Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Н-д холбогдох эрүүгийн 1838000000234 дугаар хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Н-,

Шүүгдэгч Э.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүгдэгч Э.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар иргэн Д.Ц-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тухайн өдөр би хоёр хүүхдээ айлд хүргэж өгөхөөр уруудаж явтал Д.Ц- нь замд машинтай явж байгаад таарсан. Тэгээд уулзаж ярилцаж байгаад өмнө мөнгө төгрөгний асуудал яригдаад хоёулаа бага зэрэг маргалдсан. Би хүүхэдтэй явж байсан болохоор маргалдаад яахав гээд хүүхдээ айлд нь аваачиж өгөөд уулзая гээд мотоцикльтой хөдлөх гэтэл Д.Ц- нь машинаасаа бууж ирээд миний толгой орчим руу нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь би мотоциклио данхраадаад Д.Ц-ыг хальт цохиод авсан. Тухайн үед харахад миний цохисон хэсгээс бага зэрэг цус шүүрэх маягтай болсон байсан гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

Хохирогч Д.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: … Тэнд уулзаад өмнө нь хэдэн төгрөгийн авцаа авах асуудлаас болоод маргалдаад мотоцикльтой хөдлөөд явах гэхээр нь би буугаад мотоциклийнх нь баруун талаас очоод шанаа орчимд нь нэг удаа цохиод авсан. Тэгсэн Э.Н- мотоциклоосоо буугаад чулуу аваад шидэхэд миний зүүн чамархай хавьд оносон. Дахиад нэг чулуу шүүрээд авахаар нь би бас газраас чулуу аваад зөрүүлээд цохисон юм. Тэгээд Э.Н-гийн толгойноос цус нь гоожоод газраас чулуу аваад шидээд байсан. … Э.Н- машинаас буугаад дахиад чулуу авч шидээд дайраад нэг том чулуу авч шидэхэд нь миний зүүн хөлний гуянд оносон. Бас хэвлий хэсэгт хөхөрсөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/,

Гэрч Н.П-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Цогоо ах Э.Н-г ядаж утсаа аваад ярьчихад яадаг юм утас шөрмөсөө авахгүй юм гээд машинаас буугаад муудалцаад эхэлсэн. Э.Н- нь Цогоо ахыг чи пизда минь шүүхдээд аваарай чаддаг юм бол гээд мотоциклио өнхрүүлээд уруудах гэхэд нь нэг цохих шиг болсон. Би машины арын цонхоор тэр хоёрыг хараад сууж байсан. Тэгээд буугаад очиход Э.Н- нь мотоциклиосоо буугаад газраас чулуу аваад Цогоо ахруу шидсэн. ... /хх-ийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 14-нд хонио тэмдэглээд гэртээ байж байхад доороос нэг цагаан машин өгсөөд ирж байсан. Тэр үед манай баз буюу эхнэрийн төрсөн дүү Отгонбаярын нөхөр Э.Н- нь мотоцикльтой уруудаад явж байсан. Тэгээд манай тушаа урд машинтай уулзаад зогсож байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа хүмүүс барилцаж аваад орилолдоод хүүхэд уйлаад байхаар нь би мотоцикльтой явж очиход Э.Н-гийн толгойны зүүн талын шанааны дээд хэсгээс цус гоожиж байсан. Тэгээд усаар угааж цусыг нь хальт тогтоогоод сум орж оёдол тавиулна гээд машинаараа аваад явж байсан... /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 281 дугаартай: 1.2 Д.Ц-ын биед зүүн чамархайн хуйханд шарх, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, хэвлий зүүн болон гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. Д.Ц-ын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлахгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ. Шүүгдэгч Э.Н- нь 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын 3 дугаар багийн нутаг Гүен гэх газар хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар хохирогч Д.Ц-ын эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт, хэвлий зүүн болон гуянд цус хуралт бүхий “хөнгөн” хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хэрэгт тусгагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Э.Н-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч Э.Н-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.

Хохирогч Д.Ц- нь хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно /хх-ийн 8 дугаар хуудас/, Эрүүгийн 1838000000234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Н-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Эрүүгийн 1838000000234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    М.ЭРДЭНЭ-ОЧИР