Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2026/0771

 

 

 

 

   2026          09           02                                     128/ШШ2026/0771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Дүгнэлт гаргагч:Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******;           

            Хариуцагч:Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч Ц.Т*******;

            Гуравдагч этгээд:“Г*******” ХХК /эмнэлэг/, /РД:*******/ нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:Дүгнэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Т.Э*******, хариуцагч улсын байцаагч Ц.Т*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хүслэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг.Хэргийн үйл баримтын тухай:

            1.1. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч Ц.Т******* /цаашид “Улсын байцаагч” гэх/ хяналт шалгалт явуулаад, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар “Г*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2,000,000.0 /Хоёр сая/ төгрөг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.

            1.2.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М*******аас Улсын байцаагчийн дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.

            Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:

            2.1.Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.М******* шүүхэд гаргасан дүгнэлтэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч Ц.Т*******гийн “Г*******” эмнэлэг нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэх зөрчлийн ЭМД01/26-5 дугаартай гомдлыг хялбаршуулсан журмаар шалгаж, 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000.0 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0 дугаартай шийтгэлийн хуудас бүхий материалыг шалгалтын явцад хянав.

Материалд зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогч С.Х*******ын 2026 оны 04 сарын 21-ний өдрийн “... Г******* эмнэлэгт мэс засалд ороогүй, ... огт үзүүлж байгаагүй” гэх мэдүүлэг, холбогдогч З.Ц*******ийн 2026 оны 04 сарын 21-ний өдрийн “... Х.Д******* гэх 13 настай хүүхэд эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй” гэх мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалын зардлын цахим систем дэх мэдээллээс татан авсан баримтад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, үйлчилгээ авсан гэх иргэний мэдээлэл зэрэг бичгийн нотлох баримтууд цугларсан байна.

            Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоохдоо "Г******* эмнэлгийн үйлдсэн зөрчил нь цахим систем дэх мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг, мөн холбогдогч хүлээн зөвшөөрснөөр тогтоогдсон" гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй үзэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэлээ. Үүнд:

            Хэрэг бүртгэх ажиллагааны явцад С.Х*******ын хохирогчоор өгсөн “Г*******” эмнэлэгт мэс засалд орсон гэсэн мэдээлэл даатгалын цахим системд байна. Энэ эмнэлэгт мэс засалд орсон уу танай хүүхэд?” гэсэн асуултад “... мэс засалд ороогүй. ... огт үзүүлж байгаагүй” гэсэн мэдүүлэг, холбогдогч З.Ц*******ийн “... Х.Д******* гэх 13 настай хүүхэд танай эмнэлгээс тусламж үйлчилгээ авч байсан уу?" гэсэн асуултад "аваагүй", "Эрүүл мэндийн даатгалын цахим системд энэ хүүхдийн нэр дээр регистрийн дугаараар 2025 оны 5 сард нэхэмжлэл ирж 925,000 төгрөг олгосон байна. Энэ нэхэмжлэлийн тухай та мэдэж байна уу?” гэсэн асуултад “Мэдээгүй, хяналт сул байсан”, “хуурамч нэхэмжлэл ирүүлсэн байна гэж ойлгож болох уу?” гэсэн асуултад “Болно” гэж хариулсан тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын зардлын цахим систем дэх мэдээллээс татан авсан баримт материалуудад үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр,

“Г*******” эмнэлэг нь 2025 оны 05 дугаар сард Хийн Д*******д мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000 төгрөг олгосон үйл баримт тус тус тогтоогдсон байна.

            Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчил нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг буюу эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх үүргийн зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйгээр тодорхойлогдоно.

            Харин эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүнд холбогдуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч, даатгалын сангаас төлбөр авахаар хуурамчаар тайлан тооцоо, холбогдох бичиг баримтыг гаргаж, эрүүл мэндийн даатгалын сангаас даатгалын нөхөн төлбөр авсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар даатгалын нөхөн төлбөр авсан” байдлаар тухайн гэмт хэргийн шинж тодорхойлогдоно.

            Хэрэгт авагдсан баримтаар “Г*******” эмнэлэгт тухайн эмнэлгээс эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч байгаагүй 13 настай Х.Д*******ыг 2025 оны 05 дугаар сард мэс заслын тусламж үйлчилгээ авсан мэт бүртгэлийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын зардлын цахим системд бүртгэл үүсгэж, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 925,000 төгрөг авсан гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6, 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж, “Г*******” эмнэлэг нь эрүүл мэндийн даатгалын сангаас УО регистрийн дугаараар 925.000 төгрөгийг нэхэмжлэн авсан үйлдэлд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

            Иймд “Г*******” эмнэлгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулах шаардлага үүсэж байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч Ц.Т*******гийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч "Г*******” эмнэлгийг 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

   ... Х.Д******* гэдэг хүүхэд “Г” эмнэлгээс огт тусламж, үйлчилгээ аваагүй байхад “Г” эмнэлэг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000.0 төгрөг авсан. Энэ үйлдлийг эрх бүхий албан тушаалтан буюу хариуцагч Ц.Т******* зөрчил байна гэж үзсэн. Гэхдээ манай зүгээс энэ үйлдлийн цаана гэмт хэргийн шинж нуугдаж байна гэж харж байгаа. Сая гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, ажилтан нь санаатайгаар өөртөө мөнгө завшаад 925,000 төгрөг авсан юм уу, эсхүл “Г” эмнэлэг санаатайгаар 925,000.0 төгрөгийг хууль бусаар аваад хэрэглэсэн юм уу гэдгийг тогтоох ёстой байсан гэж тайлбарлаж байна. Мөрдөн байцаагч энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад үнэхээр гэмт хэргийн шинж агуулагдаагүй байна гэж үзвэл прокурор энэ хэргийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ гэдэг байдлаар дүгнэлт гаргана. Гэмт хэргийн шинж агуулсан буюу гэмт хэрэг байна гэж үзсэн учраас прокурор энэ дүгнэлтийг гаргасан.

Жишээ нь 1 хүнээс 5,000 төгрөг гуйхад, нөгөө хүн нь халааснаас очоод 5,000 төгрөг аваарай гэсэн байхад, гуйсан хүн очиход халаасанд нь 925,000 төгрөг байсныг бүгдийг нь авбал гэмт хэрэг болно. Үүнтэй л адилхан гэмт хэргийн шинжтэй Эрүүл хуулиар зохицуулагдах маргаан гэж ойлгох ёстой, Прокуророос энэ үйлдэл гэмт хэрэг мөн эсэхийг шалгаж тогтоох шаардлагатай тул дүгнэлтийг хангаж өгнө үү” гэв.

            2.2.Хариуцагч Улсын байцаагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоохдоо “... "Г*******” эмнэлгийн үйлдсэн зөрчил нь цахим систем дэх мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг, мөн холбогдогч хүлээн зөвшөөрснөөр тогтоогдсон гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэлтээ гаргасан байна.

            Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т "Хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг эрүүгийн хариуцлага, шийтгэл, албадлагын арга хэмжээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж заасан байх тул "Г*******" эмнэлэгт хялбаршуулсан журмаар оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин тухайн зөрчлийг үйлдсэн хүнийг шалгах эрх зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор баталсан Чанар, төлбөрийн хяналтын журмын Гурав.Чанар, төлбөрийн хяналтын төрөл, зохицуулалт хэсгийн 3.7-д “Чанар төлбөрийн хяналтыг хийж нэхэмжлэлийг хянах явцад дараах зөрчлүүд илэрсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхгүй, зөрчлийн санд бүртгэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр шийдвэрлэнэ. Үүнд:3.7.1.Тусламж үйлчилгээ үзүүлээгүй мөртлөө үзүүлсэн хэмээн санаатайгаар хуурамч нэхэмжлэл илгээх” гэж заасан байдаг. Энэ журмын дагуу хуурамч нэхэмжлэл илгээсэн тохиолдолд гэрээний заалтаар шийдвэрлэнэ гэсэн байна. Мөн түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 02 сарын 24-ний өдрийн А/30 дугааp тушаалаар баталсан Нэхэмжлэлийг хянах журмын 7.23, 7.24-д зааснаар хуурамч нэхэмжлэлийг 03 кодоор зөрчлийн санд бүртгэн, Худалдан авалт, гэрээлэлтийн газар нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үүрэг, хариуцлагын дагуу шийдвэрлэж ажиллана гэсэн байна.

Тухайн хугацаанд нэхэмжлэлийн нарийвчилсан хяналтаар хуурамч гэдгийг илрүүлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөр 925.000 төгрөг гарсан.

            Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “Г*******” эмнэлэг хооронд байгуулсан Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах УБ-02/014 тоот гэрээний 3.8-д дараах тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно, 3.8.2. дараах зөрчлийн тохиолдол нийлбэр дүнгээрээ тухайн хугацаанд ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн 10 хувьд хүрсэн бол” гээд 3.8.2.1-т “хуурамч нэхэмжлэл илгээсэн” гэсэн байдаг.

            Тухайн хугацаанд эдгээр зөрчлүүд хэдэн хувьтай байсан, 10 хувьд нь хүрсэн эсэхийг мэдэх боломжгүй, гэрээ цуцлагдаагүй байгаад 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон.

Тус эрүүл мэндийн байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн         13.1.2-д заасан эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулж, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага энэ үүргээ биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 10.19.2-д зааснаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

            Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж заасны дагуу холбогдогч зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн тул хялбаршуулсан. Хуульд заасан торгох шийтгэл оногдуулж, хохирлыг Эрүүл мэндийн даатгалын санд эргэн төлүүлсэн.

            “Г*******” эмнэлэг нь 2025 оны 05 дугаар сард Хийн Д*******д мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас 925.000 төгрөг олгосон үйл баримт тогтоогдсон байна” гэжээ. Эрүүл мэндийн байгууллагын илгээсэн мэдээллийг цахим систем бодит цагийн горимоор хүлээж авдаг бөгөөд уг мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээгүй, үзүүлсэн мэт нэхэмжилсэн, олгосон мөнгөн дүн нь зардлын түүхээс харагдаж байна.

            Мөн 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаар бүхий прокурорын дүгнэлтэд эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг буруу хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 6.4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчиж гэсэн нь ойлгомжгүй байгаа бөгөөд энэ заалтыг тус хуулиас хайгаад олоогүй болно.

   ... Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл манай байгууллагын дээд удирдлага. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргасан тогтоолыг манай байгууллага болон даатгалын байгууллагууд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй. 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн тогтоолоор Чанар, төлбөрийн хяналтын журам болон Нэхэмжлэлийн хяналтын журмыг тус тус баталсан. Чанар, төлбөрийн хяналтын журамд нэхэмжлэлийг хянах явцад зөрчлүүд илэрсэн тохиолдолд төлбөрийг гүйцэтгэхгүй зөрчлийн санд бүртгэх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээгээр шийдвэрлэнэ гэж заасан. Харин Нэхэмжлэлийн хяналтын журмын 7.23, 7.24-д гэрээгээр зохицуулна гэж заасан. Гэрээнүүдийг мөн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл баталдаг. Тэгэхээр  гэрээнд юу гэж заасан байна түүнийг мөрдөх ёстой” гэв.

            2.3.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Нэг.Эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч нь "Г*******” эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх тайлан, тооцоо болон холбогдох мэдээллийг үнэн зөв гаргаагүй гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдэд 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

            Шалгалтын материалаас үзэхэд 13 настай Х.Д******* нь 2025 оны 05 дугаар сард “Г*******” эмнэлгээс мэс заслын тусламж, үйлчилгээ аваагүй боловч эрүүл мэндийн даатгалын цахим системд тус эмнэлгээс мэс заслын үйлчилгээ авсан мэт бүртгэл үүсэж, 925,000 төгрөгийн санхүүжилт нэхэмжлэгдэн олгогдсон нөхцөл тогтоогдсон байна. 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, хохирогч С.Х*******ын мэдүүлэгт хүүхэд "Г*******" эмнэлэгт мэс засалд ороогүй, өмнө нь тус эмнэлэгт үзүүлж байгаагүй гэж мэдүүлсэн. Харин тухайн мэдүүлэг нь бодит бус мэдээллийг "Г*******" эмнэлгийн аль ажилтан, ямар хэрэглэгчийн эрхээр, хэний шийдвэр, зөвшөөрлөөр цахим системд оруулсныг тогтоогоогүй байна.

            Эрүүл мэндийн даатгалын зардлын цахим системээс татан авч, хөндлөнгийн гэрчийг оролцуулан үзлэг хийсэн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн тэмдэглэлээр Х.Д*******ын регистрийн дугаарт 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "Г*******" эмнэлэгт №47 оношоор мэс заслын тусламж үзүүлсэн гэж бүртгэн, Эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000 төгрөг нэхэмжлэн авсан болохыг баримтжуулжээ. Энэ нь бодит бус тайлан, нэхэмжлэл байгууллагын цахим эрхээр үүсэж, санхүүжилт олгогдсон объектив үйл баримтыг нотолж байна.

            Мөн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн УБ-02/014-0052 дугаартай нэмэлт гэрээгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар болон “Г*******” эмнэлгийн хооронд байгуулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээнд 2025 оны төсөв, сарын хуваарь, цахим системийн харилцааг зохицуулж, гэрээний хугацааг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжлүүлсэн байна. Иймээс 2025 оны 05 дугаар сарын нэхэмжлэл гарах үед эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хүчин төгөлдөр гэрээний харилцаатай, тайлан нэхэмжлэлийн үнэн зөв байдлыг хариуцах үүрэгтэй байсан нь бичгийн баримтаар тогтоогдоно.

            Хоёр.Эмнэлгийн удирдлагууд тухайн хүүхдийн мэдээллийг мэдээгүй, гэмт хэргийн шууд санаа тогтоогдоогүй талаар:

            “Г*******” эмнэлгийн үүсгэн байгуулагч, захирал 3.Цээс 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр авсан мэдүүлэгт Х.Д******* тус эмнэлгээс тусламж, үйлчилгээ аваагүйг хүлээн зөвшөөрч, 925,000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар мэдэж байсан эсэхэд "Мэдээгүй. Хяналт сул байсан" гэж хариулсан байна. Энэ мэдүүлгээр эмнэлгийн удирдлага тухайн 13 настай хүүхдийн хувийн болон даатгалын мэдээллийг цахим системд оруулсан, түүний нэрээр нэхэмжлэл үүсгэсэн талаар урьдчилан мэдэж байсан нөхцөл тогтоогдоогүй.

            Мөн удирдлагаас тухайн хүүхдийн нэрээр бодит бус бүртгэл үүсгэх, хуурамч баримт бүрдүүлэх, эсхүл эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000 төгрөг авах талаар ажилтанд үүрэг, чиглэл өгсөн, зөвшөөрсөн, хамтран шийдвэр гаргасан гэх баримт прокурорын дүгнэлт болон ирүүлсэн тэмдэглэлүүдэд тусгагдаагүй байна. Захирал З.Ц "хуурамч нэхэмжлэл ирүүлсэн гэж ойлгож болох уу" гэсэн асуултад "болно" гэж хариулсан нь нэхэмжлэл бодит бус байсныг шалгалтын үед хүлээн зөвшөөрсөн агуулгатай болохоос уг нэхэмжлэлийг урьдчилан мэдэж, зориуд үйлдсэн буюу үйлдүүлэхээр чиглэл өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг биш юм.

            Прокурорын дүгнэлтэд хуурамч мэдээллийг яг хэн цахим системд оруулсан, хэн нэхэмжлэлийг хянаж баталгаажуулсан, хэн төлбөрийн хүсэлтийг илгээсэн, удирдлагууд уг үйлдлийн талаар урьдчилан мэдэж байсан эсэх, хууль бус төлбөр авах санаа зорилго хэнд байсан болон олгогдсон төлбөрийг хэн захиран зарцуулсныг нэг бүрчлэн тогтоогоогүй. Эмнэлгийн удирдлагын зүгээс дотоод хяналт сул байсныг хүлээн зөвшөөрсөн тайлбар нь бодит бус нэхэмжлэлийг зориудаар үйлдсэн, эсхүл үйлдүүлэхээр зөвшөөрсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэгт тооцогдохгүй.

            Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар Даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар нөхөн төлбөр авсан байхыг шаарддаг санаатай гэмт хэрэг юм. Иймд гэмт хэргийн субъектийг, шууд санаа, зорилго, оролцоо болон шалтгаант холбоог эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох ёстой.

            Харин 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд зөрчлийн үндэслэлийг цахим системийн мэдээлэл, хохирогчийн мэдүүлэг болон холбогдогчийн хүлээн зөвшөөрсөн тайлбараар тогтоосон гэж тэмдэглэж, холбогдогч З.Ц уншиж танилцан гарын үсэг зурсан байна. Иймд хуулийн этгээдийн зөрчил үйлдсэн үйл баримт шалгалтын үед маргаангүй болж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх фактын болон процессын суурь бүрдсэн гэж үзнэ.

            Гурав.Хуулийн этгээдийн зөрчил болон хувь хүний болзошгүй гэмт үйлдэл нь ялгаатай:

            Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан, тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх үүрэгтэй гэж заасан.

            Энэхүү үүрэг нь мэдээллийг цахим системд оруулсан нэг ажилтны хувийн үүрэг бус, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийн бие даасан үүрэг юм. Үйлчилгээ аваагүй хүний нэрээр эмнэлгийн нэр, эрхээр нэхэмжлэл үүссэн бол байгууллага тайлан, тооцооны үнэн зөв байдлыг хангах үүргээ зөрчсөнд тооцох үндэслэлтэй. Удирдлага тухайн мэдээллийг мэдээгүй байсан нөхцөл нь шууд санаатай гэмт хэргийн шинжийг үгүйсгэх ач холбогдолтой боловч байгууллагын дотоод хяналт, тайлагналын үүргийг арилгахгүй.

            Нэмэлт гэрээний зохицуулалтаар үйлчилгээ үзүүлэгч байгууллага гэрээ болон холбогдох журамд заасан үүргээ биелүүлэх, иргэн, даатгуулагчаас хууль бус төлбөр авсан зэрэг зөрчил тогтоогдвол төлбөрийг буцаан төлөх болон Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцлага хүлээхийг зөвшөөрсөн байна. Иймд эмнэлгийн гэрээт үүрэг, хуулиар хүлээсэн тайлагналын үүрэг болон зөрчлийн хариуцлага харилцан уялдаатай.

            Иймд тодорхой ажилтан, албан тушаалтны үйлдэл Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй эсэхийг тусад нь шалгах боломжтой. Гэвч энэ нь "Г*******" эмнэлэг хуулийн этгээдийн хувьд тайлан, тооцоог үнэн зөв гаргах үүргээ зөрчсөн үйл баримтыг автоматаар үгүйсгэхгүй.

            Дөрөв.Захиргааны ерөнхий хуулийн зарчимд нийцсэн талаар:

            Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.4-т үр нөлөөтэй байх, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг баримтлахаар заасан.

            Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага тайлан, тооцоогоо үнэн зөв гаргах үүргээ зөрчсөн бодит нөхцөлд үндэслэж, Зөрчлийн тухай хуулийн 10.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчимд нийцнэ. Мөн эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хууль ёсны зарцуулалт, тайлангийн үнэн зөв байдлыг хамгаалах зорилготой тул мөн хуулийн 4.2.4. 4.2.5-д заасан үр нөлөөтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах зарчим тогтоосон. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эмнэлгээс тайлбар авч, холбогдох этгээдийн мэдүүлэг болон цахим системийн мэдээллийг шалгасан нь оролцоог хангах зорилготой нийцсэн байна. Харин оролцоог хангаагүй гэж прокурор маргаж байгаа бол уг зөрчил нь шийдвэрийн агуулгад бодитоор нөлөөлсөн, эмнэлэг тайлангийн үүргээ зөрчөөгүй болохыг нотлох хэмжээнд байсан эсэхийг тусгайлан тогтоох шаардлагатай.

            Тав.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл:

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д үндсэн шаардлагын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг түүний хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар заасан. Прокурорын дүгнэлтийг хангасан эсэхээс гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон эрүүл мэндийн даатгалын сангийн тайлагнал, хяналтын эрх зүйн үр дагавар хамаарах тул энэхүү тайлбарыг гаргаж байна.

            Мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2, 20 дугаар зүйлийн 20.1.2-20.1.7-д заасан зохицуулалттай уялдан гуравдагч этгээд нь хэргийн материал, нотлох баримттай танилцах, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон бусад нотлох баримт цуглуулах хүсэлт гаргах эрхтэй. Энэ хүрээнд цахим системийн нэвтрэлтийн бүртгэл, мэдээлэл оруулсан болон баталгаажуулсан хэрэглэгчийн мэдээллийг гаргуулах хүсэлт гаргаж байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэхээр, 32.2-т шүүх ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс шаардан гаргуулах эрхтэй байхаар заасан. Иймд зөвхөн прокурорын дүгнэлтэд дурдсан тайлбараар хязгаарлахгүйгээр мэдээллийг хэн оруулсан, хэн баталгаажуулсан, удирдлага уг мэдээллийг мэдэж байсан эсэх болон 925,000 төгрөгийн төлбөрийн баримтыг бүрэн цуглуулж шинжлэн судлах шаардлагатай.

            Түүнчлэн гомдол гаргагч С.Х******* 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гомдол, мэдээллээ хүлээн авахаас татгалзуулах хүсэлт гаргасан тогтоол хэрэгт авагдсан байна. Гомдлоос татгалзсан нь нийтийн ашиг сонирхол бүхий зөрчлийг заавал хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй боловч тухайн гомдлын анхны агуулга, аль эмнэлгийн ямар бүртгэлтэй холбоотой байсан, бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээлэл холилдсон эсэхийг шүүх нотлох баримтаар нягтлах шаардлагатайг харуулж байна.

            Гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан байсан ч эрх бүхий албан тушаалтан цахим системд бодит бус нэхэмжлэл бүртгэгдэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр олгогдсон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн үйл баримтыг өөрийн бүрэн эрхийн хүрээнд шалган шийдвэрлэх боломжтой. Учир нь энэ зөрчлийн шууд хохирогч нь зөвхөн гомдол гаргасан иргэн бус, Эрүүл мэндийн даатгалын сан бөгөөд иргэний хүсэл зориг нь сангийн хөрөнгийн зөрчлийг арилгахгүй.

            Тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхыг шаардсан. Прокурорын дүгнэлтийг хангахын тулд шийтгэлийн хуудас хууль бус болох, хэрэглэсэн хуулийн зүйлчлэл бодит нөхцөлд огт тохироогүй болох нь хангалттай нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Харин эмнэлгийн тайлан бодит үйлчилгээтэй нийцээгүй үйл баримт тогтоогдсон, зөрчлийн субъект болон болзошгүй гэмт хэргийн субъект ялгаатай байхад шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл хангалттай тогтоогдоогүй байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох зохицуулалтын агуулгад нийцүүлэн прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хангахгүй орхих нь зүйтэй.

            Зургаа. Прокурорын дүгнэлтийг хангахгүй орхих үндэслэл:

            1.Прокурор эмнэлгийн тайлан, тооцоонд бодит бус мэдээлэл орсон, 925,000 төгрөгийн санхүүжилт олгогдсон үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13.1.6-д заасан үүргийн зөрчлийг нотолж байна.

            2025 оны 03 дугаар сарын 07-ны нэмэлт гэрээгээр гэрээ 2025 оны 10 дугаар сарын 01 хүртэл хүчинтэй байсан тул 2025 оны 05 дугаар сард эмнэлэг гэрээт үйлчилгээ үзүүлэгч, тайлан нэхэмжлэлийн үнэн зөв байдлыг хариуцах этгээд байсан.

            2.Эрүүгийн хуулийн 18.15.1-д заасан гэмт хэргийн шууд санаатай субъект буюу мэдээллийг зориудаар оруулсан, баталгаажуулсан, төлбөр авах шийдвэр гаргасан хувь хүн прокурорын дүгнэлтээр тогтоогдоогүй.

3. Эмнэлгийн удирдлагууд тухайн 13 настай хүүхдийн мэдээллийг мэдээгүй, бодит бус бүртгэл үүсгэх үүрэг чиглэл өгөөгүй байхад хуулийн этгээдийн тайлагналын зөрчлийг шууд санаатай эрүүгийн гэмт хэрэгтэй адилтган зүйлчлэх боломжгүй.

            4.Хуулийн этгээдэд оногдуулсан зөрчлийн хариуцлага болон тодорхой хувь хүнд үүсэж болох эрүүгийн хариуцлага нь субъект, гэм буруу, хамгаалагдах эрх ашиг, нотлох зүйлээрээ ялгаатай тул нэг нь нөгөөгөө автоматаар үгүйсгэхгүй.

            5.Гэмт хэргийн шинжийг тусад нь шалгуулахаар прокурорт шилжүүлэх шаардлага байсан гэж үзсэн ч энэ ажиллагааны асуудал нь бодитоор тогтоогдсон тайлагналын зөрчил болон түүнд оногдуулсан торгуулийн материаллаг үндэслэлийг бүхэлд нь арилгахгүй.

            6.Прокурорын дүгнэлтийг хангаж шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосноор байгууллагаас бодит бус тайлан хүргүүлсэн үйл баримтад зөрчлийн хариуцлага хүлээлгэхгүй үлдэх, Эрүүл мэндийн даатгалын сангийн тайлангийн сахилга, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх үр дагавар үүснэ.

            7.Холбогдогч 3.Ц 2026 оны 04 дүгээр сарын 24-ний хялбаршуулсан ажиллагааны тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан, зөрчлийн үйл баримтыг хүлээн зөвшөөрсөн байхад уг баримтыг няцаасан шинэ нотлох баримт прокурорын дүгнэлтэд дурдагдаагүй.

   ... Тухайн үед ажиллаж байсан эмчид завших зорилгоор хувьдаа мөнгө авч ашигласан гэх үйл баримт байхгүй. Анхнаасаа ийм сэдэл, зорилго агуулаагүй байсан. Зөвхөн хайхрамжгүй хандлагаас нь болж энэ асуудал үүссэн. Гэтэл тухайн эмчийг биш байгууллагыг нь нийтэд нь Эрүүгийн хуулийн 18.15 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэж дүгнэлт гаргах нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хувь хүний гаргасан алдаа юу эсхүл байгууллагынх нь алдаа юу гэдгийг шалган тогтоох ёстой байсан. Мөн манай байгууллагыг өмнө нь ийм үйлдэл гаргаж байсан эсэх асуудлыг тодруулж шалгаагүй” гэв.

                    ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “захиргааны албан тушаалтны гаргасан шийтгэлийн хуудас үйлдэгдэн гарахдаа хуульд нийцсэн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Хариуцагч Улсын байцаагч нь иргэн С.Х*******ын гаргасан гомдолд үндэслэн “Г*******” ХХК-ийг “Эрүүл мэндийн даатгалын санд хуурамч мэдээл илгээсэн” гэх мэдээллээр хяналт, шалгалт явуулаад тус компанийг /эмнэлгийг/ “хуурамч нэхэмжлэл илгээсэн нь тогтоогдсон, зөрчлөө хүлээн зөвшөөрсөн” гэх үндэслэлүүдээр 2,000,000.0 төгрөгийн торгууль, 925,000 төгрөгийн нөхөн төлбөрт оногдуулж, зөрчлийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай Шийтгэлийн хуудас үйлдсэн байна[1].

2.2.Энэхүү Улсын байцаагчийн тогтоосон зөрчил болон ногдуулсан торгуультай “Г*******” ХХК маргаагүй, Шийтгэлийн хуудас[2] хүчин төгөлдөр болжээ.

2.3.Улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай Шийтгэлийн хуудас бүхий зөрчлийн хэргийг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.М******* хянасан байна.

2.4.Ингээд прокуророос энэхүү “Г*******” ХХК-ийг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй иргэний нэр дээр хуурамч нэхэмжлэл үйлдэж Эрүүл мэндийн даатгалын санд илгээж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000 төгрөг өөрийн компанийн дансандаа шилжүүлэн авч, тус санд хохирол учруулсан үйлдэл нь зөрчлийн хэрэг биш, эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан байхад Эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагч Ц.Т******* нь прокурорт “гэмт хэргийн шинжтэй энэ үйлдлийг прокурорт мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, хууль бусаар зөрлийн хэрэгт хамааруулж, захиргааны шийтгэл ногдуулсан” гэж үзжээ.

2.5.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор нь шүүхэд хандан 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Прокурорын дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

            Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавихдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 12.1.6-д “зөрчлийн хэрэг бүртгэлтэд хуулийн хэрэгжилтийг шалгах” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн зүйлийн 1.1-т “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах” мөн зүйлийн 1.7-д “прокурорын хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар эрх бүхий байгууллагад шаардлага хүргүүлэх” гэж заажээ.

            3.2.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд мөн хэсгийн 1.1-т “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг хянах” гэж, мөн хэсгийн 1.15-д “тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжтэй бол эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, харьяаллын дагуу шилжүүлэх” гэж, 6.6 дугаар зүйлийн 7-д “Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэн шийтгэл оногдуулсан, шийтгэлээс чөлөөлсөн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлнэ” гэж заажээ.

3.3.Хуулийн эдгээр заалтаар прокурор нь зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих эрх бүхий этгээд мөн бөгөөд эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хянах явцдаа аливаа этгээдийн гаргасан үйлдлийг зөрчлийн хэрэг, эсхүл эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан эсэхэд дүгнэлт өгөх нь түүний бүрэн эрхэд хамаарч байна.

3.4.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4-т “Зөрчил шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн бол эрх бүхий албан тушаалтан прокурорт даруй мэдэгдэж, холбогдох баримтыг хүргүүлнэ” гэж заажээ.

3.5.Хуулийн энэ заалтыг дагуу хариуцагч Улсын байцаагч нь “Г*******” ХХК-ийг тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй иргэний нэр дээр хуурамч нэхэмжлэл үйлдэж  Эрүүл мэндийн даатгалын санд илгээж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 925,000 төгрөг авсан үйлдлийг гэмт хэрэг гэж үзээгүй, прокурорт гэмт хэргийн шинж илэрсэн талаар мэдэгдээгүй байна.

3.6.Хариуцагчаас шүүх хуралдаан дээр “энэ нь эрүүгийн гэмт хэрэг биш, гэрээний үүргээ зөрчсөн байсан” гэх агуулгатай тайлбар гаргаж маргасан.

3.7.Мөн энэ тайлбараа нотлох баримтаар:

-Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Гарьд манлай” ХХК /эмнэлэг/-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 3.8.2 дахь заалт болох “дараахь зөрчлийн тохиолдол нийлбэр дүнгээрээ тухайн хугацаанд ирүүлсэн төлбөрийн нэхэмжлэлийн 10 хувьд хүрсэн бол” гээд энэ хэсгийн 3.8.2.1-т “хуурамч нэхэмжлэл илгээсэн бол” гэснийг;

 -Эрүүл мэндийн  даатгалын ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/30 дугаар тушаалаар баталсан “Нэхэмжлэл хянах журам”-ын 7.23 дахь хэсгийн 7.23.3-т “хуурамч нэхэмжлэл бол-03” гэснийг;

-Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн12 дугаар тогтоолоор баталсан “Чанар, төлбөрийн хяналтын журам”-ыг тус тус нэрлэсэн.

3.8.Гэтэл “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ”-ний 3.8-т “Дараахь тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэл болно” гээд 3.8.2.1-т “хуурамч нэхэмжлэл илгээсэн бол” гэж зааснаас үзвэл хуурамч нэхэмжлэл илгээсэн нь талуудын хооронд байгуулсан гэрээг цуцлах үндэслэл болохыг зохицуулсан зохицуулалт байгаа бөгөөд хариуцагч Улсын байцаагч энэ заалтын дагуу “захиргааны зөрчил” гэж үзнэ гэж шүүхэд тайлбарлаж байгааг илтэд үндэслэлгүй тайлбар гэж үзэх ба энэ зөрчилд холбогдуулж гэрээг цуцлаагүй[3] гэдгээ шүүх хуралдаанд мэдэгдсэн.

3.9.Мөн түүнчлэн хариуцагчийн нэрлэж байгаа дээрх журмууд нь аливаа гэмт хэрэг, эсхүл захиргааны зөрчлийн төрөл, шинж, зүйлчлэлийг тогтоохгүй, ийм эрх зүйн хүчин чадалгүй баримтууд тул хариуцагч эдгээр журмын дагуу захиргааны зөрчил гэж тайлбарлаж байгааг илтэд үндэслэлгүй гэж үзнэ.

 3.10.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл гэмт хэрэг, зөрчил эсэхийг Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулиар тогтоох бөгөөд илэрсэн үйлдлийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар, эсхүл зөрчил шалган шийдвэрлэх журмаар шалгаж, шийдвэрлэх эсэх талаар шийдвэр гаргах нь прокурорын эрх хэмжээнд хамаарч байгаа тул түүний шүүхэд гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах нь зүйтэй байна.

3.11.Учир нь захиргааны хэргийн шүүх нь “Г*******” ХХК-ийн гаргасан энэхүү үйлдлийг гэмт хэрэг мөн эсэх, эсхүл гэмт хэргийн шинжтэй эсэх, түүнчлэн захиргааны зөрчлийн” алин болохыг тогтоохгүй, ийм эрх хэмжээ байхгүйн зэрэгцээ прокуророос “эрүүгийн гэмт хэргийн шинжийг агуулсан тул уг журмаар шалгах шаардлагатай” гэж үзэн дүгнэлт бичсэн тохиолдолд шүүхээс дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь түүний эрх хэмжээнд халдсанд хамаарах болно гэж дүгнэв.

3.12.Гуравдагч этгээдээс прокурорын дүгнэлтийг хүлээн авахгүй байх үндэслэлдээ:

-Прокурорын дүгнэлтэд хуурамч мэдээллийг яг хэн цахим системд оруулсан, хэн нэхэмжлэлийг хянаж баталгаажуулсан, хэн төлбөрийн хүсэлтийг илгээсэн, удирдлагууд уг үйлдлийн талаар урьдчилан мэдэж байсан эсэх, хууль бус төлбөр авах санаа зорилго хэнд байсан болон олгогдсон төлбөрийг хэн захиран зарцуулсныг нэг бүрчлэн тогтоогоогүй;

-Даатгалын нөхөн төлбөр авах гэмт хэрэг нь зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, даатгалын тохиолдлын бодит байдал, хохирлын хэмжээг худал мэдээлэх, хуурамч баримт бичиг бүрдүүлэх замаар нөхөн төлбөр авсан байхыг шаарддаг санаатай гэмт хэрэг юм. Иймд гэмт хэргийн субъектийг, шууд санаа, зорилго, оролцоо болон шалтгаант холбоог эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох ёстой;

            -Үйлчилгээ аваагүй хүний нэрээр эмнэлгийн нэр, эрхээр нэхэмжлэл үүссэн бол байгууллага тайлан, тооцооны үнэн зөв байдлыг хангах үүргээ зөрчсөнд тооцох үндэслэлтэй. Удирдлага тухайн мэдээллийг мэдээгүй байсан нөхцөл нь шууд санаатай гэмт хэргийн шинжийг үгүйсгэх ач холбогдолтой боловч байгууллагын дотоод хяналт, тайлагналын үүргийг арилгахгүй;

            -Эмнэлгийн тайлан бодит үйлчилгээтэй нийцээгүй үйл баримт тогтоогдсон, зөрчлийн субъект болон болзошгүй гэмт хэргийн субъект ялгаатай байхад Шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл хангалттай тогтоогдоогүй;

            -Эрүүгийн хуулийн 18.15.1-д заасан гэмт хэргийн шууд санаатай субъект буюу мэдээллийг зориудаар оруулсан, баталгаажуулсан, төлбөр авах шийдвэр гаргасан хувь хүн прокурорын дүгнэлтээр тогтоогдоогүй.

- Эмнэлгийн удирдлагууд тухайн 13 настай хүүхдийн мэдээллийг мэдээгүй, бодит бус бүртгэл үүсгэх үүрэг чиглэл өгөөгүй байхад хуулийн этгээдийн тайлагналын зөрчлийг шууд санаатай эрүүгийн гэмт хэрэгтэй адилтган зүйлчлэх боломжгүй гэж няцаах маргасныг шүүх хүлээн авахгүй.

3.13.Учир нь прокурор нь захиргааны хэргийн шүүхэд энэхүү дүгнэлт бичихдээ Улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, “Г*******” ХХК-д  илэрсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгах ёстой гэсэн үндэслэлийг гаргасан.

3.14.Иймд дээр дүгнэснээр аливаа этгээдийн гаргасан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэх, цаашид шалган шийдвэрлэх нь прокурорын эрх хэмжээнд хамаарах бөгөөд прокурор нь захиргааны хэргийн шүүхийн өмнө ийм үйлдлийг гэмт хэрэг мөн гэдгийг нотлох үүрэг хүлээхгүй,захиргааны хэргийн шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүй.

3.15.Гуравдагч этгээдийн нэхэмжлэлд бичсэн:

-прокурорын дүгнэлтэд дурдсан тайлбараар хязгаарлахгүйгээр мэдээллийг хэн оруулсан, хэн баталгаажуулсан, удирдлага уг мэдээллийг мэдэж байсан эсэх болон 925,000 төгрөгийн төлбөрийн баримтыг бүрэн цуглуулж шинжлэн судлах шаардлагатай;

            -гомдол гаргагч С.Х******* 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гомдол, … гомдлын анхны агуулга, аль эмнэлгийн ямар бүртгэлтэй холбоотой байсан, бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээлэл холилдсон эсэхийг шүүх нотлох баримтаар нягтлах шаардлагатай гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй.

            3.16.Тодруулбал, “Г*******” ХХК-ийн гаргасан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байгаа тохиолдолд, түүнчлэн “мэдээллийг хэн оруулсан, хэн баталгаажуулсан, удирдлага уг мэдээллийг мэдэж байсан эсэх, аль эмнэлгийн ямар бүртгэлтэй холбоотой байсан, бусад эмнэлгийн тусламж үйлчилгээний мэдээлэл холилдсон эсэх”-ийг хариуцагч Улсын байцаагч, прокурор нар шалгаж тогтоогоогүй байхад захиргааны хэргийн шүүх эдгээр үйлдлийг шалгах, нотлох баримт цуглуулах ажиллагааг явуулахгүй бөгөөд “Г*******” ХХК прокурорт энэ талаар хүсэлтээ хойшид гаргаж шалгуулах эрх нь өөрт нь хадгалагдаж байна.

            3.17.Энэхүү үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр дүгнэлт, дүгнэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 42 дугаар зүйлийн 42.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2.2 дугаар зүйлийн 1 дэх 1.15, 4.1 дүгээр зүйлийн 4, 6.6 дугаар зүйлийн 7 дахь заалтыг тус тус баримтлан  Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр дүгнэлтийг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын эрүүл мэндийн даатгалын Улсын байцаагчийн 2026 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр 0 дугаартай Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу дүгнэлт бичсэн Нийслэлийн прокурорын газрын прокурор нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

4.Шүүхийн энэ шийдвэр нь маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үр дагавар үүсгэх тул шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 22 дахь тал. Энэ нь эх хувиар судлагдсан болно.

[2] Зөрчлийн хэргийн материал шүүх хуралдаанд эх хувиар судлагдсан.

 

[3] Шүүх хуралдааны тэмдэглэлд