Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02290

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2017/02290

 

 

 

2017 11 03 210/МА2017/02290

 

ХХХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2017/01839 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ХХХ-т холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 9 600 000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ХХХХ

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч ХХХХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-тай 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 20 000 000 төгрөгийг зээлүүлсэн. Улмаар 11 сар гэхэд тэрээр үндсэн зээлнээс 15 000 000 төгрөг төлсөн тул үлдсэн төлбөрийг зээлийн гэрээнд заасан нөхцлөөр төлж дуустал хүү, алданиа тооцохоор болсон. Үүнээс хойш зээл, хүү, алдангид нийт 2,340,000 төгрөгийг 2016 оны 3 сарын 22-ны өдөр төлсөн. Хариуцагч нь зээл аваагүй гэсэн тайлбар гаргадаг боловч түүний шүүхэд ирүүлсэн баримтаас харахад уг мөнгийг зээлж аваад цааш нь дамжуулан зээлсэн болох нь харагддаг. Тэрээр өөрийн дансаар дамжуулан зээлийн төлбөр төлсөн нь түүний дансны хуулгаар тогтоогдож байна. Хариуцагч зээлсэн мөнгөө цааш нь ямар байдлаар зарцуулсан нь хэрэгт ч холбогдолгүй, түүний хариуцах асуудал юм. Иймд хариуцагч ХХХ-аас зээлийн төлбөрийн үлдэгдэл 4 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 3 200 000 төгрөг, нийт 9 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХХХ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэгч ХХХ-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би ХХХХ гэдэг хүнийг танихгүй, түүнээс бэлнээр мөнгө огт аваагүй, бидний хооронд бодитоор зээлийн гэрээ хийгдээгүй. ХХХХ гэдэг хүн миний байрыг барьцаалж ХХХХ гэдэг хүнд 20 000 000 төгрөг зээлсэн байдаг бөгөөд ХХХХ нь үүнийгээ хүлээн зөвшөөрч шүүх хуралдаанд гэрчээр оролцож бүх үнэнийг хэлсэн. Уг хэргийн бодит үнэн байдал нь ХХХХ барилга барьж байхад дээврийн материал дутаад байна, би мөнгөтэй хүн олсон чи байраа барьцаанд тавиад зээл аваад өгөөч гэж гуйсан. Би ХХХХыг таньдаг бөгөөд түүнийг найдвартай хүн тул зөвшөөрч ХХХХ гэдэг хүнтэй уулзахад байраа барьцаалахын тулд зээлийн гэрээ хийдэг юм гэж хэлээд надтай дээрх хуурамч зээлийн гэрээг байгуулсан. Уг зээлийн гэрээг хийснээс хэд хоногийн дараа намайг байхгүйд ХХХХ ирээд ХХХХ гэдэг хүнээс мөнгөө аваад явсан байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 282.1, 282.4 дэх хэсэгт заасныг баримтлан ХХХ-аас зээлийн гэрээний үүрэгт 9 600 000 төгрөг гаргуулах тухай ХХХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 168 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ давж заалдах гомдолдоо: ... хариуцагч ХХХХ нь зээл авч цааш нь дамжуулан зээлүүлсэн байдаг. Тэрээр үндсэн зээл, хүү зэрэг төлөлт хийхдээ өөрийнхөө дансаар ХХХ-ийн дансруу өөрөө зээлээ төлж байсныг шүүх зээл аваагүй гэж дүгнэж байгааг ойлгохгүй байна. Хэрэв тус зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хариуцагчаас нэхэмжлэгчид төлж байсан төлбөрийг хүчин төгөлдөр зээлийн төлбөр эсхүл хүчин төгөлдөр бус зээлийн төлбөр гэж үзэх нь ойлголмжгүй байна. Шүүхийн шийдвэрт зээлийн гэрээг бүхэлд нь эсхүл зарим хэсэг нь хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Шүүх хэрэгт огт хамааралгүй хариуцагчийн найз ХХХХ гэж хүний мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасан. Учир нь ХХХХ нэхэмжлэгчийн нөхөр ХХХ-тэй хамт байсан гэсэн боловч бид нэхэмжлэгчийн нөхөр нь ХХХ гэж хүн байдаг талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл шүүгч одоо ХХХ тэй хамт байгаа гэсэн баримт байхгүй гэж үзсэн. Хэрэв шүүх хурлаас өмнө энэ байдлыг тодруулсан бол манай талаас шаардагдах баримт болох фото зураг, тодорхойлолт зэргийг гаргаж өгөх байсан. Иймд, нотлогдоогүй хуурамч тайлбар, худал гэрчийн мэдүүлгээр нотлох баримтыг үгүйсгэн шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч ХХХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4 000 000 төгрөг, хүү 2 400 000 төгрөг, алданги 3 200 000, нийт 9 600 000 төгрөг гаргуулах, барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ барьцаа хөрөнгөөр төлбөр гаргуулах агуулгатай шаардлага гаргасан байгааг тодруулалгүй, уг шаардлагад иргэний хэрэг үүсгээгүй байна.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд анхан шатны шүүх 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШЗ2016/06455 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч ХХХ-ийн нэхэмжлэлийн зээлийн гэрээний үүрэгт холбогдох шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн, уг захирамжаа өөрчилж залруулсан баримт хэрэгт авагдаагүй байна. /хх-ийн 6 тал/

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт барьцааны хөрөнгийн талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэв гэсэн дүгнэлт хийсэн байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах шаардлага тавигддаг бөгөөд бичгээр гэрээ байгуулсан баримтгүй байхад талуудын тайлбарыг үндэслэн барьцааны гэрээг байгуулагдсан, уг үйл баримт тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10 дахь хэсэгт зааснаар бичгээр хийх хуулийн шаардлага хангаагүй нь хүчин төгөлдөр бус байх талаар хуульд тухайлан заасан бол уг хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болно.

 

Иймд энэ талаар давж заалдсан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч хангах зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01839 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ХХХ-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

 

Ц.ИЧИНХОРЛОО