Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01677

 

2017 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/01677

 

 

Ц.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2017/01292 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ц.Ариунцэцэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Алимаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч Ц.Ариунцэцэг,

Хариуцагч Б.Алимаа,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Туул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Алимаад 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөгийг түүний 5946297524 дугаар данс руу өөрийн 5079008219 дугаар данснаас шилжүүлсэн ба Б.Алимаа байраа зараад мөнгийг өгнө гээд авсан боловч уг байрыг зарагдсаны дараа мөнгийг өгөхгүй байгаа тул надад 4 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 12 дугаар сарын 18-нд өөрийн төрсөн дүү Б.Үзмээгээс байрны мөнгөний үлдэгдэл 4 000 000 төгрөгийг өөрийн 5946297524 тоот дансаар шилжүүлж авсан. Дүү Б.Үзмээ над руу утасдаж би ажил ихтэй амжихгүй байна хүнд өгөөд шилжүүлүүлчихлээ гэж ярьсан. Дүү маань 2014 оны 06 дугаар сард нас барсан. Гэтэл 2016 оны 01 дүгээр сард Ц.Ариунцэцэг над руу утасдаж энэ тухай надад хэлэхэд нь би гайхаж учир байдлыг тайлбарлаж хэлсэн. Би ч банкнаас хуулгаа авч шалгаж үзсэн. Энэ явдлаас хойш 3 жил гаран хугацаанд юу ч яриагүй ба маргаж буй үйл явдлын гол гэрчийг амьд байх 6 сарын хугацаанд энэ тухай хэлж, ярьж мэдэгдэж байгаагүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгөний учрыг би ойлгохгүй байна. Дүү Үзмээгээс /талийгаач/ авах ёстой байсан мөнгийг нэхэмжлэгч өөрийн авах байсан мөнгө мэтээр тайлбарлаж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Би болон дүү маань энэ хүнтэй ямар ч гэрээ хийгээгүй, энэ тухай баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч
Б.Алимаагаас 4
000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ариунцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянанчиийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Алимаагаас 78 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ариунцэцэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Б.Үзмээг амьд байх үед энэ асуудлаар юу ч яриагүй мөртлөө өнгөрсний дараа мөнгөө авъя гэж байгаа нь үндэслэл муутай байна. дүү Б.Үзмээ нь амьд байх хугацаандаа 2013 оны 04 сарын 30-ны өдөр 1 650 000 төгрөг, 2013 оны 05 сарын 28-ны өдөр 3 600 000 төгрөг, 2013 оны 6 сарын 18-ны өдөр 10 000 000 төгрөг тус тус нэхэмжлэгчийн дансанд хийсэн байдаг. Б.Үзмээ нь 2013 оны 6 сарын 18-нд 10 сая төгрөг шилжүүлчихээд маргааш нь өөрийгөө боомилсон хэргээр нас барсан. Ц.Ариунцэцэг нь ямар гэрээ, хэлцэлтэй ийм их мөнгө авч байсныг ар гэрийнхэн нь мэдээгүй. Нэхэмжлэгч тухайн үед мөнгөө авчихаад дахин мөнгө авч байсныг үгүйсгэхгүй. Дансаар явуулсан гэж байгаа боловч Б.Алимаагийн хувьд өр зээл, авлага байхгүй. Энэ хүнийг танихгүй. Б.Алимаа нь одоо хүртэл байраа зараагүй. Иймд анхан шатны шүүх шүүх хуралд оролцуулаагүй учир нотлох баримт гаргаж өгөх боломж олгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунцэцэг нь хариуцагч Б.Алимаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээл авсан буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж шаардлага гаргаж байгаа бол хариуцагчид мөнгө зээлсэн буюу зээлийн гэрээ байгуулагдсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Ариунцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Б.Алимаагийн 5946297524 тоот данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн ба тэрээр байраа зараад мөнгийг буцааж өгнө гэсэн боловч өгөөгүй гэж тайлбарлан, уг үндэслэлээ нотлохоор баримтаар Хаан банк дахь өөрийн 5079008219 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг гаргасан ба уг баримтаар Ц.Ариунцэцэгийн Хаан банкин дахь 5079008219 тоот данснаас 4 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр мөн Хаан банкин дахь 5946297524 тоот дансанд шилжүүлсэн, хариуцагч нь уг дансны эзэмшигч болохыг үгүйсгээгүй байна. /хх-6/

 

Хариуцагч Б.Алимаа нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ... дүү Б.Үзмээгээс авах ёстой мөнгийг нэхэмжлэгч өөрийн авах мөнгө гэж тайлбарлаж байгааг зөвшөөрөхгүй. Бидний хооронд болон дүү маань энэ хүнтэй ямар ч гэрээ хийгээгүй, баримт байхгүй.... гэж тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотолж чадаагүй байна. Нэхэмжлэгч Ц.Ариуцэцэгээс шилжүүлсэн дээрх 4 000 000 төгрөгийг хариуцагч Б.Алимаа нь өөрийн дүү Б.Үзмээгээс авах ёстой мөнгийг Ц.Ариунцэцэгийн дансаар шилжүүлсэн гэж үзэх үндэслэлийг нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд зохигчдын хооронд хүү тохиролцоогүй зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах шаардлага хуулиар тавигдаагүй, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулж гаргасан шаардлагаа дээрх байдлаар нотолсон тул Ц.Ариунцэцэгээс Б.Алимаад 4 000 000 төгрөгийг шилжүүлсэн зээлийн гэрээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

Анхан шатны шүүхээс хариуцагч Б.Алимаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг нь 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр тайлбарлаж өгсөн боловч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлын үндэслэлээ тайлбар гаргаснаас өөрөөр нотлоогүй, түүнчлэн шүүхээс 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна.

Иймд анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул баримт дутуу, шүүх хуралдаанд оролцуулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг Б.Үзмээгийн гаргасан тайлбар гэж бичсэнийг дурдаж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14ий өдрийн 101/ШШ2017/01292 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Алимаагийн төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Н.БАТЗОРИГ