Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2024/ДШМ/1369

 

 

***ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Нямдорж,

яллагдагч ***ын өмгөөлөгч А.Очбадрал,   

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1675 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Нямдоржийн бичсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 108 дугаар эсэргүүцэл, өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор ***ад холбогдох эрүүгийн 2402000000123 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Ганбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

***, 1986 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ***, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /PД: ***/,

*** нь ***ажиллаж байхдаа ***буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д заасан нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.3-т “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэж заасныг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина” гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийн 37.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”,  мөн зүйлийн 37.1.2-т “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 39.1.2-т “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” 37.1.13-д заасан “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, 39.4.1-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах” гэж заасныг, Албан тушаалын тодорхойлолтын 1 дүгээр зорилтын 1.2 дахь хэсэгт заасан “Авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, гэмт хэрэг, зөрчлийн газрыг хамгаалах, эд мөрийн баримтыг хамгаалах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэснийг тус тус зөрчиж, үүрэг гүйцэтгэх хуваарийн дагуу 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдөр “***” чиглэлд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч ***гийн хамт авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа цагдаагийн хэлтсийн *** дугаарт 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 19 цаг 42 минутад *** дугаарын утаснаас “өмнө нь хамт ажиллаж байсан хүн согтуу ирээд гар утас булааж аваад намайг явуулахгүй байна” гэх дуудлага, мэдээллийн дагуу очиж шалгаад,*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *** дүгээр гудамжинд буюу олон нийтийн газар иргэн ***гийн гар утсыг биедээ авч, хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, “цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суух” хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй зэргээр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад тус тус заасан зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн боловч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах журамд заасны дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгаж шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэх, зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх, зөрчилд холбогдогч этгээдийг эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэж хүлээлгэж өгөх хуулиар хүлээсэн чиг үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж, *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны орчимд ***аас 200.000 (хоёр зуун мянга) төгрөгийг бэлнээр авсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Прокуророос яллагдагч ***ад холбогдох гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, хууль зүйн дүгнэлт хийж яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдээгүй гэж дүгнэв. Учир нь *** нь “гудамжинд буюу олон нийтийн газар иргэн ***гийн гар утсыг биедээ авч, хэрүүл маргаан үүсгэж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан, “цагдаагийн албаны тээврийн хэрэгсэлд суух” цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн хэмээн 250,000 төгрөгөөр торгоно гэж хэлээд энэ зөрчилд өөрөө арга хэмжээ авах эрхгүй атлаа тухайн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ тооцсон боловч ***аас 200,000 төгрөгийг авч хувьдаа авч байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол бүрдэл төгсөх хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Улсын яллагчаас яллагдагч ***ыг бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгажээ. Гэтэл давуу байдал бий болгож байгаа этгээд нь гэмт санаа зорилгоороо нийтийн албан тушаалтантай нэгдэж өөртөө давуу байдал бий болж байгааг ухамсарлан ойлгож, нийтийн албан тушаалтны хууль бус үйлдлийн улмаас өөрт нь давуу байдал бий болж байгааг мэдсэн байх учиртай. *** мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр мэдүүлэхдээ “ ...чамайг цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн гэдэг зүйл заалтаар 250.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн талаар мэдүүлжээ. Зөрчил үйлдсэн холбогдогчид Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн явуулах журам, үйлдсэн зөрчлийг шалгах шийтгэл оногдуулах талаарх хуулийн зохицуулалтыг зөв хэрэглэхгүйгээр ***ыг төөрөгдөлд оруулж бэлэн бусаар торгууль ногдуулж өөртөө авч буй үйлдэл нь нийтийн албан тушаалтан хууль бус үйлдэл хийж бусдад буюу ***т давуу байдал олгосон уу эсхүл хууль мэдэхгүйг нь далимдуулан бусдаас бэлнээр торгууль нэрийн дор бэлэн мөнгө авч ашиг хонжоо олж буй шунахай сэдэлтэй үйлдэл байсан уу гэдэгт дүгнэлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно гэсний 1.1 дэх заалтад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/; 1.3 дахь заалтад гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр гэснийг тус тус бүрэн шалгаж тогтоох нь зүйтэй байна.

Иймд дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “...нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол…” гэсэн үндэслэл зааж ***ад холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Нямдорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан эсэргүүцэлдээ: “…Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой тусгаагүй, ойлгомжгүй, хэт ерөнхийлөн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг шалгаж тогтоох нь зүйтэй гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүхээс хэргийн бодит байдлыг нотлохын тулд шүүхийн хэлэлцүүлэг дэх яллах, өмгөөлөх талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсрыг болгож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, сэдэлт зорилгыг эргэлзээгүйгээр тогтоож, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой.

“...***-аас 200,000 төгрөгийг авч хувьдаа авч байгаа үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай...” гэжээ.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, прокуророос яллаж буй баримтуудыг няцаан үгүйсгэж чадаагүй атал хэргийн үйл баримтаас хальж, залилах гэмт хэргийн шинж байгаа эсэх талаар шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай гэж дүгнэн хэрэгт ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг тогтоож, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож ...” гэж тус тус заасан байна.

Түүнчлэн мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх бөгөөд энэ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон, заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээ бөгөөд анхан шатны шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна гэж үзнэ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт уг хуулийг ноцтой зөрчсөнд тооцох арван тохиолдлыг хуульчлан тогтоосон бөгөөд мөн зүйл, хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж тодорхой заасан ба хуульд тусгайлан нэрлэн заасан тохиолдолд тухайн зөрчлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцож, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болгохоор хуульчилжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж заасан ба шүүх гэм буруугийн шуух хуралдааныг зарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлж, талуудын мэтгэлцээнийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон.

Гэтэл шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагч ***ыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй, түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай гэж яллагдагчийн гэм буруугийн талаарх урьдчилсан дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол залилах гэмт хэрэг байхаар тодорхойлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан дээрх хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй юм. Тодруулбал зөрчилд холбогдогч *** нь зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргаагүй байхад түүнийг хуулийн мэдлэггүйг далимдуулан, төөрөгдөлд оруулж түүнд хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч байгаа мэтээр түүнийг торгосон бол Залилах гэмт хэргийн шинжтэй болох байсан билээ. Бодит байдал дээр *** нь үргэлжилсэн 2 өөр төрлийн зөрчил үйлдсэн ба яллагдагч *** нь аливаа хэлбэрээр зөрчил гаргаагүй хүнийг зөрчил гаргасан мэтээр хуурч мэхлэн түүнд арга хэмжээ авсан зүйл байхгүй болно. Шүүгчийн захирамжид дурдсанаар хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан Залилах гэмт хэргээр зүйлчлэх юм бол зөрчилд холбогдогч *** залилах гэмт хэргийн хохирогчоор тогтоогдох ба түүний гаргасан зөрчилд оногдуулсан торгуулийн арга хэмжээ хууль бус болж түүний үйлдсэн зөрчлийг үгүйсгэж байна гэсэн үг юм. Дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дээрх нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан нь шүүгчийн захирамжид нөлөөлсөн ба анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ эсэргүүцэл болон давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж, дүгнэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг үндэслэлгүй гэж үзэх дараах нөхцөл байдал тогтоогдов. Үүнд :   

1. Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг буцаахдаа “яллагдагчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэл буюу гэм буруугийн хэлбэр”-т хамаарах утга агуулга бүхий дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан “яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн үндэслэл, журамд нийцээгүй байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно, яллагдагчийн гэм буруугийн талаар хөтөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан тул гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр зэргийн талаар урьдчилан хэлэлцүүлгээс дүгнэх боломжгүй.      

Гэтэл анхан шатны шүүхээс “яллагдагч ***ад холбогдох хэргийн зүйчлэлийг залилан мэхлэх гэмт хэргийн шинж бүхий” гэж урьдчилан дүгнэснийг зөвтгөх үндэслэлгүй.   

2.  Хэргийн үйл баримтаас үзэхэд, хэргийг прокурорт буцаах өөр бусад болон шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсонгүй.    

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ба ингэхдээ шүүх хуралдаанд оролцвол зохих тал, бусад оролцогчийг оролцуулж, улмаар нотлох баримтын стандарт шаардлагын хүрээнд яллах ба цагаатгах талын бүхий л нотлох баримтуудыг шинжлэн судлах, харьцуулан шалгаж, үнэлэн дүгнэх замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв эсэхийг эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй.   

Хэрэв тус гэм буруугийн шүүх хуралдааны явцад “гэмт хэргийн зүйлчлэл” хүндрэн өөрчлөгдөх үндэслэл, үйл баримт тогтоогдсон гэж үзэх тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, прокурорт даалгах нь зөвхөн анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болно. 

3. Дээрх үндэслэлээс үзэхэд, хэргийг прокурорт буцаах тухай анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалт, 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журамд нийцээгүй гэж дүгнэв.            

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1675 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай давж заалдах журмаар гаргасан прокурорын эсэргүүцлээс “анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан яллагдагчийн гэм буруутай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэсэн үндэслэл, журамд нийцээгүй шийдвэр гаргасан” гэх агуулга бүхий хэсгийг хангаж шийдвэрлэв. 

Харин “яллагдагчид холбогдох хэргийн зүйлчлэл”-тэй холбоотойгоор гаргасан прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцээгүй болно. Учир нь, шүүгдэгчийн гэм буруу буюу  хэргийн зүйлчлэлийн асуудлыг анхан шатны шүүхээс шүүх хуралдааны оролцогч, талуудын мэтгэлцээн, санал дүгнэлтийг харгалзаж, хэргийн үйл баримтад тулгуурлан дүгнэснээр хянан шийдвэрлэх тул урьдчилсан байдлаар дүгнэх үндэслэлгүй.       

Яллагдагч урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн болно.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/1675 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч ***ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

 

                           ШҮҮГЧ                                                           Г.ГАНБААТАР