| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2026/0702/З |
| Дугаар | 128/ШШ2026/0809 |
| Огноо | 2026-09-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2026/0809
2026 09 14 128/ШШ2026/0809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.М******* /РД:*******/;
Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З*******, Ш.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай захирамж болон түүний өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэж тодруулсан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч Х.М******* нь С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай Б******* гэх газарт 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болжээ.
2.2.Гэтэл хариуцагч С******* дүүргийн Засаг дарга 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.М*******ын газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр цуцалсан.
2.3.Ингээд нэхэмжлэгчээс С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэлд:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа:
“Иргэн Х.М******* миний бие С******* дүүргийн 20 дугаар хороонд байрлах Б******* гэх газарт 500 м² зуслангийн зориулалттай газрыг С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шийдвэрээр эзэмших болж, улмаар 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С******* дүүргийн газрын албанаас дугаартай "Гэр бүлийн хамтран хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ"-г гаргуулан авсан билээ.
Гэтэл С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжаар Х.М******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Энэхүү захирамжийг 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр мэдсэн бөгөөд С******* дүүргийн газрын албанаас хуулбарыг нь авч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч хариу өгөөгүй.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т: “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан байдаг. Гэтэл миний бие газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотой аливаа мэдэгдэл, шаардлага, тайлбар гаргах боломжийн талаар огт мэдээлэл аваагүй, над руу утсаар, цахимаар, и-мэйлээр холбогдоогүй болно.
Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2-т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан байна.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 27.1, 27.2-т захиргааны байгууллага нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдийг тодорхойлж, сонсох ажиллагааны мэдэгдлийг тухайн этгээдэд шууд хүргүүлэх бөгөөд утас, шуудан, цахим хэлбэр зэрэг бусад аргаар мэдэгдэж, түүнийгээ баримтжуулах үүрэгтэй талаар тодорхой зохицуулсан байна.
Гэтэл С******* дүүргийн Засаг дарга болон тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохтой холбоотойгоор хуульд заасан сонсох ажиллагааг огт хэрэгжүүлээгүй.
Маргаан бүхий захирамжид “Зууны мэдээ” сонины 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 39 дүгээр дугаар болон 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 159 дүгээр дугаарт мэдэгдэл нийтэлсэн гэх тайлбар дурдсан байна.
Гэвч дээрх нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг зохих журмын дагуу хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 27.4-т сонсох ажиллагааг: сонсгол зохион байгуулах, саналыг бичгээр авах, биечлэн уулзах, утсаар санал авах, цахим хэлбэрээр санал авах, төлөөлөгчөөр дамжуулан санал авах, бусад хэлбэрээр явуулж болохоор хуульчилсан бөгөөд 27.5-д “сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг бүрэн хангасан байна” гэж заасан байдаг. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд газар эзэмших эрхийг хүчингүй болгохоос өмнө тухайн эрх эзэмшигчид заавал мэдэгдэж, тайлбар, санал гаргах бодит боломж олгох нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг байна.
Гэтэл иргэн Х.М******* миний газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй, тайлбар гаргах боломжоор хангаагүй байх тул маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай “Захирамжийн холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нэхэмжлэгч Х.М******* нь С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаартай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Энэхүү газраа 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот шийдвэрээр эзэмших эрхээ эдлээд С******* дүүргийн газрын албанаас 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр С******* дүүргийн газрын албанаас дугаартай Гэр бүлийн хамтран хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулан авсан. Үүнээс хойш нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасан газрын төлбөрийг цаг тухай бүрд нь төлж байсан. 2018 онд Америкийн Нэгдсэн Улс руу яваад тэндээсээ и-монголиа аппликейшнээр төлбөрөө төлөөд явж байгаад 2026 оны 03 дугаар сард төлбөр төлөх гэхэд болохгүй болохоор газрын гэрчилгээнийхээ дугаарыг хийгээд и-монголиа-аас газар эзэмших эрх нь байгаа эсэхийг шүүхэд харагдахгүй байхаар нь надтай холбогдоод газрын төлбөрөө төлж болохгүй болчихлоо гээд зөвлөгөө авсан. Тухайн үед нэхэмжлэгч маань Нийслэлийн Засаг дарга, С******* дүүргийн Засаг даргад хүсэлтээ гаргаж байсан. Мөн газартай холбоотой бичиг баримтуудыг авах хүсэлтийг С******* дүүргийн Засаг даргад гаргаад баримтуудыг авсны дараа ******* дугаартай захирамж гарсныг мэдсэн.
Нэхэмжлэгч гэр бүлийн хамт 2018 онд гадаад улс руу явсан. Түүнээс хойш ямар нэгэн газрын төлбөрийн зөрчилгүй байсан, захирамж гарч байгааг мэдэгдээгүй. “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг” гэх хаяг нь одоог хүртэл бүртгэлтэй ба ах дүү нар нь энэ хаяг дээр нь амьдарч байгаа. Хэрвээ хаягаар нь шуудан илгээсэн бол мэдэх боломжтой байсан. Монгол шуудангийн дугтуйны “Хаашаа” гэх хэсэг дээр 1, 7 дугаар хороо С******* дүүрэг Улаанбаатар хот, “Утас” гээд 1 тоо бичсэн байгаа. Монгол шуудангийн хувьд дугтуйн дээр бичсэн хаягийг шивж оруулаад энэ хаягийнх нь дагуу шуудан хүргэгч хүргэж өгдөг. Хариуцагч тал өмнөх хуралдаан дээр бидэнд баримт байгаа гэж хойшлуулсан боловч ирсэн баримт нь алдаатай байна. Дугтуйг хэзээ ч үйлдэж болно. Монгол шуудангийн лавлагаа дээр Х.М*******ын гэрийн хаяг, утасны дугаар байхгүй буцаагдсан гэдэг. Гэхдээ хүлээн авагчийн хаяг дээр нэхэмжлэгчийн хаяг юу вэ гэхээр нэр байхгүй С******* дүүрэг гэсэн байна. Тэгэхээр үүнийг албан ёсоор мэдэгдсэн гэж үзэхгүй байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
“Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хээрийн болон суурин судалгаа хийхэд иргэн Х.М******* нь өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасны дагуу дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтад хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасны дагуу сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг иргэдийн гэрийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн болно. Мөн дээрх мэдэгдлийг Зууны мэдээ сонины 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 159 дүгээр дугаарт мэдэгдсэн боловч тухайн иргэд хариу тайлбар ирүүлээгүй тул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон.
Дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Газрын тухай хуульд заасан өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж буй газар эзэмших эрхийг захиргааны байгууллага дуусгавар болгосон” үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч иргэн Х.М*******ад С******* дүүргийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар захирамжаар С******* дүүргийн 20 дугаар хороо, Б******* Хадат гэх байршилд “зуслангийн” зориулалттай, 500 метр квадрат газрыг иргэн Б.Ягаас нэр шилжүүлэн 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулж, газрын кадастрын зургийг мэдээллийн санд баталгаажуулсан байна[1].
2.2.Нэхэмжлэгч Х.М*******ад нь газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газрын төлбөрийг төлж ирсэн гэж тайлбарласан боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй боловч хариуцагч тал энэхүү үндэслэлээр газрыг эзэмших эрхийг дуусгавар болгоогүй, шүүхэд маргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд дүгнэлт өгөх нь зүйтэй гэж үзлээ.
2.3.С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжаар тус дүүргийн нутаг дэвсгэрт эрх олж авсан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр “иргэний ахуйн, гэр бүлийн хэрэгцээний, зуслангийн” зориулалтаар олгогдсон олон тооны иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсний дотор иргэн Х.М*******ын эзэмшиж буй дээрх газар (хавсралтын 3 дугаарт) багтсан зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдож байна.
2.4.Хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгохдоо сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн, сонсох ажиллагаа явуулсан гэж маргаж, үүнийгээ нотлох баримтаар “Монгол шуудан” ХХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн лавлагаа, Өнөөдөр сонины хуудас, сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн гэх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07-17/1232 дугаар албан бичиг, түүний хавсралт, шуудангийн дугтуй зэргийг нотлох баримтаар ирүүлсэн зэрэг үйл баримт шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ нь “гэр бүлийн хамтын хэрэгцээний”, “төрийн байгууллагын”, “аж ахуйн нэгж, байгууллагын” гэсэн төрөлтэй байхыг мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 28.1.3 дахь заалтаар зохицуулсан байна.
3.2.Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-аас илүүгүй байна”, Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн 2-т “Монгол Улсын иргэнийг ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0,07 га хүрт******* хэмжээний газрынх нь төлбөрийн 90 хувиар” газрын төлбөрөөс чөлөөлөхөөр тус тус хуульчилжээ.
3.3.Иймд иргэн Х.М*******ад гэр бүлийн хэрэгцээний буюу зуслангийн зориулалтаар газар эзэмших эрх үүссэн байна.
3.4.Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2025/0064 тогтоолд:
-Газрын тухай хуулийн 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн танилцуулгад “... төр засгаас явуулж байгаа газрын шинэтгэлийг эрчимжүүлж, иргэдийн газар эзэмших эрхийг өргөтгөх, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах ...” гэх зэргээс үзэхэд, 2002 оны 06 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын нэг зорилго нь Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэх, ингэснээр иргэдээ амьдран суух болон гэр бүлийн зориулалтаар эзэмших газартай болгож, газар эзэмших эрхийг нь хэрэгжүүлэх нөхцөлийг хөнгөлөн дэмжих агуулга байжээ.
-Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах гэдэг нь газрын зориулалт, ашигтай байдлаас хамааран, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, түүнийг зохистой ашиглах, хамгаалах харилцааг зохицуулах бөгөөд газар эзэмших “нөхцөл, болзол”-ыг Газрын тухай хуульд заасан газрын зориулалтаас хамаарч ялгаатай хэрэглэхээр байна.
-Гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардахгүй. Иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ”. Иймд зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу” өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших гэх хуулийн агуулгад хамаарна[2];
-Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээ болон үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмших нөхцөл, болзол тус тусдаа дэглэмтэй бөгөөд үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар газар эзэмшиж буй этгээд газрыг хууль, гэрээнд заасан нөхцөлөөр буюу барилга байгууламж барих зэргээр зориулалтынх нь дагуу ашигтай чанарыг нь гаргаж, эзэмших учиртай, харин гэр бүлийн хэрэгцээний газарт ийм ижил нөхцөлийг шаардах боломжгүй.
-Тодруулбал, иргэн, аж ахуй нэгжид үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн газрыг ашиглах, үйл ажиллагаа явуулахад тавигдах шаардлага нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшихэд тавигдах шаардлагаас нөхцөл, болзлын хувьд ялгаатай, ... өөрөөр хэлбэл, аж ахуйн зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд газар олгож буй зорилго нь бизнесийн хөгжил, ажлын байр бий болгох, эдийн засгийн үр өгөөжтэй байдлыг нэмэгдүүлж хөгжүүлэхэд чиглэгдсэн. Харин иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалт нь тэд амьдрал, санхүүгийн нөөц боломжид үндэслэн уг газраа өөрийн мэдэлд байлгаж эзэмших боломжийг олгосон агуулгатай. Тиймээс үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуй нэгжид олгосон газарт тавигдах нөхцөл шаардлагыг гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт адилтгахгүй байх нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 27 дугаар зүйлийн 27.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн зохицуулалтын агуулга, зарчимд нийцнэ.
-Ийм зориулалтаар газар эзэмшигч этгээд тухайн газрыг гэр бүлийн хэрэгцээндээ байлгаж, амьжиргааны боломжит нөхцөлдөө тохируулан эзэмшиж байгаа нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан “... газрыг зориулалт, нөхцөл, болзлын дагуу” өөрийн мэдэлд байлган газрыг эзэмших гэх хуулийн агуулгад хамаарахаар байна.
-Гэтэл хариуцагч Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгч иргэнийг “гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй.
-Энэхүү хууль зүйн үндэслэлээр хариуцагч Засаг дарга уг хуулийн дээрх зорилго, зохицуулалтыг үл харгалзан нэхэмжлэгч иргэнийг “гэр бүлийн хэрэгцээний газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёсыг хангах зарчимтай зөрчилдөхийн зэрэгцээ иргэдийн газар эзэмших эрхийг дэмжих, түүний хэрэгжих нөхцөлийг баталгаажуулах хуулийн зорилгод нийцэхгүй.;
-Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалтыг эрхийн гэрчилгээ эзэмшигч иргэн болон аж ахуйн нэгж, байгууллага (хуулийн этгээд)-ын эзэмшиж буй газрын зориулалтаас хамааран ялгаатай байдлаар тайлбарлаж хэрэглэх нь тус хуулийн агуулга, зорилгод нийцнэ. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар иргэн, аж ахуйн нэгжид олгосон газар, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан иргэдэд олгосон газар эзэмших эрхийг хэрэгжүүлэх болзол, нөхцөл нь ялгаатай байдлаар тайлбарлагдахаар байхад хариуцагч Засаг дарга Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг баримтлан иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуулийн зорилго, агуулгад нийцэхгүй байна” гэсэн дүгнэлтүүдийг хийж, иргэний газар эзэмших эрхийг дуусгавар болгосон захиргааны актыг хууль бусад тооцон хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3.5.Энэ нь Монгол Улсын дээд шүүхээс иргэн, хуулийн этгээд, аливаа этгээдээс Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6-д заасныг нэг мөр ойлгож хэрэглэх зорилготой албан ёсны тайлбар бөгөөд энэхүү газрын маргаанд уг хуулийн заалтыг Улсын дээд шүүхийн тайлбарласнаар хэрэглэж шийдвэрлэх нь анхан шатны шүүхэд зохистой болно.
3.6.Нэхэмжлэгч Х.М******* нь газар эзэмших, ашиглах гэрээг захиргааны байгууллагатай байгуулсан, газраа эзэмшилдээ байлгах хүсэл зоригоо захиргааны байгууллага болон шүүхэд илэрхийлж байгаа тул уг газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол бүхий этгээд мөн байна.
3.7.Улсын Дээд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ийнхүү Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь зохицуулалтыг иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалт бүхий газарт хамааруулахгүй байхаар тогтоосон тул нэхэмжлэгч Х.М*******ын газар эзэмших эрхийг дуусгавар болгосон С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийг хуульд нийцээгүй гэж үзэн хүчингүй болгох үндэслэлтэй байна.
3.8.Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гээд мөн хэсгийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэжээ.
3.9.Хариуцагчийн харьяа байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07-17/1232 дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг үйлдэгдсэн байгаа боловч уг албан бичиг Х.М*******ад “Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Дамдинсүрэнгийн 5 дугаар гудамж, 5 тоот, утас:” гэж хаяглан хүргэгдсэн шуудангийн дугтуйгаар “хаягтаа байхгүй” гэх буцаалтын тэмдэглэгээтэй байна.
3.10.Үүнээс гадна “Монгол шуудан” ХК-ийн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “Хүлээн авагч Д.М*******ын хаягийг С******* дүүргийн 1, 7-р хороо, утас-1” гэснээс үзвэл энэ лавлагаа нь хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн дээрх дугтуйнд бичигдсэн “Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, ...” гэсэн хаягаас өөр, зөрүүтэй хаяг тул Газар зохион байгуулалтын албаны 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 07-17/1232 дугаартай албан бичгийн хүргэсэн лавлагаа мөн гэж шүүх үзэх үндэслэлгүй.
3.11.Ийм баримтуудаар хариуцагчийг сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болно.
3.12.Эдгээр хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Х.М*******ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дэх хэсэг, заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар захирамжийн Хавсралтын Х.М*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Х.М*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай нь холбогдуулан уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч С******* дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Х.М*******ад олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
4.Шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүхийн шийдвэрийн үр дагавраар маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох тул шүүхийн шийдвэрийг албадан Гүйцэтгэх хуудас бичигдэхгүй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ