Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 501

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч М.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:  

Бд холбогдох 1703004870399 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Ж.Б нь  2017 оны 11 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын зүүн талын замын зорчих хэсэг рүү краны сум оруулж буюу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8 дах заалт, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.3 заалт, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дах заалт, Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.4 дэх заалтыг тус тус зөрчиж угсарсаны улмаас кран сум унаж, кран дээр ажиллаж байсан С.Б өндрөөс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтанд өгсөн миний мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч С.Б мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 03-наас 04 цагийн үед би Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг, Нарны хорооллын зүүн талд баригдаж байгаа Эко констракшин ХХК-ний барилга дээр краны сум угсрах ажилтай очсон. Намайг очиход краны эзэн Ба, кранист Батжаргал, Ганбат байсан. Тэгээд бид нар 25 краны үзүүр хэсэгт нэмэлт сум залгахаар краны хошууг зам руу оруулж нэмэлт сумыг залгаад 06 цаг дөнгөж өнгөрч байхад консолын тоормосыг их бие рүү татаж хийхээр би краны консол дээр гарч тоормосыг татаж краны хойд талд ажиллаж байсан Ганбат руу тороосыг суллаж өгч байхад тас хийх чимээ гарч нэг мэдэхэд хашааны гадна талын явган хүний зам тавьж байсан подоонтой тоосго дээр унаж түүний хажууд хэвтэж байсан. Ганбат, Батжаргал хоёр хүрч ирээд бие зүгээр үү гэж асуусан. Би жаахан хэвтэж байгаад босъё гэж хэлээд хэсэг хугацаанд хэвтэж байгаад босоод харуулын байр руу орж суусан. Энэ үед түргэний эмч ирж намайг үзээд краны хошуу ирж мөргөсөн жолооч эмэгтэй бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж, нуруу, цээжний томографийн шинжилгээг авахуулахад гэр рүүгээ явсан. Шүүх эмнэлэгт үзүүлэх үедээ шүүх эмнэлэг дээр толгойны томографийн шинжилгээг өгсөн. Краны угны сум дээр Ганбат байсан. Ба болохоор доор байсан. Байшин кран дээр Батжаргал байсан. Өөр ажилчид байгаагүй. Краны сумны үзүүр хэсэгт нэмэлт сум залгаж угсарсан байсан. Краны үзүүр хэсгийг зам руу оруулж угсарсан байсан. Үзүүрийг татахад бэлэн болгохоор тороосыг хойш нь татаж байхад машин ирж мөргөсөн байсан. Би краны консол руу гарч тороос татах үедээ бэхэлгээ хийхгээгүй гарсан. Ер нь бол бэхэлгээгүй гараад консолыг тороосыг татдаг. Тухайн үед зам руу зорчих хэсэг рүү краны үзүүрийг буулгаж, нэмэлт сум залгаж ажиллах үедээ анхааруулсан хаалт хамгаалалт бол тавиагүй. /хх-ийн 17/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ганбат мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 3-ны 4 цагаас хойш өглөө 5 цаг хүртэл Нарны хорооллын баруун талд байрлах иргэн Энхтуяагийн барилга дээр Ба, Б, Батжаргал бид нар суурин кран дээр хэрээ хошуу нэмэхээр зам руу краны хошууг оруулаад хэрээ хошууг нэмж залгаад консолын тороосыг татаж байтал ертөнцийн зүгээр баруун талаас ирж явсан суудлын автомашин салгасан краны хошууг ирж мөргөхөд консол дээр Б гарч ажиллаж байсан ба машин ирж мөргөхөд Б газар унасан. Ба хашааны гадаа сумны хажууд байсан. Ба ирж байсан машиныг зогс гэж хэлж байхыг би сонссон. Батжаргал болохоор байшин кран дээр ажиллаж байсан. Краны хошууг мөргөсөн жолооч нь эмэгтэй хүн байсан. Б краны консол дээр тороос татаж байсан. 4-5 метр дээрээс унасан. /хх-ийн 23/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Батжаргал мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны 04 цагаас хойш өглөө 05 цаг хүртэл Б, Ганбат, краны дарга Ба бид нар Нарны хорооллын Эко констракшн ХХК-ний барилга дээр краны сум угсрах ажилтай байсан. Тэгээд суурин краны сумыг угсрах гэхэд зам руу оруулж угсрахаас өөр боломжгүй байсан тул зам руу краны сумыг оруулж угсраад гэзэгний тороосыг татаад палц буюу түгжээг хийх гээд консоль дээр Б гарч дэгээ мулталж өгөхөөр харин Ганбат ах краны хойд талд палц хийхээр зогсож байсан. Краны дарга Ба ах краны үзүүр хэсгийн тороосыг татаж өгч байсан.  Харин би болохоор барилгын өндөр кран дээр гарсан байсан. Энэ үед ертөнцийн зүгээр баруун зүгээс суудлын цэнхэр өнгийн автомашин ирж харагдсан. Энэ машин удаан явж байсан гэнэт тас хийх чимээ гарсан. Хартал суудлын цэнхэр машин ирж сум мөргөсөн байсан. Би  кран дээрээс бууж иртэл сумны доогуур машин орчихсон. Б ах хашааны хажуу талын тоосгоны хажууд хэвтчихсэн байсан. Тэгээд түргэн цагдаад дуудлага өгсөн. Краны залгасан хошууг зам руу оруулж байрлуулсан байсан. Харин сумны хажууд хаалт хамгаалалт хийгээгүй байсан нь үнэн.  /хх-ийн 25-26/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Батсайхан мөрдөн байцаалтанд: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөөний 06 цаг 30 минутын орчим гэрээсээ гаран ажилдаа явах зорилгоор Энхтайваны гүүрний доод талын замаар нүхэн гарцаараа гарах гээд явж байсан чинь Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт цагдаа хотхоны хажууд баригдаж байгаа шинэ байрны хажуугаар гарсан чинь их дуу чимээ гараад явсан чинь миний машины урд шилэн дээр шар том краны төмөр байж байсан. Хэсэг хугацаанд би шоконд орон 102 дугаартай ярин дуудлага өгсөн. /хх-ийн 38/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13917 дугаартай: С.Бы биед баруун 9,10,11,12 дугаар хавирганы далд хугарал, баруун гялтангийн хөндийд цус хуралт, бүсэлхийн 1,2 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн далд хугарал, тархи доргилт, зүүн хацар, чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. /хх-ийн 41/ гэсэн дүгнэлт,

 

Замын цагдаагийн албаны техникийн шинжээч, цагдаагийн дэслэгч Ш.Батмөнхийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 612 дугаартай шинжээчийн:

1. Toyota Raum маркийн 24-88 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Батсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.2 хэсэг дэх “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ”, 13.2.4. “зам дээр болон түүний ойр орчимд ажил. үйлчилгээ хийхдээ замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах", Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 7. Дор дурдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна: е/ “замын хөдөлгөөнд саад болох ажил хийх ” гэснийг болон хөдөлмөр, аюулгүйн ажилпагааны журам зөрчсөн үндэслэлтэй байна. /хх-ийн72 / гэх дүгнэлт.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018/01 тоот: “Кран эзэмшигч Ж.Б нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалт, “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай” хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.3 дахь заалт, Барилгын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт, Авто замын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.4 дэх заалтыг зөрчсөн” / хх-ийн 74-76/

Яллагдагч Ж.Б мөрдөн байцаалтанд: Би 2017 оны 11 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнийн 04 хамт ажилладаг Ганбат, Б, Батжаргал нарын хамт Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Энхтайваны гүүрний баруун талын Эко констракшн ХХК-ийн баригдаж байсан барилгын хашаан дотор байрлуулсан краны үзүүрийн сумыг нэмэх зорилгоор краны сумыг буулгасан. Учир нь краны сумын баруун зүүн тийш буулгах ямар нэгэн боломжгүй учир нь баруун зүүн талд нь барилга баригдаж байсан бөгөөд зөвхөн краны сумыг урагш буюу зам хөндлөн тавих шаардлагатай байсан учраас замын хөдөлгөөн бага үед нь залгах зорилгоор ажиллаж байсан. Анхааруулах дохио тэмдэглэгээ байрлуулаагүй. Замын гэрлийн доор ажиллаж байсан. 05 цаг 30 минутын орчим краныхаа сумыг угсрах гээд Б краны үзүүрийн дээд талын консул буюу газраас 5-6 метрийн өндөрт ямар нэгэн хамгаалах хувцас хэрэгсэлгүй тороос татаж байсан. Энэ үед Батжаргал өөр кран ажиллуулан краны сумыг өргөн залгах үүрэгтэй ажиллаж байсан. Харин Ганбат газар байсан краны сумны ар талд тороос татаж байсан. Би Ганбатын хамт тороос татахад тусалж байсан бөгөөд замын хөдөлгөөнийг ажиглаж байсан...Бид нар хамгаалах хувцас хэрэгсэл огт өмсдөггүй.  /хх-ийн 105-106/ гэх мэдүүлэг,

 

Яллагдагч Ж.Б дахин байцаалтаар: Би өөрийнхөө үйлдлийг хүлээн зөвшөөрч хохирогч Бд эмчилгээний зардал болох нийт 1.040.000 төгрөг мөн Батсайханы машины хохирол болох 500000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. /хх-ийн 106/ гэх мэдүүлэг,

 

Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,  автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 48/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор Ж.Бямбын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 62/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64/, ял шалгах хуудас /хх-ийн 117/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ж.Б 2017 оны 11 дүгээр сарын 03-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын зүүн талын замын зорчих хэсэгт  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.8, “аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.3, Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, Авто замын тухай" хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.4 дэх заалтыг тус тус зөрчиж угсарсан краны сумыг Б.Батсайханы жолоодож явсан автомашин ирж мөргөж, улмаар уг кран дээр ажиллаж байсан С.Б өндрөөс унаж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учирсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч С.Бы”...нэг мэдэхэд хашааны гадна талын явган хүний зам тавьж байсан подоонтой тоосго дээр унаж түүний хажууд хэвтэж байсан...Би краны консол руу гарч тороос татах үедээ бэхэлгээ хийгээгүй гарсан...” /хх-ийн 17/,

 

гэрч Б.Ганбатын”...краны хошууг ирж мөргөхөд консол дээр Б гарч ажиллаж байсан ба машин ирж мөргөхөд Б газар унасан...”/хх-ийн 23/, гэрч Т.Батжаргалын”...консол дээр Б гарч дэгээ мулталж өгөхөөр харин Ганбат ах краны хойд талд палц хийхээр зогсож байсан...” /хх-ийн 25-26/, гэрч Б.Батсайханы “...миний машины урд шилэн дээр шар том краны төмөр байж байсан...” /хх-ийн 38/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 13917 дугаартай  дүгнэлт /хх-ийн 41/, Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 612 дугаартай дүгнэлт  /хх-ийн72 /, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шинжээчийн 2018/01 тоот дүгнэлт /хх-ийн 74-76/, Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3/, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 10/,  автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /хх-ийн 48/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Прокуророос Ж.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Ж.Б-гхүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

Улсын яллагчаас Ж.Б-г Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд хохирогч С.Баас Ж.Бд гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул Ж.Б-гбусдад төлөх төлбөргүйд  тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Ж.Б-гХууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Ж.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж,  учруулсан хохиролоо төлсөн  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүх, шүүгдэгч Ж.Б үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлсөн түүний  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, гурван сарын хугацаагаар кран ажиллуулах эрхийг нь хасаж шийдвэрлэв.  

 

Ж.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдаж байна.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б-г Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ж.Б-г кран ажиллуулах эрхийг гурван сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсугай.

 

  1. Ж.Б-г тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ж.Бд  анхааруулж мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-д хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Б-н кран ажиллуулах эрхийг гурван сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Ж.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш тогтоолыг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

  1. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                  

 

                                                 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.ДАЙРИЙЖАВ