хэргээр ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай. Мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж, цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад Чингэлтэй дүүргийн дэвсгэрээс баривчлагдахдаа дахин энэ төрлийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай бодисыг биедээ хадгалсан, хэрэглэсэн буюу цуснаас нь сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн. Ийм нөхцөл байдалтай үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хариуцлага нийгэмшүүлэх, цээрлүүлэх зорилготой байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь бусдыг уруу татах, нийгэмд хор аюул учруулах нөхцөл байдалтай байдаг учраас шүүгдэгчийг нийгмээс тусгаарлаж, хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо ... байрны ... тоотод эхнэр Ж.Х-тай маргалдаад байж байхад цагдаа ирсэн. 1 ширхэг зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийг нь тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өглөө 9 цагийн үед гадуур явж байхдаа “...” гэх зүс таних ахтай таараад 700,000 төгрөг бэлэн өгч, худалдаж авсан. Нөгөө зиплок түгжээтэй уутанд хийсэн цагаан нунтаг зүйл нь жамц давс байсан. ...2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр найзынхаа төрсөн өдөрт очихдоо хэрэглэж байсан...” гэх мэдүүлэг (1хх 103-104),
2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Б.Б-гийн шээснээс ТНС илэрсэн, MET илэрсэн, МЕР илэрсэн, GAB илэрсэн, MDMA илэрсэн...” гэх (1хх 33-34),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1393 дугаар “...Б.Б-гийн шээсний дээжээс тетрагидроканнабинол tetrahydrocannabinol), метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1хх 74-76),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1369 дүгээр “...2 ширхэг жижиг ууттай цагаан нунтаг бүхий бодисын дээжээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн метамфетамин (methamphetamine) нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтанд багтдаг болно...” гэх (1хх 64-66),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 976 дугаар “...Б.Б- нь сэтгэцийн ямар нэг өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, сэтгэцийн ямар нэг өвчингүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах болон сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна...” гэх (1хх 60-62) дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн ...дугаар хороо, ... байрны ... тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “мөс” гэх нэршилтэй метамфетамин (methamphetamine) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт;
Мөн хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
шүүгдэгч Б.Б-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн үед найзтайгаа уулзахаар “Урт цагаан” орох замд намайг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагч нар баривчилсан. Би өмнө нь Хар тамхитай тэмцэх газарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр шалгагдаж байсан бөгөөд айгаад мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй зугтаад явж байсан. Ингээд намайг Хар тамхитай тэмцэх газарт авч ирээд, нэгжлэгээр миний биеэс гялгар уутанд хийсэн өвс гарч ирсэн. Би тухайн өвсийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр хойд талын хашааны ордог хэсгээс олж авсан...” гэх мэдүүлэг (1хх 217-218),
2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай “...Б.Б-гийн шээснээс MET илэрсэн, ТНС илэрсэн...” гэх (1хх 190-192),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 5801 дүгээр “...Б.Б-гийн шээсний дээжээс тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol), метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1хх 208-210),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 5802 дугаар “...Ирүүлсэн бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх (1хх 203-205) дүгнэлтүүд зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 10 дугаар зарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ... худалдааны төвийн орчимд мөн жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, агуулгын хувьд хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх бөгөөд эдгээрийг үндэслэн шүүгдэгч Б.Б-гийн хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн зорилгыг тус хуулийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж тодорхойлж, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байхаар хуульчилсан тул шүүхээс ял шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг сонгон оногдуулахдаа эдгээр нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэх учиртай.
Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнээс сонгон хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангид заасан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зэрэг шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон заалтыг хэрэглэх эсэх нь шүүхэд Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх билээ.
Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцохоор хуульчилсан.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлж, өөрийгөө удирдан жолоодох чадварыг алдагдуулж, сэтгэцийн тогтворгүй байдал, улмаар сэтгэцийн өвчлөл үүсгэдэг аюултай нөлөөлөл бүхий бодис юм.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж болохуйц, нийгмийн хор аюул ихтэй тул энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, түүнээс урьдчилан сэргийлж, энэхүү бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, таслан зогсоох зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцсон.
Дээрх үндэслэл, зарчмыг удирдлага болгон анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тус гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэрээр урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэрэг нөхцөл байдлуудад тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцжээ.
Хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Б- нь 2021 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, худалдсан, хадгалсан гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан боловч дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон нь тэрээр гэм буруугаа ойлгож, ухамсарлаагүй, дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Иймд шүүгдэгч Б.Б-гийн гаргасан “хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаан болсон 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл нийт 46 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Анхан шатны шүүх хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тариур, натри хлорид, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэсэн нь зөв боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Учир нь, хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийг харьяалах шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нэгж гүйцэтгэхээр заасан тул хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/848 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.” гэснийг “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-гийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл нийт 46 (дөчин зургаа) хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН