| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 2306012842440 |
| Дугаар | 2025/ДШМ/93 |
| Огноо | 2025-01-16 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Мөнх-Оргил |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2025/ДШМ/93
2025 01 16 2025/ДШМ/93
Ө.Ц-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Мөнх-Оргил,
шүүгдэгч Ө.Ц-,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2306012842440 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
З овгийн Ө-ын Ц-, 2001 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ах, эгчийн хамт Баянгол дүүрэг оршин суух, ял шийтгэлгүй, (РД:...),
Ө.Ц- нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Г.Г-гийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгт худалдагч хийхээр тохирч, улмаар түргэн үйлчилгээний цэгийн орлогыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ө.Ц-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ц-од холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ө.Ц-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Ц- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... миний бие мөрдөн байцаалтын шатнаас эхлэн үнэн зөв мэдүүлж, гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа. Хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хохирогчоос уучлалт гуйсан. Анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэж, хөнгөрүүлж шийдсэн. Миний бие “...” ХХК-д түгээгч хийдэг бөгөөд хотын бүх дүүрэгт түгээлт хийдэг учраас ажлаа хийх боломжгүйд хүрч байгаа тул зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн, торгуулийн ял болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох:
хохирогч Г.Г-гийн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр фейсбүүкээр “ТҮЦ-т суух хүн хайж байна” гэсэн зар тавиад, маргааш нь Ө.Ц- гэх залуутай уулзаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жуковын автобусны буудал дээр байрлах бараа материал тоолж үлдээгээд явсан. Ө.Ц- 2 дахь гараан дээрээ түргэн үйлчилгээний цэгээс 800,000 төгрөгийг аваад алга болсон байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан...” (хх 26),
гэрч А.Ц-ийн: “...Би 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Г.Г-гийн ТҮЦ-т ажиллаад, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр ээлж солилцож, Ө.Ц-од ажлаа хүлээлгэж өгсөн. Тэгээд намайг 2023 оны 02 дугаар сарын 03-ны орой гэртээ амарч байх үед Ө.Ц- над руу фейсбүүкээр чат бичиж барааны үнэ асууж байгаад миний фейсбүүкийг блок хийгээд алга болсон байсан. 2023 оны 02 дугаар сарын 04-ний өглөө Г.Г- эгч над руу утсаа яриад “Ө.Ц- түргэн үйлчилгээний цэгээс бараа, мөнгө аваад яваад өгсөн байна” гэж хэлсэн...” (хх 28),
Ө.Ц-ын яллагдагчаар өгсөн: “...Би хүнд өртэй байсан, тухайн үед надаас өрөө нэхээд хэцүү байсан тул би ажилладаг байсан түргэн үйлчилгээний цэгээс орлогын 800,000 төгрөгийг аваад өрөө төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” (хх 79) гэсэн мэдүүлгүүд,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх 21) зэргийг харьцуулан шинжлэн судлахад,
Ө.Ц- нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах түргэн үйлчилгээний цэгт худалдагч хийж байхдаа орлогыг нь авч, Г.Г-гийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, түүнд 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.
Итгэмжлэн хариуцсан этгээд гэдэгт аливаа аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн өмчийг албан тушаалын хувьд хариуцсан, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгодог.
Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээс үзэхэд, Ө.Ц- нь хохирогч Г.Г-гийн эзэмшлийн түргэн үйлчилгээний цэгт худалдагч хийхээр тохирч, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр бараа, материал хүлээн авч, ажиллаж байсан нь тогтоогдсон тул тухайн хугацаанд түүнийг бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Ц-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хохирогч Г.Г-гийн итгэмжлэн хариуцуулсан түргэн үйлчилгээний цэгийн 800,000 төгрөгийн орлогыг завшсан гэж дүгнэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-од 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, ялын хүрээг түүний оршин сууж буй Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
Шүүгдэгч Ө.Ц- нь давж заалдах шатны шүүхэд “... “...” ХХК-д 2023 оноос одоог хүртэл түгээлтийн жолооч албан тушаалд ажилладаг...” гэх тодорхойлолт гаргаж өгсөн боловч хэрэгт тухайн ажиллаж байсан гэх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар баримт байхгүй байх тул гаргаж өгсөн уг баримтыг үнэлэх боломжгүй.
Зорчих эрхийг хязгаарлах ялаар дамжуулан Ө.Ц-ыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон нь түүний Үндсэн хуульд заасан бусад эрхийг хөндөж, хязгаарлаагүй тул Ө.Ц-ын боломж бололцоо, хүсэл сонирхолд нийцүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар солих хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүгдэгч Ө.Ц-ын гаргасан “зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар солих” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Ө.Ц- нь урьд гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй байхад шийтгэх тогтоолд түүнийг урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт удаа дараа ял шийтгүүлж байсан мэтээр алдаатай бичигдсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ШЦТ/1279 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ц-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН